Олон улс дахь металл, уул уурхайн салбарт оруулсан Хятадын хөрөнгө оруулалт 2023 онд дээд хэмжээнд хүрэх төлөвтэйг Шанхай дахь Фудан их сургуулийн судалгааны тайланд дурджээ. Жилийн эхний хагаст тус улсын байгуулсан уул уурхайн чиглэлийн шинэ гэрээ хэлэлцээрийн дүн 10 тэрбум ам.доллар давсан байна.
Тайлангаар, 2023 оны эхний хагаст Хятадын "Бүс ба Зам" санаачилга дахь хөрөнгө оруулалтыг судалжээ. Наймдугаар сарын 1-нд нийтлэгдсэн уг тайлангаар, литий гэх мэт эрчим хүчний шилжилтэд нэн чухал эрдсүүд Хятадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж буй бөгөөд мөн уран, ган, зэс, төмөр зэрэгт хөрөнгө оруулжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалт Боливи, Намиби, Танзани улсад түлхүү нэмэгдсэн байна. Хятадын гол хөрөнгө оруулагчаар Huayao Cobalt, CATL компаниуд тодорчээ.
Тус улс одоогоор дэлхийн цахилгаан машин, батарей, нарны хавтан, салхин үүсгүүрийн хамгийн том үйлдвэрлэгч орон бөгөөд энэ байр сууриа хадгалахаар зорьж байна. Дэлхийн литий, никель, кобальт, бал чулуу боловсруулах хүчин чадлын 50 гаруй хувийг Хятад улс эзэмшдэг.