Үндэсний статистикийн хорооноос гадаад худалдааны эргэлт эхний 7 сарын байдлаар танилцууллаа. Монгол Улс 2023 оны эхний 7 сарын хугацаанд 146 улстай худалдаа хийсэн байна. Нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 8.7 тэрбум ам.доллар, импорт 5 тэрбум ам.доллар байжээ.
Мөн хугацаанд гадаад худалдааны тэнцэл 3.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Харин 2023 оны 7 дугаар сард 394.3 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 67.8 сая ам.доллар буюу 14.7 хувиар буурчээ. БНХАУ-тай 7 сард 10 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Энэ нь гадаад худалдааны нийт эргэлтийн 72.6 хувийг эзэлжээ. Тухайлбал, БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.3 хувийг чулуун нүүрс, 19.3 хувийг зэсийн баяжмал эзэлжээ.
2023 оны эхний 7 сард экспорт өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 1.9 тэрбум ам.доллароор, газрын тос 153.8 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 84.7 сая ам.доллароор, жоншны хүдэр ба баяжмал 76.6 сая ам.доллароор, адууны мах 54.1 сая ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмал 32.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
2023 оны 7 дугаар сард төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ өмнөх сараас тонн тутамд 18.9 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 17.3 ам.доллароор, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 27.5 ам.доллароор тус тус буурч, алтны хилийн дундаж үнэ килограмм тутамд 914.3 ам.доллароор өссөн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 2023 оны 7 дугаар сард 5.9 сая тонн болж, өмнөх сараас 0.3 сая тонноор өсөж, үнийн дүн 644.1 сая ам.доллар болж, 67.6 сая ам.доллароор буурчээ.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 261.1 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 131.3 сая ам.доллар, ачааны автомашин 50.2 сая ам.доллар, суудлын автомашин 42.4 сая ам.доллароор, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 41.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 94.6 хувийг эзэлж байгаа бол импортын 77.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна.