Эрдэнэ Ресурс 13 тонн алт олборлохоор төлөвлөжээ

Э.МИШЭЭЛ

"Эрдэнэ Ресурс" компани алтны "Баян Хөндий" төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулсан байна. Шинэчилсэн ТЭЗҮ-д татвар, хураамж, бусад зардлаас өмнөх ашиг унц алтыг 1900 ам.доллароор тооцвол 495 сая ам.доллар болно гэжээ. Мөн жилд дунджаар 74 200 унц алт олборлох бөгөөд тогтвортой байдлын зардал унц тутамд 869 ам.доллар байх төлөвтэй.

Олборлох алтны хэмжээ 2020 онд хийгдсэн судалгаанаас 25 хувиар нэмэгдэж 476 мянган унц буюу 13.4 орчим тонн болжээ. "Хар морин дэл" ордын нэмэлт нөөцийг нэгтгэснээр ийм үр дүнд хүрсэн гэж тус компаниас мэдэгджээ. 

Харин "Баян Хөндийн" төсөл 2025 онд ашиглалтад орохоор төлөвлөгөөтэй байна. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр агуулгатай ил уурхайнуудын нэг болох аж. Улмаар "Эрдэнэ Ресурс" нь Монголын хамгийн том алт олборлогч компани болно.