Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгдэх төлөвтэй

Э.ОД

Дэлхийн төмрийн хүдрийн 70 орчим хувийг худалдан авдаг Хятад улс наймдугаар сард 108.5 сая тонн импортолно гэж түүхий эдийн шинжилгээний Refinitiv үзэж байгаа бол судалгааны Kpler-ийн хувьд 100.8 сая тоннд хүрнэ гэсэн төлөв дэвшүүлжээ. Хятад долоодугаар сард 93.48 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна.

Сүүлийн 7 хоногт тус улсад төмрийн хүдрийн спот үнэ буурсан нь гангийн үйлдвэрүүдийн импортыг нэмэгдүүлэхэд түлхэц болж байгааг шинжээчид онцолжээ. Хятадын Засгийн газраас дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбар, дэд бүтэц зэрэг гангийн эрчимтэй үйлдвэрлэлийг дэмжих бодлогын арга хэмжээ авах магадлалтай. Тус улсын Төв банк (2023.08.15) бодлогын хүүгээ бууруулснаар Хятадын эрх баригчид эдийн засгаа өсөлтийг эрчимжүүлж буй шинж тэмдэг гэж хөрөнгө оруулагчид ажиглаж байна. Хятадын Төв банк сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж буй юм.

Түүнчлэн Хятадын төмрийн хүдрийн импортыг дэмжих өөр нэг хүчин зүйл бол тус улсын боомтууд дахь нөөц сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хамгийн доод хэмжээнд хүрч буурчээ. Наймдугаар сарын эхний долоо хоногт Хятадын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц 116.5 сая тонн болж өмнөх долоо хоногийнхоос 120.5 сая тонноор буурсан байна.