Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.долларын түвшинд сүүлийн 8 жил “гацаж” байна. Энэ хугацаанд эдийн засагт эргэлдэж буй 2 ам.доллар тутмын нэг нь Оюутолгой төсөлтэй холбоотой. Төслийн бүтээн байгуулалт өндөрлөж, ирэх жилээс гүний уурхайн үйлдвэрлэл эхлэхэд энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг нөхөх дараагийн бэлэн төсөл байхгүй. Ийм үед дэлхий дахинаа үүссэн шинэ нөхцөл байдал болон ногоон шилжилтийн улмаас эрдсийн экспортлогч орны хувьд уул уурхай, хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх шаардлага үүсээд байна. Хөрөнгө оруулалтын чуулганы үндсэн хэлэлцүүлгийг удирдсан Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга дараах асуултыг панелистуудад тавьсан юм.
• Ашигт малтмалын салбарт илүү их хөрөнгө оруулалтыг хэрхэн бий болгох вэ?
• Өмнөх амжилт, алдаанаасаа юуг суралцах ёстой вэ?
• Ашигт малтмалын салбарыг төр удирдах уу, хувийн хэвшил жолоодох уу? Төр, хувийн хэвшлийн хооронд өрсөлдөөн байж болох уу?
• Одоо ярьж буй төлөвлөгөө, төсөөлөл ажил хэрэг болж чадах уу?
• Монголд яг юу өөрчлөгдсөн бэ? Яагаад одоо хөрөнгө оруулах ёстой вэ?
Энэ нь хөрөнгө оруулагч, компани, бизнес эрхлэгч болгоны сонирхож, хариулт эрж буй асуулт юм. “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагаа” чуулганы туршид бүх оролцогчдын танилцуулсан илтгэл, хэлэлцүүлсэн байр суурь, мэдээллээс дээрх асуултуудад хариулт хайлаа.
АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?
ЭЗХЯ-ны тодорхойлсноор дэд бүтэц, эрчим хүч, нэмүү өртөг шингээгүй түүхий эдийн экспорт ГШХО-ыг хязгаарлаж байна. Эдгээр саадыг арилгахын тулд боомтын 43, эрчим хүчний 21, аж үйлдвэрлэлийн 16 төсөл төлөвлөжээ. Дэд бүтцийн төслүүд хэрэгжсэнээр ирэх жил авто замын ачаа тээврийн хүчин чадал 21.5 сая тонн, төмөр замын тээх хүчин 32.1 сая тонн, хилийн боомтын ачаа шилжүүлэн ачих терминалын чадамж 25 сая тонноор нэмэгдэх төсөөлөлтэй байна. Эрчим хүчний төслүүдээ хөдөлгөвөл одоогийн чадамж хоёр дахин өсөж, том төслүүдийн цахилгааны хэрэглээг хангах нөхцөл бүрдэнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нийт 94 төслийн талаас илүүг төр, хувийн хэвшлийн түншлэл, зохистой хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэхтэй холбоотойгоор 27 хуулийг өөрчилнө. Үүнд Уул уурхайн биржийн, Үндэсний баялгийн сангийн, Ашигт малтмалын, Хүнд үйлдвэрийн тухай хуулиуд багтаж байна. ХЗДХЯ, ЭЗХЯ-ны хамтарсан Ажлын хэсгийн боловсруулж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар батлах хүлээлттэй байна. Уг хуульд орох өөрчлөлтөөр хөрөнгө оруулалтын онцлогт тохирсон дэмжлэг буюу гааль, НӨАТ-аас чөлөөлөх, төлбөрийн хугацааг сунгах зэргээр татварын дэмжлэг үзүүлнэ. Татварын дэмжлэг үзүүлэх салбарыг тэргүүлэх ач холбогдлоор нь ангилж, бодлогоор дэмжинэ. Нэмүү өртөг шингээх салбаруудыг түлхүү дэмжинэ. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бодитоор хамгаалах тогтолцооны тодорхой шийдэл гаргана. Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрчилгээг үйл ажиллагаа явуулах салбар, байршилтай уялдуулан, шалгуур шаардлагыг ялгавартай тогтооно. Хөрөнгө оруулалт татах чиглэлээр 2023 он гэхэд бизнес эхлүүлэх, эрх зүйн зөвшөөрөл авах шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах болон санал гомдлыг шийдвэрлэх цахим платформ бэлтгэх, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй тоног төхөөрөмжийн импортын гааль, НӨАТ-ын дэмжлэг үзүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг хялбаршуулах ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар танилцуулав. УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал 2020 оноос үргэлжилж буй эрдсийн өндөр үнийн мөчлөгт хэр оновчтой шийдвэр гаргах эсэхээс улсын эдийн засаг хамаарна гэж үзэж байна. Дэлхийн чиг хандлага, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг урьдчилан тандаж, уул уурхайн бодлогоо чиглүүлснээр хөрөнгө оруулалт татна. Дараагийн 30 жилд дэлхий дахинд цэвэр эрчим хүчний шилжилт, ялангуяа Ази тивд томоохон хотжилт явагдана. Тэр бүгдэд өнгөт болон хар металл, чухал ашигт малтмал, коксжих нүүрс, төмрийн хүдэр, жонш хамгийн их эрэлттэй байгаа тул эдгээр ашигт малтмал Монголын ирээдүйн уул уурхай, хүнд үйлдвэрлэлд голлоно гэв. Тэрээр сүүлийн жилүүдэд төрийн тогтвортой байдал сайжирч байгаа нь хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлнө гэсэн юм. Харин МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулагчид юу хүсэж буйг судлах хэрэгтэй. Өнгөрсөн сургамждаа үндэслэн, зөв шийдвэр гаргахгүй бол ойрын хугацаанд дэлхийн геополитик, цар тахлын дараах хүндрэлтэй холбоотойгоор нааштай зүйл харагдахгүй байна гэлээ.
ӨМНӨХ АМЖИЛТ, АЛДААНААСАА ЮУГ СУРАЛЦАХ ЁСТОЙ ВЭ?
Монгол Улс чөлөөт зах зээлд шилжсэнээс өнөөг хүртэл 37 тэрбум ам.долларын ГШХО орсноос 72 хувь нь уул уурхайн салбарт оржээ. Үүний 15.4 тэрбум ам.доллар нь Оюутолгой төсөлд хамаарна. Уул уурхайд түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа мега төслийн хэрэгжилт манай улсын эдийн засаг үсрэнгүй хөгжихөд түлхэц болохын зэрэгцээ муу үр дагаврын шалтгаан ч болсоор иржээ. 1993 онд анх Хөрөнгө оруулалтын хуулийг баталснаар ГШХО бодитой орж ирэх нөхцөл бүрдсэн юм. Үр дүнд нь Монголын эдийн засгийн бодит өсөлт 17.5 хувьд хүрсэн удаатай. ГШХО-ын оргил онд Фрейзерын хүрээлэнгийн судалгаагаар 96 орноос 31 дүгээрт эрэмбэлэгдэж байв. Гэвч ГШХО 5.7 тэрбум ам.долларын түүхэн дээд хэмжээнд хүрсэн жил Гадаадын хөрөнгө оруулалтын газраа татан буулгаж, Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хуулиар хориглосон юм. Үр дагаварт нь өнөөдөр Фрейзерын хүрээлэнгийн судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн сүүлийн 10 орны тоонд орж байна. Фрейзерын судалгаанд Монголд ГШХО хумигдсан гол шалтгааныг “Урт нэртэй хууль”, Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, лиценз олноор цуцалсан явдлаас гадна авлига гаарсантай холбоотой гэж үзсэн бөгөөд Монголд хайгуул, олборлолтын компаниуд “хар дарсан зүүд” шиг нөхцөлтэй тулгарч, өмчөө хураалган, ил тод байдал алдагдсан гэж тэмдэглэжээ.
Эрдэс баялгийн салбарт хувийн эзэмшлийн хөрөнгөд халдахыг хязгаарлах эрх зүйн орчин тодорхойгүй байгааг Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жеймс Лиотта хууль хоорондын уялдаагүй зөрчилтэй байдалтай холбон тайлбарласан. Сүүлийн жилүүдэд Монгол Улс авлигад ихээхэн автагдсан. Улстөржилт, геополитик, нийгмийн эрх тэгш биш байдал, байгалийн баялгийг нийгэмчлэх гэсэн төрийн харалган бодлого уул уурхайн нэр хүндийг унагасан нь хамгийн том хүндрэл бэрхшээл гэж тэрээр хэлэв.
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, хөрөнгө оруулалт буурахад хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол хууль эрх зүйн өөрчлөлт гэв. “Манай улс сүүлийн 10 жилд хуультай холбоотой шинэчлэл маш их хийсэн. Канад улс ганцхан хуулиар байгаль орчин, нөхөн сэргээлттэй холбоотой асуудлуудыг зохицуулж байхад Монголд 90 хууль, 1200 стандарт, Засгийн газрын 90 гаруй тогтоол, Сайдын 20 гаруй тушаалыг үйл ажиллагаандаа ягштал дагаж мөрдөж байж хариуцлагатай уул уурхай гэх нэрийг зүүх боломжтой байгаа. Монголд хууль хангалттай олон, гагцхүү эрх зүйн орчин тогтворгүй байна” гэж дүгнэсэн юм. “Рио Тинто” группын Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “Хөрөнгө оруулалт татах хамгийн боломжтой салбар уул уурхай боловч байгалийн нөөцтэй бусад улс оронтой харьцуулахад маш хангалтгүй байна. Тогтвортой хөгжиж, өсөлт үзүүлж чадаагүй. Мөн барууны бизнесийн соёл болон монголчуудын ажлын аргачлалд зөрүү их байна. Үүнийг арилгахын тулд бүгд багагүй хугацаа зарцууллаа” гэж байр сууриа илэрхийлсэн. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар хязгаарлаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоочихоод хөрөнгө оруулагчид яагаад гараад явсныг бие биеэсээ 10 жил асууж суугаа нь марзан хэрэг. ГШХО-ын 70 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайд төр засаг, орон нутаг, ард иргэд бүгдээрээ хатуу хандаж ирсэн. Төрийн зүгээс хуулийн хэрэгжилтэд анхаардаггүй. Хууль хоорондын холбоо сул. Дээд түвшинд шийдвэр гарсан байхад дунд, доод шатандаа эсэргүүцдэг. Эрх баригчид, орон нутгийн удирдлагууд нийлж байгаад эс үйлдлээрээ хөрөнгө оруулалт олж ирсэн хүн, компаниудаа буруутгадаг. Төртэйгээ нийлээд “дээрэмддэг” асуудал одоо ч байна” хэмээн хатуу шүүмжлэв.
АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫГ ТӨР УДИРДАХ УУ, ХУВИЙН ХЭВШИЛ ЖОЛООДОХ УУ?
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХООРОНД ӨРСӨЛДӨӨН БАЙЖ БОЛОХ УУ?
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бизнесээ орхин гарсны дараа тэдний эзэмшиж байсан болон хувийн хэвшлийн хэд хэдэн компаниас хураасан тусгай зөвшөөрөл, орд газрыг нэгтгэж, ашигт малтмалын үлэмж хөрөнгийг төвлөрүүлсэн “Эрдэнэс Монгол” гэдэг төрийн аж ахуйн нэгж Монголд бий болсонтой холбоотой сэтгэгдлээ Жеймс Лиотта хуваалцсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь авто тээврийн өртгийг 3 дахин бууруулах үр ашигтай төсөл. Өмнө нь яг ийм эдийн засгийн өгөөжтэй 698 сая ам.долларын өртөгтэй төслийн ТЭЗҮ-ийг Германы “Дойче Банн” компани боловсруулж, үндэсний компани 2010 онд барьж дуусгах байсан ч Зам тээврийн яамны шийдвэрийн улмаас цуцлагдсан.
Аль 12 жилийн өмнөөс төмөр замын үр өгөөжийг хүртэх байтал боломжийг алдсаныг тэрээр сануулсан юм. Төмөр замын адил Тавантолгойн цахилгаан станцын төсөл олон жил яригдсаар байна. Тиймээс тэрээр цаашдаа уул уурхайн салбарыг төр жолоодох уу, хувийн хэвшил авч явах уу гэдгийг тодруулан асуусан хэрэг.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлэх 47 төсөлд 8.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гээд уран, байгалийн хий дамжуулах хоолой, мөнгө, нүүрс, эрчим хүчний төслүүдийн явцыг танилцуулав. Хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах төслүүд нь Багануур, Шивээ-Овоо уурхайд нүүрснээс нийлэг байгалийн хий, эрчим хүч үйлдвэрлэх төсөл болон алтны Довжоот, Мухар хар толгой, Халзан, мөнгөний Овоот Хяр, Өлзийт Овоо ордын төслүүд юм. “Рио Тинто” группын Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, Оюутолгой шиг томоохон төслийг даган жижиг дунд үйлдвэрүүд хөгжиж манай улсын эдийн засаг төрөлжих ахиц гарч байгааг онцолсон юм. Оюутолгой уурхай нь 2030 онд дэлхийн зэсийн салбарын тэргүүлэх үйлдвэр болно. “Эрдэнэ Ресурс Девелопмент” корпорацийн Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч А.Билгүүн тус компани Монголд ашигт малтмалын 116 тусгай зөвшөөрлийн хүрээнд 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн. Хайгуулын үр дүнгээр 112 тусгай зөвшөөрлийг улсад буцааж, 4 лицензийн талбайд нээлт хийжээ. Алтны шинэ дүүргийн анхдагч “Баянхөндий” төсөл нь дэлхийд хамгийн өндөр алтны агуулгатай (3 гр/ тонн) ордын нэг болж байна. 34 хувийг нь олон нийт, 29 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын сангууд эзэмшдэг “Баян хөндий” нь Монголд сэргээгдэх эрчим хүч ашиглах анхны уурхай болох юм. Мөн “Хар морь”, “Улаан” ордын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах аж. “Дэлхийн геополитикийн өнөөгийнх шиг тогтворгүй нөхцөлд алт нь аливаа улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг хангахад чухал ач холбогдолтой стратегийн бүтээгдэхүүн. Алт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудад манай хөршүүд багтдаг бөгөөд Хятад 330 тонн, Орос 300 тонн алт жилд олборлодог. Гэтэл манай улс жилдээ нэлээд чармайж байж 20 тонн алт олборлодог. Монголд жилд 50-60, магадгүй 100 тонн алт үйлдвэрлэх боломж бий. Ийм үйлдвэрлэл бий болгохын тулд алтны үндсэн ордын томоохон нөөцүүдийг илрүүлэх нь чухал байгааг онцолсон юм. Австралийн “ТМК Энержи” компанийн Төлөвлөлт, хөгжүүлэлт хариуцсан захирал Доугал Фергусон Монгол Улс өөрийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлээр эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах боломжтойг хөндөв. Үүний тулд хийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх улс төрийн хүчтэй бодлого хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Түүний удирддаг компани Монголд хийн үйлдвэр байгуулах, цаашлаад гадаад зах зээлд экспортлох төсөөллөөр нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс-XXXV” төслийг Өмнөговь аймагт хэрэгжүүлж байна. Сүүлийн 20 жил хийн хэрэглээ тасралтгүй өсөж байгаа Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт “Шинэ сэргэлтийн бодлого”- ын төслүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх саналаа уламжилсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдийн нийт хөрөнгө оруулалтыг 120 их наяд төгрөгт үнэлжээ. Энэ нь өнөөгийн ханшаар тооцвол 30 жилийн хугацаанд манай улсад орсон ГШХО-тай дүйх дүн юм.
ОДОО ЯРЬЖ БУЙ ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮД АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ ЧАДАХ УУ?
Сүүлийн гурван жилд манай улсын экспорт гэлтгүй импорт ч маш хүнд үеийг туулж байна. Өнөөгийн байдлаар импортын зардал 20-25 хувь нэмэгдэж, төслүүдийн ТЭЗҮ-д анх тусгагдсан зардал, хөрөнгө хамаагүй давжээ. Төр засгийн зүгээс боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг ч импортын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлдөггүй, татварын дэмжлэг огт хэрэгждэггүйг компаниуд илэн далангүй ярьсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр хатуу заасан 14/14 хоног ростер, АМНАТ-ийн жишиг үнэ гээд компаниудад нийтлэг тулгарч буй асуудлууд хөндөгдөв. Хөрөнгө оруулагчийн хамгийн түрүүн хардаг зүйлийн нэг бол татвар. Тэгвэл борлуулалтын орлогын 30 хувийг АМНАТ-т төлдөг нүүрсний салбарт хэн ч хөрөнгө оруулахгүй. Зэсийн салбарт ч ялгаагүй. Зэсийн үнэ 5000 ам.доллар бол 5 хувийн, 5001 ам.доллар давахад шатлалтайгаар АМНАТ нэмж төлдөг зохицуулалтыг засаж залруулах шаардлагатай гэсэн асуудлыг компаниуд тавьж байна.
Дэлхий нийтээр явж буй эрчим хүчний шилжилтээр критикал минерал болон зэсийн эрэлт эрс өсөж байна. Гэтэл ашиглалтад бэлэн шахам Цагаансуваргын зэсийн ордоос эхлээд зэсийн шинэ төслүүд АМНАТ-ийн дарамтын улмаас хэрэгжиж чадахгүй олон жил гацаж байна. Мөн лити, кобальт, газрын ховор элементийн илэрцтэй ч бүрэн судлагдаагүй манай улс хайгуулын тусгай зөвшөөрлөө олгож чадахгүй байна. Хайгуул хийж чадахгүй бол түүхий эдийн өсөлтийн супер мөчлөгөөс дахиад л Монгол Улс хоцрох нь гэх болгоомжлол салбарынханд байна.
Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд шинэ хуулиуд санаачилж, боловсруулж байна гэж багагүй ярилаа. Хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлээсээ өмнө бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсож, зөвлөлдөх хэрэгтэй. Зөвхөн хуулиа өөрчилснөөр одоо ярьж буй төлөвлөгөөнүүд хэрэгжиж чадахгүй хэмээн компаниуд үзэж байна. Хуулиуд цогц уялдаатай, төр болон хөрөнгө оруулагчид ойлголтоо нэгтгэсэн, бүхэлдээ эко орчин үгүйлэгдэж байна. Хөрөнгө оруулалтын тэрхүү эко орчин хараахан Монголд бүрдээгүйг оролцогчдын байр сууриуд тодорхой илтгэнэ.
Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2022 "Mining Week 2022" тусгай дугаараас