TEDx-ээс дэлгэрүүлэх 5 санаа

Н.АРИУНТУЯА 

"Уул уурхайн долоо хоног 2022”-ийн хүрээнд болсон бага хурлуудын дунд нэгэн содон арга хэмжээ шигтгэгдсэн нь TEDxUlaanbaatar. Шинэ санаа, үнэт бодлыг онцолж, зарим үед карьер өсөлтийн дурсамжийг хадгалах дэлхийн форум болж хөгжсөн TED Talks-ийн форматын дагуу 5 эмэгтэй өөрсдийн санаа, түүх, мэдрэмжээ хуваалцсан билээ. “Өөрчлөлтөд нөлөөлөгчид” буюу “Agents of Change” арга хэмжээний илтгэгчдийг бүрдүүлсэн тэд Монголын эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн олон талт байдлыг төлөөлөхүйц, ажил мэргэжил, албан тушаал, нас, туршлага, карьерийн хувьд өөр өөрсдийн онцлогтой бүсгүйчүүд байлаа.
ЯАГААД ЧИ ГЭЖ?

Би хэн бэ? Би юу хийдэг вэ? Би юу хийх дуртай вэ? -Эхнэр, ээж, бас Гүйцэтгэх захирал. Зураг зурах, ууланд алхах дуртай. Эдгээр энгийн асуултад хариулахад ихийг бодох шаардлагагүй. Тэгвэл “Яагаад чи вэ? гэдэг асуултыг хэзээ нэгэн цагт та өөрөөсөө асууж байв уу? Түүний илтгэл ингэж эхлэв. Хүүхэд ахуйдаа амьсгалсан уурхайн тоос шороо цусанд минь шингэснээр намайг энэ салбартай холбосон байх гэж хошигнодог тэрээр уурхайн жижиг хотоос метрополис болтлоо хөгжсөн Өмнөд Африкийн Йоханнесбургт төржээ. Аавынх нь эхлүүлсэн бизнес унаж босох бүрт ээжийнх нь нягтлан бодогчийн цалин аварна. Охин нэг удаа ааваасаа, хүмүүс яагаад бүгдээрээ цалин авдаг ажилд орж болдоггүй юм бэ гэж асуув. Аав нь түүнд юуг хамгийн сайнаар хийж чаддагаа хэлж. “Би мужаан. Миний хүсэж тэмүүлдэг зүйл учраас надад ажил гэж санагддаггүй. Дуртай зүйлээ хийх нь эрх чөлөө олгодог юм”. Аавынхаа энэ үгээр охин дэлхий ертөнцийг шинээр харжээ. Харин охины хүсэл бол хүмүүс, хүрээлэн буй байгаль орчны талаар илүү ихийг мэдэх. Найзууд нь хүүхэлдэйн кино үзэж байхад охин амьтан, ургамлын талаарх ном уншиж, баримтат нэвтрүүлгүүд үзэн, тэдгээрийн тухай ярилцах дуртай байлаа. Хүн, байгалийг танин мэдэх сониуч хүсэл нь цааш хөтөлсөөр хүрээлэн буй орчны менежмент, сэтгэл судлалаар суралцжээ. Аав, ээж нь сургалтын төлбөр төлөх бололцоогүй тул хичээн суралцаж тэтгэлэгт хамрагдана. Эсвэл суралцахын хажуугаар ажиллаж төлбөрөө олно. Сүүлийн жилийнх нь сургалтын төлбөрийг ивээн тэтгэсэн компани түүнийг байгаль орчны чиглэлээр ажиллахыг урьсан нь хүсэл тэмүүлэл болон уул уурхайг сонирхон судалдагт нь нийцжээ. Бас төрийн албанд гомдол, хүсэлтийн мэргэжилтнээр ажилласан нь томоохон төслүүдийг хэрэгжүүлэх явцад тулгардаг засгийн газар, уул уурхайн компани, орон нутаг хоорондын зөрчилдөөнт харилцаа, түүнийг зохицуулахад суралцсан үнэт туршлага болов. Гэхдээ амьдралынх нь эргэлтийн цэг нэгэн форумын ахлах албан тушаалд томилогдох үед тохиож. Уулзалтыг бүрэн өөрчлөх урам зориг дүүрэн ирсэн тэр өдөр нь танхимд байсан хүмүүсийн тал нь гараад явчихав. Өөрөөс нь болж өрөөг орхиж буйг хэдхэн мөчийн дараа ойлгохдоо хэтэрхий залуухан, туршлагагүйн дээр хүйсээс шалтгаалсныг ч мэдэрчээ. Хүчтэй байж тэсээд үлдэх, өрөөнөөс уйлаад гарах сонголтоос тэр эхнийхийг сонгож, үлдсэн хүмүүсийн өөдөөс харан үргэлжлүүлсэн байна. Энэ нь хүсэл тэмүүллээ дагахын сацуу илүү сайн суралцах, шинэ хэл сурч, мэргэжлээ дээшлүүлэхийг давхар сургамжилснаар нягтлан бодох бүртгэл, санхүү, байгууллагын менежментийн чиглэлээр дахин суралцав. Яагаад би гэж? гэсэн асуултад хариулт олох аялал, эрэл нь түүнийг олон гайхалтай газарт аваачжээ. Ажиллаж, амьдарсан 20 гаруй улсын түүх соёл, хүмүүс нь асар их хичээл болж байв. Төрөлх нутаг Өмнөд Африк нь зоригтой байхыг, Канадад Арктикийн тундрт болсон галын ёслол хүндлэл гэж юу болохыг, Бразилын Амазоны ширэнгэн ой, хойд нутгийн уугуул иргэд амьдралын үнэ цэнийг, Чили болон хөрш зэргэлдээх Перугийн иргэдээс мөрөөдлийн тухай илүү ихийг, Австралийн соёл, түүх, зан заншил туйлын сониуч байхад сургажээ. Тэгвэл Монголоос буцах үедээ юунд суралцсан байхаа мэдэхсэн гэх хүсэл түүнийг тэсгэлгүй яаруулж байна. Өнгөрсөн бүх хугацаанд хүн, байгалийн талаар ихийг мэдэх, басхүү ихийг хийх хүсэл тэмүүлэлд нь боломж олгосон олон хаалга нээгдэж, түүний хэрээр зорилго тэмүүлэл нь улам дүрэлзжээ. Хэрвээ бид хэн бэ? юу вэ? гэж асуухын оронд Яагаад бид гэж? биенээсээ асууж эхэлбэл юу болох бол? Би эмч гэхийн оронд би амьдралыг аврахын тулд эмч, би авьяас чадварыг цогцлоохын тулд багш, би үнэнийг хайхын тулд судлаачаар ажиллаж байна гэж хариулах болов уу. Хэрвээ танд ойлгомжгүй байвал хүсэл тэмүүлэл, яагаад чи гэж гэсэн энэ сониуч “дурангаар” би өөрийгөө дахин танилцуулъя. -Сайн уу? Намайг Дэйрдрэ гэдэг. Би байгаль орчин, хүний төлөө гэсэн гүн гүнзгий хүсэл тэмүүлэлтэй. Үүний төлөө мөрөөдөж, үүний төлөө ажиллаж байна. -Яагаад та биш гэж? гэсэн асуултаар эхэлж, энэ асуултаар төгсгөсөн илтгэлээрээ Дэйрдрэ хэн бүхэнд энэ хорвоод яах гэж ирснээ, юунд тэмүүлэн зорьж буйгаа хэсэгхэн ч гэлээ эргэцүүлэх, зорилго тэмүүллийнхээ төлөө хичээгүйлэн зүтгэх урам зоригийг өгсөн бизээ.

ГЕО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Гео аялал жуулчлалын концепц нь суралцангаа аялж, амрах. 2000-аад оноос өмнөд хөршид эрчтэй хөгжиж эхэлснийг ЮНЕСКО-д бүртгэлтэй геопаркуудын газарзүйн байршил Европ, Хятадад ихээхэн тархсанаас харж болно. 2021 оны байдлаар Хятад улсад 204 геопарк байна. Тэдгээрийн дунд геологийн музей, олборлоод дууссан уурхайг музей болгосон нь цөөнгүй. Хятадын дотоодын аялал жуулчлал геопаркуудаа түшиглэн эрчимтэй хөгжиж байгаа юм. Б.Уянгын хэлснээр манайд ийм потенциал бүрэн бий. Монгол орон Төв Азийн атираа тогтцын асар сонирхолтой бүсэд оршдог. Геологийн энэхүү давтагдашгүй онцгой тогтоцдоо тулгуурлан, гео аялал жуулчлалыг хөгжүүлснээр дотоодын аялал жуулчлалыг үр хүүхдэдээ мэдлэг олгоход чиглүүлэхийн зэрэгцээ олон улсаас жуулчид татах боломжтой. Зурган дээрээс та дуу алдам үзэсгэлэнт Соёны нурууг харж байна. 520 сая жилийн тэртээгээс хуримтлагдсан шохойн чулуу ийм гайхалтай уулсыг үүсгэн, хоёр улсын хилийг зааглан сүндэрлэж буй бол наад талын нуур саяхны үүсэлтэй гэнэ. Энэ нь Соёны нурууг гео аялал жуулчлалын цэг болгон, уул усны үүсэл гарал, эргэн тойрны экосистем, амьтан, ургамалтай холбон, байгаль экологийн асуудлыг танин мэдүүлэх геопарк болгон хөгжүүлэх боломжийг илтгэж байгаа юм. Б.Уянгын хэлсэн нь санаанаас хальж, ажил болох эхлэлээ ч тавьжээ. Геологийн онцлог талбайнуудыг сонгож, ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд Монгол Улс Геопаркийн үндэсний хороо байгуулах ёстой. Уг хороог байгуулах хүсэлтээ Гадаад харилцааны яам руу илгээсэн ба удахгүй байгуулагдах хүлээлттэй байна. Үүний дараа геопарк болгох боломжит газруудын судалгааг УУХҮЯ-наас хийх юм байна. Мэдээж хэрэг, гео аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэг яамны асуудал биш. Бүх талын оролцоо хэрэгтэй билээ.

НӨХӨН СЭРГЭЭЛТ БА ЭМЭГТЭЙЧҮҮД

Тэрээр “Монполимет” группийн нөхөн сэргээлтийн ажлыг бусдаас онцлог болгодог талууд, суралцсан зүйлсээ TED Talk-оор хуваалцсан. Түүний хэлснээр сайн нөхөн сэргээлтийн үндэс бол төлөвлөлт. Сайтар бодсон төлөвлөлт зардал, үр дүн аль алинд сайнаар нөлөөлдөг. “Монполимет”-ийн хувьд маш сайн төлөвлөж, түүнийгээ жил бүр ягштал хэрэгжүүлдэг. Тэгэлгүй нэг л жилээр хоцорчихвол дийлдэхээ больдог. Яагаад гэвэл нөхөн сэргээлт бол цаг хугацаа бас зардал. Гэхдээ эдгээрээс дутахгүй шаардагдах ач холбогдолтой зүйл бол сэтгэл гэсэн нь содон сонстсон. Үр хүүхдээ яаж хайрлан өсгөдөг шигээ мод бүрийг тэгж хайрлаж, 4-5 нас хүртэл нь арчилж тордох ёстой. Бид тэгж л сэтгэлээсээ арчилж тордон ургуулдаг. Тиймээс ч “Монполимет”- ийн нөхөн сэргээлтийн амжилт нь эмэгтэйчүүд удирдлагын түвшинд олноор ажилладагтай холбоотой гэж хэлсэн юм. “Монполимет” нь уул уурхайн салбарынхнаас анхлан БНСУ-ын дэвшилтэт технологи болох дуслын усалгааны системийг амжилттай нутагшуулсан. Анхандаа үргэлж бусдаас суралцаж, туршлагаас нь судалдаг байсан бол өдгөө тэд өөрсдөө бусадтай хуваалцах мэдлэг, туршлагатай болжээ. Салбартаа, дотооддоо нээлттэй танилцуулж ирсэн туршлагаас нь судлахаар гадны зочид ч ирэх болсон байна. Өнгөрсөн зун гэхэд Этиоп улсаас “Монполимет”- ийн нөхөн сэргээлтийн туршлагыг ирж судалжээ.

ҮЛ ҮЗЭГДЭГЧ БАЙХГҮЙН ТУЛД

Уулын инженер мэргэжилтэй О.Туяа уул уурхайн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгаагаас 18 жилд нь Багануурын уурхайд ажиллажээ. Уурхайгаасаа шилжилт хийж, хэсэг нөхдийн хамт Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн холбоог байгуулсан нь уул уурхайн мэргэжил эзэмшихээр суралцаж асан үедээ авсан бодол, мэдрэмжээс эхтэй. Өөрөө хүсэж сонгоогүй мэргэжлийг нь охид бүсгүйчүүдэд тохиромжгүй, тоо бүртгэгчээс дээшээ гарахгүй гэх нийтлэг хандлагаас анх төрсөн ад үзэгдэх мэт мэдрэмж түүнийг олон жил дагажээ. Төгсөөд Багануурын уурхайд очихдоо уулын мастер хийхийг хүссэн ч эмэгтэй хүн хийж чадахгүй хэцүү гэснээр бичиг хэргийн ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн ч 15 жилийн дараа Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал болсон нь Багануурын уурхайн 40 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй дэд захирал юм. Түүний ажилласан үе Багануурын уурхайн үе солигдолттой давхцжээ. Алтан уурхай минь хэмээн шүтэн дээдэлсэн нэгэн үеийнхэн тэтгэвэртээ сууж, шинэ залуу үе ирж таарч. Тэднийг холбох, ойлголцуулах нь О.Туяагийн ажил үүргийн нэг байв. Уурхайчдын хөдөлмөрийн алдар тэмдэглэх нэгэн ёслолын үеэр 17 хөдөлмөрийн баатар өмнөө эгнэн суусан 400 гаруй залууст үүх түүхээ ярих үед тэрээр хүний түүх бол байгууллагын түүх, байгууллагын түүх салбарын түүх болдог юм байна гэх ухаарлыг авсан байна. Энэ ухаарал нь хожим “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас “Жишиг өөрчилсөн түүх” номыг санаачлан, эмэгтэйчүүдийн түүхээр салбарын түүхийг шинэ өнцгөөр нээх ажлын үүдэл болжээ. TEDx-т хуваалцсан энэ түүхээрээ тэрээр уул уурхайн салбарт хүчин зүтгэж буй мянга мянган эмэгтэйчүүд хүйсээс үл хамааран, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөх тогтолцоо бий болно гэж найдаж буй бөгөөд үүний төлөө өнөөдөр ажиллаж буй эмэгтэйчүүд найдвартай хамтрагчид байж чадна гэсэн юм.

БОЛОВСРОЛ БОЛ АМЬДРАЛЫН МИНЬ ТУУЛЖ ӨНГӨРҮҮЛСЭН БҮХ ЦАГ МӨЧ

Металлургийн инженер мэргэжилтэй Ц.Чимэдюдон өөрийн түүхээр дамжуулан “Боловсрол гэж юу вэ?” гэсэн асуултад хариулсан. Хотын жирийн сэхээтний гэр бүлд төрж, орос 14 дүгээр сургууль төгссөн охин сургалтын төлбөрийг нь төлөхийн тулд гэрийнхэн нь 3 өрөө байрнаасаа 2 өрөө байр руу нүүх үед ямар их хүч хөдөлмөрөөр түүний боловсролд анхаарч байгааг анх ухаарчээ. Үүнээс үүдэн аав ээжийнхээ ачааг яаж хөнгөлөх вэ гэж эргэцүүлж явахдаа их сургуульд тэтгэлгээр суралцаж болдгийг мэдснээр тэтгэлэг авах анхны том зорилгоо цээжиндээ тээв. Тэтгэлэг авахыг хүсвэл салбараа зөв сонго гэсэн эгчийнхээ зөвлөгөөгөөр уул уурхайг сонгож, ШУТИС-ийн ашигт малтмал, баяжуулалтын хуваарь авсан байна. Сургуулийн эхний өдрөөс л зарлалын самбараас тэтгэлгийн зар хайж явсан охин хүссэн зараа олж харсан тэр өдрөө материалаа өгч, тэнцсэнээр зорилгодоо хүрэхийн сайхныг бас анх мэдэрч. Урамшсандаа үргэлжлүүлэн гадаад руу тэтгэлгээр суралцахаар шийдэж, материалаа явуулав. Эхний удаад тэнцээгүй ч энэ нь өөрийгөө олон талаар хөгжүүлэх ухаарал өгчээ. Жилийн дараа гологдсон тэтгэлэгтээ дахин өргөдөл гаргав. АНУ-д металургийн инженер мэргэжлээр 100 хувийн тэтгэлгээр сурах мэдээнд аав нь нулимсаа барьж тэвчээгүй. Аавыгаа магнай тэнийтэл баярлуулсан нь амьдралынх нь хамгийн аз жаргалтай мөчийн нэг болж үлдсэн юм. Юта мужийн их сургуульд элсэн амжилттай суралцаж байхад аав нь хорт хавдрын сүүлийн шатанд орсон хүнд мэдээ Монголоос иржээ. Америкт эмчлүүлэхээр аавыгаа авчрав. Ээж эгч хоёр нь эмчилгээний төлбөр төлөхийн тулд Монголд үлдэж, Ц.Чимэдюдон хичээлийнхээ хажуугаар аавыгаа асарна. Тэр нэг сар амьдралынх нь хамгийн хэцүү, бас ихийг ойлгож мэдэрсэн үе юм. Өдөр ирэх бүр доройтох аавыгаа асрахын тулд өмнө нь сөхөрч суугаад тэтгэлгээсээ татгалзъя гэж гуйхад аав нь “Тэтгэлгээ орхиж болохгүй. Амьдралд чинь юу ч тохиолдсон өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай бай. Битгий бууж өг” гэж. Түүний аав “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, авьяаслаг хөгжмийн зохиолч Д.Цогдэлгэр юм. Аавынхаа сүүлчийн байж мэдэх хүслийг биелүүлэхийн тулд охин нь өдөр бүр хичээн суралцжээ. Төгсөлтийн өмнөхөн хүнд өвчин аавыг нь авч одсон ч дипломоо гардан авах тэрхэн мөчид л боловсрол гэж юу вэ гэх асуултад өгөх өөрийн хариултаа олжээ. Тэр нь “Боловсрол бол амьдралын минь туулж өнгөрүүлсэн бүх цаг мөч, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл, тууштай байдал, аав ээжийн хичээл зүтгэл, тэдний надад зориулсан сэтгэл юм. Диплом түүний өчүүхэн нэг хэсэг” гэсэн ухаарал байв.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2022 "Mining Week 2022" тусгай дугаараас