Teck Resources-ийн нүүрсний нэгжийн 40%-ийг эзэмшихээр JSW Steel сонирхож байна

Э.ОД

Канадын Teck Resources компанийн нүүрсний нэгжийн 20-40 хувийг худалдан авахаар сонирхож буйгаа Энэтхэгийн JSW Steel-ийн ТУЗ-ийн дарга Сажжан Жиндал мэдэгджээ. Канадын компанийн Elk Valley Resources-ийг тодорхой хувийг эзэмших санхүүжилтийн талаар JSW Steel нь банкуудтай хэлэлцэж байна. Энэтхэгийн металлургийн магнатын ярьснаар, түүний эзэмшлийн JSW нь Япон, Өмнөд Солонгосын металлургийн үйлдвэрүүдийн хамт Канадын компанийн нүүрсний нэгжийн хувьцааг худалдаж авахаар төлөвлөсөн байна.

Elk Valley Resources-ийн эзэмшлийн төлөө JSW тэргүүтэй консорциум нь Glencore өрсөлдөх юм. Glencore-ийн хувьд толгой компанийг бүрэн эзэмших сонирхолтой байгаа бол JSW–ийн хувьд нүүрсний нэгжийн тодорхой хувийг 8 тэрбум ам.доллароор худалдаж авахыг санал болгожээ.

Энэтхэгийн гангийн хамгийн том үйлдвэрлэгчийн нэг JSW нь Австрали, Канад улсад металлургийн нүүрсний уурхай эзэмших боломжийг ч эрэлхийлж буй аж.

Энэ оны хоёрдугаар сард Канадын Teck Resources металл болон нүүрсний бизнесээ 2 тусдаа явуулах төлөвлөгөөг зарласан билээ. Нүүрсний бизнесийг Elk Valley Resources, металлын чиглэлийг Teck Metals охин компаниуд удирдана гэсэн төлөвлөгөөгөө дөрөвдүгээр сард цуцалсан юм. Тухайн үед Teck Resources-ийг 23 тэрбум ам.доллароор худалдан авах санал Glencore тавьсан байдаг. Энэ санал хэвээр гэдгээ Швейцарын трейдер компани мэдэгджээ.