Нүүрсний жинхэнэ хулгайчид хэн бэ?

С.БОЛД-ЭРДЭНЭ
bold@mininginsight.mn

Монголын нийгэм, улс төр, уул уурхайн салбар бүхэлдээ “Нүүрсний хулгай” гэх далайд живж байна. Мэдээллийн асар хүчтэй манипуляц дунд үнэн мөн нь хаана байгааг хэн ч хэлж мэдэхгүй болтлоо төөрөх болов. Түмний бухимдал дээд цэгтээ хүрч, төрийн эрх мэдэлтнүүд сандралдаж байна. Хууль сахиулах байгууллагууд яаран сандран “Нүүрсний хулгайчид” гэх 17 нэр зарлаж, төрийн байгууллагын 12 албан тушаалтан 5.4 тэрбум төгрөгийн авлига авсныг тогтоосноо мэдэгдсэн. Төгсгөл нь юу болж дуусахыг таамаглах “шидтэн” одоогоор тодроогүй байгаа ч “Нүүрсний хулгай” өмнөх шуугиантай хэргүүдийн жишгээр намжих эсэх нь цаг хугацаа болоод эрх баригч намын дотоод зөрчилдөөн хэр хурцдахаас хамаарахаар байна. “Нүүрсний хулгай”-н хэрэг өнөөдөр л олон нийтийн анхаарлын төвд орж, хүчээ авснаас биш өмнөх жилүүдэд уул уурхайн салбарынхны дунд амнаас ам дамжин яригдаж л байсан сэдэв. Хамгийн гол нь ганц “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг дагасан салбар жилдээ 2.1 их наяд төгрөгийн том зах зээл болж өргөжихийн хэрээр төрийн өмчит тус компанийн гэрээт олборлогч, нүүрс тээврийн бизнесүүд унац ихтэй болж, түүнийг дагаад өрсөлдөөн ч ширүүсэж, улс төрчид, эрх мэдэлтнүүдийн хошуу, хуруу дүрэх нь ч нэмэгдэж байна. “Нүүрсний хулгай”-н хэргийн хамрах хүрээ хэтэрхий том. Жижиг, том Тавантолгой, гэрээт олборлогч, ханган нийлүүлэгч компаниуд, тээврийн компаниуд, тээврийн С зөвшөөрөл, хил гаалийн хяналт гээд нүүрс ухахаас эхлээд хилийн цаана гарах хүртэлх шат дамжлага бүрд байгаа асуудлыг ярьж, гаргаж ирэх гэж оролдож байна. Тиймээс нээлттэй болсон мэдээллүүдээс заримыг нь онцлон, нүүрсний салбарын бизнесийг цогцоор нь харъя.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г ДАГАСАН 2.1 ИХ НАЯДЫН ЗАХ ЗЭЭЛ

Дуулиан шуугиантай өдрүүдийн олзуурхууштай ганц тал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн бараг бүх мэдээлэл нээлттэй болов. Ялангуяа компанийн гэрээт олборлолт болон худалдан авагчийн гэрээ, нэрс тодорхой болсон нь тус компанийг тойрсон үйл ажиллагааг ойлгож цэгнэхэд ихээхэн нэмэртэй болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани 2017-2021 онд 292.1 сая тонн хөрс хуулж, 58.8 сая тонн нүүрс олборлож, 55.3 сая тонн нүүрс борлуулжээ. Энэ 5 жилд 3.3 их наяд төгрөгийг зөвхөн олборлолтод зарцуулсан гэсэн үг. Харин нүүрс борлуулалтын урт болон богинын тээврийн зардлыг тус бүр тонныг нь 100 юаниар тооцвол багадаа 7 их наяд төгрөг эргэлдсэн байна. Жилд дунджаар 60 сая тонн хөрс хуулж, 11 сая тонн нүүрс олборлож, түүнийгээ бүрэн экспортолдог гэж үзвэл зөвхөн ЭТТ-н нүүрсний эргэн тойронд жилд 2.1 их наяд орчим төгрөг эргэлддэг гэсэн үг. Уурхайн олборлолтын 1м3 уулын цулыг 9400 төгрөг, тээврийг нь ЭТТ-н зарласан тендерийн дээд үнэ тонн нь 188.9 болон 87.8 юаниар тооцоход шүү дээ. Зөвхөн тээврийн зардал нь олборлолтын зардлаасаа 3 дахин өндөр байгаа нь энэ салбарын буглаа хаанаа байгааг тодорхой хэлээд өгнө. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг авлигын хэргээр шалгагдаж, шоронд хоригдоод байгаа. Түүнийг гэрээт олборлогч “Хишиг Арвин Индустриал” компаниас авлига авч, хаус хороолол барьж байгаа хэмээн буруутгасан. Энэ өнцөг нь ЭТТ-н гэрээт олборлогч компаниудад асуудал үүсэх магадлалыг нэмж байна.
Тус компани нийт таван гэрээт олборлогч компанитай хамтран ажилладаг бөгөөд гэрээ нь ил байдаг. Баруун Цанхийн уурхай дээр хоёр компанитай, шинээр Бортээгийн уурхай дээр ажиллах нэг компанитай гэрээ байгуулжээ. Баруун Цанхийн гэрээт олборлогчдын гэрээний хугацаа дуусаж байна. Харин Баруун Цанхийн А багцын гэрээт компани “Монгол Майнинг энд Эксплорэйшн” компанийн гэрээний мэдээлэл олдсонгүй. Tender.gov.mn сайтад тус компанийг шалгараагүй гэж байгаа ч “ЭТТ-н худалдан авалтын гэрээнүүд дунд нэр нь байгаа юм. Үүнээс гадна Зүүн Цанхийн уурхай дээр TTJVCo компани гэрээт олборлогчоор ажиллаж байгаа. TTJVCo компанийн нэгжийн зардал бусад олборлогчоос 10 гаруй хувиар өндөр байгаа нь бас сонирхолтой. Аль 10 гаруй жилийн өмнөөс л ажиллаж эхэлсэн тус компанийн гэрээг сунгахгүйгээр цуцална гэгдэж байсан ч жилийн өмнө гэрээгээ дахин сунгасан байна. Энэ удаад “Нормаунт” ХХК, “Си Ар Найнтээн Бюро” ХХКтай хамтарсан түншлэлээр гэрээ байгуулжээ. “Нормаунт” компани бол Norinco Cooperation-той холбоотой компани. 2020 онд Монгол Улсад бүртгүүлсэн, тендерт оролцохдоо “Чүү Девелопмент” компаниас олон тооны техник лизингээр авч оролцсон. ЭТТ-н бүх гэрээт олборлогч тодорхой хэмжээний төлбөрөө нүүрсээр авдаг. Гэрээндээ төлбөрийг нүүрсээр төлөх бол зах зээлийн ханшаар бодож өгнө гэсэн заалт бий. TTJVCo компани бусад гэрээт компаниудтай харьцуулахад хамгийн их хэмжээгээр нүүрсний гэрээ байгуулсан байна. Тус компани ЭТТ-н гол худалдан авагч Norinco буюу Glory Town Holdings, E-Commodities компанитай их хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсныг хүснэгтээс харж болно. E-Commodities Holdings бол өнгөрсөн хугацаанд ЭТТ төдийгүй Монголын нүүрсний гол худалдан авагчдын нэг байсаар ирсэн. Гэрээт олборлогч компаниуд төлбөрт авсан нүүрсээ цааш борлуулахдаа ЭТТ-н худалдан авагч компаниудад л борлуулж байгаа нь ЭТТ-д ашиггүй байгаа юм. 2022 онд гэхэд гэрээт олборлогчдын төлбөрт 781 мянган тонн нүүрс нийлүүлэхдээ 7-10 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцож өгчээ. Үүнээс 31.1 тэрбум төгрөгийг ЭТТ алдсан хэмээн Засгийн газрын БЭТ Ж.Ганбат мэдэгдсэн бөгөөд цаашид ЭТТ ямар ч төлбөрийг нүүрсээр төлөхгүй гэж амлаад байна.

ОФФТЕЙК ГЭРЭЭНИЙ ЭЗДИЙГ “ГОМДООСОНГҮЙ”

“Эрдэнэс Тавантолгой”-н амь мэт хамгаалах зүйл бол гол худалдан авагчдын эрх ашиг. Ялангуяа Хятадын төрийн өмчит хоёр ч том компанитай өндөр дүн бүхий бартерын гэрээ, урьдчилгаа төлбөрийн гэрээ байгуулсан бол хувийн хоёр том компанитай урьдчилгаа төлбөрийн гэрээ байгуулсан. Оффтейк гэрээ ч гэж нэрлээд байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ЭТТ-г нүүрсээ экспортолж байгаа ч валютын төлбөр орж ирэхгүй байгаа нь оффтейк гэрээнүүдтэй нь холбоотой хэмээн шүүмжилсэн нь “Нүүрсний хулгай” болтлоо томорсныг сануулъя. 
ЭТТ компани Norinco International компанитай нийт 683 сая ам.долларын хоёр бартерын гэрээ байгуулсан байдаг. Нүүрс баяжуулах үйлдвэр болон Газрын тосны хоолойг Norinco барьж, төлбөрт нь 6 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс гадна өнгөрсөн онд E-Commodities Holdings болон Jiayou International Logistics компанитай тус бүр 15 сая тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр авчээ. Дээр нь өнгөрсөн тавдугаар сард байгуулсан Chalco Trading компаниас 280 сая ам.долларын урьдчилгаа авсан гэрээ нэмэгдэнэ. Дээрх 5 компани бол ЭТТ-н нүүрсний хамгийн том худалдан авагч юм. Оффтейк гэрээний асуудлаас болж Хятадын дээрх компаниудад нүүрс нийлүүлэхийг зогсоож магадгүй талаар хүчтэй яригдсан. Уг яриа худалдан авагчид, тэр дундаа Norinco компанийнхны эгдүүцлийг хүргэжээ. ЭТТ өөрөө эхэлж гэрээ байгуулах санал тавьдаг, урьдчилгаа төлбөрөө авдаг, дараа нь нүүрсээ нийлүүлэхгүй унждаг нь урт хугацааны хамтын ажиллагаанд муу нөлөөтэй гэсэн яриа хоёр улсын төр, засгийн дээд түвшинд яригдсан гэх. Үүнийг батлах мэт Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойших хугацаанд ЭТТ-ээс дээрх компаниудын нүүрсийг түлхүү гаргасныг графикаас харж болно. БЭТ томилогдохоос өмнө ЭТТ нийт 6 сая тонн нүүрс борлуулсны 38.8 хувь буюу 2.3 сая тонныг нь дээрх 5 компанийн нүүрс бүрдүүлж байв. Харин БЭТ томилогдсоноос хойших хоёр сарын хугацаанд 5.2 сая тонн орчим нүүрс борлуулсны 57.5 хувь нь дээрх таван компанид харьяалагдаж байна. БЭТ томилогдсоноос хойш хамгийн их нүүрс авсан компани бол Xianghui Energy компани. Тус компанийн 49 хувийг E-Commodities эзэмшдэг. Тус хоёр компани 2021 онд 15 сая тонн, 2022 оны наймдугаар сард 1.5 сая тонн нүүрс худалдан авах гэрээг ЭТТтой байгуулж байжээ. Удаад нь Jiayou International Holdings-н охин компани Jasn International компани 844 мянган тонн нүүрс худалдаж авсан байна. Мөн л өнгөрсөн 2021 онд 15 сая тонн, 2022 оны есдүгээр сард 1.5 сая тонн нүүрсний гэрээг ЭТТ-той байгуулсан байдаг. Дашрамд дурдахад Jiayou International Holdings-ийн 22 хувийг монголчуудын шинэ танил “Зижин Майнинг” эзэмшдэг юм. Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй, 1.6 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компани. Улс хоорондын тээвэр, логистикийн үйлчилгээ, ухаалаг агуулахын бизнес эрхэлдэг. Ганцмод боомт бол гол байрлал нь. Товчхондоо нүүрс тээвэрлэдэг, агуулахад хадгалдаг, трэйдер компани гэсэн үг. Эцсийн хэрэглэгч биш. 2018 онд Сингапурт байгуулсан Jasn International компаниараа дамжуулан ЭТТ-н нүүрсийг худалдаж авдаг. Ямартай ч БЭТ томилогдсоноос хойш оффтейк гэрээ байгуулсан компаниудыг “гомдоолгүй” нүүрсийг нь нийлүүлжээ. Бартер болон урьдчилгаа төлбөрийн гэрээ байгуулсан дээрх 4 компани нийлээд 2022 онд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний 48 хувь, сүүлийн 3 жилээр тооцвол нийт нүүрсний 45 хувийг худалдаж авсан байна.

ХУЛГАЙГААС ХАМГААЛАХ ШИНЭ ДҮРЭМ

Ирэх оноос “Эрдэнэс Тавантолгой” компани төдийгүй нийт нүүрсний салбарт том өөрчлөлт гарч, шинэ дүрэм хэрэгжиж эхэлнэ. Нүүрс экспортлогч компаниуд уурхайн ам нөхцөлөөр нүүрсээ зарахыг хориглож, тээврийн зөвшөөрлийг уурхайн компаниудад шилжүүлэхээр болсон. Өнгөрсөн 10 дугаар сард гарсан Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Уг тогтоолд, “Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх C төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт даалгасугай” гэсэн байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрт явдаг компаниудаас нэлээд хэд нь авлига өгсөн хэрэгт холбогдоод байгаа. Тиймээс ч нүүрс тээврийн компаниудыг цэгцлэх гэсэн эхний оролдлого гэж ойлгож болохоор. Сүүлийн гурван жилд ЭТТ-гоос нүүрс тээвэрлэсэн компаниудыг хамгийн их нүүрс ачсан, хамгийн олон машинтай, мөн хамгийн олон худалдан авагчийн нүүрсийг тээвэрлэсэн гэдгээр ангилж үзвэл нэлээд нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Уг шинэ дүрэм нүүрсний хулгайн эсрэг хэрэгжүүлж байгаа хамгийн гол ажлын нэг юм. Учир нь тээврийн компаниудын С зөвшөөрлийг тойрсон авлигаар АТҮТ-ийн 30 гаруй албан тушаалтны хэрэг шүүхэд шилжсэн, хилээр хоосон машин гэсэн бүртгэлтэй олон тооны машин гарсан зэрэг асуудлаас үүдэн тээврийг цэгцлэх гэсэн санаа. Гэхдээ уг шийдвэр нүүрсний компаниуд, тээврийн компаниуд, худалдан авагчид гээд энэ салбарыг бүхэлд нь хөдөлгөөнд оруулж байна. Үр дүн нь ямар гарахыг хэлэхэд эрт. Уурхайнуудын хувьд заавал хил нөхцөлөөр борлуулах, тээврээ хариуцах нь харилцан адилгүй нөлөөлж байна. Зөвхөн төрийн өмчит компани дээр үүссэн асуудлыг зохицуулахын тулд нүүрсний бүх компанийг хамруулсан шийдвэр гаргах нь зохимжгүй гэж үзэх хэсэг ч байна. Харин үндэсний тээврийн компаниуд уг шийдвэрийг илтэд эсэргүүцэж байна. Тэд тээврийн тааз үнийг тогтоосон нь алдагдалтай ажиллахад хүргэж, худалдан авагч Хятадын компаниудын эзэмшлийн тээврийн компаниуд бага үнээр тээвэрлэх боломжтой болгож, үндэсний жижиг компаниуд өрсөлдөж чадахгүй дампуурахад хүрнэ хэмээн мэдэгдэж байна. Жишээ нь Цагаан хадГанцмод чиглэлийн тээвэр өнгөрсөн онд оргилдоо тонн нь 2000 юань хүрч байсан гэдэг. Харин 12 дугаар сарын эхний 10 хоногт тонн нь 370-390 юань байхад ЭТТ-гоос зарласан ханш 88 юань болгож багассан байна. ЭТТ-н нүүрсний тээвэрт явж буй компаниудын нэлээд хэсэг нь худалдан авагч компаниудын эзэмшлийнх байдаг. Тухайлбал Jasn international буюу Jiayou International Logistics компани өнгөрсөн 3 жилд худалдаж авсан 1.6 сая тонн нүүрснийхээ 20 хувийг нь өөрийн эзэмшлийн “Жиасмон Ложистикс” компаниар тээвэрлүүлсэн байна. Жиасмон нь 64 машиныг тээвэрт явуулсан. “Норинко” компанийн охин компани Glory Town Holdings компани өнгөрсөн гурван жилд худалдаж авсан 2.1 сая тонн нүүрснийхээ 80 хувийг “Ти Ти Си Энд Ти” гэх өөрийн хамаарал бүхий компаниараа тээвэрлэсэн байдаг. “Ти Ти Си Энд Ти” нь 2200 гаруй машинтай хамгийн том тээврийн компани аж. Хамгийн том худалдан авагчдын нэг E-Commodities хүртэл Монголд өөрийн тээврийн компаниа байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байна. “И Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК нь богинын тээвэрт үйлчилгээ үзүүлдэг гэж буй ч энэ жил гэхэд уурхайгаас 35 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Мөн “Эко Глобал Ложистикс” компанийг тэд эзэмшдэг. Хятадын нүүрс худалдан авагчид өөрсдийн тээврийн компани байгуулах, эсвэл тодорхой ашиг сонирхол нэгтэй этгээдээр тээврээ хийлгэх болсон нь сүүлийн хэдхэн жилд улам бүр тодорч байна. Тээврийн зардлаа худалдан авагчид гаргадаг болохоор аль болох өөрсдийн компаниудыг оролцуулахыг зорих нь ойлгомжтой. Дээр дурдсан жишээгээр авч үзэхэд 1.4 их наяд гаруй төгрөгийг Хятадын компаниуд нүүрс тээврийн салбарт зарцуулдаг гэсэн үг. Энэ утгаараа Хятадын мөнгөний тодорхой хэсэг нь Монголын тээврийн компаниудад үлдэж байна гэж хэлж болно. Гэхдээ нөгөө талд нь ЭТТ нүүрсээ өөрсдөө тээвэрлэж хил нөхцөлөөр зарвал уурхайн амнаас зарснаас хоёр дахин их орлого олох боломжтой гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд уурхайн ам нөхцөлөөр нүүрсээ борлуулж, 4.9 тэрбум ам.долларын орлого олсон. Хэрэв хил нөхцөлөөр борлуулсан бол 9.2 тэрбум орчим ам.доллар болж өсөх буюу 4.2 тэрбум ам.долларыг нэмж олох байсан хэмээн БЭТ Ж.Ганбат мэдэгдсэн юм.

ТӨГСГӨЛД НЬ, НҮҮРСНИЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧИД ХЭН БЭ?

Засгийн газар, хууль сахиулах байгууллагуудын зүгээс “Нүүрсний хулгай”-н хэрэгт 17 хүний нэрийг зарласан. “Чепакууд”-ыг нийгмийн бухимдлыг дарахаар шидэж өгөөд жинхэнэ хулгайчид ард нь үлдлээ хэмээн олон нийт хүлээж авав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын чуулганы танхимд нүүрсний хулгайчаар нь дуудаж байсан ЗГХЭГ-ын дарга асан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХын гишүүн Ш.Раднаасэдийн хэлснээр Б.Ганхуягийг ЭТТ-н захирлаар томилуулсан НХХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гээд нөлөө бүхий улстөрчид уг хэрэгт холбоотой эсэх нь цаг хугацааны явцад тодрох биз ээ.
Харин хууль сахиулах байгууллагуудын болон Засгийн газрын сайд нарын мэдэгдсэн мэдээллээс дүгнэхэд “Нүүрсний хулгай”-н хэргийн хамрах хүрээ дараах байдлаар тодорч байна гэхэд болохоор байна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг тойрсон Өмнөговь аймгийн харьяалал бүхий хэсэг улстөрчид, “Эрдэнэс Тавантолгой”-д “шахаа” хийсэн гэх хэсэг улстөрчид, Тавантолгойн нүүрс тээврийг хамарсан хэсэг бүлэг, эцэст нь Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг дагасан, “Бодь Интернэйшнл” компанитай холбоотой бүлэг гээд үндсэн 4 бүлэгт “Нүүрсний хулгай”-н гэх хэрэг хуваагдаж байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Өмнөговь аймгийн МАН, АН-ын удирдлагууд “Тавантолгой” ХК-тай холбоотой нь ойлгомжтой. Тус компанийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг бол удаах том хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. “Тавантолгой” ХК нь 2004 оноос нүүрс экспортолж эхэлсэн. Нүүрс тээврийн машинууд 10-аад жилийн өмнөөс л хилээр хоосон гарч байсан нь тогтоогдвол тус компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигчид шууд буруутан болох нь ойлгомжтой. Мөн тус компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 340 мянган тонн нүүрс жинхэнээсээ хулгайлсан болж таарсан. Хэрэг нь дахин сөхөгдөж, төд удалгүй хулгайлсан нүүрснийхээ 50 орчим тэрбум төгрөгийг төлж барагдуулсан. Харин буруутай этгээд тодрох уу, ингээд дуусах уу гэдэг нь тодорхойгүй байна. Үүнээс гадна “Тавантолгой” ХК-иас уурхайн ам нөхцөлөөр маш хямдаар нүүрс худалдаж авч, цааш тээвэрлэн өндөр үнээр экспортолдог байсан “Тавантолгой Транс” компани бол Д.Бат-Эрдэнийх. Тус компанийн захирал Дагвадоржийг ч уг хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж үзсэн. “Тавантолгой” ХК-д Засгийн газар Онцгой дэглэм тогтоосон зэргээс үзэхэд тус компанийг тойрсон нүүрсний асуудал Өмнөговь аймгийн үе үеийн дарга, гишүүдийг “хормойдох” нь ойлгомжтой юм. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой” ХК дээр олон жил амжилттай хэрэгжүүлсэн нүүрсний бизнесийн схемийг “Эрдэнэс Тавантолгой” дээр хуулбарласан гэхэд болно. “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн жилүүдэд ихэвчлэн уурхайн ам нөхцөлөөр нүүрсээ зах зээлийн ханшаас хямд борлуулах болсон. Энэ нь нүүрс худалдан авагч трэйдер компани болон тээврийн компаниудад ашигтай схем юм. “Чалко”, “Норинко”, “И-Коммодити”-г эс тооцвол ЭТТ-н нүүрсийг худалдан авагчдын дийлэнх нь трейдэр компаниуд байна. Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгч болох төмөрлөгийн үйлдвэрүүд, нүүрс угаах үйлдвэрүүд трейдэр компаниудаас нүүрс худалдан авч байна. ЭТТ-н уурхайн амны үнэ, эцсийн хэрэглэгч төмөрлөгийн үйлдвэр болон нүүрс угаах үйлдвэрүүдийн худалдаж авч буй үнэ хоёрын дунд гарч буй зөрүү нь трейдэр компаниуд, тээврийн компаниудад очиж байна гэсэн үг. Уг зөрүү өндөр болох тусам Монгол Улсад орох татварын орлого нэмэгдэхгүй, цаашлаад авлигын мөнгө болж “угаагдаж” байх боломжтой юм. Нүүрс тээврийн зардал нь нүүрсний үнээсээ 3 дахин өндөр байгаа нь үүнтэй ч холбоотой байж болно. Харин үүнийг нотолж, баримтжуулахад Хятадын компаниудын мэдээлэл шаардлагатай бөгөөд зөвхөн дотоодын компаниудыг шалгаснаар бодит байдлыг тогтооно гэх нь бараг л боломжгүй болов уу. Харин ЭТТ Монголын хилийн боомт хүртэлх нүүрс тээврээ өөрсдөө хариуцаж, нүүрсээ хил нөхцөлөөр борлуулах нь энэ схемийг бүрэн нураах боломжтой юм. Гэхдээ ЭТТ өөрөө тээврийн компанитай болчихолгүй, нүүрс тээврээ авлигаас ангид байлгахын тулд хамгийн нээлттэй байж, тээврийн компаниуд, тэр дундаа үндэсний компаниудыг шударга сонгон шалгаруулалтаар ажиллуулах нь нүүрс тээврийн салбарыг бүхэлд нь шат ахиулан хөгжүүлэх боломж юм. “Эрдэнэс Тавантолгой”-д шахаа хийсэн гэх улстөрчдийн хэргийг энэ удаад хойш тавъя. Харин хамгийн том “хулгайчаар” тодроод байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон “Бодь Интернэйшнл” компани “Нүүрсний хулгай”-д ямар сэжмээр холбогдов гэдэг нь илүү сонирхолтой. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар Х.Баттулгыг төмөр замын хэрэгтэй холбогдуулан буруутгасан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Төрийн нууцад хамруулж, “Бодь Интерэйшнл” компанитай шууд гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн хэмээн түүнийг буруутгаж байна. Х.Баттулга, түүний эзэмшлийн компаниуд төмөр замын бүтээн байгуулалтын мөнгөнөөс шамшигдуулсан гэх баримт хараахан дэлгэгдээгүй байна. “Бодь”-ийн зүгээс өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдлийг гаргасан. Төмөр замын санхүүжилт нэг тэрбум ам.доллар бодитой эсэх, шахаа, цавчааны асар их мөнгө гарсан уу гэдэг нь тун удахгүй тодрох биз. Харин ганц тодорхой болсон зүйл бол төмөр замын санхүүжилтийг “Бодь”-д нүүрсээр төлж байгаа нь ЭТТ-д алдагдалтайг хүлээн зөвшөөрөх юм. “Бодь”-д 5-13 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрсээ нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. “Бодь” цаашаа ЭТТ-н худалдан авагчдад зах зээлийн үнээр нүүрс нийлүүлж байгаа нь тодорхой болсон. 2020 онд гэхэд E-Commodities-той 6 сая тонн, Jasn International-той 1.45 сая тонн, Inner Mongolia Zi Tuo International-тай 500 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээг “Бодь” хийжээ. E-Commodities, Jasn International бол ЭТТ-н хамгийн том худалдан авагчид. Хямд авсан нүүрсээ тэдэнд хэдээр нийлүүлсэн нь харин тодорхой болоогүй байна. Мөн Inner Mongolia Zi Tuo International нь 2018- 2019 онд ЭТТ-гоос 1.4 сая тонн орчим тонн нүүрс худалдан авах гэрээ хийж байсан ч түүнээс хойш ЭТТ биш “Бодь”- оос нүүрс авах болсон байна. Хөнгөлөлттэй нүүрсний үнийн зөрүүнээс 174 тэрбум төгрөгийн ашгийг “Бодь”-д бэлэглэсэн байна. Энэ нь тус компанийн гол хувьцааг нь эзэмшдэг “Голомт” банкны сүүлийн 3 жилийн ашигтай дүйж очихуйц хэмжээний ашиг юм. Богдхан төмөр замын санхүүжилттэй холбоотой нүүрс нийлүүлэх гэрээнд ч яг энэ байдал давтагджээ. Энэ мэтчилэн “Бодь Интернэйшнл” компанийн төмөр замын санхүүжилттэй холбоотой асуудлууд цааш хөврөх нь дамжиггүй. Ердөө 7 сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой”-г Хятадын тэнгэр ивээг хэмээн Mining Insight бичиж байв. Хятадын төрийн өмчит гигантуудтай байгуулсан асар өндөр дүнтэй бартерын гэрээ болон урьдчилгаа төлбөрийн гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой”-г нар үзүүлэхгүй хөмөрч магадгүй болж байна гэсэн санаагаар тус нийтлэл бичигдсэн. Гэсэн ч Хятадын тэнгэр нүүрээ бууруулахаас өмнө Монголын улс төр ”Эрдэнэс Тавантолгой”-г самарч орхих нь тэр. Түмний мэдэлд, нээлттэй компани болгоогүйн төлбөрт их наядаар хэмжигдэх мөнгөний хулгай “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрлэснийг бүгд харж байна.

Майнинг Инсайт сэтгүүл №12 (013), Арванхоёрдугаар сар 2022