Оюутолгойн 66 хувийг эзэмших “Рио Тинто”-гийн сонирхол

С.БОЛД-ЭРДЭНЭ
bold@mininginight.mn

“Нүүрсний хулгай”-н шуугиан Монголын нийгэм, улс төрийг бүхэлд нь хамарч, нүүрсний салбарын төрийн өмчит хамгийн том компаниудыг Засгийн газар бүрэн хяналтдаа авч байх хооронд Монголын өөр нэг том компани “Оюутолгой”-н хувьцаа эзэмшилд томоохон өөрчлөлт орлоо. Төслийн үндсэн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп “Туркойз Хилл Ресурс” компанийг бүхэлд нь худалдаж авснаар “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшихээр болов. Энэ нь Оюутолгой төслийн түүхэнд төдийгүй Монголын уул уурхайн салбарт онцлох үйл явдал юм. “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийг бүхэлд нь худалдаж авахын тулд “Рио Тинто” адармаатай есөн сарыг туулсан. Тус компанийн 50.8 хувийг эзэмшигч “Рио Тинто” болон бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүсээд багагүй хугацаа өнгөрсөн.

Жижиг хувьцаа эзэмшигчид Оюутолгой төслийн бүтээн байгуулалт удааширч, зардал нэмэгдсэнд “Рио Тинто”-г буруутгаж эхэлсэн нь харилцаа хүйтрэх үндсэн шалтгаан болсон юм. Энэ бүхний дүнд “Рио Тинто” групп “Туркойз Хилл”-ыг бүрэн худалдаж авах замаар “тоглоомноос” гаргаж, Оюутолгой дахь эзэмшлээ нэмэгдүүлж байна гэхэд болно. Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газартай тохиролцоонд хүрснээсээ хойш хоёр сарын дараа “Туркойз Хилл”-ыг 2.7 тэрбум ам.доллараар худалдаж авах анхны саналаа “Рио Тинто” тавьсан. Компанийн ТУЗ зөвшөөрөөгүй тул наймдугаар сард 3.1 тэрбум ам.доллар, төд удалгүй 3.3 тэрбум ам.доллар болгож үнээ нэмсэн. “Туркойз Хилл”- ыг бүрэн худалдаж авснаар Оюутолгой төслийн засаглал, эзэмшлийн бүтэц илүү энгийн, үр дүнтэй байх болно хэмээн “Рио Тинто” мэдэгдсэн юм. Харин “Рио Тинто”-гийн саналд хамгийн эгдүүцсэн хувьцаа эзэмшигч бол Pentwater болон Sailingstone нар. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орсон, үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллахад ойртсон үед хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөжөөс хамаагүй бага үнийн санал хэмээн илтэд эсэргүүцэж байв. Хамгийн том болон бусад хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан багагүй шуугиан тарьсан.
“Рио”-гийн хувьцаа эзэмшигчдийн саналаар хүчээр шийдэх гэсний хариуд Pentwater тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчид биржээс хувьцаа нэмж худалдаж авах замаар эзэмшлээ нэмэгдүүлж байв. Тэд саналын эрхээ нэмэгдүүлж, “Рио”-гийн саналыг дэмжихгүй байхад багагүй мөнгө зарцуулсан. Харин “Рио” Pentwater болон Sailingstone-той тусдаа гэрээ байгуулах замаар асуудлыг шийдэх гэж оролдсон нь биржийн зохицуулалтын дүрэм журмуудыг зөрчиж магадгүй байдалд орж, уг алхмаасаа татгалзав. Энэ бүхний эцэст 12 дугаар сарын 9-нд “Туркойз Хилл”-ын хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Рио Тинто”-гийн саналыг хүлээн авах шийдвэр гарч, “Рио Тинто” групп “Трукойз Хилл”-ын 49 хувийг 3.3 тэрбум ам.доллараар худалдаж авснаар жилийн турш өрнөсөн драм өндөрлөлөө. Оюутолгой төсөл дэх “Рио Тинто”-гийн сонирхол огцом идэвхжиж, багагүй саад бэрхшээлийг давснаар төслийн 66 хувийг дангаар эзэмшихээр болж байна. Харин үүнээс өмнө “Рио” Оюутолгой төсөл дэх эзэмшлээ нэмэгдүүлэх талаар 10 жилийн турш ам ангайгаагүй байсан нь сонирхолтой. Тус компани Оюутолгой төсөлд анх оролцож эхэлсэн нь 2006 он.

Тухайн оны 10 дугаар сард “Рио Тинто” групп Оюутолгой төслийг эзэмшигч “Айвенхоу Майнз Лимитед” /Одоогийн Туркойз Хилл Ресурс/ компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байв. Нийт 303 сая ам.доллараар “Айвенхоу”- гийн 37.1 сая орчим ширхэг хувьцааг худалдаж авснаар 9.95 хувийг эзэмших болсон. 2009 оны 10 дугаар сард Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ /ХОГ/-г байгуулсан. Үүнээс 7 хоногийн дараа 388 сая доллароор нэмж 46 сая ширхэг хувьцааг худалдаж авснаар компанийн 19.7 хувийг эзэмшив. Энэ мөчөөс хойш “Рио Тинто” хувьцааныхаа тоог тасралтгүй нэмэгдүүлсээр 2011 оны эцэст “Айвенхоу Майнз”- ын 49 хувийг эзэмших болсон юм. Харин 51 хувийг нь эзэмшихийн тулд багагүй асуудалтай тулгарсан байдаг. “Айвенхоу Майнз”-ын үүсгэн байгуулагч Р.Фрийдланд компаниа “Рио Тинто”-д алдахгүйн тулд бүр Арбитрын шүүхэд хүртэл өгч байсан удаатай. Гэсэн ч шүүхийн шийдвэр “Рио”-гийн талд гарч, 2012 оны нэгдүгээр сард “Айвенхоу”-гийн 15.1 сая ширхэг хувьцааг нэгжийг нь 19.7 ам.доллараар худалдаж авснаар 51 хувийг эзэмших болсон. Энэ хугацаанд санхүүгийн янз бүрийн арга хэлбэрээр ойролцоогоор 3.4 тэрбум ам.долларыг “Айвенхоу”-д зарцуулж, 51 хувийг эзэмшсэн байдаг. 51 хувийг эзэмшсэнээс хойш гурван сарын дараа компанийг үндэслэгч Р.Фрийдланд болон түүний багийн хүмүүсийг “Айвенхоу”-гийн удирдлагын багаас чөлөөлж, сарын дараа нэрийг нь “Туркойз Хилл Ресурс” болгож өөрчилж байсан билээ. Түүнээс хойш “Рио Тинто” Оюутолгой дахь эзэмшлээ нэмэгдүүлэх талаар огт дуугараагүй. Энэ нь тус компанийн хөрөнгийн багц, мөн гол шийдвэр гаргаж байгаа Гүйцэтгэх захирлын бодлоготой холбоотой байсан гэхэд болно.

“Айвенхоу Майнз”-ын 51 хувийг эзэмших замаар Оюутолгой төслийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд хяналтаа тогтоох гэж зорьсон гол хүмүүсийн нэг бол “Рио Тинто”-гийн тухайн үеийн Гүйцэтгэх захирал Том Албанез. 2006 онд Гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө тэрбээр “Рио”-гийн хайгуул, зэсийн салбарыг толгойлж байсан тул Оюутолгойд ихээхэн ач холбогдол өгч байсан гэгддэг. Харин 2013 онд түүний орыг залгасан Сэм Уолш 4 жил орчим Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Оюутолгой дахь эзэмшлээ нэмэгдүүлэх бүү хэл бүр төслийг зогсоох талаар дуугарч байсан нэгэн. Тэрбээр Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө 10 жил компанийнхаа төмрийн хүдрийн салбарыг, дөрвөн жил хөнгөн цагааны салбарыг удирдаж байсан юм. Түүний үед “Рио”-гийн гол бизнес төмрийн хүдэр болсон байдаг. Сэм Уолшийн халааг авсан Жан Себастьян Жак ч Оюутолгой дахь эзэмшлээ нэмэгдүүлэх сонирхолгүйгээ хэдэнтээ илэрхийлж байсан удаатай. Түүний хувьд “Рио Тинто”-гийн Зэсийн группыг толгойлж байхдаа Оюутолгойн гүний уурхайг гацаанаас гаргаж, Дубайн гэрээг байгуулж, улмаар СЕО болж дэвшсэн. Зэс бол “Рио Тинто”-гийн ирээдүйн гол бизнес, Оюутолгой бол компанийн ирээдүйтэй төсөл гэж байнга ярьдаг ч Оюутолгойгоос 34 орчим хувийг эзэмших нь хангалттай гэж үздэг байв.

Монголын эрсдэл өндөр, Засгийн газартай шууд харилцах нь төвөгтэй хэмээн эмээсэн байхыг үгүйсгэхгүй. Харин Ж.С.Жак халагдаж, “Рио Тинто”-гийн удирдлагын баг бүхэлдээ өөрчлөгдсөнөөр шинэ Гүйцэтгэх захирал Я.Стоусхольм болон Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд нар “Туркойз Хилл Ресурс”-ыг бүрэн худалдаж авах төлөвлөгөөгөө 9 сарын дотор гүйцэлдүүлээд байгаа нь энэ юм. Оюутолгойн 66 хувийг эзэмших нь “Рио Тинто”-д хэд хэдэн талаар ашигтай гэж харагдахаар байна. Юун түрүүнд тэд гүний уурхайн үлдэгдэл санхүүжилтийг бие даан шийдвэрлэх боломжтой болж байна. Хариуцлагаа бүрэн дүүрэн хүлээнэ гэсэн үг. Компанийн нэр хүндэд ч нэмэртэй байх нь ойлгомжтой. Жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол, хэл ам гарахгүй болохоор Засгийн газартай ойлголцож чадвал Оюутолгой “Рио Тинто”-гийн нүүр царай болохуйц төсөл болж хувирна. Үүнээс гадна “Рио Тинто” хөрөнгийн багцаа төрөлжүүлж, эрчим хүчний шилжилт, ногоон хөгжилд зонхилох эрдэс бүтээгдэхүүнд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Өнгөрсөн онд “Рио Тинто”-гийн нийт орлогын 59 хувийг төмрийн хүдэр бүрдүүлсэн. Бараг 40 тэрбум ам.долларыг төмрийн хүдрээс олсон нь зэсийн орлогоос 5 дахин өндөр. Угаас “Рио Тинто”-гийн нийт орлогод төмрийн хүдрийн эзлэх байр суурь жилээс жилд өсөж байна. Баруун Австрали дахь Пилбарагийн бүсийн 17 уурхай цөмийг нь бүрдүүлдэг бөгөөд гол худалдан авагч Хятадаас үлэмж хамааралтай салбар юм. Харин алт, уран, очир эрдэнэ, титаны диоксид зэрэг бусад эрдсийн компанийн орлогод эзлэх хувь бууралттай байгаа юм. Ийм үед ирээдүйн гол түүхий эд гэгдэж буй зэс, лити зэрэг ногоон хөгжлийн суурь болсон эрдсээр хөрөнгийн багцаа өргөжүүлж, орлогоо тэлэхийг хүсэж байгаа нь дамжиггүй. Гэхдээ зэсийн салбарт “Рио Тинто” тийм ч том тоглогч биш.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын Kennecott, Bingham Canyon уурхайг 100 хувь эзэмшдэг бөгөөд уг хоёр уурхайгаас өнгөрсөн жил 300 мянган тонн зэс олборлосон. Мөн дэлхийд хоёрдугаарт ордог Escondida уурхайн 30 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн жилийн олборлолтоос “Рио”-д оногдох хэмжээ нь 280 мянган тонн зэс. Үүн дээр зэсийн хоёр ч шинэ төслийг хөгжүүлж байгаа. АНУ болон Австрали дахь төслүүд нь тийм ч хурдан ашиглалтад орохгүй. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор тус ордоос олборлох зэсийн хэмжээ оргил үедээ 500 мянган тонн давна. Үүний 330 мянган тонн нь “Рио”-д хамаарна. Харин өнгөрсөн онд Оюутолгойгоос олборлосон зэсийн 54 мянган тонн нь “Рио”-д оногдсон. Энэ хэмжээ 6 дахин өснө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 3.3 тэрбум доллароор эзэмшлээ нэмэгдүүлснээр ердөө таван жилийн дараа гэхэд “Рио”-гийн олборлох зэсийн талыг нь Оюутолгой бүрдүүлэхээр байна. Тиймээс ч Оюутолгой дахь эзэмшлээ нэмэгдүүлсэн нь “Рио”-д ихээхэн ач холбогдолтой болж байгаа юм. Ямар ч байсан сүүлийн хоёр жил Монгол Улс хийгээд “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгойгоор амьсгалж өнгөрлөө.

Майнинг Инсайт сэтгүүл №12 (013), Арванхоёрдугаар сар 2022