Олон улсад үүссэн устөрөгчийн боломж


Э.МИШЭЭЛ
misheel@mininginsight.mn

Цахилгаан эрчим хүчийг үр ашигтай, тогтвортой ашиглахыг өндөр технологитой улс орнууд эрэлхийлсээр ирсэн. Ялангуяа 1800-гаад оноос аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр нүүрс, газрын тос, байгалийн хийн эцсийн бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн өдөр тутамдаа хэрэглэх болж, түүний хэрээр агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ нэмэгдэж байна. Хэвийн хэмжээнээс хэтэрснээс үүдэн хүлэмжийн хий гэсэн ойлголтод хүн төрөлхтөн зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болсон билээ. Агаар мандал дахь хийн хэмжээ өөрчлөгдсөнөөр дэлхийн гадаргын температур даган өөрчлөгдөж байна. Энэхүү нөлөөллийг бууруулах аргын нэг нь устөрөгчийн хэрэглээг нэвтрүүлэх тухай. Тэр дундаа нүүрснээс гаргаж авсан устөрөгчийн түлш юм. Технологиор тэргүүлэгч гүрний нэг Япон Улс 2017 оноос дэлхийн хамгийн анхны устөрөгчийн үндэсний стратеги төлөвлөгөөгөө олон улсад зарлаж ажлаа эхлүүлсэн. Тэрхүү төлөвлөгөөнд нь Монгол Улс хамтрах санаачилга гарган ажиллаж байна. Энэ талаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн (2023.05.26)-ний үеэр Аж үйлдвэрийн үндэсний хорооны Нүүрс гүн боловсруулах дэд хорооны дарга, Монголын Алт ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Аж үйлдвэржилтийн сэргэлтэд нөлөөлөх хүчин зүйлс” илтгэлдээ танилцуулсан юм.
Түүний илтгэлд,
- Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах шугам, сүлжээ;
- Ус хангамжийн шийдэл;
- Ган төмөрлөгийн үйлдвэрлэл, хангалт;
- Барилгын материалын үйлдвэрийн хөгжил;
- Хууль эрх зүйн орчин;
- Ажиллах хүчин, хүний нөөцийн хангалт;
- Олон улсын өндөр стандартад нийцсэн бүтээгдэхүүн;
- Санхүүжилтийн эх үүсвэр гэсэн гарц, шийдлийг тусгажээ.

Үүнээс Ойрын хугацаанд хөгжүүлэх боломжтой хүнд үйлдвэрлэл хэсгээс нүүрсийг хэрхэн гүн боловсруулах боломж Монгол Улсад байгааг онцлон хүргэе. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2022 оны есдүгээр сард зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, нүүрс-химийн чиглэлийн эрдэмтэн судлаачдыг оролцуулсан Устөрөгчийн үйлдвэр ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн Ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд хийгдсэн ажлын заримаас дурдъя. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд ирээдүйн эрчим хүчний чиг хандлагыг устөрөгчийн үйлдвэрлэл гэж харж байна. Зарим нь байгалийн хийнээс гаргаж байна. Монгол Улс нүүрсний баялаг нөөцтэй учраас нүүрсийг хийжүүлэх замаар устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломж бий. Өнгөрсөн оны аравдугаар сард манай Ажлын хэсэг болон Японы Мицүи, Юнико интернэшл гэсэн олон улсын судалгааны компаниас бүрдсэн судалгааны баг байгуулсан. Эхний судалгааны ажил нь Монгол орны аль бүсийн нүүрс нь устөрөгч гаргаж авахад тохиромжтой болон боловсруулах явцад нүүрсхүчлийн хий бага ялгарах вэ гэдгийг тогтоолоо. Монголын зүүн хэсэг буюу Дорнод аймгийн Чойбалсан орчимд буй 1.7 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцийг тохиромжтой гэж үзсэн. Нүүрс-химийн үйлдвэр хөгжүүлэхэд ус хэрэглэнэ. Хэрлэн гол Хятад руу урсан гардаг учир усны бололцоо байна. Ажиллах хүч Чойбалсан хотод байна. Дэд бүтэц сайн хөгжсөн. Удахгүй Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ. Харин энэ төмөр замыг 1435 мм нарийн царигаар барих нь зүйтэй. Тэгвэл химийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачилт хийлгүйгээр Бичигт боомтоос 800 км зайд төмөр замаар тээвэрлэн, БНХАУын далайн Жинжоу боомтод хүргэх юм. Үүнийг Японы тал хамгийн боломжтой хувилбар гэж үзэж байна.
ТЭЗҮ боловсруулсны дараа туршилтын хийн үйлдвэр байгуулна. Дэд бүтэц, хэрэглээ бий болоогүй учраас устөрөгчийг үйлдвэрлэхэд гарах урьдчилсан завсрын бүтээгдэхүүн нь диметилийн эфир. Энэ хийг хөргөж, шингэрүүлэх, эргээд хийн төлөвт оруулахад их зардал гарахгүй. Тиймээс Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг хийн бойлерт шилжүүлэн, нүүрс түлж дулааныг шийддэгийг өөрчилж болно. Энэ ажлыг төлөвлөөд байна. Магадгүй хийн турбин тавьж, цахилгаан эрчим хүч гаргах боломжтой. Мөн метанолыг үйлдвэрлэснээр АИ-92 бензинээс аваад нийлэг материал, будаг, лак, хулдаасны нэмэлт, будаг шингэлэгч, хуванцарын түүхий эд зэрэг салбар салбарын химийн үйлдвэр хөгжих үндэс суурь тавигдана. Туршилтын энэ үйлдвэрийг яаравчлан барих ажлыг Японы талтай хамтран хэрэгжүүлж байна. Амжилттай болбол устөрөгчийн үйлдвэрийг Зүүн бүс буюу Дорнодод экспортын үүднээс, мөн Чойрын бүсэд Шивээ-Овоо, Тавантолгой, Алтанширээ дэх нүүрсний ордод түшиглэн цахилгаан станц, түрүүнд дурдсан олон төрлийн химийн үйлдвэрийн үндэс суурийг хөгжүүлэх үйлдвэр байгуулж болно. Ингэснээр бид нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм” хэмээн танилцуулсан. Б.Нямтайшир нь Устөрөгчийн үйлдвэрийг Япон Улстай хамтран байгуулах Ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа. Тэгвэл нүүрснээс гаргаж авах устөрөгчийн хэрэглээ, үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр ямар байгааг сонирхуулъя.

ЯПОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд устөрөгч рүү шилжихээр шулуудан тэднийг Япон манлайлж Устөрөгчийн үндэсний стратеги танилцуулсан анхны улс болжээ. Устөрөгчийн түлшийг ган, хими, газрын тосны үйлдвэр, усан онгоц, агаарын тээвэр, авто машин, хүнд даацын автомашин, автобус, вагон зүтгүүрийн түлш болгох, орон сууц болон бусад барилга байгууламжийн халаалтыг шийдэх, эрчим хүч гарган авах гээд өргөн хүрээнд эцсийн хэрэглээнд ашиглах боломжтой. Устөрөгчийн түлш хэрэглэж дууссаны дараа ус ялгардаг учир цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал үүрэгтэй хэмээн Олон улсын энергийн агентлаг онцолж байна. Харамсалтай нь хоёр зууны өмнө устөрөгчийн түлшийг гарган авч, автомашиныг хөдөлгөж чадсан боловч өдөр тутмын хэрэглээнд өргөн хүрээнд нэвтрүүлж чадаагүй. Хүндрэлтэй асуудал нь үйлдвэрлэх зардал өндөр, түгээх дэд бүтэц, устөрөгчийн олдоцтой холбоотой. Энэхүү үр ашиггүй байдлыг бууруулахаар Япон Улс 2017 онд Устөрөгчийн үндэсний стратеги боловсруулжээ. Тус стратегид 2030 он гэхэд устөрөгчийн хэрэглээг гурван сая тонн, 2050 онд 20 сая тоннд хүргэх, өртгийг 2017 онтой харьцуулахад 1/3 хувиар бууруулахаар тусгасан байна. Түүнчлэн 2030 онд 800 мянган автомашин устөрөгчийн түлш ашигладаг болох, устөрөгчийн түлшээр хангах 900 станц байгуулна гэжээ. Японы энэ төлөвлөгөө нь 1993 онд Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагаас устөрөгчийн эрчим хүчний олон улсын сүлжээ бий болгох төлөвлөгөөний үргэлжлэл гэж хэлж болно.

АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧИД УСТӨРӨГЧИЙН ТҮЛШНИЙ САЛБАРТ

Устөрөгчийн “нийгэм” байгуулах аварга төлөвлөгөөнд Японы автомашин үйлдвэрлэгчид нэгдсэн. Дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгчдийн нэг Toyota корпораци 1992 онд устөрөгчийн түлшээр ажилладаг машины хөгжүүлэлтийг эхлүүлжээ. 2014 онд устөрөгчийн түлшээр ажилладаг Mirai загварын цахилгаан машиныг танилцуулсан бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар 21475 ширхэг борлуулагдсан байна. Мөн дэлхийд борлуулалтын орлогоороо эхний аравт жагсдаг Honda компани ирэх жил устөрөгчийн түлшээр ажиллах дараагийн машинаа танилцуулна гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн юм. Түүнээс өмнө Honda Clarity загварыг гаргаж байв. Устөрөгчөөр ажилладаг автомашины өөр нэг үйлдвэрлэгч нь БНСУ-ын Hyundai компани юм. Компанийн Nexo загвар 2018 оноос хойш 30 гаруй мянган хувь борлогдсон. Дотоодын зах зээл 90 гаруй хувийг худалдан авсан байна. Одоогоор Toyota, Hyundai компаниуд устөрөгчөөр дагнан машин үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд ОУЭА-ийн гаргасан тайланд өнгөрсөн онд устөрөгчийн түлшээр ажилладаг 72 мянган автомашин (FCV) бий гэж дурджээ. Эдгээр тээврийн хэрэгсэлд шаардлагатай түлшийг 1000 гаруй станц түгээж байгааг Information Trends байгууллагаас 2022 оны сүүлээр гаргасан судалгаанд тэмдэглэсэн байна.

УСТӨРӨГЧИЙН ТЭЭВЭРЛЭЛТ

Устөрөгч нь нягт багатай учир аммиак, метанол зэрэг илүү нягт хэлбэрт шилжүүлэн, дамжуулах хоолой, ачааны машинаар бага хэмжээгээр тээвэрлэдэг. Устөрөгчийг хэрэглээнд нэвтрүүлэхэд саад болж буй нэг том хүчин зүйл нь тээвэрлэлт. Үүнийг шийдэхийн тулд Япон улс далайн тээврийн туршилт хийжээ. Устөрөгчийн тээврийг өнгөрсөн онд анх удаа шингэрүүлсэн байдлаар Австралиас тээвэрлэсэн байна. Ийм төрлийн тээвэрлэлтэд зориулж Kawasaki Heavy Industries компани Япон, Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Suiso Frontier 1250 м3 буюу 416 тонн орчим шингэрүүлсэн устөрөгчийн багтаамж бүхий хөлөг онгоц бүтээсэн. Дэлхийн хамгийн анхны шингэрүүлсэн устөрөгчийн тээврийг Suiso Frontier Австралийн зүүн өмнөд хэсэгт байрладаг Хастингс боомтоос Японы өмнөд хэсэгт байрлах Кобе боомт руу 10203 км зайг туулан хүргэжээ. Кобе боомтод хүргэсэн нь учиртай. Тэнд дэлхийн анхны шингэрүүлсэн устөрөгчийг хүлээх авах терминалыг 2020 онд мөн хоёр орны Засгийн газрын тусламжтайгаар Kawasaki Heavy Industries нээсэн байдаг. Кобе LH2 нь Япондоо ийм төрлийн терминалаас хамгийн томд тооцогддог бөгөөд 2500 м3 эзлэхүүнтэй, 19 метр өндөр, бөмбөрцөг хэлбэр бүхий агуулах сав нь шингэрүүлсэн устөрөгчийг -235 хэмд тогтвортой, урт хугацаанд хадгалах аж. Япон шингэрүүлсэн байгалийн хийн 37 терминалтай хэдий ч шинийг барих болсон нь шингэрүүлсэн байгалийн хийн агуулахыг шингэрүүлсэн устөрөгчийн агуулах болгоход зардал өндөртэй холбоотой. Хадгалах хэмийн зөрүүнээс үүдэн нэмэлт дулаалга хийх нь шинээр барихаас бараг ялгаагүй өртөгтэй болдог байна.

УСТӨРӨГЧИЙН БУСАД АСУУДАЛ

Устөрөгчийг 100 хувь тогтвортой эрчим хүч гэж үзэж байна. Учир нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх боломжтойгоос гадна олон төрлийн нөөцөөс бий болдог нь тогтвортой эрчим хүч гэж үзэхэд хүргэдэг. Өнгөрсөн онд 120 сая тонн устөрөгчийн хэрэгцээ олон улсад үүсжээ. Устөрөгчийг голлон бордоо, газрын тос боловсруулахад ашиглаж байна. Хөгжиж буй эрэлтэд тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээ багтана. Тээврийн хэрэгслийн хувьд түлшээр хангах станцууд шаардлагатай. Өнгөрсөн оны эхний байдлаар БНХАУ устөрөгчийн түлш түгээх 250 станцын тоогоор тэргүүлж буй бол Өмнөд Солонгос 213, Япон 161, Европын Холбоо болон АНУ-д тус бүр 100 орчим байна. Японы Mirai загварын автомашиныг дотоодынх нь зах зээлээс илүү худалдан авсан АНУын устөрөгч түгээх станц бараг бүгд Калифорниа мужид төвлөрдөг. Энэ нь тухайн мужийн хүлэмжийн ялгаралтай тэмцэх ажилтай холбоотой. Харин АНУын устөрөгчийн стратегийн хүрээнд 2032 он гэхэд устөрөгчийн түлшний 5000 станц байгуулахаар төлөвлөжээ. Mirai загвар нь дунджаар 5 кг устөрөгчийн түлшээр 500 км явдаг гэж үзвэл Японы төлөвлөж буй 800 мянган FCV-д нэг удаад 4 сая тонн устөрөгчийн түлшний хэрэгцээ үүснэ. Ахуйн хэрэглээнд цахилгаан, дулаан гаргахад FCV-ийн адил агаартай урвалд орж цахилгаан, дулааныг гарган авдаг. Элдэв үнэр, бохир хаягдал гарахгүй давуу талтай. Одоогоор энэ талын судалгааг стратеги төлөвлөгөө боловсруулсан улсууд хийж байна. Япон Улс 2017 онд анхны устөрөгчийн үндэсний стратегийг танилцуулснаас хойш 5 жилийн хугацаанд 30 улс устөрөгчийн үндэсний стратегийг эхлүүлж, мөн хөгжүүлэхээр болжээ. АНУ-ын устөрөгчийн стратеги төлөвлөгөөнд 470 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарласан. Уг стратегид 2050 онд 50 сая тонн устөрөгч үйлдвэрлэхээр тусгажээ. 2021 онд дэлхийн устөрөгчийн 47 хувийг байгалийн хий, 27 хувийг нүүрс, 22 хувийг газрын тосны дайвар бүтээгдэхүүн, 4 хувийг электролизээс гарган авсныг ОУСЭХА-аас мэдээлжээ. Харин устөрөгчийн импортоор АНУ, Нидерланд, Сингапур, Герман, Франц, Мексик зэрэг улс, экспортоор Бельги, Канад, Нидерланд, АНУ, Герман, Малайз тэргүүлдэг аж. АНУ-ын хувьд хамгийн том импортлогч төдийгүй экспортлогч үүний учир нь Европын Холбоо, Японыг устөрөгчөөр хангахад чиглэдэг ба байгалийн хийнээс гаргаж авах нь харьцангуй зардал багатай холбоотой. Мөн Бельги, Нидерланд улс үнийн зөрүүнээс үүдэн экспорт, импортын аль алиныг хийдэг. Эндээс харахад устөрөгчийг өдөр тутмын хэрэглээ болгохоор улс орнууд стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Үүнд Япон улс манлайлах үүрэгтэй байна. Тэдний хувьд дотоод хэрэгцээгээ устөрөгчөөр хангахын тулд газар зүйн байршлаас үүдэн устөрөгчийг шингэрүүлсэн байдлаар тээвэрлэхийг зорьж байна. Түүнчлэн нүүрснээс устөрөгч гаргаж авахыг сонирхож байгаа нь Монгол Улстай хамтарч судалгаа хийж буйгаас харагдана. Монгол Улс нүүрсээр баялаг орны хувьд үүнийг ажил хэрэг болгох шаардлагатай юм. Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэргэд дөрвөн дэд хороо байгуулсны нэг нь Нүүрс гүн боловсруулах дэд хороо. Уг хороог нүүрсийг гүн боловсруулах чиглэлд 10 гаруй жил судалгаа хийж байгаа “Монголын Алт” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир даргалж байгаа. Ийм туршлагатай хүнээ сонгосныг салбарынхан ажил хэрэг болох боломж хэмээн найдвар тавьж байна. 

Майнинг Инсайт сэтгүүл №06 (019), Зургаадугаар сар 2023