Монголын хөрөнгийн биржээр нүүрсний нээлттэй цахим арилжааг туршилтаар эхлүүлсэн ч арилжаа албан ёсоор хоёрдугаар сарын 15-наас явах юм. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнөөс тодрууллаа.
Уул уурхайн биржийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлж байгаа билээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “Бирж нь төрийн өмчит компани хэлбэртэй байх“ гэж заажээ. Хувийн хэвшлийн уул уурхайн бирж байгуулах нөхцөл, боломжийн талаар Та байр сууриа илэрхийлнэ үү?
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталлаа. Хууль хүчин төгөлдөржих хугацаа нь энэ оны долдугаар сарын 1. Энэ хагас жил орчмын хугацаа нь биржийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтмолжуулах үе юм. Хуулийн дагуу Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна. Харин биржийг шинээр байгуулах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Нөгөөтэйгүүр, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг үнэт цаасны арилжаа эрхлэгч байгууллагаар гүйцэтгүүлж болохоор хуульд мөн заасан. Аль ч тохиолдолд шийдвэрлэх эрх нь Засгийн газарт олгогдсон. Тэгэхээр Засгийн газрын зүгээс бие даасан уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах, эсхүл одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар биржийн арилжааг гүйцэтгүүлэх эсэх талаар нэн тэргүүнд шийдвэр гаргах шаардлагатай. Ойрын хугацаанд холбогдох шийдвэр Засгийн газраас гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Өнөөгийн байдлаар манай улсын хөрөнгийн зах зээл дээр тусгай зөвшөөрөл авсан хөрөнгийн 3 бирж буйгаас төрийн өмчийн оролцоотой нь “Монголын хөрөнгийн бирж” ХК юм.
Уул уурхайн биржийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийг илүү тодруулахгүй юу?
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь бирж болон биржийн арилжааны зуучлалын (брокер) үйл ажиллагаанд төрийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага нь байна. Уул уурхайн бирж, зуучлагч байгууллагуудад холбогдох зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгоно. Тухайн байгууллагууд нь хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхэд хяналтаа тавиад явна гэсэн үг. Хуулийн дагуу бусад нарийвчилсан дүрэм, журмуудыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь батлах ёстой. Нөгөө талаасаа Санхүүгийн зохицуулах хороо нь мөн тусгай зөвшөөрлийн, хяналтын, төлбөр тооцооны журмуудыг батлах шаардлагатай байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд уул уурхай бол шинэлэг салбар гэж болно. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалахад шаардлагатай бүхий л дэд бүтэц, тогтолцоог цогцоор нь харж журмуудаа хийх ёстой гэж үзэж байна. Учир нь хуульд тусгасан форвард, фьючерс, опцион гэх мэт нарийн төвөгтэй үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийн зохицуулалтын орчин нь манай улсын хувьд цоо шинэ юм. Тиймээс нарийн зохицуулалт, шаардлагатай бэлтгэл ажлуудыг богино хугацаанд, чанартайгаар хийж гүйцэтгэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа. Энэ чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мөн холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллана.
Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөсөн нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ямар бэлтгэл хангаж байна вэ? Хяналтын журмыг баталсан уу?
2022 оны арванхоёрдугаар сард Засгийн газраас “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Журмын хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар зохицуулсан. Үүний зэрэгцээ Засгийн газрын 466 дугаар тогтоолоор цахим арилжаанд хяналт тавих журмыг хамтран баталсан бөгөөд дагаж мөрдүүлэхийг ЭЗХ-ийн сайд, Сангийн сайд, УУХҮ-ийн сайд нарт тус тус үүрэг болгосон. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний талаарх тогтоолыг УИХ-аас энэ нэгдүгээр сард гаргалаа. Тус тогтоолоор экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд хяналт тавихтай холбогдох журмыг баталж, хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Энэ дагуу бид “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд тавих хяналтын журам”-ын төслийг боловсруулж, энэ сарын 27-ны өдөр ЭЗХ-ийн сайд, Сангийн сайд, УУХҮийн сайд болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын хамтарсан тушаалаар журмаа баталлаа. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс нүүрсний цахим арилжаатай холбоотойгоор арилжаа зохион байгуулагч Монголын хөрөнгийн бирж, мөн нүүрс худалдагч талуудтай хамтран ажиллаж, саналаа тогтмол өгч байгаа. Харин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль мөрдөгдөж эхлэх үед хуульд зааснаар биржийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан дүрэм, журмуудыг биржийн зүгээс боловсруулан, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулна.
Компаниуд цахим арилжаа явуулах эрхээ Санхүүгийн зохицуулах хорооноос авах уу?
Нүүрсээ цахимаар борлуулах компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос ямар нэгэн эрх, зөвшөөрөл авахгүй. Ийм хуулийн зохицуулалт байхгүй.
Тэгвэл Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч компаниуд ямар заавар журмаар биржийн арилжаанд оролцох вэ?
Төрийн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан экспортлогч аж ахуйн нэгж нь Монголын хөрөнгийн биржээс баталсан зааврын дагуу арилжаа зохион байгуулагчтай гэрээ байгуулна. Тэрхүү зааварт заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн өгч, цахим арилжаанд оролцох боломжтой. Саяхан Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зааврыг баталсан.
Ер нь цахимаар арилжаалах нүүрсний нийлүүлэлтийн нэгдсэн дэд бүтцийг ямар байгууллага хянах вэ? Эцсийн хэрэглэгч буюу худалдан авагчид хүрэх хүртэлх нүүрсний чанар, цаг хугацаандаа тээвэрлэх гэх мэтийн хувьд.
Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын дагуу цахимаар арилжаалах нүүрсний чанарын шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийлгүүлэх, шинжилгээний дүгнэлтийг арилжаа зохион байгуулагчид хүргүүлнэ. Дүгнэлтийг арилжааны зарлалд оруулах, цахим хуудастаа байршуулах зохицуулалттай. Мөн журмын хүрээнд худалдагч, худалдан авагч талууд экспортын гэрээнд заасны дагуу шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болох юм. Монголын хөрөнгийн биржээс Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулах зааврын хавсралтаар гэрээний жишиг загварыг баталсан. Жишиг гэрээнд тээврийн талаар тодорхой заалтууд туссан. Тухайлбал нүүрс худалдагч тал нь гэрээт компаниудын тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг хийж уурхайгаас нүүрс ачих үйл ажиллагаанд хамруулна. Нүүрс нийлүүлэх цэг хүртэлх тээвэрлэлт, тээвэрлэлттэй холбоотой эрсдэлийг худалдагч тал хариуцна. Харин худалдан авагч нь бүтээгдэхүүн нийлүүлэх цэг буюу боомт дахь терминалаас нүүрс экспортолж буй тээврийн хэрэгслийн талаарх шаардлагатай бүхий л мэдээллийг худалдагчид урьдчилан хүргүүлнэ. Энэхүү зааврын хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж хяналт тавиад явна.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд нүүрсээ цахимаар арилжаалах бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа хийх бэлтгэл ажлыг хангуулахаар холбогдох талуудтай уулзалт хийсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос нүүрсний арилжааг нээлттэй, ил тод, шударгаар зохион байгуулах, цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд арилжаа зохион байгуулах этгээд болох Монголын хөрөнгийн бирж, нүүрс худалдагч талаас “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” -ийн төлөөллүүдтэй уулзалт хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх талаар чиглэл өгч ажиллаж байна.
Майнинг Инсайт сэтгүүл №1 (014), Нэгдүгээр сар 2023