Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломж шийдэл, шинэ төсөл болон хөрөнгө оруулалт татахад тулгардаг бэрхшээлийн талаар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатартай Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо анх хэзээ байгуулагдсан бэ? Холбоог үүсгэн байгуулах санал санаачилга яагаад гарснаас ярилцлагаа эхлэе.
Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа хувийн хэвшлийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн сэргээгдэх эрчим хүчний станцууд бий болсноор салбарт харилцааны шинэ хэлбэрийг бий болгосон онцлогтой. Ийм шинэ харилцааны зохицуулалт, хууль эрх зүйн талаарх мэдээ мэдээллийг солилцох, сэргээгдэх эрчим хүчний шинэ технологиудыг судлах, Монголдоо нутагшуулах хэрэгцээ, шаардлагаар бид Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоог байгуулах санаачилга гаргаж байлаа. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийг нэгтгэж холбоогоо анх 2017 оны дөрөвдүгээр сард байгуулсан. Өнөөг хүртэл 6 жил гаруйн хугацаанд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн нэг байгууллага болох зорилттой. Бид сэргээгдэх эрчим хүчийг эх орондоо хөгжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад судалгаа явуулах, хууль эрх зүйн, мөн хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох зорилгын дор нэгдэн ажиллаж байна.
Холбоо одоо хэчнээн гишүүнтэй вэ? Гишүүн байгууллага, компаниуд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?
Одоогийн байдлаар холбооны гишүүн байгууллагуудын тоо 40 гаруй болсон. Ер нь гишүүд маань сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчид, энэ чиглэлийн хөрөнгө оруулагчид, сэргээгдэх эрчим хүчний станцуудын угсралт хийдэг, сэргээгдэх эрчим хүчний хууль эрх зүйн үйлчилгээ явуулдаг хуулийн фирмүүд, тээвэр логистикийн компаниуд, ногоон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг арилжааны банкууд гээд олон талт харилцаа бүхий байгууллагууд юм.
Холбооны зорилт, төлөвлөгөө, хийж хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулна уу?
Одоогоор холбооноос сэргээгдэх төдийгүй цэвэр шинэ эрчим хүчийг олон нийтэд таниулан сурталчлах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гишүүн байгууллагуудаа шинэ мэдээллээр хангах, дэвшилтэт техник технологийг Монголдоо нутагшуулах чиглэлээр ажиллаж байна. Өмнөх жилүүдэд манай холбоо Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт (GGGI) болон бусад олон улсын байгууллагатай хамтран судалгаа явуулж, гадаад дотоодын байгууллагуудтай тооцоо судалгааны ажил хийж, сэргээгдэх эрчим хүчний хуулийн шинэчлэлийн Ажлын хэсэгт оролцсон. Түүнчлэн хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх ажлуудад гар бие оролцож байна. Мөн 2022 оноос эхлэн холбоо маань АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн хэрэгжүүлж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн гүйцэтгэгч Эй Би Ти байгууллагын Монгол дахь туслан гүйцэтгэгч байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Өөр бусад судалгаа шинжилгээний хамтарсан ажлууд бий. Холбоо 2018 оноос зохион байгуулсан “Олон Улсын Шинэ Эрчим Хүчний Чуулган” нь жил бүрийн уламжлалт арга хэмжээ юм. Эрчим хүчний салбарт зохион байгуулагддаг томоохон хэмжээний уулзалт зөвлөгөөний нэг болон өргөжсөн.
Монгол Улс цэвэр эрчим хүчний шилжилтэд бэлэн үү?
Яг энэ асуудлыг бид энэ жилийн чуулганаараа хөндөх болно.
"Олон Улсын Шинэ Эрчим Хүчний Чуулган 2023"-ын энэ жилийн онцлог юу байх вэ? Ямар сэдвийг чухалчлах вэ?
Энэ жилийн чуулган “Эрчим хүчний засаглал” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдана. Эрчим хүчний салбарын одоогийн бүтэц болон үйл ажиллагааг өөрчилж чөлөөт, өрсөлдөөнт зах зээлийн системд хэрхэн шилжих. Монгол Улсын нөхцөл байдалд цэвэр, найдвартай эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, хөгжүүлэх боломжтой эсэх, эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх талаар чуулганаар хөндөхийг зорьж байна. Эдгээр сэдвээр олон талын илтгэлүүд танилцуулж, өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулганд гадаадын төлөөлөгчид оролцох байх?
Тийм. Чуулганд олон улсын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж туршлага солилцоно. Манай эрчим хүчний салбарт төдийлөн дурдагддаггүй жендэрийн тэгш оролцоо гээд нэн шинэ сэдвүүдээр ярилцах төлөвтэй.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн, ирээдүйн хөгжлийг Та хэрхэн харж байна вэ?
Өнөөгийн байдлаар Монгол Улсад салхин станц 3, нарны станц 9, жижиг усан цахилгаан станцууд ажиллаж байна. Энэ нь нийт суурилагдсан хүчин чадал 18.3 хувийг, нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 9.6 хувийг эзэлдэг. Олон олон төслүүд хэрэгжихээр ажлаа эхлүүлээд байгаа. Миний харж буйгаар, энэ салбар цаашдаа хөгжих, үйлдвэрлэлийн хувь хэмжээ нэмэгдэх бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр манай улс Парисын гэрээ, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБын Суурь конвенцын оролцогч талуудын хуралд тавьсан зорилтын хүрээнд 2030 онд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэх амлалтдаа хүрэхээр ажиллаж байна. Эрчим хүчний засаглалын хувьд хуучин тогтолцоотой, үнэ тарифын зохицуулалт тааруу, хуулийн хэрэгжилт хангалттай сайн хэрэгжихгүй байгаагаас дээрх зорилтууддаа хүрэхэд бэрхшээл тулгарч байгаа.
Манай улсад тохирмжтой сэргээгдэх эрчим хүчний ямар шийдлүүд байж болох вэ?
Монгол орны нөхцөлд цаашдаа батарей хуримтлуурын станцууд, бусад томоохон горим тохируулгын эх үүсвэрүүдтэй хамтатган том чадлын сэргээгдэхийн станцуудыг ашиглалтад оруулахаас гадна бичил тархмал сүлжээг ч мөн давхар хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь цаашдаа дамжуулах болон түгээх сүлжээнд эрчим хүчээ нийлүүлдэг сэргээгдэх эрчим хүчний өндөр чадлын эх үүсвэрүүдийн сацуу жижиг оврын тархмал эх үүсвэрүүдийг манай орны нөхцөлд хөгжүүлэх нь ихээхэн чухал харагддаг
Энэ чиглэлээр Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос хийж байгаа ажлууд гэвэл?
Манай холбоо саяхан тархмал эх үүсвэр, бичил сүлжээний талаарх судалгааг амжилттай хийлээ. Энэ ажил хэрэгжвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад томоохон ач холбогдолтой юм. Холбооны хувьд эрчим хүчний шилжилтийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх, олон нийтэд шинэ цэвэр эрчим хүчний талаар мэдээлэн таниулах зэргээр идэвхийлэн ажиллаж байна. Цаашдаа ч Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах болно.
Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэчнээн төсөл хэрэгжиж байгаа юм?
Одоогоор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт 10 МВт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станц, Завхан аймгийн Алдархаан сумын нутагт 5 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, Завхан аймгийн Улиастай сумын нутагт 0.6 МВт/3.6 МВт.ц суурилагдсан хүчин чадал бүхий эрчим хүчний хуримтлуурын систем, Ховд аймгийн Мянгад суманд 10МВт нарны цахилгаан станц ашиглалтад орж тухайн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж байна.
Төсөл хэрэгжихэд ямар саад бэрхшээл байдаг бол?
Сэргээгдэх эрчим хүчний станц барихад өнөөгийн мөрдөгдөж буй хуулиараа өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар шалгаруулах болсон. Гэхдээ энэ ажил огт хэрэгжихгүй байгаа. Сонгон шалгаруулалтын тухай хууль батлагдаад 3 жил боллоо. Энэ хугацаанд сонгон шалгаруулалтаар нэг ч төсөл шалгарч ажил хийгдээгүй. Тиймээс яаралтай хуулийнхаа дагуу зохицуулалтаа хийх зайлшгүй шаардлагатай байна. Ингэж байж сэргээгдэх эрчим хүчнийхээ эзлэх хувь хэмжээг өсгөх боломжтой. Мөн тархмал сүлжээг ч хуульчлаад өгвөл айл өрх, албан байгууллага, сургууль цэцэрлэг, төсвийн байгууллагууд өөрсдийн барилга дээрээ тархмал системийг суурилуулж эрчим хүчний хэмнэлт бий болно. Цаашлаад айл өрх, албан байгууллага нь өөрөө үйлдвэрлэгч болж, илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэх чиглэлийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн механизмуудыг бий болгож, төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах юм бол Улаанбаатар хотын агаарын бохирдол хүртэл буурах төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг томоохон арга хэмжээний нэг болох юм.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах орчин хэр бүрдсэн бэ?
Монгол Улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн нөхцөлд л хөрөнгө оруулагч орж ирнэ. Хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн актуудаа шинэчлэх шаардлагатай. Одоогийн нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхэд хүндрэлтэй харагддаг. Тийм учраас аль болох сэргээгдэх төдийгүй шинэ эрчим хүчний хөрөнгө оруулалтыг татахын тулд тариф, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Танд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, №07, 08 (020, 021), 7-8 дугаар сар 2023