Б.Баатармөнх: Цаг уурын өөрчлөлт хүндрэл үүсгэж байгаа ч манай улсын хувьд цоо шинэ боломж нээгдэж байна

Эрчим хүчний шилжилттэй холбоотой дэлхий нийтийн хандлага, манай улсын нөхцөл байдал, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлын талаар “Ньюком” группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнхтэй Mining Insight-ийн Н.Ариунтуяа ярилцлаа.

БИД ГАДАГШАА ЦАХИЛГААН ЗАРДАГ БОЛЖ БАЙЖ АРИЛЖААНЫ СИСТЕМ ҮҮСНЭ

Дэлхий даяар өрнөж буй эрчим хүчний шилжилт, түүнийг тойрсон асуудлууд Монгол Улсад ямар сорилт, бас боломжуудыг авчрах бол? Эдийн засаг талаасаа харвал хөрөнгө оруулалт татах шинэ боломж нөхцөл үүсэх үү?

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр цаг агаар ихээхэн өөрчлөгдөж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Далайн орнуудад хүчтэй шуурга болдог боллоо. АНУ-д гэхэд гэнэт халж, огцом хөрөх үзэгдэл идэвхжиж байна. Англид зундаа мөндөр их унаж байгаагаас ургацаа хурааж чадахгүйд хүрч байна. Манай улсад гэхэд энэ зун үер усны гамшиг багагүй тохиолдлоо. Эцэстээ энэ бүхэн эдийн засгийн ихээхэн алдагдал авчирч байна. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн улмаас энергийн уламжлалт үйлдвэрлэлийг хуучин хэвээр үргэлжлүүлээд байж болохгүй үе цаг ирчихээд байна. Хүссэн хүсээгүй дэлхийгээрээ байнга сэргээгдэх, байгальд хор нөлөө багатай эрчим хүч рүү шилжиж байна. Нүүрсний арвин нөөцтэй манай орны хувьд энэ нь мэдээж бэрхшээл. Нүүрсний станц байгуулъя гэхэд санхүүжилт амаргүй болчихлоо. Олдлоо ч асар үнэтэй болох нь байна. 2021 онд БНХАУ-ын удирдагч Ши Жинпин гадаадад нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулахгүй гэдгээ дэлхий нийтэд зарласан. Хятад нь Монголын нүүрсний цахилгаан станцад бодитой хөрөнгө оруулах сүүлийн улс байсан. Сэргээгдэх эрчим хүчийг өндөр зардалтай гэдэг ч 10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад 4-5 дахин буурчихлаа. Нүүрсний станц шинээр барья гэхэд одоо сэргээгдэхээс дутахааргүй үнэтэй болж байна. Дээр нь эрүүл мэндэд учруулж байгаа хохирлыг тооцвол ямар байх билээ. Нөгөө талаасаа энэ бүхэн нь боломж юм. Монгол Улс Азидаа сэргээгдэх эрчим хүчний хамгийн их нөөцтэй орнуудын нэгд тооцогддог. Энэ нөөцөө үйлдвэрлэл болгоод, урд хөрш рүүгээ зарахад яагаад болохгүй гэж. Хятад улсад ирэх 15 жилд одоогийнхоос хоёр дахин их эрчим хүчний хэрэгцээ үүсэхээр байна. Үүнийгээ цэвэр эрчим хүчээр нөхнө. Нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн дунджаас нэлээд бага байгаа. Жил бүр дунджаар 100 гаруй ГВт суурилагдсан эрчим хүч шинээр нэмэгдэж байна. Энэ нь бүхэл бүтэн Их Британи улсын нийт суурилагдсан хүчин чадалтай тэнцэх хэмжээнийх байна. Түүнчлэн Хятад улсын хувьд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт (carbon peak) 2030 онд оргилдоо хүрэх бөгөөд цаашлан буурсаар 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгах (Net-zero)-ыг зорьж байна. Хэдийгээр цаг уурын өөрчлөлт дэлхий нийтэд хүнд нөхцөл байдлыг үүсгэж байгаа ч манай улсын хувьд цоо шинэ боломж нээж байгааг хайхрахгүй өнгөрч болохгүй юм.

Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээний эзэлж буй байр суурь ихээхэн өөрчлөгдөж байгааг Та сая хальт дурдлаа. Төрөл бүрийн хязгаарлах механизмууд бий болж байгаа нь манай улсад яаж нөлөөлөх вэ?

байгаа бараа бүтээгдэхүүнээс татгалзах хөдөлгөөн ид явж байна. Хамгийн сүүлд гэхэд CBAM (Carbon Border Adjustment Mechanism) гээд дэлхийн анхны хүлэмжийн хийн татварын систем өнгөрсөн жил батлагдлаа. 2026 оноос Европт хэрэгжиж эхэлнэ. Энэ жишиг удахгүй дэлхий даяар тарах нь ойлгомжтой. Үүнийг дагаад үйлдвэрлэлд нь хүлэмжийн хий оролцсон бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар муудна. Европ, Солонгос, Япон зэрэг газар нутаг багатай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг байршуулах талбай хомс тул ийм механизмууд тэдэнд ихээхэн дарамт болох талтай. Харин Монголын хувьд давуу тал бийг дээр дурдсан. Сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн экспортын боломж төдийгүй манай улсын аж үйлдвэржилтийг хурдасгах хэрэгсэл болгох боломж ч гарч байна. Манай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн онцлог нь салхи, нар сайтай бөгөөд чанартай. Дээрээс нь газар нутаг том, хүн ам сийрэг тул сэргээгдэх эрчим хүчийг байршуулах талбайн боломж сайтай. Агаар тунгалаг, цэвэрхэн тул нарны станцууд үр ашигтай ажиллана. Салхины хувьд хүчин чадал дунджаар 40 хувь орчим байгаа нь Хятадын ихэнх бүс нутгийнхаас илүү. 1000 мВт салхин парк барилаа гэхэд салхины чадал 40 хувьтай бол 400 мВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүгээрээ Хятадаас нэлээд давуу байна. Иймээс Монголд оруулсан хөрөнгө үр өгөөжтэй. Ийм боломжтой улс дэлхийд цөөхөн байна.

Монгол Улсад хэдийгээр өндөр чанартай сэргээгдэх эрчим хүчний нөөц бий гэдэг ч хөгжлийн хувьд харьцангуй ахиц дэвшил багатай байгаа нь юутай холбоотой вэ? Сэргээгдэх эрчим хүчний хууль гарснаас хойш 2010-аад оны дундуур бараг 60-70 орчим СЭХ-ний төслүүд яригдаж байсан ч ажил болсон нь тун цөөн байна.

Төрийн бодлогоос ихээхэн хамааралтай. Монгол Улсын Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод сэргээгдэх эрчим хүчний талаар хангалттай сайн тусгагдаагүй. Төслөөс гарах эрчим хүчийг хэн худалдан авах, яаж шингээх вэ гэдэг нь бодлого байдаг. Сэргээгдэхийн төслүүд явахгүй байгаа нь тэр олон төслийг шингээх газар байхгүйтэй холбоотой. Ус хуримтлуулах, батерей хадгалах систем байхгүй нь сэргээгдэхийн төслүүдийн бас нэг том бэрхшээл. Тиймээс хөгжихгүй байна. Нөгөө талдаа огтоос орхигдуулж ирсэн нэг зүйл бий. Сэргээгдэх эрчим хүчийг аж үйлдвэрийн нэгжүүдэд борлуулах боломж байсныг олигтой хэрэгжүүлж чадаагүй. Тухайлбал, Оюутолгойг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж байсан. Энэ асуудлыг 2018 онд манай компани тавьж, сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийн судалгааг амжилттай хийсэн. Оюутолгойд хэрэгжвэл манай улсын салхины эрчим хүчийг бараг 3 дахин нэмчихээр байгаа. Иймэрхүү боломжуудыг алдаад байгаа нь салбарын хөгжлийг удаашруулж байна.
Танай групп Салхитын болон Цэцийн салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Үйл ажиллагаанд учирсан болон учирч буй эрсдэл, асуудлууд юу байна вэ?

Манай улсад 2,000 гВт эрчим хүчний баталгаат нөөц байгаа гэдэг. Цаашаа нарийвчлан судалбал 3,000 гВт хүртэл нэмэгдэх боломжтой гэж үздэг. Үүнийг өнөөгийн суурилагдсан эрчим хүчний хэмжээ 1.5 гВт байгаатай харьцуулахад хэр их нөөц гэдэг нь ойлгогдох байх. Одоо байгаагаас 2000 дахин нөөц байна гэсэн үг. Манай компанийн үүсгэн байгуулагчид энэ боломжийг 20-иод жилийн тэртээгээс олж харсан. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр цэвэр эрчим хүч хэрэгцээ шаардлагатайг ойлгож, судалгаануудтай танилцаж, бизнес болгохыг зорьсон. Анх сэргээгдэх эрчим хүч гээд ярихад нүүрсээр баян орон байж ийм зардал өндөртэй нар, салхиар яах гэсэн юм гэх нь олон байсан гэдэг. Бидний туулсан гол бэрхшээл бол хэвшмэл ойлголтыг өөрчлөх. Ойлголтыг өөрчилнө гэдэг нь мэдээллийг боловсруулах, төрд ойлгуулах, орон нутагтай ойлголцох, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэх гээд их өргөн хүрээний асуудал. Хэрвээ төр засаг асуудлыг ойлгож, бодлого гаргахгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьд хөрөнгө оруулалтаа нөхөхөд ихээхэн хугацаа шаардагддаг. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг олж авна гэдэг амаргүй. Анх төсөл хэрэгжүүлэхэд үйл ажиллагаатай холбоотой бэрхшээл цөөнгүй учирсан. Бидний эхний бэрхшээл нь Хятадаас салхин сэнс оруулж ирэхэд засмал зам байхгүй тул шороон замаар олон хоног тээвэрлэсэн явдал. Мөн салхин сэнсийг өвлийн улиралд байршуулахын тулд дэлхийд өмнө нь хэрэгжүүлээгүй шинэ туршлагыг нэвтрүүлэхэд хүрч байлаа. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй шийдвэрлэхэд хэцүү асуудал нь бодлогын тогтворгүй байдал. Их ч цаг хугацаа, хүч зарцуулсан. Эрчим хүчний төсөл урт удаан хугацаанд хэрэгждэг тул бодлогын тогтвортой байдлыг зайлшгүй шаарддаг. Гэтэл манай Засгийн газар жил хагас болов уу, үгүй юу солигддог. Дагаад бодлого хамт солигдоно. Өмнө явж байсан гэрээ хэлэлцээрүүдийг ойлгомжгүй байна гээд зогсоочихно. Энэ нь дараа дараагийн боломжуудаа хаагаад байдаг.

Ер нь Монголд эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэхэд тулгардаг эмзэг байдал, эрсдэл, анхаарах асуудлуудыг юу гэж тодорхойлох вэ?

Шинэ төсөлд хөрөнгө оруулалт татахад хамгийн том тээг болдог зүйл анх хийсэн гэрээгээ мөрддөггүй явдал. Манай хамтрагч хөрөнгө оруулагч компаниуд Салхит, Цэций гэсэн хоёр салхин станц дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн ч түүнийгээ мөрдөхгүй, гэрээний дагуу төлбөр хийгдэхгүй байна гэдэг. Гэтэл манай эрх баригчдын хувьд хувийн хэвшлийнхэн их мөнгө олоод байна гэсэн өрөөсгөл ойлголттой. Бид оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхөөс өмнө хамгийн эхэлж банкинд төлбөрөө төлдөг. Ийм нөхцөлд буюу өмнө хэрэгжүүлсэн төслийн мөнгийг гаргаж өгч чадаагүй байж дараагийн төслийг ярихад хэцүү. Салбар нь ашигтай ажилладаг, хөрөнгө оруулалт нь дотоод гадаадын компаниудадаа ашигтай байж л, тэр ашгаа дараа дараагийн төсөлд оруулах боломж үүснэ. Нөгөө талдаа манай эрчим хүчний салбар ихээхэн орхигдож хоцорсон. Дээрээс нь бодлого уялдаагүй яваад байна. Төр, засгийн түвшинд эрчим хүчний салбарыг ойлгодог хүн цөөхөн. Дээрээс нь энэ салбар либералчлагдаж зах зээл рүү ороогүйн улмаас байнгын алдагдалтай. Иймээс эрчим хүчний салбарт ирээдүй рүүгээ харсан хөрөнгө оруулалт хангалттай хийгдэхгүй байна.

Эрчим хүчний салбарт зайлшгүй шийдэж байж урагшлах ёстой асуудлуудыг эрэмбэлвэл нэн тэргүүнд юуг хийх хэрэгтэй вэ?

Гурван асуудлыг зэрэг явуулах ёстой гэж харж байна. Эхнийх нь дотоодын эрчим хүчний системээ либералчилж, зах зээлийн жишиг рүү оруулах. Салбарт хувийн хэвшлийн оролцоо маш бага байна. Системийг задалж, бүтцийг өөрчлөн, хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгох шаардлагатай. Манай улс дэлхийд доогуурт орох цахилгааны тарифтай. Үнийг чөлөөлж, алдагдлаа нөхөөд ирвэл дараагийн хөрөнгө оруулалтын боломжууд гарна. Алдагдалтай салбарт ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол хөгжихгүй. Үнийг чөлөөлсний дараа л эрчим хүчний салбар эрүүл болно. Цаашлаад Хятадаас авдаг хэмжээгээ багасгаад, улмаар дотооддоо байршуулах бололцоотой. Сэргээгдэх эрчим хүчний хувьд ч ялгаагүй. Хоёр дахь нь томоохон уурхай, үйлдвэрүүдийг заавал эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбохгүйгээр сэргээгдэх эрчим хүчээр хангаж болно. Ялангуяа говийн бүсийн уурхай, үйлдвэрүүдэд ийм боломж байна. Гол нь технологийн зохицуулалт хийх шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүч тогтворгүй, савладаг тул хуримтлуулах технологи оруулж ирэх хэрэгтэй. Хуримтлуулах эх үүсвэртэй болчихвол сэргээгдэх эрчим хүч хямдарна. Манай эрчим хүчний багтаамж ч нэмэгдэнэ. Гуравт Хятадтай холбогдчих юм бол цахилгаан нийлүүлнэ. Хятадын хэрэгцээ том. 10 гВт цахилгаан гаргахад л манай дотоодын үйлдвэрлэлээс 6 дахин их. Гэхдээ энэ нь Хятад улсын сүлжээний 0.1 хувьд ч хүрэхгүй. Сэргээгдэх эрчим хүч нь их үйлдвэрлэх тусмаа хямдардаг технологитой. 10 гВт хэмжээгээр үйлдвэрлэлийг эхлүүлбэл нэгжийн зардал бага болно. Үүнийг буцаагаад төвийн сүлжээ рүүгээ өгөх боломжтой. Тэгвэл Төвийн системд бага зардалтай, цэвэр эрчим хүч нийлүүлэгдэнэ. Ингэж дэлхийд жишиг болсон сэргээгдэхийн орон болно гэж харагдаад байна.

Эрчим хүчний салбарыг шууд либералчилна, үнийг чөлөөлнө гэдэг амаргүй зорилт болов уу. Илүү зугуухнаар шилжилт хийх дундын ч юм уу хувилбар байж болох уу?

Үнийг чөлөөлөхөөс аргагүй, гэхдээ үе шаттайгаар. Ард иргэддээ мэдээллийг зөв хүргэх, таниулах хэрэгтэй байна. Үүний тулд ард иргэдийг өөрсдийг нь оролцоотой болговол ямар вэ гэж боддог. Эрчим хүчний компаниуд хувьцаагаа гаргаад, ард түмэн хөрөнгө оруулалт хийж эхэлбэл салбар илүү хурдацтай либералчлагдах байх. Компаниуд хувьцаа гаргаж олон нийтийн болох, эсвэл эрчим хүчний сан байгуулж, санд ард түмэн ч, төр нь ч, компаниуд ч мөнгөө оруулаад эрчим хүчнийхээ салбарт хөрөнгө оруулалт хийгээд явж болно. Тэгвэл эзэнгүй байгаа эрчим хүчний салбар эзэнтэй болно. Төрийн өмч гэдэг зөв удирдахгүй бол эзэнгүй болчихдог. Дундын хувилбар гэж байхгүй болов уу. Хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй.

“Ньюком”-ын хувьд олон нийтийн компани болох төлөвлөгөө бий юу?

Яг одоохондоо төлөвлөсөн зүйл байхгүй. Гэхдээ ирээдүйд том төслүүд хэрэгжүүлэх бол дангаар хийх бэрхшээлтэй тул магадлал их өндөр. Төр, хувийн хэвшлийн, ард түмний хөрөнгө оруулсан компани хэлбэрээр төслүүдээ явуулахыг үгүйсгэхгүй. 

Монголын эрчим хүчний салбарынхан сэргээгдэх эрчим хүчийг дэмжигсэд буюу эсэргүүцэгчид гэсэн хоёр талд хуваагдаад байх шиг. Сэргээгдэхийг дэмжигчдийн нөгөө талд сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой бус, хөөсрөл явж байна, нүүрсний эх үүсвэртэй уламжлалт эрчим хүч нь илүү найдвартай гэх байр суурь байдаг?

Тийм ээ, уламжлалт эрчим хүч буюу нүүрснээс гарах дулааны эрчим хүчээр явах нь зөв, эсвэл сэргээгдэх эрчим хүчээр явах ёстой гэсэн байр сууриуд байдаг. Хоёулаа үнэн. Бидний хувьд шууд нүүрсний дулааны станцаас сална гэдэг бэрхшээлтэй. Монгол шиг эрс тэс, хүйтэн уур амьсгалтай улсад яах аргагүй ДЦС хэрэгтэй тул бүрмөсөн хаях хэцүү. Гол нь шинээр санхүүжүүлэх нь асуудал болоод байна. Манай улсын одоо байгаа станцууд тэтгэвэрт гарах нас нь аль хэдийн өнгөрчихсөн, хэзээ ч нураад унасан гайхах юмгүй болчихоод байгаа. Сэргээгдэх эрчим хүчээр дулаан үйлдвэрлээд цахилгаан болгох технологи нь байгаа ч одоогоор эдийн засгийн хувьд үр ашиг багатай. Хамгийн гол нь сэргээгдэхийн хөрөнгө оруулалт бэлэн байна. Мөн сэргээгдэх эрчим хүч тогтвортой байж чадахгүй гэдэг нь ч үнэн. Гэхдээ шийдлүүд гарч, технологи жилээс жилд сайжирсаар байгаа. Дэлхийд түгээмэл ашиглаж буй нэг шийдэл нь хуримтлуулах усан цахилгаан станц. Сүүлийн үед батарей хуримтлуурын технологи гарчихлаа. Манай улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төсөл хэрэгжиж, энэ ондоо багтан батарей хуримтлуурын системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ийм төслүүдийн үр дүнд сэргээгдэх эрчим хүчийг томруулах боломж байгаа. Мөн хэрэглээ тал дээр илүү уян хатан байлгах систем рүү орох боломж ч бий. Сүлжээний асуудлыг зохицуулж, хэрэглээний уян хатан байдлыг бий болгох хэрэгтэй байна. Эрчим хүч нийлүүлж байгаа хэмжээнээс хамаарч үнэ нь өөрчлөгдөнө гэсэн үг. Эрчим хүчийг зах зээлд оруулах хэрэгтэй гээд байгаагийн учир энэ. Угаалгын машин гэхэд л “time of use tariff” гэдэг функцтэй болж, ухаалаг цахилгаан тоолууртай хамтран ажиллаж, цахилгааны тариф бага байдаг үе буюу үйлдвэрлэл илүүдэлтэй үед өөрөө асдаг шийдэлтэй болчихлоо шүү дээ. Иймээс хувийн хэвшлээ оруулаад, өрсөлдүүлээд, салбараа ашигтай болгох хэрэгтэй байгаа юм. Бидний харж буй өнцөг бол урд хөршийн эрчим хүчний сүлжээнээс авдаг, өгөлцдөг болчихвол сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах бүрэн боломжтой. Манай Төв сүлжээ Оросоос хамааралтай байдаг. Оюутолгойн хувьд 100 сая ам.доллар жил бүр өгч, Хятадаас эрчим хүч авч байна. Магадгүй бид хөрш хоёр улсынхаа системийг нэг болгочихвол зах зээлийн механизмаар илүү хямд эрчим хүч авах боломж үүсэж магадгүй.

Үүнийг эрчим хүчний хараат байдал улам нэмэгдэнэ гэж тайлбарлаж магад?

Эрчим хүчний хараат байдлаас салахын тулд харин ч хоёр хөршөө тус тусад нь байлгахын оронд хооронд нь өрсөлдүүлбэл ямар вэ? Бидний хувьд цахилгаан зардаг болчихвол арилжааны систем бий болно. Зарах нь давамгайлаад, хааяадаа авдаг бол бүр ч давуу талтай. Тэгвэл сэргээгдэх эрчим хүчийг том хэмжээгээр хөгжүүлж, бие даах боломж бүрдэнэ.

Эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх талаараа улс орнууд маш тодорхой, яв цав бодлогууд зарлаж байна. Манай хувьд эрчим хүчний шилжилт гэж ихээхэн яригдах болсон ч яг хэрхэн шилжилт хийх замын зураг тодорхойгүй, ойлгомжгүй байх шиг?

Манайд нүүрсний болон усан цахилгаан станц барина гэсэн тодорхой төлөвлөгөөнүүд байдаг ч сэргээгдэх эрчим хүчний тодорхой төлөвлөгөө байхгүй. Үүнийг эрчим хүчний салбарынхан маань манай системд сэргээгдэх эрчим хүчийг шинээр шингээх зай байхгүйтэй холбож тайлбарладаг. Энэ нь ч бодит үнэн. Гэхдээ салбар зардлаа нөхөж чадахгүй байгаа тул системээ засах, шинэчлэх хөрөнгөгүй байна. Эрчим хүчний хуримтлуулах системгүй болохоор шинээр бий болох сэргээгдэх эрчим хүчийг шингээж чадахгүй байна.

ОЮУТОЛГОЙ БОЛОН БУСАД ТОМООХОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улс 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээнд бууруулахаар дэлхий нийтийн өмнө үүрэг амлалт авсан. Энэ зорилт руу хүрэхэд хийж хэрэгжүүлсэн бага, үлдэж байгаа цаг хугацаа богиноссоор байна. Үүрэг амлалтдаа хүрэхийн тулд яах ёстой вэ?

Хувь хүний нүдээр харахад Тавантолгой дээр нүүрсний цахилгаан станц бариад Оюутолгойн хэрэглээг хангана гэдэг харамсалтай санагддаг. Яагаад гэхээр сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээг хангах бүрэн боломж бий. Хэрвээ сэргээгдэх эрчим хүчний станц барьчихвал нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт руугаа асар хурдан очно. Одоо бидний үйлдвэрлэж байгаа нийт хэмжээ 1500 мВт. Оюутолгойг хангах станц нэмчихвэл нийт эрчим хүчний 25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болно гэсэн үг. Эсрэгээрээ Тавантолгойд нүүрсний станц барьчихвал 2030 оны зорилтод хүрэх нь улам л хол болно. Дараагийн ийм том төсөл орж иртэл. Гэтэл дараагийн том төсөл хэзээ вэ? Амлалт үүрэгтээ хурдан хүрвэл бидэнд л хэрэгтэй. “Net-zero” зорилтод ахиц гаргаагүй, ухарсан орнуудад хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Европт CBAM хэрэгжиж, цар хүрээгээ тэлээд эхэлбэл арай гэж үйлдвэрлэсэн барааг маань хүлэмжийн хийгээр үйлдвэрлэсэн гэдэг утгаар авахгүйд хүрвэл яах вэ. Тиймээс өнөөдрийн бололцоонд баригдалгүй алс ирээдүйгээ харсан шийдвэрүүд гаргах хэрэгтэй байна. Өнөөдөртөө нүүрс байх нь хэрэгтэй ч 5, 10 жилийн дараа ямар асуудал авчрах билээ гэдгийг бодолцох ёстой.

Гэхдээ нэгэнт Тавантолгой дээр нүүрсний станц барина гээд шийдвэр гарчихсан. Ийм тохиолдолд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах технологийн шийдлээр санхүүжилт олох бололцоо олдохгүй юу?

Бидэнд нүүрсний нөөц их тул тэр нөөцөө ашиглах нь ойлгомжтой. Хэрэгцээ ч байна. Гол нь Тавантолгой станц, Бөөрөлжүүт, V ДЦС зэргээ байгуулахын тулд бидэнд бодлого хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчдын нүдээр харахад зөвхөн нүүрсний станц барина гэвэл дэмжихгүй. Бид ямар үед нүүрсээ, ямар үед сэргээгдэхээ хэрэглэх вэ гэдгээ маш сайн тодорхойлсон ухаалаг бодлого гаргаад хандвал харин боломж үүсэж мэднэ. Японд тодорхой нөхцөлд хөрөнгө оруулж болно гэдэг. Тэр нь өөр эрчим хүчний боломжгүй нөхцөлд. Үүнд манайх хамаарагдаж болох юм. Эрчим хүчний шилжилт хийхэд нүүрсний станц зайлшгүй шаардлагатайгаа, түүнийгээ хүлэмжийн хий бага ялгаруулах технологиор шийднэ гэдэг бодлогоо ойлгуулж чадвал болохгүй юмгүй. Гол нь манайд тэр бодлого нь алга. Тиймээс дэлхийн боломжийг ашиглаж чадахгүй байна.

“Ньюком” групп багтсан консорциумд Тавдугаар цахилгаан станцад хөрөнгө оруулж барих эрхийг олгож, үйл явц эрчимтэй эхэлсэн ч төсөл зогсонги байдалд орсон. Энэ төслийг сэргээх санаа, зорилго бий юу?

“Ньюком” групп сэргээгдэх эрчим хүчээр танигдсан ч V ДЦС-ын төслийн санхүүжилтийг амжилттай босгоод явж байсан. Харамсалтай нь олон шалтгааны улмаас төсөл хэрэгжээгүй. Гадаадын хамтрагчдын зүгээс танай улс шийдвэрээ хурдан гаргаж чадахгүй байна. Бид ингэж удаан хүлээж чадахгүй гээд бүгд гарч, бид л үлдсэн. Бид V ДЦС-ын төлөвлөгөөг хаяагүй. Боломж гарвал дахин сэргээнэ гэсэн бодолтой байгаа. Төр засгийн зүгээс манайд санал тавибал бид бэлэн байна. Манай концессын гэрээний хугацаа ч дуусаагүй. V ДЦС-ын төслийг төрөөс дэмжиж хэрэгжүүлэхээр бол хамтрагчдаа буцаан татаж оруулах, эсвэл шинэ хамтрагчид оруулж ирэх ч боломжтой. “Ньюком”-ынхны хамгийн гол зорилго бол сэргээгдэх эрчим хүч гэхээс илүүтэй нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгах (Net-zero) зорилтод хүрэх. Нүүрсний цахилгаан станцын утааг нь цэвэрлэдэг технологиуд хөгжсөөр байгаа тул хийх боломжтой. V ДЦСын төсөл ч цэвэрхэн байсан. Одоо технологи хөгжөөд улам л сайжрахаар байна. Гол нь хүлэмжийн хийн ялгарлыг аль болох бага байлгах нөхцөлийг бий болгож чадвал боломжийн санхүүжилт олдож магадгүй гэж бодож байгаа.

Монголын эдийн засгийн өсөлт эрчим хүчээр хязгаарлагдаж байна. Аж үйлдвэржилтийн болон уул уурхайн төслүүдэд учирч буй бэрхшээлийн тэргүүнд эрчим хүч орж байна. Тэгвэл говийн бүсийн уул уурхайн төслүүдийн хувьд элдэв маргаан багатайгаар хамгийн түрүүнд хийж болох эрчим хүчний шийдэл нь юу байж болох бол?

Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх боломжтой. Уул уурхайн компаниуд ихэнхдээ дизелээс эрчим хүчээ гаргадаг. Жишээлбэл, жижиг оврын уурхайд дизелээр сэргээгдэх эрчим хүчийг орлолоо гэж бодъё. Тэгвэл дизель кВт.ц эрчим хүч 500-600 төгрөг болдог. Харин нар, дизель хослуулбал 400 төгрөг. Үүн дээр салхи оруулаад ирвэл илүү хямдарна. Гэхдээ салхин станц овор ихтэй тул уурхайн олборлолт том хэмжээнд бол тохиромжтой. Цахилгааны хэлбэлзлийг батарейн системээр шийдэх боломж нь байна.

Тэгвэл уул уурхайн төслүүд ийм шийдлийг сонгохгүй байгаагийн шалтгаан юундаа байна вэ?

Зарим компани сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн авч явахаа сайн ойлгохгүй байх шиг байна. Ер нь уул уурхай, эрчим хүч хоёр талаасаа л ойртох, ойлголцох хэрэгтэй байна. Бид сэргээгдэхийн онцлог болон нөхцөл, шаардлагыг уул уурхайнханд ойлгуулах хэрэгтэй юм байна. Сэргээгдэх эрчим хүч харьцангуй шинэ. Өнгөрсөн хугацаанд сүлжээнд гол төлөв анхаарч ирсэн. Сүүлийн жилүүдээс л уул уурхайн салбарт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах санал санаачилгууд гарч байна. Жижиг оврын сэргээгдэх эрчим хүчний технологи бий болж, үнэ өртөг буурч байгаа нь ч үүнд нөлөөлж байна.

Орон нутгийн түвшинд сэргээгдэх эрчим хүчийг байгальд ээлтэй биш харин ч халтай, агаар орчныг хуурайшуулдаг, цөлжилт үүсгэдэг гэсэн ойлголт түгээмэл байгаа нь Эрдэнэбүрэнгийн УЦСыг эсэргүүцсэн орон нутгийн эсэргүүцлийн үеэр харагдсан?

Байгаль орчинд ямар нөлөөтэйг салхин цахилгаан станцтай болоод цөөнгүй жилийн нүүр үзэж байгаа Цэцийн ард иргэд л илүү тодорхой хэлэх байх. Тухайлбал, нарны станц 3 метрээс дээш өндөрт байдаг тул сүүдэр үүсдэг. Сүүдрийн нөлөөгөөр ургамал сайн ургадаг, мал, амьтан сүүдэрт нь хоргодох нь бий. Зарим улс оронд нууран дээгүүр нарны хавтан тавьснаар ууршилтыг багасаж байна. Харин ч эргээд байгальдаа ээлтэй байхаар байна. Тиймээс орон нутгийн иргэддээ ойлгуулах ажлыг сайн хийх хэрэгтэй болов уу. Хэрвээ буруу төлөвлөвөл ямар ч төсөл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ. Ийм сөрөг нөлөө гаргахгүйн тулд л, хор хөнөөлийг аль болох бага байлгахын тулд урьдчилан судалгаа хийсний үндсэн дээр байршил болон бусад сонголтыг хийдэг.

Хувийн хэвшлийн компаниудаас анхлан төвийн эрчим хүчний системд цэвэр эрчим хүч нийлүүлж эхэлсэн анхдагчдын хувьд “Ньюком”-ын цаашдын амбиц, алсын хараа, ирээдүйн төлөвлөгөө ямар байгаа вэ?

Бид Оюутолгой болон бусад томоохон үйлдвэрлэлийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой гэж харж байна. Хоёрт, Хятад улсад эрчим хүч нийлүүлж болох талаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан. Үүний дагуу боломжууд шинээр гарах байх. Сэргээгдэх эрчим хүч, уул уурхайг хоршуулан, аж үйлдвэржилтийг хурдасгах боломж нь бүрдчихээд байна. Үүний жишээ нь нэг салхин сэнсний хүч 2 гВт-аас дээш гарвал гаднаас зөөвөрлөж авчирснаас Монголд үйлдвэрлэх нь илүү үр ашигтайг гадны судалгааны компани тооцсон байна. Японы манай хамтрагчид ч гэсэн Монголд газар нь байна, сэргээгдэх эрчим хүч нь арвин байна, төрөөс дэмжвэл хамтаръя гэсэн асуудлыг ярьдаг. Нэг ёсондоо сэргээгдэх эрчим хүч хөгжлийн гараан дээрээ ирчихсэн байна. Үүн дээр бодлогоо тодорхой гаргаад, компаниудаа дэмжээд оруулчихвал хөгжлийн боломж үнэхээр их байна. Бидний зорилго сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгахад илүү төвлөрнө гэдгээ өмнө ярьсан. Мөн нүүрсний цахилгаан станцын хувьд хүлэмжийн хийг бага байлгаж, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг. Энэ чиглэлээр ажиллаж Монголын Улсын экспортыг тэлж, аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Майнинг Инсайт сэтгүүл №07, 08 (020, 021) 7-8 дугаар сар, 2023