Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах гараанд ирээд байна. Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш гуравдагч орны хөрөнгө оруулагчтай томоохон хэлэлцээрт орох гэж буй. Ураны Зөөвч-Овоо ордод олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар Францын төрийн компанийн 66 хувийн эзэмшилтэй “Бадрах Энержи” компани Хөрөнгө оруулалтын гэрээний төслөө Засгийн газарт (2023.02.17) хүргүүлсэн. Хайгуулын шатнаас ордын нээн тогтоож, туршилтын үйлдвэрээ өндөрлөж, одоо ХоГ үзэглэх аваас ашиглалт, үйлдвэрлэлийн шатанд шилжих хүртэл 26 жилийг зарцуулсан барууны хөрөнгө оруулагч юм.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цөмийн энергийн тухай хууль, мөн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой ХоГ-ний төсөл удааширч болзошгүй байж мэднэ. Ирэх жил УИХ-ын сонгууль тохионо. Хэрэв хэлэлцээрийн явц сунжирвал францчуудын “гомдол” манай улсын ураны салбар, бизнесийн орчинд сөрөг нөлөөтэй. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад таатай харагдахгүй. Компанийн тодорхойлсноор, Зөөвч-Овоо бол дэлхийн хамгийн том 10 ордын нэг. Монголын хамгийн их ураны нөөцтэй орд. Үйлдвэрлэл, экспортод бэлтгэгдээд байгаа энэ орд манай улсын стратегийн дараагийн төсөл болох үү?
Дэлхийн ураны зах зээл дээр цонх үе тохиох төлөвтэй. Японы Фукушима АЦС-ын ослын дараа ураны салбар бүхэлдээ унасан бол цэвэр эрчим хүчний шилжилтээр уран анхаарлын төвд эргэн орж ирж байна. 2022 он эхнээс Казахстанд дэгдсэн үймээн, өнөө хэр үргэлжилж буй Орос, Украйны дайны улмаас эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал ураны эрэлтийг өдөөсөн. Зарим орон чухал түүхий эд буюу критикал минералын стратегийн жагсаалтдаа ураныг оруулж байна. Олон улсын харилцаанд эзлэх байр суурь, геополитикийн талаас нь чухалчлах болов. Дэлхийн цөмийн нийгэмлэгээс (WNA) гаргасан “Цөмийн эрчим хүчний тайлан: 2021-2040 он хүртэлх эрэлт, нийлүүлэлтийн дэлхийн хувилбарууд”-аар ирэх 20 жилд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл жилд 2.6 хувиар өсөж 2040 он гэхэд 615 ГВт хүрнэ. Эдгээр реакторын түлшинд 120 300 тонн уран шаардлагатайг тооцоолжээ. 2025 оноос ураны эрэлт нь нийлүүлэлтээс давж, 2035 онд зах зээлд хомстол үүсэх төлөвийг WNA-ийн тайландаа дурдсан байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд ураны үнэ 35 ам.доллароос өнөөдөр 130 ам.доллар хүрч өссөн. Цөмийн эрчим хүч нь салхины эрчим хүчтэй дүйцэхүйц бага хэмжээний нүүрстөрөгч ялгаруулдаг эх үүсвэр. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэлэлцээрүүдэд Монгол нэгдэн орж, хүлэмжийн хийн ялгарлаа тодорхой хэмжээгээр бууруулах хугацаа, тоо хэмжээ заасан үүрэг амлалт авсан гишүүн улс. Нүүрсний, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй хэдий ч өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах, агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн чиг хандлагатай уялдуулан цэвэр эрчим хүчний технологийн нэг хувилбар болох цөмийн эрчим хүчийг ашиглах шийдэл манайд яригддаг. Одоогоор Монгол Улсын ураны салбар дахь чиг зорилт тодорхой бус байна. Шинэ сэргэлтийн бодлогын “Эрчим хүчний сэргэлт”-эд байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан буюу цөмийн, ногоон-устөрөгчийн, байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхээр ерөнхийлөн тодорхойлжээ.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанаар Цөмийн энергийн комисс, “Росатом” корпораци хамтран ажиллах санамж бичиг (2018.02.28) Москва хотноо байгуулсан. Энэ хүрээнд Монголд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр тохиолцсон байдаг. Тодруулбал цөмийн энергид суурилсан судалгааны реакторыг байгуулах ба судалгааны реакторт ашиглагдсан түлшний хаягдлыг Орос руу эргүүлэн татаж авах нөхцөл Оросууд санал болгож буй. Манай улс цөмийн энергийн технологийг анагаах ухаан, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл гэх мэт олон салбарт ашигладаг. Баяжмал дахь жоншны хэмжээг тодорхойлох арга техникийг Бор өндөрийн УБҮ-т суурилуулсан нь аль социализмын үед юм. Нүүрсний илчлэг тооцох, Эрдэнэт үйлдвэрт зэсийн баяжмал дахь мөнгөний агуулгыг өндөр нарийвчлалтай тодорхойлох гээд цөмийн энергийн технологи хэдийн манай улсад нэвтэрсэн. Ашигт малтмалыг анхан шатанд боловсруулах технологийн дамжлагаас гадна газрын тос, геологи хайгуулын судалгаанд ч хэрэглэгдэж байна.
Монгол Улс атомын цахилгаан станцтай болох эсэх асуудлаар нийгэм хамгийн их мэтгэлцдэг. Дотоодын эрчим хүчний өнөөгийн хэрэглээг хангахад ойролцоогоор 1200 МВт хүчин чадалтай реактор барих боломжтойг “Росатом” тооцоолсон нь бий. Ямартай ч манай улс цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг судалж байна.
Өнөөгийн байдлаар Монголын эрдэс нөөцийн нэгдсэн санд ЭБМЗ-өөр баталгаажсан 13 ордод нийт 192 мянган тонн ураны нөөц бүртгэлтэй. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 6, хайгуулын 4 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Франц, Чех, Хятад ын хөрөнгө оруулалттай хайгуулын 3 төсөл идэвхтэй хэрэгжиж буй. Манай улсын хувьд байгалийн ураны хүдэр олборлох, боловсруулж шар нунтаг гарган экспортлох хууль эрх зүйн зохицуулалт үйлчилж байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийг төслийг боловсруулж байгаа. Эрдэс баялгийн салбар маш олон хуулиар зохицуулагддаг. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хамрах хүрээ томорчээ. Цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалууд бүгд шинэчилсэн хуулиар зохицуулагдахаар болж байна. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын төрийн өмчлөл нь тодорхой, стратегийн ордоос өөр зохицуулалттай байдаг. Энэ зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж оруулах зайлшгүй шаардлагатай. Үгүй бол одоогийн хууль эрх зүйн нөхцөл дордох эрсдэлтэй гэж энэ салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Манай улсын ураны салбарт нэн хариуцлагатай, эгзэгтэй үе тохиогоод буй. Хууль эрх зүйн орчныг ид шинэчилж байна. Засгийн газар барууны хөрөнгө оруулагчтай цоо шинэ хэлэлцээр хийх хүлээлт үүссэн. Энэ 2 үйл явцын өрнөлөөс ураны салбарын гараа, цашдыг хэт ихээхэн хамаарна. Монгол шар нунтаг үйлдвэрлэж, экспортолдог болох үед дэлхийд үйлдвэрлэлийн чансаагаараа Австрали, Япон, Украйны үйлдвэрлэгчдийн урд гарч хойд хөршийн АРМЗ-тэй эн зэрэгцэнэ. Дэлхийн цэвэр эрчим шилжилтийн мөчлөгт ураны шинэ тоглогч болоход Монгол Улс бэлэн үү?
Майнинг Инсайт Сэтгүүл, Дөрөвдүгээр сар 2023, №04 (017)