Монголд критикал минералыг тодотгосон айлчлалууд үргэлжилж байна

Э.МИШЭЭЛ
Монгол Улсад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан Төрийн сайд бөгөөд ЗГХЭГ-ын Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан Төрийн сайд Нусрат Гани албан ёсны айлчлал хийж байна.
Тус айлчлал Их Британийн бизнес эрхлэгчдэд уул уурхайн бизнесийн боломжийг Монгол Улсад нээх, ашигт малтмалын нийлүүлэлтийг сүлжээг бэхжүүлэх зорилгын хүрээнд явагдана. Тэр дундаа критикал минералыг Их Британийн Засгийн газрын албаны мэдээлэлд онцолжээ.
Н.Гани нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд айлчилж байна.

Аравдугаар сард болж өнгөрсөн Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл (ЭБАБТ)-ийн уулзалтын дараа Сайд Н.Гани манай улсад айлчилж буйгаар анхаарал татаж байна. ЭБАБТ-ийн анхны Захирлуудын уулзалт (2023.10.10) Лондон хотноо болсон бөгөөд Сайд Н.Гани болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез хамтран түүхэн уулзалтыг даргалан явуулсан юм. Тус уулзалтад 14 гишүүн болох АНУ, Их Британи, Австрали, Канад, Финланд, Франц, Герман, Япон, Өмнөд Солонгос, Швед, Итали, Норвеги, Энэтхэг болон Европын Комисс оролцсон. Мөн Монгол, Казахстан, Өмнөд Африк, Замби гэсэн улсын төлөөлөл багтжээ. 

Өнгөрсөн сард болсон ЭБАБТ-ийн уулзалтаар Н.Гани “2040 он гэхэд дэлхийн хэмжээнд критикал минералын хэрэгцээ өнөөдрөөс 4 дахин нэмэгдэнэ. Тиймээс Их Британи критикал минералын ирээдүйд оролцоотой байх үүднээс гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт хийх, улс оронд шаардлагатай нийлүүлэлтийн сүлжээг баталгаатай байлгах нь чухал” гэж ярьсан юм. 

Энэ оны зургаадугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе У.Фернандез айлчлахдаа Монгол Улсын критикал минералын дэлхийн эрэлтэд оруулж болох хувь нэмрийг онцолж байв. Тус айлчлалын хүрээнд Монгол Улс, АНУ, БНСУ-ын хооронд критикал минералын гурван талт анхны уулзалтыг зохион байгуулсан. Мөн Монгол Улсад ЭБАБТ-ийн гишүүн орны нэг болох БНФУ критикал минералын нэг чухал түүхий эд болох литийн хайгуулд зориулж 400 мянган ам.доллароор санхүүжүүлэхээ мэдэгдсэн билээ.