Өнөөдөр (2023.11.01) Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг танилцуулсан байна. Уг асуудлаар Засгийн газрын гаргасан шийдвэрт:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан байна. Онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлнэ.
- Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлжээ. Мөн борлуулалтын орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу 2022 онд 1.1 тэрбум ам.долларт хүрч, Засгийн газраас даалгасан үүрэг, даалгаврыг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.
- Иймд нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордын олборлолтыг сайжруулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах нь зүйтэй гэж үзжээ.