Э.МИШЭЭЛ
Хүн төрөлхтөн ээлжит эрчим хүчний шинэ шилжилт рүү орохоор бужигнаж байна. Технологи хөгжсөн, өндөр хөгжилтэй улс орнууд хатуу түлш буюу нүүрснээс татгалзаж, цаашлаад газрын тос, байгалийн хийн хэрэглээг хязгаарлах талаар яригдах болов. Тэдний хувьд 2035 он гэхэд хатуу түлшний эрчим хүчний эх үүсгүүргүй болох, бензин, дизель хөдөлгүүртэй авто машины худалдааг хориглох, хатуу түлш ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүнд татвар ногдуулах, тэр бүү хэл импортын хориг тавина гэцгээж байна. Харин хөгжиж буй Монгол зэрэг орнууд өндөр хөгжилтэй, технологи хөгжсөн орнуудаас хөрөнгө оруулалт татах, бараа бүтээгдэхүүнээ худалдах, хамтран ажиллахын тулд эрчим хүчний шилжилттэй холбоотой өөрчлөлт хийж буй гэдгээ харуулах ёстой цаг үе иржээ. Мөн манай улсын хамгийн том экспортлогч БНХАУ-ын гаргаж болзошгүй шийдвэрт бэлтгэлтэй байх шаардлага тулгарчээ. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд эрчим хүчний шилжилттэй холбоотой ямар зорилго дэвшүүлж байна вэ, өөр ямар боломж үүсгэж болох вэ гээд олон асуулт тодорхой хариултгүй байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ГЭДЭГ НЬ
Эрчим хүчний шилжилт гэдэг нь хүн төрөлхтөн амьдралаа хөнгөвчлөх, илүү үр бүтээлтэй байх, дулааны эх үүсвэрт зориулж энергийг хувиргах үйл явц гэж ерөнхий томьёолж болно. Харин одоо өрнөж буй шинэ эрчим хүчний шилжилтэд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийг бууруулахад анхаарлаа хандуулж байна. Эрчим хүчний шилжилт өмнө нь дэлхий дахинаа хэд хэдэн удаа явагдсан. Ялангуяа аж үйлдвэржилтээс хойш олон удаа тохиолджээ. XVIII зуунаас өмнө хүмүүс голдуу модоор, аргал, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүнээр эрчим хүчээ хангадаг байв. Харин XVIII зуунд уурын хөдөлгүүр зохиогдож, түүнийг хөдөлгөхийн тулд чулуун нүүрсийг ашиглах болжээ. Энэ үйл явдал хүн төрөлхтнийг шинэ эрчим хүчний шилжилт рүү хөтөлсөн байна. Дараа дараагийн зуунд газрын тос, байгалийн хийг илрүүлж, ашиглах болсон нь эрчим хүчний өөр шинэ шилжилт болов. Одоо хүн өдөр тутамдаа цахилгаан эрчим хүч, цахилгаан эрчим хүчээр ажиллах хэрэгслүүд, халаалт, дулаан, авто машин, онгоц зэрэгт хатуу түлшийг ашиглаж байна. Хатуу түлш дэлхийн нийт эрчим хүчний 80 орчим хувийг хангаж байгаа юм. Харамсалтай нь хатуу түлш нь хүний эрүүл мэнд төдийгүй дэлхийн агаар мандалд учруулж буй сөрөг нөлөө нэмэгджээ. Энэхүү сөрөг үр дагаврыг бууруулахын тулд эрчим хүчний шилжилт рүү өндөр хөгжилтэй, технологитой орнууд зорилт тавин манлайлах болов. Тус шилжилтийг янз бүрээр тодорхойлж байгаа юм. Тухайлбал, Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг “Эрчим хүчний шилжилт гэдэг нь дэлхийн эрчим хүчний салбар газрын тос, байгалийн хий, нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс салхи, нарны эрчим хүч, лити-ион батарей зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжихийг хэлнэ” гэжээ.Тус агентлаг нь Францад төвтэй, 31 улсын гишүүнчлэлтэй, уг гишүүнчлэлд өндөр хөгжилтэй орнууд багтаж байгаа юм. Мөн өөр нэг тодорхойлолт бол Канадын судлаач, бодлогын шинжээч Вацлав Смил “Анхдагч эрчим хүчний хангамжийн бүтэц өөрчлөгдөх, эрчим хүчний хангамжийн тодорхой загвараас эрчим хүчний системийн шинэ төлөв рүү аажмаар шилжих” гэжээ. Анхдагч эрчим хүч гэдэг нь хувиргаагүй, зөөвөрлөөгүй, шууд ашиглаагүй бүх эрчим хүчний бүтээгдэхүүнийг авч үзсэн байна. Үүнд хатуу түлш, нар, салхи, ус, уран, биомасс, газрын гүний дулаан гэсэн эрчим хүчний эх үүсвэрийг тооцжээ.
Эрчим хүчний шилжилтийг нүүрсний цахилгаан станцыг зогсоож, сэргээгдэх эрчим хүч рүү шилжинэ гэж үзэх нь зөвхөн нэг талын ойлголт. Улс орон бүр өөр өөрийн онцлогтой. Тэр онцлогтоо тааруулж эрчим хүчний шилжилтийг явуулна. Энэ тухай “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн бодлогын шинжээч Андрэй Фурнаро эрчим хүчний шилжилтэд үүсэж болох эрсдэлтэй холбон тайлбарладаг. Юуны түрүүнд эрчим хүчний шилжилтийг улс орон ямар байдлаар явуулж болох вэ гэсэн үнэлгээг гаргах ёстой аж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын одоо ашиглаж байгаа нүүрс, дизель, нар, салхи, уснаас өөр эрчим хүчний төрлийг нэмэх, нүүрсний эрчим хүчний эзлэх хувийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хувийг нэмэх, хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэхэд явуулж буй Монгол Улсын бодлогод бодитой үнэлэлт өгөх шаардлагатай байгаа юм.
АМЕРИК БА ЗЭС
Эрчим хүчний шилжилттэй холбоотой улс орнууд янз бүрийн зохицуулалт хийж байгаа. АНУ гэхэд эдийн засгийн уялдаа холбоог хангасан цогц арга хэмжээнүүдийг авч байна. Тус улсын хэрэгжүүлж буй бодлогоос эрчим хүчний шилжилт гэж юу болох нь тодорхой харагдана. Яагаад зэс тийм чухал түүхий эд болж байгаа гэдэг нь харагдах юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2035 он гэхэд нүүрстөрөгчгүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилгод хүрэхийн тулд шаардлагатай технологиудыг тодорхойлж, хөгжүүлэлт хийж, нэвтрүүлэхээр болж байгаа юм. Үүнд зориулж 2023 оны төсөвт 4 тэрбум ам.долларыг тусгажээ. Энэ бол 2035 оноос гадна 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг 0 болгох зорилгод ямар төрлийн технологи шаардлагатай гэдэг судалгааны хүрээний хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн АНУ инфляцыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх уламжлалт макро бодлогуудаа эрчим хүчний шилжилттэй хамтатган авч үзэж байна. Тухайлбал, ОУЭА-ийн онцгойлон дурдаж буй лити-ион батарей, цахилгаан авто машины үйлдвэрлэлийг АНУ гадаадын хөрөнгө оруулалтын хүрээнд дэмжиж буй. Өнгөрсөн оны 10 дугаар сард Hyundai, LG компани хамтран АНУ-ын Жиоржиа мужид цахилгаан автомашины үйлдвэр барих шав тавьсан. Хоёр компанийн хөрөнгө оруулалт 4.3 тэрбум ам.долларт хүрч, 3,400 гаруй ажлын байрыг бий болгоно. Ингэснээр Жиоржиа мужаас 2.1 тэрбум ам.долларын татвар, урамшуулалд хамрагдах нөхцөл бүрдсэн байна. Үүний 2.75 сая ам.долларыг бэлнээр авах бөгөөд бусад нь 2049 он хүртэл татварын хөнгөлөлтөөр эдэлнэ. Үүнээс гадна LG компани автомашины үйлдвэрийг тус мужид байгуулж байна. Ингэснээр хоёр төсөл 7.59 тэрбум ам.долларын өртөгт хүрч, АНУ-д эрчим хүчний шилжилттэй холбоотой шинэ 8,500 ажлын байрыг нэмэгдүүлнэ. Эхний цахилгаан автомашин 2025 оны эхний улиралд үйлдвэрээс гарна. Мөн үйлдвэр эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Hyundai, LG компанийн үйлдвэр 300 мянган ширхэг лити-ион батарей үйлдвэрлэнэ. Цахилгаан автомашинд дунджаар 8 кг лити шаардлагатай гэж үзвэл шинээр баригдах үйлдвэрт жилдээ 2,400 тонн лити шаардлагатай. Гэтэл 2022 оны байдлаар АНУ 1,000 тонн лити үйлдвэрлэжээ. Үүнээс ганц батарей үйлдвэрийн хангамжийг бүрдүүлж чадахааргүй байна. Гэхдээ өнгөрсөн оны 6 дугаар сард Ерөнхийлөгч Жо Байден батарей үйлдвэрлэхэд шаардлагатай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжиж Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай акт ашиглахыг Эрчим хүчний яаманд зөвшөөрчээ. Ингэснээр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай, нөөцтэй түүхий эдийг дотоодоос хангахад саад учрахгүй болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл АНУ эрчим хүчний шилжилттэй холбоотой алхмуудыг салбар бүрд уялдаатай авч хэрэгжүүлж байгаа нь харагдана.
Зургийн тайлбар: АНУ-ын Жиоржиа муж, Батарей үйлдвэрийн шав тавих ёслол, 2022 оны 10-р сар, Зургийн эх сурвалж: AP
Дээрх жишээнээс харахад эрчим хүчний шилжилтэд зэсийн үүрэг өндөр гэдэг нь тодорхой юм. Учир нь цахилгааныг дамжуулах хамгийн найдвартай эх үүсвэр нь зэс. Энэ үүднээс 2035 онд 50 сая тонн зэсийн хэрэгцээ үүснэ гэж S&P Global мэдээлжээ. Өнгөрсөн онд 26 сая тонн зэс үйлдвэрлэсэн гэхээр зэсийн нийлүүлэлт хоёр дахин нэмэгдэх шаардлагатай болж байна. Ингэж өсөж байгаа шалтгаан нь сэргээгдэх эрчим хүч систем хатуу түлшний эрчим хүчний үүсгүүрээс 12 дахин их зэс шаардлагатай. Тухайлбал, хуурай газрын салхины турбинд 1 МВт тутамд дунджаар 3 орчим тонн зэс (IEA), 1 МВт нарны цахилгаан станц 5.5 тонн зэс (CDA) шаардлагатай гэжээ. Тесла компанийн Model S цахилгаан автомашины батарейд 85 кг зэс ордог. Он гарснаас хойш 45 мянга гаруй загвар борлуулжээ. Үүнд 3,900 тонн зэс орсон гэсэн үг юм. Цахилгаан машинд хөдөлгүүрээс гадна цахилгаан дамжуулахад зэс хэрэгтэй. Тесла компани 2030 он хүртэл 20 сая цахилгаан машин үйлдвэрлэнэ гэсэн ирээдүйн зорилгод 1.8 сая тонн зэс шаардлагатай гэж тооцоолжээ. АНУ-ын хувьд өнгөрсөн онд 1.3 сая тонн зэс олборлосон байна. АНУ-ын хувьд лити-ион батарейд шаардлагатай дөрвөн эрдсийн хэрэгцээг импортоор хангадаг. Иймээс батарей үйлдвэрлэлийн нөөцийг олон улсаас төрөлжүүлж болохоор харагдаж байгаа юм.
Европын Холбооны 27 гишүүн улс нүүрстөрөгчийн татвартай болсон. Энэ оны дөрөвдүгээр сард нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулсан дэлхийн анхны шийдвэрийг гаргасан. Уг хуулийн хүрээнд СО2 ихээр ялгаруулдаг ган, цемент, хөнгөн цагаан, бордоо, цахилгаан эрчим хүч, устөрөгчид 2026 оноос татвар авахаар болжээ. Улмаар Европын Холбооны СО2-ын хамгийн өндөр татвар ногдуулдаг Швейцарын жишгээр тооцвол ойролцоогоор 9.6 тэрбум еврогийн татвар бүрдүүлэхээр байгаа юм. Эхний ээлжид дээрх бүтээгдэхүүнүүдийг экспортолдог аж ахуйн нэгж, улсаас хэр хэмжээний СО2 ялгаруулдаг мэдээллийг авах аж. Европын Холбооны өөр нэг авч буй арга хэмжээ бол 2035 оноос бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг хориглох шийдвэрт хүрсэн юм.
ДЭЛХИЙН ТОМООХОН
УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭГЧИД
Эрчим хүчний шилжилтэд зэс хамгийн их хэрэгтэй түүхий эд болж байгаа нь нөгөө талдаа зэс үйлдвэрлэгчдийн өмнө томоохон сорилтуудыг бий болгож байна. Зөвхөн нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй цэвэр эрчим хүчний гол түүхий эд зэсийг үйлдвэрлэхдээ CО2 ялгаруулдаггүй байх ёстой болж байна. Дэлхийн уул уурхайн хамгийн том хоёр компанийн жишээнээс үзэхэд тэдэнд Европын Холбоо болон АНУ-ын шаардлагуудыг биелүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс ч нүүрстөрөгч үйлдвэрлээгүй “Цэвэр зэс” үйлдвэрлэхэд дээрх хоёр гигант ихээхэн хүч хөдөлмөр, хөрөнгө зарж байна.
“Rio Tinto” групп эрчим хүчний шилжилттэй холбоотой стратегиа зарласан. Уг стратегид үйл ажиллагаанаас ялгарах CO2-ыг 2025 онд 15 хувь, 2030 онд 50 хувь бууруулж, 2050 онд цэвэр 0 болгохоор тусгасан байна. Өнгөрсөн онд “Рио Тинто” группийн уурхай, тээврийн үйл ажиллагаа (Scope 1,2) нийтдээ 30.3 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулсан гэж тус компанийн тайланд дурджээ. Үүний 2/3 нь хөнгөн цагааны үйлдвэрлэлтэй холбоотой бөгөөд зэсийн үйлдвэрлэл хамгийн бага буюу 1.5 сая тонн СО2 (Оюутолгой ороогүй) ялгаруулжээ. АНУ-ын Юта мужид байрлах зэсийн Кеннекотт ил уурхай өдөрт 150 мянган тонн хүдэр боловсруулдаг. Тус уурхай 2019 онд 175 МВт нүүрсний цахилгаан станцаа хааснаар СО2 ялгарлыг 1 сая тонн буюу 65 хувиар бууруулж чадсан байна. Иймээс тус групп хүлэмжийн хийнд хамгийн их нөлөө үзүүлж буй буй хөнгөн цагаан, төмөр, титаны уурхайд нар, салхины эрчим хүчний дөрвөн төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Баруун Австралийн Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайнуудад зориулж эхний ээлжинд 234 МВт нарны эрчим хүчийг 2026 оноос нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Мөн Австралийн Квийнслэнд, Мадагаскар, Өмнөд Африкт сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд анхаарч байна.
Зургийн тайлбар: Дэлхийн хамгийн том ил уурхайн нэг Кеннекотт, Зургийн эх сурвалж: RT
“BHPBilliton” групп хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэх хоёр зорилт дэвшүүлжээ. Эхний зорилт бол 2030 он хүртэл үйл ажиллагааны хүлэмжийн хийн ялгарлыг 2020 онтой харьцуулахад 30–аас доошгүй хувиар бууруулна. Харин дараагийн зорилт бол 2050 он гэхэд цэвэр 0 болгоно гэжээ. Одоогоор Чилийн Эскондида, Спенс зэсийн уурхайн үйл ажиллагааг 2026 оноос 90-100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана. Энэхүү гэрээг Чилийн Colbun S.A., Италийн Enel компанитай 10-15 жилийн хугацаатай байгуулжээ. Мөн никель, төмрийн хүдрийн уурхайнуудад сэргээгдэх эрчим хүчний компаниудтай долоон гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2026 онд уурхайнуудын цахилгаан эрчим хүчний 24-48 хувийг цэвэр эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ.
Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компаниуд эрчим хүчний шилжилттэй холбоотой цэвэр эрчим хүчээр уурхайгаа хангаж, 2050 онд СО2-ын ялгаруулалтыг 0 болгох зорилгод хүрнэ гэжээ. Нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчинд шаардлагатай түүхий эдийн хайгуулд хөрөнгө оруулалт хийж байна. Хоёр компанийн баримталж буй бодлого нь эргэх холбоотой гэж үзэж болно. Эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчинд шаардлагатай уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож, эргүүлээд сэргээгдэх эрчим хүчээр үйл ажиллагаагаа хангаж байгаа юм.
ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ
Монгол Улс нүүрстөрөгчийн давхар ислийг тэнцвэржүүлэхтэй холбоотой зорилго бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Уг хөдөлгөөн 2022 оноос 2030 он хүртэл улсын хэмжээнд нэг тэрбум, түүнээс дээш мод тарих төлөвлөгөөтэй. Дундаж нэг мод ойролцоогоор нэг жилд 117 кг хүчилтөрөгч (О2) ялгаруулдаг хэмээн АНУ-ын Теннесигийн Их сургуулийн доктор А.М.Хелменстин тооцжээ. Үүгээр үзвэл “Тэрбум мод” хөдөлгөөн 117 сая тонн О2 ирээдүйд бий болгоно. Тус хөдөлгөөн 1,200 гаруй аж ахуйн нэгжийг хамарчээ. Үүнээс 20 орчим уул уурхайн компани 680 орчим сая мод тарих амлалт өгснөөс 4.1 сая гаруй мод өнгөрсөн онд тарьсан байна.
Харин манай зэс үйлдвэрлэгч хоёр том компани “Цэвэр зэс” үйлдвэрлэх зорилт төдийлөн тодорхой бус байна. “Оюу толгой” ХХК-ийн мэдээлж буйгаар гүний уурхайн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд уурхайн хэмжээнд 200 МВт эрчим хүчний хэрэгцээ үүснэ. Тус компани 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу дотоодоос эрчим хүчээр хангахаар ажиллаж байгаа. Өнөөгийн байдлаар БНХАУ-ын “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” корпорацаас эрчим хүчний хэрэглээгээ хангадаг. Оюутолгойн хувьд хэр хэмжээний СО2 ялгаруулж буй нь тодорхойгүй.
Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн. Өнгөрсөн онд 50 мянган мод тарьсан бол 2023 онд 105 мянган мод тарих төлөвлөгөө гаргажээ. Мөн энэ оны хавар “100 сая мод” хөтөлбөрөө боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ болон Ойн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл “Тэрбум мод” хөдөлгөөний 10 хувьтай тэнцэх буюу 11.7 сая тонн хүчилтөрөгч бий болгохоор байна. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (NRGI)-гийн "Эрчим хүчний шилжилт ба иргэний нийгэм" сургалтын үеэр "Оюу толгой" ХХК-ийн Хүлэмжийн хийг бууруулах стратегийн ахлах менежер М.Сайнтулга "Тавантолгойн цахилгаан станц барина гэсэн зорилттой ажиллаж байна. Бид эрчим хүчний үүсгүүрийг төрөлжүүлэх шаардлагатай гэдгийг ойлгож байгаа. Үндсэн суурь нийлүүлэлт тогтвортой байх ёстой. Үүн дээр сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг уялдуулж хүлэмжийн хийг бууруулахад анхаарах хэрэгтэй” хэмээсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 71 МВт суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станцтай. Нэг сая тонн баяжмал хайлуулах хүчин чадал бүхий хайлуулах үйлдвэр баригдсанаар эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн ялгаруулж буй СО2 хэмжээ 2013 оны байдлаар 1 сая тонн байжээ. Энэ нь 2021 онд хийгдсэн ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөлөөс өмнөх үзүүлэлт гэсэн үг. Үүнээс үзвэл одоо ойролцоогоор 2 сая гаран тонн СО2 ялгаруулдаг байж болохоор байна. Уг агаар мандалд үзүүлж буй нөлөөллийг эхний ээлжинд дүйцүүлэх байдлаар буюу мод тарьж шийднэ хэмээн тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж өнгөрсөн онд 2 сая 129 мянган мод тарьсан бол энэ жил 4.7 сая мод тарина. 2031 он хүртэл Оюутолгойн адил 11.7 сая тонн хүчилтөрөгчтэй дүйцүүлэх мод тарина гэсэн төлөвлөгөөтэй
Эрчим хүчний шилжилтэд тэргүүлэх улс орнууд ихээхэн анхаарч, нарийн стандарт тогтоож, цогц бодлого хэрэгжүүлж байна. Эрчим хүчний шилжилтийн гол түүхий эд зэсийн салбар ч хурдацтай хувьсан өөрчлөгдөж, “Цэвэр зэс” үйлдвэрлэхийг томоохон компаниуд зорьж байна. Цэвэр эрчим хүчинд шаардлагатай түүхий эдүүдийг цэвэр эрчим хүчээр үйлдвэрлэж байж илүү утга төгөлдөр болох нь ойлгомжтой юм. Харин дэлхийд данстай гэгдэх Монголын зэсийн хоёр том уурхай энэ чиглэлд хэрэгжүүлж буй ажил нь төдийлөн тодорхой бус байна.