“Монголиан Арт” олон улсын уран баримлын симпозиум наймдугаар сард Монгол Улсад амжилттай зохиогдож өндөрлөсөн билээ. Симпозиумын үеэр туурвигдсан уран бүтээлүүдээс зарим нь Улаанбаатарчуудын нүд, сэтгэлийг баясган, нийслэл хотын гудамж, талбайг чимэхээр болж байна. Эдгээр бүтээлийн онцлог нь олон улсын нэртэй уран бүтээлчид Монголын үзэсгэлэнт байгальд онгодоо хөглөн, монгол боржин, гантиг зэрэг байгалийн чулуугаар туурвисан явдал. Уг симпозиум “НордАрт” Олон улсын орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон юм. Төслийг санаачилж, куратораар ажилласан Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяатай Mining Insight-ийн О.Батболд ярилцлаа.
Олон улсын уран баримлын симпозиумыг Монголд зохион байгуулахын ач холбогдол, үр нөлөөг төслийг санаачлагчийн хувьд хэрхэн үнэлж байна вэ?
“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиумыг Монгол Улсад анх удаа (2023.07.30- 08.21) Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах Гүрү Эко цогцолборт зохион байгууллаа. Симпозиумын үеэр туурвисан бүтээлүүдийг 10 дугаар сарын 03 хүртэл ХААН банк цамхгийн гаднах талбай буюу нээлттэй орчинд болон ХААН галарейд байрлуулж амжилттай танилцууллаа. Энэхүү арга хэмжээг ирэх жил тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жил, НордАрт, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 10 жилийн ойг угтан зохион байгуулсан. Мөн эдгээр ойг тохиолдуулан “НордАрт”-д Монгол Улсын 5 дахь бие даасан павильон (2024.06.01- 10.06) толилуулагдах юм. “НордАрт” бол дэлхийд нэр хүндтэй олон улсын орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэн. Германы хойд мужид жил бүрийн 6-10 дугаар сард зохиогддог, нэр хүндтэй олон улсын уран бүтээлчид, урлаг сонирхогчдын зорьж оролцдог, заавал очиж үзүүштэй орчин үеийн үзэсгэлэнгийн эхний 10-т нэрлэгдсэн, жил бүр зохион байгуулагддагаараа Европтоо хамгийн том үзэсгэлэн. “НордАрт”, Монгол Улсын хамтын ажиллагааны өнгөрсөн 9 жилд сонгон шалгаруулсан 120 монгол уран бүтээлчдийн 350 гаруй бүтээл Европт танилцуулагдсан. Монгол Улсдаа хамтын ажиллагаагаа танилцуулах зорилгоор Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт санал тавьснаар “НордАрт”-тай албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд симпозиумыг зохион байгууллаа. “НордАрт”-ын нэртэй уран бүтээлчдийг Монголынхоо үзэсгэлэнт байгальд урьж, бүтээлээ туурвих боломжийг олгосон. Монгол Улсын брэндийг бий болгоно гэсэн утгаар “МонголианАрт” гэж нэрлэсэн. Энэ нь соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг, хотуудын өрсөлдөөн, хотын өнгө үзэмж, олон нийтийн гоо зүй, урлагийн боловсрол гээд олон агуулгыг нэгтгэсэн төсөл. Улс орнууд хоорондоо өрсөлддөг байсан бол одоо улс дотроо хот, мужууд өрсөлдөх боллоо. Хот төлөвлөлтийг хүн амьдрахад таатай орчныг хэрхэн бүрдүүлэхээс гадна хотын үзэмж ямар байх, ямар орчин бүрдүүлж, тэр нь олон нийтийн соёл, боловсролд хэрхэн нөлөөлөх талаас нь цогцоор төлөвлөдөг болж байна. Гоо зүйн боловсрол бол хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг. Төслийг Монгол Улсдаа хэрэгжүүлснээр эдгээр асуудалд хувь нэмрээ оруулахаас гадна “НордАрт”- тай тогтоосон хамтын ажиллагааг Монгол руугаа чиглүүлэх зорилготой. “НордАрт” нь 20 мянган оршин суугчтай хотод зохион байгуулагддаг. Иргэдээс нь 6 дахин олон буюу 120 мянган хүн зуны 4 сард зорьж очдог. Нэг ёсондоо соёлын том аялал жуулчлал хийгддэг. Үзэсгэлэнгийн дэглэлт, зохион байгуулалтад жил бүр 1.5-2 сая еврогийн хөрөнгө оруулалт зарцуулагддаг бол соёлын аялал жуулчлалаас орон нутаг багадаа 60 сая евро олдог. Үүний зэрэгцээ мөнгөөр үнэлэгдэхгүй нийгмийн болон хөгжлийн нөлөөлөл үзүүлж байгаа. Үүнийг яагаад Монгол руугаа чиглүүлж болохгүй гэж. Нөгөөтэйгүүр эдийн засгийн боломжтой улс орнууд уран бүтээлчдийг уриад, захиалгаар сайн бүтээл хийлгүүлж чадна. Харин манайд нэрд гарсан уран бүтээлчдийг урьж, бүтээл туурвил хийлгэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Тэгвэл үүнийг зөв менежмент, зөв тактикаар хэрэгжүүлснээр өртгийнх нь үнээр шийдэх боломжтойг НордАртчууд сүүлийн 25 жилд харуулсан. “НордАрт”-д 80 мянган метр2 талбай бүхий уран баримлын асар том цэцэрлэгт хүрээлэн бий болчихлоо. “НордАрт”-ын бэлтгэсэн техникийн орчинд олон улсын сонгогдсон уран бүтээлчид ирж томоохон бүтээлээ туурвин, тэдгээр бүтээлүүд нь үзэсгэлэнд оролцдог. Ямар ч тээвэрлэлт болон гаалийн асуудал үүсэхгүй. Тэнд туурвисан бүтээлүүд “НордАрт”- ын цэцэрлэгт хүрээлэнг чимээд зогсохгүй бусад хот, мужуудаар нүүдлийн үзэсгэлэн хэлбэрээр гарах, зарим байгууллагууд тодорхой хугацаагаар бүтээлүүдийг түрээсэлж орчиндоо тавих, худалдаж авах нь бий. Улаанбаатараар жишээлэхэд уран баримлууд хотын дүүрэг бүрт тодорхой хугацаагаар нүүдэллэн очиж, орчны гоо үзэмжийг өөрчлөхөд тодорхой нөлөөлөл үзүүлдэг гэсэн үг. Сая “МонголианАрт” үзэсгэлэнгийн нээлтэд 150 гаруй зочид ирсний дунд Хан-Уул дүүргийн иргэд нэлээд байсан. Манай энд ийм сайхан бүтээлүүд байршуулж, дүүргийг маань чимж байгаад баярлалаа гэж талархаж байснаас үзвэл иргэд ч ийм зүйлсийг хүсэж байна.
Энэ жилийн симпозиумд хэчнээн уран бүтээлч оролцож, ямар бүтээлүүд туурвисан бэ? Симпозиумын хүрээнд хийсэн бүтээлүүд цаашид хаана байрших бол?
10 орны уран бүтээлчдийг урьснаас Герман, Испани, Эстони, Итали, Солонгос, Болгар, Монгол гэсэн 7 улсын 9 уран бүтээлч оролцсон. Зургаа нь Монголд ирж, бүтээлээ туурвилаа. Монголын байгалийн бүтээгдэхүүн дээр ажиллаж үзлээ. Техникийн орчин сайн бүрдүүлсэн байна гэсэн. Уран бүтээлчид сэтгэл хангалуун буцсан. “НордАрт”-ын симпозиумын онцлог нь тухайн улсад очиж, байгалийн бүтээгдэхүүнээр нь бүтээлээ хийх, туурвих үйл явцыг нээлттэй үзүүлэх, бүтээсэн туурвилаа дараа нь нээлттэй орчинд үзүүлэх нөхцөлтэй. Энэ гурван нөхцөлийг “МонголианАрт”- аар бүрдүүлсэн. Олон оронд очиж, байгалийн бүтээгдэхүүн, материал дээр ажиллаж үзсэн уран бүтээлчдийн хувьд аль улс ямар онцлогтой чулуу, төмөрлөгүүдтэйг сайн мэдэх тул шинэ газар орныг ихээхэн сонирхдог. Тиймээс уран бүтээлчдийг урихдаа нэгдүгээрт, Монголын байгалийн бүтээгдэхүүн дээр ажиллуулах нөхцөл тавьсан. Монголын үзэсгэлэнт байгалиас сэрэл мэдрэмж авч, нүүдлийн соёл иргэншилтэй танилцаж, орчинд нь бүтээл туурвина гэдэг их өөр. Уран бүтээлчдэд сэдвийг эхэлж өгдөг. “МонголианАрт” нь энэ жил “Язгуурын нүүдэлчин”, “Байгаль” гэсэн сэдэвтэй. Сэдвийн дагуу концепцээ гаргаад, газар дээр нь очиж, орчноосоо мэдрэмж авч, материал дээр нь ажиллаж, гүйцэтгэлээ хийдэг. Гэхдээ заавал анхны концепцээр 100 хувь явна гэж үгүй. Материалын онцлог, орчны мэдрэмжээс болж өөрчлөгдөх нь бий. Хоёрт, уран бүтээлчдийн үүрэг нь гоё сайхныг бүтээж туурвихаас гадна эргээд олон нийтийн урлаг, гоо зүйн боловсролыг хөгжүүлэх, түүгээр дамжуулан хүүхэд залуусын хөгжил төлөвшилд хувь нэмрээ оруулдаг тул бүтээн туурвих үе шат буюу симпозиумыг олон нийтэд нээлттэй байлгасан. Тэрэлжид хүмүүс зорьж ирсэн. Урлаг сонирхогчид хүүхдүүдээ дагуулаад ирж байна. Жуулчид олон байсан. Орчин үеийн урлаг туурвих үйл явцыг онгон байгальд үзэж, уран бүтээлчидтэй нь уулзаж ярилцах ховор боломж олдлоо гээд их баяртай байсан. Уран бүтээлийн хэлэлцүүлгүүд явсан, урлагийн талаар ярилцсан. Гуравт, хийсэн бүтээлүүдээ олон нийтэд нээлттэй орчинд тавьж үзүүллээ. Симпозиум нь спонсор байгууллагуудын түншлэлийн түвшинтэй. “МонголианАрт”- ын энэ жилийн 3 гол түнш нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон “Жуулчин ворлд турс”, “ТАСО” компаниуд. Төсөлд томоохон хувь нэмэр оруулж, санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн эдгээр байгууллагадаа бүтээлүүдийн дээжээс бэлэглэж байгаа. Тэд бүтээлүүдийг нээлттэй орчинд тавина. Үлдсэн бүтээлүүдийг зардлаа нөхөх үүднээс худалдаанд санал болгосон. Худалдаж авлаа гэхэд иргэд үзэх боломжтой нээлттэй дотоод, гадаад орчинд байлгах ёстой. Мөн хот, орчноо чимэх үүднээс даатгал, тээврээ хариуцаад, жилээр ч юмуу, тодорхой сараар түрээслэн, хотын олон газраар нүүдэллэн байршуулах боломжтой. Симпозиумын хувьд стратегийн хамтрагч их чухал байдаг. НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчид санал тавьсны учир нь уран баримлын цэцэрлэгт хүрээлэнтэй болъё гэхэд түншээр ажиллаад өртгийн үнээр 20-иод уран бүтээлтэй болох боломжтой. 1 тэрбумын төсөл хэрэгжүүллээ гэхэд дунджаар 4.8 тэрбумын үнэлгээтэй бүтээлүүдтэй болно гэсэн үг.
Гэрэл зураг: Ёнгсун Жанг, Өмнөд Солонгос “Гялтганан сэвэлзэх салхи” 2023 Ган төмөр, боржин чулуу
Монголын байгалийн чулуугаар бүтээл туурвихад хэр зохицол, нийцэлтэй байсан бол? Уран барималд түгээмэл ашигладаг байгалийн чулуунуудаас ялгарах онцлог байна уу? Уран бүтээлчдийн хувьд өмнө нь Монголын байгалийн чулуугаар бүтээл туурвил хийсэн туршлагатай юу?
Дөрвөн уран бүтээлч монгол боржин чулуугаар бүтээлээ туурвисан бол хоёр нь хар төмөр болон ган төмрөөр бүтээлээ хийсэн. Төв аймаг дахь “ТАСО” компанийн Адуунчулууны уурхайн боржин чулуун дээр ажилласан. Гангийн хувьд урд хөршид захиалж авчруулсан. Ирсэн уран бүтээлчид Монголыг маш баян орон юм гэж байлаа. Дэлхийд олддоггүй ховор ногоон боржингоор танай хотын хаа сайгүй хүн гишгээд явдаг зам талбай хийчихэж гэж их гайхсан. Бид л анзаардаггүй болохоос биш Сүхбаатарын талбай, Урт цагааны гудамж гээд тэр аяар нь ногоон боржингоор хийсэн зам талбай цөөнгүй юм байна. Дэлхийн 100 гаруй улс, хотод бүтээл туурвисан өндөр чансаатай уран бүтээлчдийн хувьд Монголд томоохон чулуугаар бүтээл хийсэн нь ховор. Тэр тусмаа олон орноос олуулаа нэг дор ирсэн нь анх удаагийнх. Уран бүтээлчдийн хувьд монгол чулууг мэдэхгүй тул өнгөрсөн жил чулууны дээжийг явуулж танилцуулсан. Монгол боржин дээр ажиллах явцдаа гантигийг шинээр сонгон авч, 3 уран бүтээлч гантиг дээр ажилласан. Чулуунуудын хувьд өнгө, төмөрлөгийн хольц зэргээс шалтгаалаад уян хатан чанар нь өөр өөр. Ялангуяа чулууны доторх бүтэц ямар байхыг мэдэхгүй тул ажиллагааны явцад өөрчлөгдөж байсан. Манай чулуунуудыг анх видеогоор үзээд Испанийнхтай ижилдүү юм гэж байв. Испанийн боржин чулуунууд нэлээд хатуу тул уран бүтээлчээс чадал их шаарддаг. Тэр бүр хүссэн хэлбэр, бүтэц гаргахад хэцүү. Бас хэт зөөлөн бол бутрахаас эхлээд асуудалтай.
Яг ажиллаад үзэхэд манай байгалийн чулуунууд үнэхээр өгөгдөл сайтай юм билээ. Боржин чулуу хэт хатуу биш, зөөлөн биш дунджийг барьсан тул ажиллахад сайхан.Ялангуяа хэлбэр хэв гаргах, өнгөлгөө зэрэг гадаргууны олон төрлийн контрастыг бий болгоход их гоё болохыг уран бүтээлчид маань мэдэрсэн. Испанийн уран барималч Нандо Алварез Авдрантын ногоон боржинд бүр дурлачихсан. Болгарын Лилия Поборникова нэг бүтээл хийхээр ирээд, хоёрыг хийчих жишээтэй. Уран бүтээлчдийн хувьд хэлбэрээс илүүтэй тухайн чулууны дотоод мөн чанар, өнгөний олон талт онцлогийг гаргахыг эрэлхийлдэг. Ирэх жил чулууны олон төрөл байдлыг, олон өнгө, өгөгдлийг бий болгож болох юм гэж харж байна. Олон орны уран бүтээлчид ирэх тул Монголынхоо чулуунуудын онцлогийг таниулахсан гэж хүсэж байна. Тэгснээр бид дотоод нөөц бололцоогоо илүү сайн таньж мэднэ шүү дээ. Гэхдээ 10 тоннын чулуун дээр ажиллана гэхэд тийм том хэмжээтэйгээр уурхайгаас зүсээд гаргаад ирж чадах уу гэх асуудал бий. Мөн дотроо цууралттай байна уу гэдгийг мэдэхгүй тул одооноос чулууны эрэл хайгуул хийх хэрэгтэй. Ямар чулуунууд Монголд байна, бүтээл хийх боломжтой байна уу, ямар түүхий эдээр ямар бүтээлүүд гаргах боломж байгааг мэдэх туршилтууд хийнэ. Хийсэн бүтээлүүд нээлттэй орчинд тавигддаг тул бат бөх, олон жилийн настай байхыг мөн бодолцох ёстой. Түүнчлэн, симпозиумаа “ЛандАрт””-тай холбох боломжтой. Арабын орнуудад уран баримлын цэцэрлэгт хүрээлэнг элсэн цөлд хийж байна шүү дээ. Манай хувьд Улаанбаатар хотоос гадна говь, баруун аймгуудаараа байгалийн материал ашиглан ландшафтын хүрээнд шууд хийсэн урлагийн бүтээл бүхий ЛандАрт орчин байгуулж болно. Монголд байгаа бүтээлүүд гол төлөв монументаль буюу бодит, эсвэл түүхэн сэдэвт дүрслэлтэй байдаг. Тэгвэл гадны уран бүтээлчдийн Монголын талаарх дүрслэлүүд ихээхэн өөр, шинэ өнгө аяс харуулж байна. Симпозиумын хүрээнд Солонгосын Ёнгсун Жан говийн халуун өдөр гялтганасан элсэн дээгүүр сэвэлзүүр салхи эрх дураар хийсэж буй дүрслэлийг буулгасан бол Испанийн Нандо Алварез Арьяабалын хийд рүү дээш өгссөн гүүрний дор урсаж буй жижигхэн горхиноос “Хүрхрээ” бүтээлээ сэдэвлэсэн. Томас Райффершайд, Монгол Улсыг өсөн дэвжиж буй улс хэмээх төсөөллөөр “Од эрхэс”-ээ бүтээсэн байхад Лилия Поборникова хээр тал дахь олон салаа замыг хараад, хүн шийдвэр гаргах маш олон салаа замтай учирч, сонголт хийснээр амьдралаа бүтээдэг гэсэн санаагаар “Уулзвар” бүтээлээ туурвисан байх жишээтэй. Олон улсын уран бүтээлчид гэдэгт “НордАрт”-ын монгол уран бүтээлчид мөн орж байгаа. Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуяг 1937 оны хэлмэгдлээс сэдэвлэсэн ямар ч цаг үед эрдэм мэдлэг дээдийн дээд гэсэн санаагаар “Кентавр” бүтээлээ туурвисан бол А.Очирболд “Ухамсар” бүтээлийн концептоо үргэлжлүүлэн “Мандала”- гаа бүтээсэн. 2019 онд “НордАрт”-д орсон чулуун сийлбэрч Ж.Түвшинжаргал амьдралын алив ээдрээг эмэгтэй хүн ухаанаараа тайлж, голдиролд нь оруулдаг гэсэн утгатай “Хатан зангилаа” бүтээл хийсэн. Ийм маш олон талт сонирхолтой бүтээлүүд энэ жилийн симпозиумаас төрлөө. Симпозиумын бас нэг онцлог нь “НордАрт”-ын өндөр шалгуураар орсон уран бүтээлчдийг Монгол залуу уран бүтээлчид дагалдаж туслахаар нь ажиллах боломжийг гаргадаг. Энэ жил туслахаар ажилласан манай 8 залуу уран бүтээлчийн чадварыг өндрөөр үнэлсэн. Энэ нь Монгол Улсын болон олон улсын шилдэг уран бүтээлчдийн хоорондын мэргэжил, туршлага, соёлын чухал солилцоо юм.
Ирэх жилийн симпозиум ямар цар хүрээнд, ямар онцлогтой зохиогдох бол?
“МонголиаАрт” симпозиумаа 2024 онд том хэмжээгээр хийгээд, цаашид гурван жил тутамд Монгол Улсдаа хийх төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жил 8-10 дугаар сард зохион байгуулна. Олон улсын 20 орчим уран бүтээлчийг урина. Сонгон шалгаруулалт энэ оны 11 дүгээр сараас эхэлнэ. Дэлхий даяар нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг олон улсын шүүгчдийн зөвлөлөөр шийддэг. Уран баримлаас гадна урлагийн зарим төрөл, тухайлбал, орон зайн ба өрөг урлаг (art installation) зэргийг нэмж болох юм. Энэ жил ирсэн уран бүтээлчид Монголын байгалийн бүтээгдэхүүн, материалын сонголтыг мэдсэн тул илүү томоор сэтгэх, бүтээлүүдээ томоор хийх, олон талт байдлаар хольж хийх боломжтой. Мөн материалын сонголт нээлттэй. Металлын чанараас шалтгаалаад гадаад орчны бүтээл байх уу, дотор орчны бүтээл байх уу гэдэг нь шийдэгддэг. Манайх зэсийн томоохон уурхайнуудтай тул зэс нь дотор орчинд хийж болох бүтээлийн материал байж болох юм. Мөн чулуунаас гадна металл, үнэт болон хагас үнэт чулууны материалуудын ямар боломж байгааг судалж үзэж байна. Үйлдвэрлэлийн хаягдлуудыг ч судална. Уран бүтээлчдийн хувьд хаягдал бол материал.
Олон улсын симпозиумыг Монголдоо зохион байгуулахад мэдээж зардал өндөртэй. Түүнийг хэрхэн шийдсэн бэ?
“НордАрт” нь зөвхөн урлаг, уран бүтээлээр хязгаарлагдахгүй олон талтай тул PPP (PublicPrivate-Partnership) буюу төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлдэг. Хотын өнгө үзэмж тохижилт, өөрийн гэсэн онцлог орчин бий болгох, хот болон иргэдийн соёл, урлагийн боловсрол, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, улс хоорондын соёлын солилцоо, эргээд уран бүтээлүүд нь улс орноо гадаадад сурталчлах гээд олон талын асуудал хөндөгддөг, нийгэм рүү, эдийн засаг руу чиглэсэн төсөл учраас PPP чухал байдаг. Олон улсын нэжгээд уран бүтээлчдийн бүтээлийг өртгийн үнээр ньбосгох боломж гаргадаг нь симпозиумын эдийн засгийн үндэслэл юм. “МонголианАрт” бол тэрбумын төсөл. 250-500 сая төгрөгийн үнэлгээтэй бүтээлүүдийг бид өртгийнх нь үнээр босгож байна. НордАрт дахь Монгол Улсын анхны павильон мөн л 1 тэрбумын төсөвтэй байсан бол дараагийн бие даасан павильонууд 500 саяын зардлаар боссон. Энэ бүгдийг улсаас санхүүжилт авахгүйгээр босгох амаргүй. Гэхдээ эргээд энэ бүтээлүүд эдийн засгийн эргэлтэд орж, бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засагт хувь нэмрээ оруулах тул чухал юм. “МонголианАрт” симпозиумд “НордАрт” болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар албан ёсны түншээр орсон. Иргэдийн соёлын боловсрол, хотын өнгө үзэмж, хотын соёлын агуулгаар нь түншээр ажилласан. Түүнчлэн, бүтээгдэхүүн ба үйлчилгээгээрээ 12 компани дэмжин хамтарч ажиллалаа. “ТАСО” компани боржин чулуугаараа, “Жуулчин Ворлд Турс” компани уран бүтээлчид болон кураторын багийн Монголд байх болон аяллын зардал, симпозиумын орчныг гаргасан. ХААН галерей болон ХААН банк үзэсгэлэнгийн дотор, гадна орон зай гаргаж өглөө. Хэн юу чадаж байна, өөр өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо дэмжээд хамтраад ажиллавал дэлхийн хэмжээний төслийг Монголдоо суурьшуулах боломж байна. Өөрийн брэндийг үүсгэж, соёлын аялал жуулчлал болгон хөгжүүлэх, эдийн засагжуулах боломжтойг энэ жилийн симпозиум харууллаа. Тиймээс улс орныхоо эдийн засагт нөлөө бүхий компаниуд маань нийгэм рүү чиглэсэн ийм хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулаасай; боловсрол, соёл, хүүхэд залуучуудынхаа хөгжил рүү хөрөнгө оруулалт хийгээсэй. Дараа жилийн арга хэмжээнд хамтран ажиллаасай, дэмжээсэй гэж хүсэж байна.
“НордАрт” үзэсгэлэнд монгол уран бүтээлчдийг оролцуулснаар ямар давуу тал, боломж бий болдог вэ? Монголчууд НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг сайн мэднэ. Харин “НордАрт”-ын монгол уран бүтээлч, уран бүтээлээрээ “НордАрт”-ын үзэгчдийн нэрэмжит шагнал авсан, тэр тусмаа таныг “НордАрт”-д монгол уран бүтээлчдийг татан оролцуулсныг тэр бүр мэдэхгүй байх?
Манай байгууллага нь “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” нэртэй нийгэмд үйлчлэх ТББ. Европ болон Монголын хооронд соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн чиглэлд салбар болон байгууллага хоорондын тогтвортой хамтын ажиллагааг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Бидний ихэнх төслүүд гадагшаа чиглэсэн, Монгол Улсаа мэргэжлийн түвшинд танилцуулах зорилготой. Нийтдээ 60 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна. “НордАрт” бол зөвхөн дүрслэх урлагийн салбар дахь нэг төсөл нь. 2012 онд Монгол Улсдаа ирээд соёл урлагийн салбарын олон улс руу чиглэсэн төсөл хийх боломжийг судлаад дүрслэх урлагийг хамгийн өндөр боломжтой гэж үзсэнээр Монгол Улсаа Венецийн беннальд оролцуулах бэлтгэлийг гардан хийсэн. Уран бүтээлчдийн урлангаар явж, бүтээлүүдтэй танилцсан. 2013 онд А.Очирболдын “Ухамсар”-ын эхний загварыг хараад , энэ уран бүтээлчийг олон улсын тавцан дээр чиглүүлэн хөгжүүлбэл хүсэл эрмэлзэл, ур чадвар, авьяас байна гэж үзсэнээр хамтарч ажилласан. 2015 онд Монгол Улс “НордАрт”-ын “Онцлох орон”-оор ороод, 3,000м2 талбайд Монголын 34 уран бүтээлчийн 120 бүтээлийг толилуулсан юм. А.Очирболд “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлээ симпозиумын хүрээнд хийж, үзэгчдийн нэрэмжит шагнал авсан. “Ухамсар” бүтээлийн анхны хувилбар нь 1.80 метрийн хэмжээтэй, хүрэл цутгалттайгаар “НордАрт” дээр тавигдаж, Европын үзэгчдийн анхаарлыг их татсан. Улмаар 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс НҮБ-д бэлэглэх санал ирсэн тул уран бүтээлч маань 3.20 метрийн өндөртэй, ахин боловсруулсан хэлбэрээр, ган төмрөөр, 10 метрийн урттай толин суурьтай болгосноор НҮБ-ын цэцэрлэгт хүрээлэнд тавигдсан. “Ухамсар” бүтээлийн концептийг үргэлжлүүлсэн “Дэгэрэ” бүтээл нь “НордАрт”-ын шилдэг бүтээл Гранпри шагналыг 2019 онд авч байв. 21 метр урт, 17 метр өргөн талбай бүхий хар төмрөөр хийсэн энэ уран баримлын инстолляцийг цэцэрлэгт хүрээлэнгийн голд байршуулж олны мэлмийг баясгасан. Зөвхөн Монгол Улсаа сурталчлахаасаа гадна монгол уран бүтээлчдийг дэлхийн зах зээл дээр өөрсдийн байр суурь, үнэлгээтэй болгож эдийн засагжуулах энэ үйл явц маш чухал. Урлагийн эдийн засаг чиглэл рүү монгол уран бүтээлчдээ оруулаад, нэг ч гэсэн уран бүтээлч олон улсад өндрөөр үнэлэгдэхийн зэрэгцээ тэдгээрийг санхүүгийн дэвшилд хүргэх нь бидний гол зорилго юм.
“НордАрт”-ын Монголын тав дахь удаагийн павильонд Монголын хэчнээн уран бүтээлч оролцох бол?
20 орчим уран бүтээлчийг танилцуулахыг зорьж байна. Сонгол шалгаруулалт 10 дугаар сарыг дуустад нээлттэй зарлагдсан. Уран бүтээлчид материалаа бүрдүүлээд явуулахаар НордАртын олон улсын шүүгчдийн баг бүтээлээр нь сонголтоо хийнэ.
Ярилцсанд баярлалаа.
Бидний явуулж буй үйл ажиллагааны талаар уншигчдадаа мэдээлэл хүргэж байгаа Та бүхэнд, танай сэтгүүлийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, №10 (023)