Критикал минерал: Монголын геологи, хайгуулыг босгох боломж

С.БОЛД-ЭРДЭНЭ
bolderdene@mininginsight.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлал Монголын уул уурхайн салбар, тэр дундаа критикал минерал, геологи хайгуулын үйл ажиллагаа идэвхжих том дохиог өглөө. Хамаг бүхнээ хааж, хайгуулын лицензээ зогсоож, хэнтэй ч наймаа хэлэлцээ хийхгүй байсан Засгийн бодлого үүнээс хойш илүү нээлттэй болж, геологи хайгуулын салбараа олон улсын өрсөлдөөнд оруулах бодлогын эхлэл болж байна хэмээн найдаж болохоор байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд олон улсын айлчлалуудын нэг гол сэдэв нь критикал минералын хамтын ажиллагаа болсон. Польшийн Ерөнхийлөгчийн болоод БНСУ, ХБНГУ-ын холбогдох Сайд нарын Монголд хийсэн айлчлал, Ерөнхий сайдын БНСУ, АНУ-д хийсэн айлчлалаар критикал минералын асуудал хөндөгдөж яригдах болсон нь олон асуулт дагуулж байгаа. Ердөө хоёр сар гаруйн өмнө (2023.06.27) Монгол Улсад БНСУ болон АНУ-тай критикал минералын чиглэлээр хамтран ажиллах гурван талт уулзалт болсон билээ. Уг уулзалтын дараа Монгол Улс нь АНУ-тай “Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийж буй айлчлалтай холбогдуулан Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, хоёр тал ашигт малтмал, эрчим хүчний салбарт шинэ хамтын ажиллагаа эхлүүлж байна.
Ялангуяа АНУ Монгол хоёр улс дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэн чухал ашигт малтмалын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэ салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна хэмээн онцолжээ. Урьд өмнө огт хөндөгдөж байгаагүй критикал минералын сэдэв ийн Монголын Засгийн газрын олон улсын харилцааны нэг хөзөр болон хувирсан, АНУ-ын засаг захиргаа түүнийг нь дэмжсэн зэрэг нь дотоодын төдийгүй олон улсын анхаарлыг татсан нь ойлгомжтой.

ЯАГААД КРИТИКАЛ МИНЕРАЛ ГЭЖ?

Критикал минералын салбарыг ийн онцолж байгааг олон улсын харилцаа, геополитикийн талаас харвал нэг өөр өнцгөөс уншигдана. Барууны ертөнц, гуравдагч хөрштэйгээ урт удаан хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах гэсэн идэвхтэй санал санаачилга гэх байдлаар. Үүнийг батлах мэт зургаадугаар сард БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалаар критикал минералын сэдвийг огт хөндөөгүй. Сонирхолтой нь Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй албан ёсны уулзалт хийсэн өдөр (2023.06.27) Монгол Улсад анх удаа критикал минералын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улс, АНУ, БНСУын гурван талт уулзалт болсон юм. Эндээс үүдэлтэйгээр Монгол Улс критикал минерал, газрын ховор элементийн асар их нөөцөө барууны орнуудтай хамтран ашиглах гэж байна, хоёр хөршийнхөө хамаарлаас гарах гэж оролдож байна хэмээн дотоод, гадаадын хэвлэлүүд дүгнэж эхэлсэн. Бүр Хятадын Global Times цахим хуудаст, Монгол Улс критикал минералын чиглэлээр АНУ-тай хамтрах нь Хятадад сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн бичснээс уг сэдэв хэр их анхаарал татсаныг төвөггүй ойлгож болно. Харин уул уурхай, эдийн засаг талаас нь харвал нүүрс, зэсээс өөр бараагүй шахам Монгол Улсын хувьд олон улсад шинээр тогтож байгаа түүхий эдийн болоод бусад бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа олох гэсэн оролдлого гэж ойлгогдоно.
Критикал минерал гэх нэршил дотор лити, кобальт, никель зэрэг цахилгаан машины батарейн гол түүхий эдүүд болон хагас дамжуулагч зэрэг технологийн эцсийн бүтээгдэхүүнд ордог газрын ховор элементүүд багтдаг. Мэдээж голлох улс орнуудын хувьд ирээдүйд хэрэгтэй эрдэс түүхий эд, эдийн засаг, үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн аюулгүй байдал зэрэгтээ төвлөрч ямар эрдэс түүхий эдийг критикал минералд тооцох тухай жагсаалтаа гаргаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд АНУ нь Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын маргааш нь зэсийг критикал минералын жагсаалтдаа нэмэх тухай шийдвэрийг зарласан нь сонирхолтой давхцал байв. Тус улс зэсийг критикал минералын жагсаалтад нэмэх эсэх асуудлыг жилийн турш хэлэлцсэн бөгөөд Конгрессээс батлагдсанаар эцсийн шийдвэр гарах юм.
Сүүлийн жилүүдэд, тэр дундаа Ковидоос хойш критикал минералын гэгдэх түүхий эдүүдийн нөөц арвинтай улсууд томоос том амбиц тээх болсон нь нэмүү өртөг, нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа баталгаажуулах гэсэн оролдлогууд юм. Тухайлбал Аргентин, Чили, Боливи зэрэг улс өөрсдийгөө “Литийн гурвалжин” хэмээн нэрийдэж, автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч Бразилийг “уруу татаж” цахилгаан машин үйлдвэрлэлийн сүлжээ бий болгохыг зорьж байна. Учир нь тэдэнд цахилгаан машин үйлдвэрлэхэд нэн шаардлагатай зэс, никель, бас литийн асар их нөөц бий. Түүнийгээ ашиглахыг зорьж байгаа нь тэр. Хэр хурдан хийгээд өргөн цар хүрээнд хэрэгжихийг харин хэн ч хэлж мэдэхгүй. Тэд өнөөг хүртэл зөвхөн түүхий эдийн ханган нийлүүлэгч байсан бол цаашид үйлдвэрлэл хийгээд өртгийн сүлжээнд нэгдэхийг зорьж байгаа.

Монгол Улс ч тэднээс хоцрохгүйг хүсэж буйгаа сүүлийн жил гаруйн хугацаанд харууллаа. Үүний тулд газрын хэвлийгээ танин мэдэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалт, техникийн дэмжлэгийг олон улсаас авах битүүхэн сонирхол нуугдаж байгаа нь лав. Үүнээс цаашилбал уул уурхайгаас хэтэрхий хараат эдийн засаг, бас нүүрс, зэс гэсэн хоёрхон түүхий эдээс хэтэрхий хамааралтай уул уурхайн салбартай улсын хувьд ирээдүйн тогтвортой хөгжлийн арга замаа эрэлхийлж байна гэхэд болно. Монгол Улс ашигт малтмалаар баян гэдэг ч энэ цаг мөч, ирээдүйд дэлхийн зах зээл дээр үнэд хүрч, эрэлт нь өсөх түүхий эдийн баттай тогтоогдсон нөөц хомс байна. Бидэнд зэсийн гурав дөрвөн орд, нүүрснээс өөр орчин үеийн худалдан авалтын сүлжээнд нийлүүлэх бараа байхгүй. Газрын ховор элементийн асар их нөөцтэй гэдэг ч хамгийн том орд болох Халзан Бүргэтэй нь баттай тогтоогдсон нөөцгүй орд юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд газрын ховор элемент, критикал минералын нөөц, нөхцөл байдал ядаж л нүүрс шигээ тодорхой болсон зүйлгүй гэсэн үг.

АМГТГ-ын мэдээллээр энэ оны долоодугаар сарын байдлаар Монгол Улс нийт газар нутгийнхаа ердөө 1.2 хувьд ашиглалтын лиценз олгосон. Үүний тэн хагаст нь л уурхай ажиллаж байгаа. Ашигт малтмалын ашиглалтын 1714 лиценз байгаагийн 866 буюу талаас илүү нь зөвхөн алт, нүүрсний лиценз. Үүн дээр жонш болон элс, хайрга гэх мэт барилгын материалын түүхий эд олборлох тусгай зөвшөөрлүүдийг нэмбэл бараг 80 хувь нь болно. Үлдсэн 20 гаруйхан хувьд нь л зэс, төмөр, уран, газрын ховор, гянтболд зэрэг эрдсийн ашиглалт хамаарч байна. Гэхдээ идэвхтэй уурхайлж байгаа нь цөөхөн. Нөгөө талд геологи, хайгуулын салбар сүүлийн 10 орчим жил бүхэлдээ зогсонги байдалтай байна. 2021 онд ердөө 30 гаруйхан сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголын ашигт малтмалын хайгуулын салбарт орсон. Ихэнх нь алтны шороон орд, нүүрс, бас барилгын материалын түүхий эдийн хайгуулынх. Тэгвэл мөн онд дэлхийн өнгөт металлын хайгуулд 12 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Эндээс Монголын геологи хайгуулын салбар, эрдэс баялгийн нөөц, ашиглалт ямар өрөөсгөл, орчин цагийн трендээс хол зайтай нь тодорхой харагдана.

Ийм үед Монголын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдыг татах, урин дуудах магадгүй ганц боломж нь дэлхийн трендийг дагаж, критикал минералаар “түрий барих” хамгийн оновчтой арга юм.

Өнөөдөр дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт, цэвэр эрчим хүч, түүнд шаардлагатай эрдэс түүхий эдийн хайгуул, хөрөнгө оруулалт, боловсруулалтыг ярьж байна. Энэ тренд нь ашигт малтмалын дараагийн бүр том супер циклийг эхлүүлж байна гэгдэх боллоо. Хятад улсын эдийн засгийн өсөлтийг дагасан түүхий эдийн супер цикл 30 жил үргэлжлээд шувтарч байна. Уг супер циклээс Монгол Улс нүүрс, зэсээр дамжуулан бага ч атугай ашиг хүртсэн. Дараагийн супер циклээс харин ямар ашиг хүртэх вэ гэдэг уралдаан дэлхийн улсуудын дунд өрнөж, Монгол тэдний дунд хавчуулагдахыг оролдож байгаа нь энэ юм. Харин критикал минералын салбарт хамтран ажиллах талаар олон талтай, түмэн зүйл ярьж байгаа ч Монгол Улс дотооддоо бэлэн үү гэдэг нь хамгийн чухал асуудал. Бид хайгуул хийх, хөрөнгө оруулалт татах орчноо богино хугацаанд бэлдэж чадах уу? Одоогоор Монгол Улс нь критикал минералын ямар нэг бодлого гаргаагүй, хуульдаа тусгаагүй байгаа улсуудын нэг болж үлдээд байгаа.

ТӨГСГӨЛД НЬ,

Индонези улсын Ерөнхийлөгч Жокови сүүлийн гурван жилд критикал минералын чиглэлээр ихээхэн идэвхтэй ажиллаж, багагүй үр дүнд хүрсэн. Тэрбээр өөрийн улсын ашигт малтмалын нөөц баялаг дээр тулгуурлаж, цахилгаан машины салбарт байр сууриа олохыг зорьж байна. Түүний уг амбицыг олон улсын хэвлэлүүд сайшааж байгаа ч адармаатай, хүнд зам туулна хэмээн сануулж буй. Индонези улс бол Монголтой харьцуулахад ашигт малтмалын нөөцөөр жинхэнэ баян улс. Ашигт малтмалын салбарт тэд “Мянгат малчин”, “Тод Манлай уяач” бол бид саалийн 5 үнээтэй, сумын наадмын ганц даагатай малчинтай адил. Тус улсыг нүүрсний олборлолт, экспортоор дэлхийд нэгдүгээрт ордгийг бүгд мэднэ. Тэгвэл зэсийн олборлолтоор 9, алтны олборлолтоор 10, кобальтын олборлолтоор 10, хөнгөн цагааны бокситын олборлолтоор 6 дугаарт жагсдаг байна. Үүнээс гадна никелийн нөөц болон олборлолтын хэмжээгээр нэгдүгээрт ордог. Globaldata.com-д мэдээлснээр дэлхий дээр 190 орчим никелийн уурхай ажиллаж байгаагийн 130 орчим нь Индонезид байрладаг гэхээр хэр том тоглогч вэ гэдэг нь ойлгомжтой. Эдгээр мэдээллээс харвал Индонезид цахилгаан машины үйлдвэрлэлд шаардлагатай бараг бүх эрдэс металлын нөөц арвин хийгээд олборлолтоороо тэргүүлэгчдийн нэг. Ийм нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахыг тус улсын Ерөнхийлөгч Жокови хичээх нь зүйн хэрэг. Тэр зарим түүхий эдийг боловсруулалгүй экспортлохыг хүртэл хориглосон. Энэ нь түүхий эдийн нөөц дээрээ тулгуурлаж нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчилж байгаатай холбоотой юм. Ерөнхийлөгч Жокови өнгөрсөн долоодугаар сард Хятадад айлчилж, Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч аварга компаниудтай хамтрах талаар ярилцжээ. Үүнээс жил гаруйн өмнө АНУ-д айлчлахдаа мөн уг асуудлаа тавьж, бүр Элон Масктай уулзаж, “Тесла”-гийн үйлдвэрийг Индонезид байгуулахад бүх талаар дэмжихээ илэрхийлж байв. Сүүлийн 3 жилд Индонезийн Засгийн газар батарей үйлдвэрлэлийн чиглэлээр 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг Hyundai, LG зэрэг томоохон компаниудтай байгуулж, эхний үйлдвэрүүд нь баригдаж эхлээд байна.

Майнинг Инсайт сэтгүүл, 8 дугаар сар. №07, 08 (020, 021)