Хятад ГХЭ боловсруулах технологийн экспортыг хориглов

Э.ОД 

Газрын ховор элементийн хамгийн том боловсруулагч улс Хятад чухал материалыг гаргаж авах, ялгах технологийг экспортлохыг хориглосноо (2023.12.21)мэдэгджээ. Мөн ховор металл, хайлш болон соронз үйлдвэрлэх технологийг экспортлохыг хориглосон байна. Энэ нь стратегийн хэд хэдэн металл дээр ноёрхлоо хамгаалахын тулд тус улс энэхүү алхмыг хийж байгаа гэж ажиглагчид тайлбарлаж буй.Horizon Advisory геополитикийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Натан Пикарсик "Энэ бол нэмүү өртгийн сүлжээний аль ч хэсэгт Хятадаас хараат байх нь тогтвортой биш гэдгийг тод харуулж байна" гэжээ.

Газрын ховор элемент нь цахилгаан машин, салхин сэнс, электроникийн хэрэглээнд, соронз хийхэд ашиглагддаг 17 металлын нэгдэл юм.

Барууны орнууд өөрсдөө газрын ховор элементийг боловсруулахаар оролдож буй үед Хятадын энэ хориг "хүнд газрын ховор элемент"-д хамгийн их нөлөөлнө шинжээчид үзэж байна. Цахилгаан машин, эмнэлгийн тоног төхөөрөмж, зэвсэг үйлдвэрлэлд ашигладаг хүнд газрын ховор элементийг боловсруулалтаар Хятад улс дэлхийд монополь юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятад улсын Худалдааны яамнаас "Хориотой болон экспортлохыг хязгаарласан технологийн жагсаалт"-ад ГХЭ-ийг боловсруулах технологийг оруулах эсэх талаар олон нийтийн санал авчээ.

Тус улс чухал ашигт малтмалдаа хяналт тавихын тулд барууныхантай ширүүн тэмцэл өрнүүлж, энэ онд зарим металлын экспортын хяналтаа эрс чангатгасан. Наймдугаар сард Хятад чип хийдэг галли, германий гэсэн металлын экспортын тусгай зөвшөөрлийг нэвтрүүлж, арванхоёрдугаар сарын 1-нээс бал чулууны экспортод ижил шаардлага тавьжээ. Хятад улс стратегийн ашигт малтмалыг уусгагч бодисоор олборлох, ялгах аргачлалыг эзэмшсэн бөгөөд барууны ГХЭ-ийн компаниуд техникийн нарийн төвөгтэй байдал, бохирдлын асуудлаас үүдэн энэхүү аргачлалыг ашиглахаас зайлсхийдэг. Тэгвэл АНУ-ын Батлан хамгаалах яамнаас тодорхой хэсгийг санхүүжүүлсэн чухал металл боловсруулах технологийг турших загвар үйлдвэр ашиглалтад орсон гэж Ucore Rare Metals (2023.12.21)мэдэгджээ.

Ер нь бол Хятадын газрын ховор элементийн технологийг хэр зэрэг экспортолж байгаа нь тодорхойгүй аж.