“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Туяа уулын инженер мэргэжилтэй. Уул уурхайн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаагаас 19 жилд нь Багануурын уурхайд ажиллажээ. Ажлын гараагаа Багануурын уурхайгаас бичиг хэргийн ажилтнаар эхлүүлсэн ч 15 жилийн дараа Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирлаар томилогдсоноор Багануурын уурхайн 40 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй дэд захирал болсон байна. О.Туяа 2020 онд хэсэг нөхдийн хамт Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн холбоог байгуулан ажиллаж байна.
Таны хувьд уул уурхайн мэргэжлийг яагаад сонгосон юм бэ? Энэ салбарын юунд нь илүү татагдсан бэ?
Бидний үеийнхний хувьд уул уурхайн мэргэжлийг ёстой санамсаргүй оноолт, хувь заяагаар эзэмшсэн. Миний хувьд Багануурын уурхайд ажилтан болохоосоо өмнө оюутан байхдаа уул уурхайн салбарт татагдсан нэг зүйл бий. 2000 онд дадлага хийж байхдаа “Монполимет” группын Ц.Гарамжав захирлыг драгийнхаа бүтээн байгуулалт дээр байхыг хараад маш гүнзгий сэтгэгдэл төрсөн. Оюутан хүнд эрэлхэг баатар шиг л төсөөлөгдөж байлаа. Сургуулиа төгсөөд л Багануурын уурхайд ажилласан. 19 жил ажилласан уурхайдаа үнэхээр хайртай. Анхны цалин, анхны хамт олон, анхны ур чадвар бүхнийг өгсөн газар. Уурхайгаараа явах дуртай. Жирийн ажилтан байхдаа баг ахлаад уурхайчдадаа танилцуулга хийж их явдаг байлаа. Сүүлд дэд захирлын алба хашихдаа ч уурхайчидтайгаа ойр ажилласан. Багануурын үе үеийн уурхайчид “Алтан уурхай минь” гэдэг. Бид социализм болон чөлөөт зах зээлийн шилжилтийн завсрын үеийнхэн. Тиймдээ дээд, доод бүх үеийнхнээ таньдгаараа их онцлог. Ингээд бодохоор Багануурынхаа нүүрсний уурхайд, уурхайчдадаа сэтгэл татагдан энэ салбартай ажил амьдралаа холбожээ.
Эрэгтэйчүүд давамгайлсан салбарт ажиллахад эмэгтэй хүний хувьд ямар төрлийн буулт, золиослол хийх болдог вэ?
Нэг их ялгаатай зүйл анзаарагддаггүй. Салбартаа эрэгтэйчүүдтэй эн зэрэгцээд л ажилладаг. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд багийн ажиллагаанаас шалтгаалаад эмэгтэйчүүдийн оролцоог “гадна” үлдээчих гээд байдаг тал бий. Эрэгтэйчүүд өөрсдийн дүрмээр явах гэдэг. Ийм тохиолдолд эмэгтэйчүүд “бууж өгөхгүй”. Үүнээс шалтгаалан цаагуураа хүйсийн гадуурхалд өртөж байсан тал байдаг. Эрдэс баялгийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд илүү дайчин, хатуужилтай болдог юм уу гэж бодогддог. Ил тод, нээлттэй, үгээ зоригтой хэлчихдэг юм шиг санагддаг.
Уул уурхайн салбар өөртөө илүү олон эмэгтэйчүүдийг татах, авч үлдэхийн тулд ямар алхам хийх шаардлагатай вэ?
2017 онд SESMIM төслийн хүрээнд эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээний тайлан хийгдэж байсан. Энэ тайланд нэг хүйсийн буюу эмэгтэйчүүдийн оролцоог илүүтэй авч үзсэн байдаг. Салбарт тэгш бус байдлын бодитой зөрчлүүд бий. Амжилт ахиц тал дээр учир дутагдалтай. Эдийн засгийн хамгийн өндөр потенциалтай салбар бол уул уурхай. Хамгийн боломжтой цалинтай хүмүүс энэ салбарт ажиллаж байна. Тэр утгаараа эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах боломжтой. Өнөө цагт ажлын байрууд өөрчлөгдөж, геологийн мэргэжил гэхэд л илүүтэй дата мэдээлэлтэй ажилладаг болсон. Иймээс зарим мэргэжил хүйс харгалзахгүй болж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хариуцлагатай ажилтантай байх утгаараа илүүтэй эмэгтэйчүүдийг ажилд авдаг талтай. Гэхдээ асуудлыг нөгөө талаас нь ч бас харах ёстой. Тухайлбал биеийн хүч шаардагдах ажилд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэггүй. Тиймээс эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог аль талаас нь харахыг бодлогоор тодорхойлж, тэрхүү бодлогоороо эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бололцоотой. Эмэгтэйчүүд оролцоотой байх тусам хариуцлагатай, хүртээмжтэй, тогтвортой байдлыг бий болгодог. Хариуцлага гэдэг нь цаанаа хүний эрхийн тухай асуудал. Байгаль орчны асуудалд ч хүний эрх хөндөгддөг. Хүндээ ээлтэй, эрхийг нь хүндэтгэсэн бизнесийн загварын бүтцийг бий болгоход эмэгтэйчүүдийн оролцоо шууд утгаараа хэрэгтэй. Тиймээс эмэгтэйчүүдийг эрдэс баялгийн салбарт илүү оролцуулах нь зүйтэй юм. Хүний эрхийг хүндэтгэдэг, хариуцлагатай, тогтвортой бизнесийг эмэгтэйчүүд бий болгож чадна. Тиймдээ ч өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай гэлтгүй үндэсний томоохон компаниуд эмэгтэй удирдагчидтай болж байна. “Рио Тинто Монгол”, Оюутолгой, Монполимет, МАК гэх мэт жишээнүүд байна. Хамгийн гол нь эмэгтэйчүүдийн дуу хоолой хаана хүчтэй байх вэ гэдэг чухал.
Таны хувьд уурхайгаасаа шилжилт хийж, хэсэг нөхдийн хамт Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн холбоог байгуулж, салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Салбарын эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээл, түүнийг хэрхэн шийдэх гарц шийдлийн тухайд байр сууриа хуваалцана уу?
2020 оны хоёрдугаар сард “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-г байгуулахдаа хүмүүсийн эрэлт хэрэгцээ, хүсэлтэд тулгуурласан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид өөрсдийн ур чадварт дөрөөлж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ олж харсан зүйл бол энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоо ямар чухал болохыг бүрэн утгаараа ойлгосон. Салбартаа ажиллаад хүйсийн ялгаварлан гадуурхагдах мэдрэмжийг авсан хэрнээ дараа үедээ зам засаж өгч чадаж байна уу гэдгийг бид бодолцох ёстой юм. 100 жилийн түүхтэй энэ салбарт бүхий л үед нь эмэгтэйчүүд ажиллаж ирснийг “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-ноос эрхлэн гаргасан “Жишиг өөрчилсөн түүх” номоор харуулахыг зорьсон, зорилгодоо ч хүрсэн. Одоо Холбооноос салбар дахь мэргэжлийн эмэгтэйчүүдтэй баг бүрдүүлэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Мэдээж “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-ны үндсэн зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, охид эмэгтэйчүүдийн мэргэжил сонголтыг өргөжүүлэх, салбарын ханган нийлүүлэлтийн сүлжээнд эмэгтэйчүүдийн жижиг дундын бизнес эрхлэлтийг тэлэх. Энэ бүгдийг тодорхой системтэй, хөтөлбөртэй, тогтвортой хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Үүнд хөшүүргийн бүтэц маш сул байна. Хөшүүргийн бүтэц гэдэгт бодлогын дэмжлэг байх ёстой. Бодлогыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын төслүүдтэй уялдсан төрийн дэмжлэг хэрэгтэй. Энэ утгаараа харвал бид үндсэн ажлуудаа барьж авч хийхгүй л байна.
Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн ахиц дэвшлийг дэмжихэд юу хамгийн чухал вэ?
Салбарын компаниуд Хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгээд эхлэх юм бол энэ асуудалд илүү анхаарах байх. Ер нь бид нийтээрээ өөрийн эрхийг зөрчигдөж байгаа эсэхийг шинжлүүлж чадахгүй хэмжээнд яваа. Эрхээ зөрчигдөж буйг танин мэдээгүй хүн дараагийн арга замыг мэдэхгүй. Асуудлынхаа шалтгааныг олж чадахгүй гэсэн үг. Том зургаар нь авч үзвэл эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо ахицтай байгаа ч бүрэн дүүрэн биш байна. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн өөрсдийн идэвх сул байна.
Тэгвэл манай улсад ямар санаачилга, манлайлал хэрэгтэй гэж Та үзэж байна вэ?
Жендэр гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж хардаг, өрөөсгөл үзэл хандлага нийгэмд давамгайлдаг. Хүний эрх, жендэрийн агуулга контентыг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг байгууллагууд хийж байна. Энэ чиглэлийн мэдлэг ойлголтыг сурталчлах ёстой ч хөшүүрэг нь төр өөрөө юм. Хүний эрхийг хүндэтгэж, жендэрийн асуудалд өөрчлөлт бий болгоход манлайлах үүрэг нь төрийн өмчит компаниудад байх ёстой. “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт төрийн өмчит уул уурхайн компаниудад манлайлал асар сул байна. Манлайллыг хувийн хэвшлээс шаардах нь өрөөсгөл. Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг хүндэтгэдэг байгууллагуудын жишээг хувийн хэвшлээс хайхаас илүүтэй хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх, зөрчлөөс сэргийлэх үүргийнхээ дагуу хариуцлагатай байдлыг төрийн өмчит компаниуд манлайлмаар. Өнгөрсөн жил манай холбооноос “Эрдэнэс Тавантолгой” компанид Хүний эрхийн магадлан шинжилгээ хийхэд харьцангуй сайн жишээ дотроо байгаа юм. Гэхдээ тэр сайн жишээгээ бусдад сургах, түгээх, үлгэрлэх түвшинд гаргаж ирэхгүй байна. Үүнийг л манлайлах үүрэг гэж хэлээд байгаа юм. Төрийн өмчит компаниуд эмэгтэй ур чадвартай ажилтнуудаа удирдлагын түвшинд дэмжээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр манай улсын төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагад эмэгтэй захирал байхгүй. Төлөөлөн Удирдах зөвлөлд нь салбарын мэргэжлийн мэргэжилтэн алга, хүйс хамаарахгүйгээр. Эрдэс баялгийн салбарын ТУЗ-д стратегийн түвшинд шийдвэр гаргах чадамжийн шалгуур гэж байдаг. Энэ шалгуураар салбарт нэн тэргүүнд ХАБ буюу өргөн утгаараа хүний эрхийг хүндэтгэх мэдлэгтэй байх хэрэгтэй. Эндээс л хүний эрхийн мэдрэмжтэй бодлого гарна. Энэ ойлголт салбарт байхгүй байна. Ингэж өргөн хүрээгээр нь харж байж дорвитой өөрчлөлт хийж чадна. Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг яриагүй. Эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн ур чадвараар хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Хариуцлагын ойлголт нь зөвхөн нийгмийн хариуцлагын ойлголт биш шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна. Үүнийг салбарын компаниуд ойлгоосой. Дараагийн түвшинд гарах хөгжил дэвшил рүү яваасай.
Майнинг Инсайт сэтгүүл, №11 (024)