Уул уурхайтай 10 улс Женевт туршлагаа хэлэлцэв


Н.АРИУНТУЯА


-Женев-Улаанбаатар-


Монгол Улс БОЗХ-ийг амжилттай хэрэгжүүлсэн орноор нэрлэгдлээ 


Женев хотноо болсон Байгаль орчны засаглал хөтөлбөрийн дэлхийн арга хэмжээнд (EGP Global event) Майнинг Инсайт оролцоод ирлээ. 

Арваннэгдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд зохиогдсон уг чуулганд Байгаль орчны засаглал хөтөлбөр (БОЗХ)-ийн 11 орон оролцож, төсөл хэрэгжсэн 10 орон үр дүнгээ хэлэлцсэний нэг нь Монгол Улс юм. 

БОЗХ нь Шведийн Байгаль орчныг хамгаалах агентлаг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын санаачилга юм. Зорилтот орнуудын эрдэс баялгийн салбарын засаглалын тогтолцоонд байгаль орчин болон хүний эрхийн зарчмуудыг нэвтрүүлэхэд туслах зорилготой. Олон улсын хийгээд бүс нутгийн түвшинд хэрэгждэг тус хөтөлбөр нь улс орон, бүс нутгийн хооронд дээрх чиглэлээр бодлогын шинэлэг арга барил, туршлага солилцохыг мөн дэмжиж ажилладаг байна. 

БОЗХ нь Монгол Улсад 2016-2019, 2020-2024 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжээд дуусаж байгаа юм. Хөтөлбөрийн хоёр дахь шатанд Монгол Улсаас гадна хөгжиж буй Аргентин, Намиби, Колумби, Кени, Замби, Эквадор, Киргизстан, Либери, Перу нарын нийт 10 орон хамрагдаж, төсөл хэрэгжжээ. Конго Улс хөтөлбөрт шинээр хамрагдаж буй тул семинарт оролцсон.

Эдгээр 10 орны уул уурхайн салбар дахь байгаль орчин, хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин, хэрэгжилт, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлэх, олон талт хамтын оролцоог дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдийг 2020-2024 онд хэрэгжүүлсэн байна. Хөтөлбөрийн орнууд хоёр дахь шатны хаалтын чуулганаараа хэрэгжүүлсэн төслүүдийнхөө ололт амжилт, сургамж туршлагаас хуваалцсан юм. 

Монгол Улс хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй төсөл хэрэгжүүлж, багагүй амжилт ололттой байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглал төслийн менежер Р.Ариунбилэг дурдаад, тэдгээрээс гурван төслийн ахиц дэвшлийг онцолж танилцуулсан.  

Эхнийх нь Хариуцлагатай уул уурхайн кодекс боловсруулж, уул уурхайн салбарт нэвтрүүлсэн явдал. Уг кодексийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөр болгон өргөжүүлж, дүрэмдээ гишүүн компаниудын заавал дагаж мөрдөх механизм болгон тусгасан юм. Үр дүнд нь өдгөө 60 гаруй уул уурхайн компани кодекст нэгдэн, хэрэгжүүлж байна. Цаашлаад кодескийг амжилттай хэрэгжүүлж буй томоохон компаниуд дараагийн олон улсын ахисан түвшний стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. 

Удаах нь иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний аргачлалыг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж, уул уурхайн салбарт хэрэгжүүлж эхэлсэн явдал. Иргэний нийгмийн байгууллагуудаас амжилттай туршиж буй энэ төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон БОЗХ-ийн ашигладаг визуал өгүүллэгийн талбар Exposure-аас 2022 оны нэгдүгээр улирлын шилдэг туршлагаар нэрлэжээ. 

Гурав дахь ололтод Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх аргачлалыг албан ёсоор батлан мөрдүүлэхээр болсныг дурдсан. Аргачлалыг байгаль орчны мэргэжлийн компани боловсруулсан ба холбогдох төрийн байгууллагууд болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч компаниудыг оролцуулан, нөхөн сэргээлтийн жишиг үзүүлэх сургалт зохион байгуулж туршсан байна. Монгол Улсад мөрдөгддөг уул уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд хэт нүсэрддэг тул нөхөн сэргээлгүй орхих явдал нийтлэг. Үүнийг энэхүү санаачилгаар шийдэх боломжтой болж буйг нь ач холбогдолтой юм.

Туршилтын эдгээр төслүүд жижиг мэт боловч гол үнэ цэн нь төсөл зогссоны дараа үргэлжлэн тогтвортой хэрэгжих, уул уурхайн салбарын хэмжээнд хүртээмжтэйгээр түгэн дэлгэрэх боломжтой гэдгээрээ Монгол Улс хөтөлбөрийг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн орны нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байна. Үүнийг БОЗХ-ийн Дэлхийн баг онцлон дурдаж байв. Түүнчлэн хөтөлбөрийн бусад орнуудаас Монголын сайн туршлага, жишгээс суралцах хүсэлтэйгээ цөөн биш удаа илэрхийлж байлаа.


Монгол Улсыг амжилттай гэж тодотгохын бас нэг үндэслэл нь зарим төслүүд уул уурхайн салбараа нийтэд нь хамарч, том компаниуд татагдан орж, үлгэрлэж буйтай холбоотой байв. 


Хөтөлбөрийн орнуудын хувьд гол төлөв бичил уурхай зонхилдогтой холбоотойгоор түүнийг дагаж гардаг асуудлуудад чиглэсэн төслүүд голчлон хэрэгжүүлж байна. Тэгвэл Монгол Улсын хэрэгжүүлсэн төслүүд, тэр дундаа Хариуцлагатай уул уурхайн кодекс нь салбарын мэргэжлийн гол холбоо дүрэмдээ тусгаснаар гишүүн уул уурхайн компаниуд заавал хэрэгжүүлэх механизм болж чадсан, улмаар улсын хэмжээнд томоохон компаниуд манлайлан хэрэгжүүлж, салбарын хэмжээнд амжилттай түгэн дэлгэрч байгаа гэдгээрээ онцлог байлаа. Энэхүү төслийн үр дүнгийн тайланг Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл боловсруулсан бөгөөд монгол, англи хэлээр нийтлэгдэж, нээлттэй тавигдсан тул танилцах боломжтой юм. 


ХӨТӨЛБӨРИЙН ОРНУУДЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТ, АХИЦ ДЭВШЛҮҮД

Киргиз: 2022 онд Чаткал хотод орон нутгийн иргэдийн уул уурхайд хандах хандлага болон уул уурхайгаас байгаль орчин, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн талаарх үзэл, ойлголтыг тандах судалгаа хийхэд уул уурхайд үл итгэх хандлага зонхилж байжээ. Үр дүн нь уул уурхайтай бүс нутгуудад иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, дэд бүтэц, байгаль орчны төслүүдэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж гарсан байна. Судалгааны үр дүнд тулгуурлан, хамтын оролцоотой байгаль орчны мониторинг (ХОБОМ)-ийг тодорхой бүс нутгуудад туршилтаар хэрэгжүүлжээ. Орон нутгийн иргэд нааштайгаар хүлээн авч, улмаар Засгийн газрынхаа дэмжлэгийг авч чаджээ. Тус улсын Байгалийн нөөц, байгаль орчны яам уг аргыг уул уурхайн салбарын хяналтыг сайжруулахад ач холбогдолтой хэмээн дэмжин ажиллахаа мэдэгдсэн байна. Ингэснээр ХОБОМ-ийн бүлгүүд нөхөн сэргээлтгүй орхигдсон газруудад үнэлгээ хийж, туршилтын нөхөн сэргээлтийн ажлууд хийхээр болжээ. Мөн улсынхаа хэмжээнд анх удаа газрын хэвлийн ашиглалтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, зардлыг тооцох аргачлалыг боловсруулж байна. 

Кени: Байгаль орчин, нийгэм, аюулгүй байдал, хүний нөөцийн зохицуулалттай холбоотой уул уурхайн шилдэг туршлагаас бүрдсэн мэдлэгийг улсынхаа онцлогт тохируулан, бичил уурхайд суурилсан зохицуулалт болгон хувиргажээ. Энэ нь бичил уурхайг албан ёсны болгох үйл явцыг хурдасгахад хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна. Мөн бичил уурхайн хорооны үйл ажиллагаа явуулах гарын авлага боловсруулж, Олон талт мониторингийн тогтолцоо бий болгон, бичил уурхайн хороодыг хамруулж эхэлжээ. 

Либери: Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийг бичил уурхайн нөхөрлөлүүд дээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашлаад олон талын оролцоо бүхий Үндэсний хөтөлбөр болгон батлахыг эрмэлзэж байгаа аж. Мөн бичил уурхайд тулгардаг асуудлуудаас сэргийлэх зорилгоор байгаль орчин, уул уурхайн чиглэлийн сургалт явуулж байна. Үүнийг Уул уурхай, эрчим хүчний яамны шинэ удирдлагаас дэмжин, бичил уурхайн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх хүрээнд байгаль орчин, уул уурхайн байцаагчдаа оролцуулж байгаа аж. 

Намиби: Бичил уурхайгаар олборлож буй дөрвөн газарт байгаль орчны үнэлгээ хийж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан, түүний дагуу үйл ажиллагаа явуулжээ. Амжилттай ажилласан тул тэдгээр бичил уурхайн хоёрт нь Байгаль орчин, ой, аялал жуулчлалын яамнаас нь Байгаль орчныг нөхөн сэргээсэн гэрчилгээ олгосон байна. Мөн Бичил уурхайчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдамж боловсруулж, уурхайн хаалтын чиглэлээр сургалт явуулж чадавхыг хөгжүүлж байна. 

Замби: Шинэ тутам уул уурхайн энэ орон уул уурхайн үйл ажиллагааг улам өргөжүүлэх бодлого явуулж байгаа. Түүнийг дагаад байгаль орчин, хүний эрх, орон нутгийн иргэдийн эрх ашгийн асуудал өргөн хүрээнд хөндөгдөж байна. Хөтөлбөрийн хүрээнд багагүй амжилт олж буйгаа онцолсны нэг нь шинээр үүсгэсэн Мэдээллийн сан. Энэ нь ашигт малтмалын мэдээллээс гадна ойн нөөц, түүний дотор ан амьтдыг хамгаалах хамтын менежментийг дэмжих зорилготой. Түүнчлэн олон нийтийн оролцоотой байгаль орчны мониторингийн тогтолцоо бий болгох туршилтын төслийг 2025 онд хоёр уурхайд хийхээр төлөвлөжээ. Энэ чиглэлд Монголын БОЗХ-ийн туршлагыг судлах, суралцах сонирхолтойгоо илэрхийлсэн. 

Аргентин: Дэлхийн дөрөв дэх том литийн үйлдвэрлэгч энэ улс Боливи, Чилитэй хамтран “Литийн гурвалжин” гэгдэх томоохон нөөцийн нэг хэсгийг эзэмшдэг. Литийн гурвалжингийн орнуудын төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулснаа мэдлэг солилцох чухал үйл ажиллагаа хэмээн дүгнэж байна. Мөн литийн олборлолтыг олон нийтэд зөвөөр таниулах цуврал видеонууд хийж, лити олборлолтын техникийн зааварчилгаа гаргасан байна. 

Колумби: Байгаль орчны хяналтын хөтөлбөр боловсруулж, иргэдийн оролцоотойгоор усны чанар, ургамлын нөхөн сэргээлтийг хянах болсноор орон нутаг болон иргэдийг илүү хүчирхэг болгож чадсан хэмээн танилцуулсан. Мөн хүхрийн уурхай хаагдахад хаалтын дараа орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааг унагахгүй байх үүднээс уугуул иргэд, эмэгтэйчүүдээр нөхөн сэргээлтийн ажил хийлгэж, орлогын эх үүсвэртэй байлгах талаас дэмжиж ажиллажээ. Түүнчлэн 2023 оны БОЗХ-ийн бүсийн чуулганаар Перу Улстай ХОБОМ-ийн туршлагаа хуваалцсан нь мэдлэгийн чухал солилцоо болсон хэмээн үнэлж байна. 

Эквадор: Бичил уурхай голлодог байсан тус улсад олон улсын үндэстэн дамнасан томоохон уул уурхайн компаниуд орж ирээд цөөн жил болж байгаа. Уул уурхайн үр ашгийг бүгд ойлгодог ч байгаль орчин, хүний эрхийн сөрөг нөлөөлөл ихтэйн улмаас эсэргүүцэл ихээхэн тулгарч байгаа улсын нэг. Тиймээс уул уурхайн салбарт засаглалыг сайжруулахыг эрмэлзэн, олон талт оролцогчдын талбар бий болгох, түүнд орон нутгийн иргэд болон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уул уурхайд ажилладаг эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлыг шийдэх чиглэлд төвлөрч ажиллажээ. Сайн туршлага гэвэл уурхайг хаах анхны зардлыг хэрхэн тооцоолох тухай гарын авлага гаргасан нь уул уурхайн компани төдийгүй эрх баригчдад хаалтыг үр дүнтэйгээр төлөвлөхөд туслах жишиг хэрэгсэл болж чадсан хэмээн үзэж байна. 

Перу: Олон үндэстэн угсаатнаас бүрдсэн энэ улсад сүүлийн жилүүдэд зургаан Ерөнхийлөгч солигдсонтой холбоотойгоор ард иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл ихээхэн унажээ. Мөн уул уурхайтай холбоотой зөрчил маргаан ихээр гарч байгаа. Үүнийг шийдэх нэг чухал механизм нь ХОБОМ хэмээн үзэж, оролцогч талуудыг сургаж чадавхжуулж эхэлжээ. ХОБОМ-ийг хэрэгжүүлэхдээ усны болон байгаль орчны үнэлгээ хийдэг, судалгааны мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг эрмэлздэг байна. Мөн олон үндэстний төлөөллийг оролцуулсан зөвлөл байгуулсан, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хийж буй хүчин чармайлтуудаа онцолж байлаа.

БОЗХ-ийн дараагийн үе шат 2025-2028 онд Аргентин, Конго, Колумби, Кени, Замби улсуудад үргэлжлэн хэрэгжих юм. Харин хоёр дахь шатны орнуудаас Либери, Намиби, Эквадор, Перу, Киргиз, Монгол зургаан улс хөтөлбөрийг төгсгөж байна. 

Үүнтэй холбоотойгоор семинарын үеэр хариуцлагатай уул уурхайн зарчим, сайн туршлагыг хөгжүүлэхийн тулд БОЗХ-ийн үе шат бүхэнд бий болж буй асар их мэдлэгийг өргөн хүрээнд хүртээмжтэйгээр ашиглагдахуйц байлгах “БОЗХ-ийн мэдлэгийн төв”-ийг бий болгох талаар хэлэлцсэн. Тэрхүү мэдлэгийн төв нь БОЗХ-ийн орнууд ба төгсөгч орнууд, БОЗХ-ийн Техникийн хороо, Түншүүд болон шинжлэх ухаан, инновац, иргэний нийгмийн байгууллагуудын мэдлэгийн солилцооны чухал талбар байх юм. 


-ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ШИНЭ ХАНДЛАГА: ХҮН ТӨВТЭЙ, БАЙГАЛЬ ТӨВТЭЙ УУЛ УУРХАЙ-

Хаалтын семинараар хөтөлбөрийн орнууд “зовлон, жаргалаа хуваалцаж”, бие биенээсээ суралцахын сацуу уул уурхайн хаалт, санхүүгийн баталгаа, жендэр, хамтын оролцоот байгаль орчны мониторинг, эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдол бүхий ашигт малтмалууд зэрэг сэдвээр 4 өдрийн турш өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөсөн. 

Гэхдээ бүхий л асуудлын төвд хүний эрх, байгаль орчны асуудал тавигдаж, уул уурхайн салбар хүний эрхийг дээдэлж, байгаль орчноо хамгаалахад хэрхэн үр дүнтэй оролцох, яаж илүү их хувь нэмэр оруулах, эдгээр үнэт зүйлсийг уул уурхайн салбарт хэрхэн шингээн хөгжүүлэх вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулж байлаа. 

Тухайлбал, семинарын үеэр НҮБХХ-ийн Засаглалын бодлогын төвөөс (GPCG) “Стратегийн оролцоо” бодлогын хэлэлцүүлэг зохион байгуул­сан. Мөн үеэр “Энергийн шилжилтийг хангах нь: Энергийн шилжилтийн үед эрх тэгш, шударга байдалд хүргэх эрдэс бодисын зарчмууд”-ыг танилцуулсан юм. НҮБ-ын баримт бичгүүдэд тусгагдсан хэм хэмжээ, амлалт, хууль эрх зүйн үүргүүдэд үндэслэн, сайн дурын удирдамж болох 7 зарчмыг НҮБ-аас санал болгож байгаа аж. Үүнд, 

1. Эрдэс бодисын үнэ цэнийн хэлхээнд хүний эрх гол цөм болох ёстой.

2. Хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлын бүрэн бүтэн байдлыг хамгаалах ёстой.

3. Эрдэс бодисын үнэ цэнийн хэлхээ шударга ёс, эрх тэгш байдалд тулгуурлах ёстой. 

4. Хувь хүртэх, үнэ цэн нэмэх, эдийн засгийн олон талт байдлыг дэмжих замаар хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. 

5. Хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдаа нь хариуцлагатай, шударга байх ёстой. 

6. Ил тод байдал, хариуцлага ба авлигын эсрэг арга хэмжээ нь сайн засаглалыг зайлшгүй хангах ёстой. 

7. Хамтын ажиллагаа, олон талт байдал нь энх тайван, аюулгүй байдлыг дэмжих ёстой. 

Эдгээр зарчмыг эрдэс бодисын үнэ цэнийн хэлхээнд шингээн хөгжүүлэхийн тулд бие даасан байгууллага байгуулж, хэрэгжүүлэх үйл явцыг тодорхойлох хэрэгтэй гэж удирдамжийг боловсруулсан НҮБ-ын Төлөөлөгчдийн бүлэг зөвлөж байгаа аж. Зөвлөмжөөс онцлох өөр нэг зүйл нь, уул уурхайгаар эвдэгдэж, нөхөн сэргээлгүй үлдсэн газруудаас үүдэлтэй алдарсан итгэлцлийг сэргээхийн тулд уурхайн нөхөн сэргээлт, хаалтын санхүүгийн баталгааны механизм бий болгох зорилгоор Дэлхийн уул уурхайн өв сан байгуулахыг зөвлөсөн явдал юм. 

Энэ бүхнээс эрдэс баялгийн салбарын шинэ хандлагыг хүн төвтэй, байгаль төвтэй уул уурхай гэж тодорхойлж болохоор байна. Илүү тогтвортой, илүү шударга уул уурхайг бий болгохын тулд хүний эрхийг, байгаль орчныг дээдлэхийг асуудлын төв болгон ярьж байна. 

- УУЛ УУРХАЙН ПАРАДИГМЫГ ДАХИН ТОДОРХОЙЛОХ НЬ -

БОЗХ-ийн хоёр дахь шатны хаалтын семинар “Уул уурхай, эрдэс баялаг, метал ба тогтвортой хөгжил” Засгийн газар хоорондын форум (IGF)-ын ээлжит XX уулзалттай зэрэгцэн явагдсан бөгөөд семинарын оролцогчид хоёр дахь өдрийн хуралдаанд оролцсон юм. БОЗХ-ийн эхний шатны хаалтын семинарыг ч мөн л энэ хуралтай давхцуулан зохион байгуулж, хөтөлбөрийн орнуудаа оролцуулсан уламжлалтай аж. 

Уг форум нь уул уурхайтай дэлхийн улс орнуудын Засгийн газруудаас хамтран гаргасан санаачилга бөгөөд 2005 оноос жил бүрийн уулзалтыг хийж эхэлжээ. Сүүлийн байдлаар 85 Засгийн газар гишүүнээр элссэн энэхүү форумд Монгол Улс 2006 онд нэгдсэн байна. Форум нь Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ыг хэрэгжүүлэхэд уул уурхайн салбарын хувь нэмрийг илүү үр дүнтэй болгохын тулд салбарын хамгийн шилдэг туршлагын талаар санал солилцож, тулгарч буй хүндрэл бэрхшээл, боломж бололцоогоо хэлэлцдэг талбар юм. 

Швейцарын Женев хотноо жил бүрийн арваннэгдүгээр сард болдог уг чуулганы 20 дахь уулзалтад 90 орны төлөөлөгч оролцсон. Монгол Улсаас АҮЭБЯ төлөөлж очжээ. 20 дахь чуулган “Уул уурхайг дахин тодорхойлох нь: Эрдэс баялгийн хэрэгцээгээ хангахдаа хүмүүс болон эх дэлхийгээ хамгаалах зорилтыг хамтад нь тэнцвэржүүлэх нь” уриан дор зохиогдсон. 

Уул уурхай дэлхий даяар ногоон, дижитал эдийн засагт шилжих үйл явцыг эрчимжүүлэгч нь болж буйтай холбоотойгоор ашигт малтмалын шударга хуваарилалт, ард иргэдийн хүртэх үр өгөөж, байгаль орчныг хамгаалах зорилтын үүднээс өнөөгийн парадигмыг дахин тодорхойлох шаардлагатай. Ингэснээр эх дэлхийгээ хамгаалж, иргэд олон нийтийг сэтгэл хангалуун байлгахын зэрэгцээ эдийн засгийн хөгжлийг дэмжинэ гэсэн агуулгын дор гурван өдрийн турш 12 сэдэвчилсэн хуралдаан болсон юм. 

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) “Дэлхийн чухал ашигт малтмалын төлөв байдал 2024” (Global Critical Minerals Outlook 2024) тайланд дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй барих зорилтод хүрэхийн тулд цэвэр эрчим хүчний шилжилтийн үндэс болсон цахилгаан машин, салхин турбин, нарны хавтангийн технологид шаардагдах критикал минералуудыг нийлүүлэхэд 2040 он гэхэд уул уурхайд 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ. Тиймээс критикал минералуудын үйлдвэрлэл, дахин боловсруулалт, дахин ашиглалтыг хурдасгахгүйгээр 1.5С хэмийн зорилтод хүрэхэд бэрхийг онцлон тэмдэглэсэн байна. 

Энэ нь 20 дахь чуулганы үндсэн сэдвийн нэг байсан ба түүний хүрээнд Чухал ач холбогдолтой ашигт малтмалын үйлдвэрлэлийг түргэсгэх; Орон нутагт үр өгөөжийг нэмэгдүүлэх, Уул уурхай дахь хүний эрхийг дээдлэн, хүнийг нэгдүгээрт тавих; Чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ ба жендэрийн тэгш байдал; Дэлхий даяарх уул уурхайн олон стандартыг нэгтгэх нь; Эрчим хүчний шилжилтийн үеийн байгаль хамгаалал; Байгаль сүйтгэгч уул уурхайн технологиудыг өөрчлөх; Эрчим хүчний шилжилтэд металл бус ашигт малтмалын үүрэг зэрэг сэдвүүдээр нарийвчлан хэлэлцсэн. Эдгээр асуудлаар уул уурхайн салбар хэрхэн оролцох, үр ашгийг дээшлүүлэх, хууль эрх зүй, татвар, төсвийн ямар арга хэмжээнүүд авч болох, энэ чиглэлд дэлхий нийтийн хандлага, сүүлийн үеийн шилдэг туршлагуудын талаар санал солилцсон. 

Мөн эрчим хүчний шилжилтийн явцад “шинэ технологи, шинэ хэрэглээ, худалдааны шинэ хэв маяг, шинэ дэд бүтэц, шинэ түншлэл, шинэ геополитик” шаардлагатайг тэмдэглэж, дэлхийн энэ өөрчлөлтөд критикал минерал нэн чухал үүрэг гүйцэтгэхийг онцлохын сацуу хөгжиж буй орнууд нь ашигт малтмалаар баялаг ч бай, үгүй ч бай дэлхийн энэхүү шинэ сүлжээнд нэгдэх шаардлагатайг ч дурдаж байна. 

Бидний оролцсон чуулганы хоёр дахь өдрийн хурлаар уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудлыг төвлөрч ярьсан. Мөн уул уурхай, байгаль орчны салбарт хэрэгждэг, дагаж мөрддөг асар олон стандартыг нэгтгэх чиглэл рүү дэлхий явж буй бөгөөд хэрхэн нэгтгэх талаар олон чухал санал, байр сууриуд яригдаж байна. Түүний нэг нь уул уурхайн нэгдсэн стандарт бий болгох, стандартын хэрэгжилтэд хяналт тавих хараат бус зөвлөл байгуулах санаачилга байв.

Эцэст нь уул уурхай бол дэлхийн хэмжээний үйлдвэрлэл тул дэлхийн хэмжээний шийдэл шаардлагатай. Тиймээс дэлхий нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлье хэмээн 20 дахь чуулганы индрээс уриалсан. 

Дэлхийн энх тайвны нийслэл гэгддэг, дипломат харилцааны гол төв Женев хотноо арваннэгдүгээр сарын гурав дахь 7 хоногт уул уурхай бүхий 90 улс чуулахдаа хүний эрх, байгаль орчныг дээдэлсэн тогтвортой, шударга уул уурхайг хөгжүүлэхийн тулд дэлхий нийтийн хамтын ажиллагаа урьд урьдынхаасаа илүү чухал байгааг онцлон тэмдэглэлээ.