О.БАТБОЛД
Хариуцлагатай уул уурхай” Хойд бүсийн чуулганы хамгийн сонирхолтой хэсэг нь “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-тай танилцах аялал (2024.09.13) байв. Уул уурхайн үйлдвэр хэр нь мод үржүүлгийн байгууллага шиг мод тарьж байгаа тус компаниар зочлох боломж тохиосон юм. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан бол тэрбум мод тарих амлалтыг 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын өмнө өгсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрдэс баялгийн салбарын компани, аж ахуйн нэгжүүд 650 сая мод тарих үүрэг хүлээсэн билээ. Үүний нэг нь 2031 он хүртэл жил бүр 10 сая мод тарьж ургуулах амлалт авсан “Эрдэнэт ТӨҮГ” юм. Үйлдвэрийн дэргэд 2022 оны зургаадугаар сард “Ойн генетик нөөцийн төв”-ийг иргэд олон нийтэд нээлттэйгээр байгуулжээ. Хаалгаар ормогц төрөл зүйлийн үрийг хийсэн шилэн сав олноор өрсөн, таазнаас ч өлгөсөн өвөрмөц тохижилттой өрөө угтлаа. Нийт 110 төрлийн модны үр, бусад ургамлын үр тус бүрийг ангилж хаягласан энэ өрөө 0-1 хэмийн сэрүүн байх ёстой аж. Өрөөний баруун хэсэгт шинжлэх ухааны номын сан буй. Эрдэс баялгаас олсон ашиг, өгөөжөөр байгуулсан төв гэдэг утгаараа олсон мэдлэгүүдээ нийтэд түгээхийн тулд ингэж тохижуулжээ.
Албан байгууллага, айл өрх, хувь хүн ялгаагүй хэн хүссэн нь энд ирж, үйл ажиллагаатай танилцаж, номын сангаар үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Биднийг “Эрдэнэт” үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба хүлээн авч, үндсэн зургаан лабораториор орж үзэхийг урив. Үндсэн лабораториуд байрлах коридор нэлээд жиндүү байлаа. Энд үрийг хүлээж авч, хатаахаас эхлээд тарьц суулгац болгож бэлддэг байна. Өрөө тус бүрийн хэм өөр, шат дамжлага нь ондоо аж. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь иргэдийн үр, тарьц, суулгацыг үнэ төлбөргүй богино, урт хугацаанд хадгалж өгдөг агуулахууд байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид өөрсдөө үр түүдэг учраас чанарын шинжилгээ хийх, үрийг хурдан өсгөх биотехнологийн лаборатори эндээ байгуулж байгаа. Биотехнологийн лаборатори нь ашиглалтад орсноор чанарын шаардлага хангасан сортын үрийг худалдан борлуулдаг болох гэнэ. Түүнчлэн хүмүүс тарих гэж буй модныхоо үрийг энд авчирч, чанарын шинжилгээ хийлгэх боломжтой болох юм байна. Хүссэн хүн бүр энд ирээд тарих гэж байгаа мод, ургамлаа байгальд ямар байдлаар ургадгийг мэдэж, үрийг нь таньж мэддэг болоод ирэхээр үр түүх, худалдан борлуулах соёл Эрдэнэт хотод бий болох нь. Энэ төвөөс гадна “Хөрсний инновац, технологийн төв”-ийг иргэд, олон нийтэд нээлттэй байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийнхэн байгуулж байна. Тус төвд хөрстэй холбоотой том товхимлууд, агрохимийн болон микробиологийн лабораториудыг байгуулах юм. Лабораториуд ашиглалтад орсноор иргэд тариалангийн талбай, хашааныхаа хөрсний дээжийг авчирч шинжлүүлэн, тухайн хөрсөнд шаардлагатай эрдэс бордоог мэдэх, ямар төрлийн мод, ургамал таривал зохих талаар мэдээлэл авдаг болно. Мод тарихад арчилгааны явц хамгийн хэцүү болохоор ургуулах хөрсөө сайн шинжлүүлээд, яаж арчлахаа заалгаад авбал хэн ч гэсэн мод тарихад урамтай болно доо. Энэ бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд эрдэс баялгийн салбарынхан манлайлан оролцож байгаа тод жишээ. Өмнө нь ч уул уурхайн компаниуд өөрсдөө хүлэмжийн хийн ялгарлын тооллого хийж мод тарьдаг. Уурхайчид угаасаа л тарьдаг, ургуулдаг, арчилдаг… Нэг талдаа газрын хэвлийн баялгийг ашиглаж буй учир ашигласан газраа нөхөн сэргээх, тэр хэмжээний зай талбайд дүйцүүлж мод тарих үүрэг тэдэнд бий. Уул уурхайн аль ч шатны үйл ажиллагаа асар их хариуцлага, эрсдэлийг дагуулж байдаг. Энэ салбарт хэн хариуцлагатай нь урт хугацаандаа амжилттай явах зүй тогтол бий. Нөгөө талаараа олон улсын зах зээлтэй шууд хамааралтай ажилладаг, их хэмжээний хөрөнгө оруулалт эргэлддэг салбар. Сүүлийн жилүүдэд олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийхдээ харилцагч талууддаа хүлэмжийн хийг бууруулах шаардлага тавьдаг болсон. Иймээс уул уурхайн компаниуд урьд өмнөхөөсөө ч илүү хүлэмжийн хийн ялгарлаа тоолж, хэр хэмжээгээр бууруулснаа тайлагнаж өөрийн нэр хүндийг өсгөх, санхүүжилт авах хөшүүргийг бий болгодог чиг хандлагатай болж байна.
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛСАН ХЭМЖЭЭГЭЭР ЗЭСИЙН КОМПАНИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ТОДОРХОЙЛОГДДОГ
“Эрдэнэт” үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн амлалтаа биелүүлэхийн тулд эхний бэлтгэл үе шатанд модоо тарьж ургуулах дэд бүтцүүдээ байгуулаад явж байна. Хоёрдугаар үе шатанд байгуулсан дэд бүтцүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлдвэрлэл борлуулалт хийнэ. Гуравдугаар үе шатанд эрчимжүүлэх буюу мод тарилт, арчилгааны ажил хийгээд, улсын санд хүлээлгэж өгөх тооллогын ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхийн тулд Ногоон хөгжил төслийн нэгжийг байгуулсан. Бид Улаанбаатар хотод “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний логог 22 га талбайд модоор хийх төлөвлөгөөтэй байна. Их хэмжээгээр мод тарьдаг шалтгааныг хүмүүс их асуудаг. Хүлэмжийн хийн ялгарлыг ямар хэмжээгээр бууруулж байгаа юм бэ гэдгээр зэсийн компанийн өрсөлдөх чадвар тодорхойлогддог. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ худалдаж борлуулахын тулд бид нүүрстөрөгчийн зах зээлд оролцохоос өөр аргагүй. Ийм ч учир говийн бүс, хангайн бүс, суурьшлын бүс, хамгаалалтын зурваст 100 сая мод тарьж ургуулаад, улсад хүлээлгэж өгөхөөс гадна Монгол орны ойн санд үлэмж хэмжээний бүтээн байгуулалт хийж үлдээнэ гэсэн зорилготой ажиллаж байна. Тухайлбал, 134 га талбайд хангайн бүсийн мод үржүүлгийн цогцолбор бүтээн байгуулахаар ажиллаад явж байна” гэв.
Майнинг Инсайт сэтгүүл, Есдүгээр сар 2024, №09 (034)