2030 он, ДАРАА НЬ ЯАХ ВЭ

Э.МИШЭЭЛ

Сүүлийн сар гаруйн хугацаанд дэлхийн ирээдүйг тодорхойлогч томоохон хоёр чуулга уулзалтад уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг урд өмнөхөөсөө асуудал болгон үзэв. Тэр дундаа Дэлхийн эдийн засгийн чуулганаар ирэх 10 жилийн гол эрсдэлүүдийг нэрлэлээ. Үүнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүд тэн хагасыг эзэлж, хүлэмжийн хийд үзүүлэх хүн төрөлхтний нөлөөллийг багасгахад илүү хичээх шаардлагатай гэдгийг оролцогчид онцлов. Үүнд Монгол Улсын оролцоо “Тэрбум мод” хөдөлгөөн байгаа. Гэвч энэ нь нэг талаар хангалтгүй болох дүр зураг тодорч эхэллээ. Тэгвэл яах вэ.

-Судлаачид ирэх 10 жилийг юу гэв-

Дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-ы үеэр гаргадаг “Дэлхийн эрсдэлийн тайлан” энэ удаад хоёр болон 10 жилийн төлөвийг танилцуулжээ. Судлаачид ирэх 10 жилийн уур амьсгалтай холбоотой эрсдэлд цаг агаарын эрс тэс үзэгдэл, дэлхийн экосистемд гарсан өөрчлөлт, биологийн олон янз байдлын гарз болон экосистемийн доройтол, байгалийн нөөцийн хомсдол, бохирдлыг нэрлэсэн байна. Эдгээрээс огцом өсөлт хийх эрсдэл нь биологийн олон янз байдлын гарз болон экосистемийн доройтол. Энэхүү эрсдэлийг эхний хоёр жилд төдийлөн анхаарах шаардлагагүй хэмээн 20 дугаарт эрэмбэлсэн бол дараагийн 10 жилд гурав руу огцом өсгөжээ. Мөн эхний хоёр жилд эхний 10-т байсан дайн мөргөлдөөн, тэгш бус байдал, инфляц, эдийн засгийн уналт гэсэн эрсдэлийг дараагийн 10 жилд эхний 10-н байраас хассан. Харин оронд нь байгаль орчны гурав, технологийн нэг эрсдэлийг оруулжээ. Түүнчлэн байгалийн эрс тэс үзэгдэл хоёрт байсан бол нэгт орох аж. Харин бохирдлыг 10 дугаарт эрэмбэлж, анхаарал хандуулах хэмжээнд байлгасаар байх нь зөв хэмээн үзэж байна. Урт хугацааны буюу 10 жилийн байгаль орчны таван эрсдэл манай “Тэрбум мод” хөдөлгөөн дуусаж, үр шимээ өгөөд эхэлчих үетэй давхцаж байгаа юм. 

-Монгол Улсыг эергээр харагдуулах “Тэрбум мод” хөдөлгөөн-

ДЭЗЧ-аас гаргасан ирэх 10 жилд тохиолдож болох байгаль орчны таван эрсдэл өөр хоорондоо холбоотой төдийгүй бусад эрсдэлтэй уялдаатай. Тухайлбал, цаг агаарын эрс тэс үзэгдэл буюу хүчтэй салхи шуурга, үер усны гамшиг зэргээс үүдэн хүмүүс өөр тийш хүссэн хүсээгүй нүүх эрсдэл рүү орох аж. Нэг газраас нөгөөд шилжих хөдөлгөөн нь өөрөө байгалийн нөөцийн хомсдолд хүргэж, бохирдлыг дагуулах юм. Энэхүү үйл явц дараагийн 10 жилд дэлхий даяар одоо байгаагаас нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай улсын хувьд үүнийг тойрч гарахгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувьд үүнийг багасгах  зорилготой, олон улсад зарласан үйлдэл бол “Тэрбум мод” хөдөлгөөн. Тус хөдөлгөөний зорилгод ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх, усны нөөцийг хамгаалах гэж тэмдэглэсэн байдаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш 2024 оны нэгдүгээр сарын байдлаар 41.5 сая мод тарьжээ. Харин 2024 оныг дуустал 150 саяд хүрэхээр төлөвлөж байна. “Тэрбум мод” хөдөлгөөн нь үндэсний тодотголтой бөгөөд төр, хувийн хэвшил, иргэд гээд бүхий л түвшний оролцоотой гүйцэтгэнэ. Тэр дундаа уул уурхайн компаниудын оролцоо өндөр. Тэд 610 сая мод тарих үүрэг хүлээн авсан юм.

-Уул уурхайн дизель түлшний хэрэглээ ба “Тэрбум мод”-

Өнгөрсөн онд манай улсын дизель түлшний импорт 1.22 сая тонн хүрсэн нь 2022 онтой харьцуулахад 39 хувиар өссөн. Дизель түлшний нийт хэрэглээний 60 хувийг уул уурхайн томоохон таван компани хэрэглэдэг хэмээн салбарын сайд өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлж байсан юм. Үүгээр бол Их Британид төвтэй судалгааны IOP байгууллагын тооцооллоор уул уурхайн компаниуд бараг 2 сая тонн болон түүнээс дээш нүүрсхүчлийн хийтэй тэнцүү (CO2e) дизель түлш хэрэглэсэн байна. Тэгвэл үүнийг тэнцвэржүүлэх шийдэл нь мод тарих юм. Дани улсын тогтвортой хөгжлийн Ecotree байгууллагын судалгаагаар нэг тонн жинтэй мод жилд 25 кг нүүрсхүчлийн хий шингээдэг гэжээ. Үүгээр тэрбум мод ургасан тохиолдолд 25 сая тонн орчим нүүрсхүчлийн хий шингээж болохоор байгаа. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн 20 гаруй компани 610 сая шахуу мод тарих үүрэг авсан. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая, “Оюутолгой” ХХК, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тус бүр 100 сая мод тарих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үндэсний мод тарих хөдөлгөөн зорилгодоо хүрэхийн тулд шууд утгаар мод тарихаас гадна дүйцүүлэх аргачлалаар тооцоо хийнэ. Тодруулбал:

- Сэрүүн бүсийн ойн сан бүхий газарт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон газрын техникийн нөхөн сэргээлт хийх

- Шинээр Мод үржүүлгийн газар байгуулан ашиглалтад оруулах

- Үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газрын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах дэмжлэг үзүүлэх замаар тарьц, суулгац ургуулах тоо хэмжээ буюу жилийн хүчин чадлыг нэмэгдүүлэх

- Ойн салбарын мэргэжилтэн, мэргэжлийн ажилтан бэлтгэх чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах аялал зохион байгуулах, танхимын болон талбайн сургалтууд зохион байгуулах

- Ойжуулах, ойг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах чиглэлээр судалгаа хөгжүүлэлт (R&D and innovation), туршилтууд хийх, үрийн нөөцийн сан бүрдүүлэх, үр хадгалах агуулах, үрийн лаборатори байгуулах гэсэн таван аргыг багтаажээ.

-“Оюутолгой” ХХК ялгарал, шингээлтийн зөрүүг 2030 онд 0 болгоно-

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюутолгой” ХХК компани “100 сая мод” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тус компанийн хувьд бусад компаниас ялгаатай тал нь толгой компани Rio Tinto 2008 оноос хүлэмжийн хийн ялгарлыг жилийн эцсийн тайландаа тооцох болсон. Энэхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2018 оноос “Уур амьсгалын өөрчлөлтийн тайлан”-г тусад нь гаргаж эхэлжээ. Rio Tinto группийн хувьд 2050 онд өөрийн үйл ажиллагаанаас гарах хүлэмжийн ялгарлыг 0 болгохоор зорьж байгаагаа тайландаа мэдээлдэг. Харин “Оюутолгой” ХХК 2030 онд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг 50 хувиар бууруулж, улмаар 2050 онд 0 болгоно гэж Mining Insight сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаарт гарсан юм. 

“Оюутолгой” ХХК нь  “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд 103 сая мод тарина. Үүний 63 сая модыг 21 мянга гаруй га талбайд тарих бол 40 саяыг дүйцүүлэх байдлаар тооцуулна. Хөтөлбөрийг 2030 он хүртэл гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлж 2025 хүртэл үргэлжлэх бөгөөд дараагийн хоёр шатыг хэрэгжүүлэх зураг төсөл, суулгац, мөчрийн бүрдүүлэлт, туршилт, судалгаа, хүний нөөц бүрдүүлэлтийг хийнэ. Үүний хажуугаар мод тарьж, нөхөн сэргээлтийг хийсээр байх юм. Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Сэврэй сумд нэг сая ширхэг суулгац ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн 3 газар байгуулна. Мөн аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд суманд тус бүр 20 га-д заган ой бий болгохоор төлөвлөжээ. Энэ ажлыг сансрын зураг ашиглан өмнө нь заган ой байсан талбайд хийнэ. Түүнчлэн Богд уулын Түргэний амыг ойжуулж, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээнэ. Ирэх жилээс хоёр дахь шат руу орох бөгөөд үүнд, хортон шавжийн нөлөөгөөр доройтсон ойг үр болон тарьц суулгацаар ойжуулах, нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, агро-ойн зурвас, жимсний аж ахуй, томоохон голуудын татмыг ойжуулах замаар урсцыг хамгаалах, авто болон төмөр замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох нэмэгдүүлэх зэрэг ажил багтаж байгаа юм. Сүүлийн шатанд тооллого явуулж, гүйцэтгэлийн мониторинг, баталгаажуулалт хийж, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох ажээ.

-Нүүрсхүчлийн хийн тайлан чухал-

“Оюутолгой” ХХК-ийн явуулж буй “100 сая мод” хөтөлбөр ингэж явагдана. Хөтөлбөр ДЭЗЧ-наас гаргасан ирэх 10 жилд тохиолдож болох байгаль орчны эрсдэлийн эсрэг авч буй арга хэмжээ болж байна. Өөрөөр бол “Тэрбум мод” хөдөлгөөний ач холбогдол өндөр ч нэмж уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгарлыг тайлагнах хэрэгтэй болжээ. Зөвхөн мод тарих нь хангалтгүй. Учир нь олон улсад уул уурхайн компаниуд уур амьсгалын өөрчлөлтөд оруулж буй нөлөөллийнхөө талаар өргөн хүрээнд нээлттэй тайлагнадаг болсон. Цаашид жил бүр хүлэмжийн хийн ялгарал хурцаар яригдана. Ялангуяа 2030 онд олон улс уур амьсгалын өөрчлөлт, түүний эсрэг ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг томоохон зургаар хэлэлцэхээр байна. Үүнд хүлэмжийн хийг хэрхэн бууруулж ирсэн бэ гэдгийг тайлангаар харуулах юм. Иймд эрх баригчид 2030 онд дараа нь яах вэ гэхийн оронд одооноос нэгдсэн байдлаар нүүрсхүчлийн хийг хэрхэн тооцохыг ярьж эхлэх болжээ. Мөн компаниудад тайлан гаргахыг уриалж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй технологи нэвтрүүлэхийг дэмжих шаардлага үүссэн. Энэ нь алсдаа Монгол Улсын олон улсад харагдах ногоон эерэг байдал, цаашлаад хөрөнгө оруулалт татахад сайн үр дагаварт хүргэж болохоор байна.