Оюутолгой: 2024 онд гүний уурхайн үйлдвэрлэл 17 хувьд хүрнэ

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2023.02.05) "Оюутолгой" ХХК-иас жилийн эцсийн тайлан танилцууллаа. Оюутолгой уурхай 2023 онд 795 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ. Зэсийн дундаж агуулга 2023 оны дөрөвдүгээр улиралд 1.57 хувьд хүрч 2022 оны дөрөвдүгээр улирлаас 0.54 хувиар нэмэгджээ. Мөн алтны агуулга 0.13 хувь, мөнгөний агуулга 1.86 хувиар тус тус өссөн байна. Цаашид 2028 он хүртэл гүний уурхайн үйл ажиллагаа бүрэн явагдаж эхлэх хүртэл жил бүр бүтээгдэхүүний агуулга нэмэгдэх төлөвтэй байна. 

"Оюутолгой" ХХК өнгөрсөн 2010-2023 онд 10.3 их наяд төгрөгийн татвар, хураамж, бусад төлбөрийг төлсөн. Үүний 1.4 их наяд төгрөг буюу 13.5 хувийг 2023 онд бүрдүүлжээ. 2010 оноос хойших нийт дүнд олон улсын арбитрт хэлэлцэгдэж буй 1 их наяд төгрөгийн татварын маргааны төлбөр багтсан байна. 

2023 онд гүний уурхайн боловсруулсан хүдрийн хэмжээ 9 хувь байсан бол энэ онд 17 хувьд хүрнэ. Улмаар 2024 онд нийт зэсийн баяжмалын 50 хувьтай тэнцэнэ гэж тооцоолж байна. 

"Оюутолгой" ХХК Хамт олон, Хамтын ажиллагаа, Хөрст дэлхий, Хүртэх өгөөж гэсэн дөрвөн стратегийн тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.