Сонгууль ба уул уурхай

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА 
ariun@mininginsight.mn

2024 он бол дэлхий даяар хамгийн олон сонгууль болох түүхэн жил. Дэлхийн хүн амын тэн хагасыг хамарч, 70 гаруй улсад сонгууль болох ба түүнд Монгол Улс ч багтаж байна. 2024 онд болох Монголын Парламентын ээлжит сонгуулийн хувьд түүхэндээ анх удаа 128 гишүүн сонгогдох бөгөөд сонгууль холимог тогтолцоогоор болох юм. Ийнхүү зургаадугаар сарын 28-ны санал хураалтын өдөр дуустал үргэлжлэх их улстөржилтийн өмнө монголчууд ирлээ.

Гэхдээ Mining Insight сэтгүүл сонгуулийн талаар бус сонгуулийн өмнө ганц сайхан улстөржих сэдэв уул уурхай болсоор ирснийг хөндөж буйг хавтасны зургаас анзаарсан биз ээ. 

Монголд сонгууль дөхөхөөр хамгийн их оролддог, гоочилдог салбар бол уул уурхай. Сонгуулийн жилд уул уурхайн орлогыг хишиг хувь болгон түгээх тохиолдлын амлалт, гэнэтийн дайралтууд идэвхждэг нь бараг жам ёсны үзэгдэл. Тэр тусмаа “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компани дээр туйлын барцадтай буудаг. Үндсэндээ 2008 оны сонгуулиас эхэлсэн улс төрийн энэ техник 4 сонгууль дамнан, бүхэл бүтэн 16 жилийн турш амь бөхтэй оршсоор өдгөө 5 дахь сонгуультайгаа залгаж байна. 

Үүнийг батлах мэт 2024 оны сонгуулийн жил дөнгөж эхэлмэгц уул уурхайг онилсон дайралтууд идэвхжиж эхэллээ. Хамгийн эхний жишээ нь Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод авч, байгалийн баялгийг иргэдэд хүртээх тухай Ховд нутгийн гишүүний санаачилга болов. Төд удалгүй “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах асуудал босож ирлээ.   

“Эрдэнэс Тавантолгой” нэг талаараа зовлонтой компани. Байгуулагдсан цагаасаа эрх баригч намын сонгуульд барих “туг”-аа болгож ирсэн тус компанийн иргэн бүр эзэмшдэг 1072 хувьцаа 2012 оны сонгуулийн өмнөхөн мэндэлсэн юм. 

Түүнээс хойш 4 жил болгонд, сонгуулийн өмнө гэнэтхэн 1072-ыг санаж, хувьцаа тараах, шинээр гаргах, эсвэл тодорхой хэмжээгээр үнэлж, иргэдээс буцаж худалдаж авах, ногдол ашиг тараах зэрэг хачин сонин үйл явдлууд өрнөдөг. 4 жилийн мөчлөгтэй мөнөөх үйл явц ийнхүү сэргэж байна. 

Бас сонгуулийн өмнө ёс мэт босож ирдэг Оюутолгой тойрсон их улстөржилт удахгүй эхлэх биз.   

Үйл явц цаашаа хэрхэн үргэлжилж, өөр ямар компани, төслийг овоо хараандаа авах, байгалийн баялгийн өгөөжөөс ард түмэндээ хүртээх ямар гээч мэргэн санаа хэн гэгч улстөрчид гялсхийн төрөхийг урьдчилан таах аргагүй. Харин тааварлах боломжтой нэг л зүйл тодорхой байгаа нь сонгуулиар сэрдэг энэ хийрхлийн маргааш, нөгөөдрийн үр дагавар ганц салбараар хязгаарлагддаггүй. Нийт эдийн засгийн хувь заяанд сөргөөр нөлөөлж, хар сүүдрээ тусгадаг явдал юм. 

Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахын тулд хийсэн бүхий л хүчин чармайлт, алхмууд иймэрхүү нэг удаагийн бэлэн мөнгө тараалт, лиценз цуцална, ордыг төрийн мэдэлд авна гэсэн улстөрчдийн сагсуурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн одсоор ирлээ. Бодитой, тов тодорхой боломжууд сарнин алга болж, мухардалд орсоор таарлаа. Сонгуулиар анхаарал, сонирхлын төвд орох арга замаа уул уурхай гэж харсан улстөрчдөөс юу ч гарч болзошгүйг үндсэндээ 2008 оноос хойш бид туулж явна. 

Дөрвийн дөрвөн сонгуулиар Монголын ард түмэн баялгаас хүртэж чадахгүй байна гэх ухуулга сурталчилгаа идэвхжиж, их мөнгө өгнө хэмээн ард олноо басамжилж, амны зоргоор амладаг, үр дүнд нь улсынхаа эдийн засгийг тэтгэдэг салбараа самарсаар ирсэн энэ улстөржилт дахин эхэлж байгаа нь уул уурхайн салбарынханд түгшүүр дагуулж байна. 

Улс төр ингэж бужигнуулсаар байх аваас мөнгө олж ирж байгаа, илүүг ч олох боломжтой салбараа үрэн таран хийгээд л дуусна. Уул уурхайн салбарт хэчнээн том бодлого зорилго төлөвлөсөн ч улс төр нь ийнхүү бодлогоо савлуулаад, гишгээд, харлуулаад байх юм бол хөгжил дэвшил хэзээ ч ирэхгүй. Үүнийг бид 16 жил харж, алдсан боломж бүрийнхээ араас харууслаа. Гэсэн мөртлөө байх л ёстой зүйл мэт хүлээн зөвшөөрч, дасан зохицож, чимээгүй байснаараа улам даамжруулж   ирэв. Уг нь хэзээ ч дасаж болохгүй технологи юм. Энэ талаар Mining Insight гол нийтлэлээ толилуулж байна. 

Түүнчлэн шинэ оны эхний дугаартаа УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянгын ярилцлагыг нийтэллээ. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн концепц, зарчмын өөрчлөлтүүдийн талаарх шинэлэг мэдээллүүдийг түүнээс ярилцлагаар хүргэхийг зорилоо. Тухлан уншина уу.