Уран дархан Д.Пүрэвсүрэн: Дэлхийн хамгийн шилдэг мана Монголд л байдаг

Б.ЭНХМАА

Олноо “Уран Пүүжээ” хэмээн алдаршсан уран дархан Дашвандангийн Пүрэвсүрэнтэй сар шинийн босгон дээр уулзаж, хөөрөгний чулуу, бэлгэдэл, утга учрын талаар ярилцсанаа хүргэж байна. Тэрээр Жуулчны гудамж буюу олны нэрлэдгээр “Урт цагаан”-ы урд байрлах “ХӨӨРӨГ” үнэт эдлэлийн дэлгүүрийг байгуулсан бөгөөд тус дэлгүүрийн хөөрөг нь Монголдоо цор ганцаар гарал үүслийн гэрчилгээтэй гэдгээрээ онцлог. 

Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Миний хувьд 1993 онд Монгол Улсын начин, Улсын алдарт уяач Гарамжавын Ганхүү хэмээх их дарханд шавь орсон юм. Багш маань Монголын гурван том өв тээгчийн нэг. Тиймээс би их азтай хүн.Бөхийн ёс жаягийг эрхэмлэдэг, монгол эр хүнд байх ёстой бүхий л зан чанарыг шингээсэн, өв уламжлалаа хадгалж үлдсэн өв тэгш хүн байсан. Аав нь Монгол Улсын алдарт уяач, Тогоруу хэмээх угшлыг бий болгосон Гарамжав. Ах нь Монгол Улсын тод манлай уяач, адуун соёлыг өвлөн уламжилж, түгээн хөгжүүлж явсан. Багшийн маань өвөө дархан хүн байсан юм билээ. Ийм сайхан хүнд уламжлал ёсоор хадгаа идээний дээжийн хамт бариад хувь заяагаар шавь орсон юм. Багш шавийн барилдлагаар буюу шавь сургалтаар монгол дархыг сурсан. 

Миний хувьд Архангай аймгийн Эрдэнэбулган уулын өвөрт төрсөн. Аав минь Архангай аймгийн Эрдэнэмандал сум, ээж Хайрхан сумын харьяат хүмүүс. Манай аавын тал нягт нямбай, хариуцлагатайгаараа нутаг усандаа алдартай. Өвөө маань ном эрдэмтэй лам хүн байсан. Нутаг хошуундаа ганган Лхагвасүрэн гэгдсэн чамбай, нягт нямбай хүн байлаа. Өвөөгийн аав нь Рагчаа залан гэж хүн байсан. Нэг ёсны Зая гэгээний хамгаалалтыг хариуцдаг хүн байсан юм билээ. Дэг журам тогтоодог хүн байсан гэх юм уу даа. 

Харин ээжийн талынхан “Их гэрийнхэн” гэгддэг ноёдын удамтай. Их гэрийнхэн гээд Хайрхан сумандаа дандаа том гэртэй, ёс жаягийг харуулсан хүмүүс байсан юм билээ. Ээжийн ах нь Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор Жачин гэж хүн бий. “Гурван эрдэм” хэл бичгийн сургуулийг үүсгэн байгуулсан, олон сайхан шавь нартай, өв уламжлалаа зөв авч яваа хүн байдаг. 


Ээж маань социализмын үед Гар урлалын үйлдвэрт чимэглэгчээр ажилладаг байв. Монголын шилдэг уран бүтээлчид хуран цугласан газар байлаа. Социалист улсуудад хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргана. Ногоон дарь эхийн маск зэрэг биет дурсгалын зүйл хийнэ. Гадны том зочид төрийн айлчлал хийх үеэр бэлэглэх бэлэг дурсгалын зүйлсийг хийж өгдөг, тийм сайхан үйлдвэр байв. Тэнд ээж ажиллаж байсан болохоор бид ухаан орсон цагаасаа л ээжийнхээ ажлаар орж гардаг байлаа. 

Урт цагаанаар тэр үеийн дархчууд, уран бүтээлчид их байсан. 1990 онд ардчилал гарснаар нөгөө дархчууд чинь энэ хавиар тус тусдаа уран бүтээлээ хийх болсон. Ээж маань тэнд ажиллаж байсан болохоор учраас тэр хүмүүс намайг хайраар өлгийдөж авсан. Тийм орчноос би алх дөшний гараа эхэлсэн. 

Ганхүү багш дээр байхдаа мөнгөн аяга, бүс, хэт хутга гээд эр хүний сайхан чимэглэлийг хийдэг байв. Монголын сайхан эрчүүд, зөв сайхан явж байгаа хүмүүс зорин ирж, Ганхүү багшаар үйлчлүүлдэг нь бахархалтай сайхан байдагсан. Одоогийн монгол бөхийн малгайн титэм болох тэмдгийг төрийн онцгой захиалгаар хийж байсан. Мөн уяачдын малгайн тэмдэг буюу титмийг Ганхүү багш анх санаачилж хийж байлаа. Багшийнхаа энэ үйл хэргийг уламжлаад, өв тээгээд, урлаад явж байгаадаа баяртай байдаг. 

Бидний хувьд эхээс тавуулаа. Дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй. Бүгдээрээ уран дархан болсон. Энэ салбарт урлаад, бүтээлээ хийгээд явж байна. 2009 оноос бид “Тэнгэрийн угалз” гэж урлангаа байгуулсан. 

-Монголчууд эрдэнийн чулуугаар мэндээ мэдэлцдэг сайхан ард түмэн-

“Хөөрөг” дэлгүүрийг нийслэлчүүд андахгүй. Хөөрөг нь монголчуудын уламжлалыг тээдэг чухал эд  зүйл. Тантай сар шинийн босгон дээр уулзаж буйн хувьд хөөрөгний талаар голлон ярилцъя. Монгол хүмүүс хөөрөгний талаар яг юу мэдэж байх ёстой вэ? Тэр тусмаа хөөрөгний чулууны талаар?  

Бид байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой ард түмэн. Аливааг бэлгэдэл талаас нь хардаг, юмыг сайхан шинждэг ард түмэн. Дээрээс нь энэ ертөнц дээр эрдэнийн чулуугаар мэндээ мэдэлцдэн сайхан уламжлалтай. Энэ бол том хүндлэл байгаа юм. 

Монголчууд чулуугаа маш их дээдэлдэг. Чулуу бүхэнд өөр өөрийн гэсэн эрдэм байдаг. Бас  өөрийн гэсэн бэлгэдэл, бэлгэшээлтэй. Хаш гэхэд энэ ертөнцийн хамгийн нягт, бөх бат чулуу. Тэгвэл бэлгэдэл нь тайвшралыг өгдөг, хийж буй  үйлсийнх нь бат бөхийг илэрхийлдэг юм байна. Азид болохоор хашийг бат бөх чулуу учраас юм юмнаас хамгаалдаг гэлэг утгаар нь гал усны аюул, аваар осолд оруулахгүй, хэл амд өртөхгүй, хараал ерөөл тусахаас сэргийлдэг гэж бэлгэшээдэг. Очир алмааз гэхэд эр зоригийг бэлгэддэг. Манайд байгаа энэ хатан хэлбэртэй ягаан болор хөөрөг гэхэд ягаан болор хайр сэтгэлийн бэлгэдэлтэй. Гал улаан өнгийн хасыг хийж байгаа үйл хэрэг хэдэн арав дахин дээшлэхийн гэж үзнэ. Улаан өнгө нь дийлдэшгүй байдлыг илэрхийлдэг. 

Усан болорыг гэхэд лусын толь гэж үзнэ. Болорыг цаст уулын цагаан маргад, цаас нэвт харагддаг цагаан сүүж гэж цоллодог, хутагт хувилгаан хүмүүс их барьдаг байсан жишээтэй. Бас болорыг нүдийг анагаах увдистай гэж үздгээс хуучны хүмүүс болор шил буюу сүйжин шил зүүдэг байсан байна. 

Хөөрөгний мөр гэхэд их олон янзын сийлбэртэй. Жишээ нь арслангийн зогдор буюу самнаа мөртэй болор хөөрөг байна. Энэ нь дөрвөн хүчтний шинж агуулсан амьтан юм. Тэнэмэл сүнс, муу ёрын зүйл энэ хөөрөг байгаа газар орогнодоггүй гэж ярьцгаадаг. Гандангийн хаалган дээр энэ бэлгэдлийн дүрслэл байдгийг харсан байх. Хөөрөг хөөрөглөхөд хүртэл учиртай. Хүн хөөрөглөхөд болж өгвөл халбагыг нь гаргаж, тамхилаад өгч байх нь амьдрал тэнүүн сайхан байгаа шүү гэдгийн бэлгэдэл. Үнэрлээд өгч байгаа хүнийг бол угаасаа тэвдүү, давчуу яваа юм байна гэж бэлгэддэг ёс байна. Энэ бол уламжлалын бас л нэг хэлбэр. 

Хөөрөгний нуух, толгойн харьцаа, чулууны хийц, донж нь хүртэл бэлгэдэлтэй. Хас, чүнчигноров, болор, мана зэрэг нь ямар хийцтэй байх, цүдгэр байвал ямар бэлгэдлийг агуулдаг юм гээд бүгдийнх нь цаана учир бэлгэдэлбий. Цүдгэр хөөрөг нь дүүрэн байх бэлгэдлийг агуулдаг. 

Харин хавтгай хэлбэрийг нь өдөр тутамдаа халаасалж явах бол сонгодог. Сүүлийн үед тийм хавтгай хөөргийг авч явахад дөхөмтэй юм гээд хүмүүс их сонирхожх болж. 

Том хөөргөнүүдээр төрийн баяраар тамхилдаг. Мөн гэр оронд байж байдаг ширээний хөөрөг гэж бас бий. Энэ мэтээр монголчууд олон янзын хөөрөг хэрэглэдэг байжээ. 

Хөөрөг бол үе дамждаг эд. Аавынхаа барьж байсан хөөргийг сэтгэл санаа жаахан гундуу үед ч юм уу гаргаж ирээд үнэрлэхэд аавтайгаа уулзсан юм шиг болдог. Тэгж аавынхаа энергиэс ухаарал, тайвшралыг авдаг. Тэгэхээр чулуугаар хүний энерги дамждаг юм байна. 

Хөөрөг бас сэвтэй байж болохгүй. Монголчууд хөөрөг сэвтэй бол амьдрал сэвтэй гэж үздэг. Сэвтэй чулууг ерөнхийдөө үнэлдэггүй. Дэлхийд чулууны үнэлгээ ч гэсэн тэгж л тогтдог. Сэвтэй бол хямд байдаг. 

Хүн ер нь нэг сайхан хөөрөгтэй болчих хэрэгтэй юм. Өөрөөсөө эхлээд, үр хүүхэддээ дамжуулаад явах нь өв соёлоо түгээж байгаа л нэг хэлбэр. Уламжлалаа зөв авч явна гэдэг нэр төртэй сайн явж байгаагийн шинж. Бид том түүхтэй, том бэлгэдэлтэй, хувь заяатай ард түмэн. Уламжлалаа алдахгүй бол бид нар юунд ч уусахгүй гэж боддог. Манжууд 200 жил монголчуудыг эрхшээлдээ байлгахад яагаад уусаагүй гэхээр монгол хүүхдүүд шагайгаараа тоглоод, монголчууд хөөргөөрөө хөөрөглөөд байсан гэсэн үг. Тэгэхээр өв соёл гэдэг ийм агуу зүйл. 

Бид хүмүүст ийм зөвлөгөө өгдөг. Ийм сайхан зүйл хийгээд явж байгаадаа өөрөө ч дуртай байдаг. Намайг зориод ирсэн хүмүүст сайхан бүтээл хийгээд өгөхийг боддог. Хоёрт, бидний нэг давуу тал бол сэтгэл зүрхээрээ хүнд үйлчилж чаддаг, тайлбараа зөв хэлдэг.

Монголчууд нэг үеэ бодвол өв соёлоо танин мэдэх, өвлөн уламжлахыг хичээдэг болжээ. Таны хэлдгээр гартаа барих нэг хөөрөгтэй болъё гээд зөв хөөргөө сонгож авах гэхээр мэдэхгүй зүйлс их байна. Яг байгалийн гаралтай чулууг хуурамч бүтээгдэхүүнээс яаж ялгаж мэдэх вэ? 

Сайн муугаар ярьж байгаа Хятадад хуурамч бүтээгдэхүүнийг асар дээд түвшинд хийж байна. Мана чулууг гэхэд шахаад гаргачихаж байна. Болорыг ургуулчахаж байна. Хаш, шүрийг хүртэл өндөр түвшинд хуурамчаар хийгээд байгаа. Шүрийг тарих ямар ч боломжгүй. Харин үртэс, үлдэгдлийг нь нунтаглаад шахаж хийж болдог. 

Бидний хувьд хуурамч чулууг танихын тулд мэргэжлийн эрдэнийн чулууны шинжээч ажиллуулдаг. Социализмын үед энэ чиглэлээр хойд хөршид мэргэжил эзэмшсэн, Сорьцын хяналтын албанд насаараа ажилласан Ш.Бямбасүрэн гэж алдартай шинжээч бий. Тэр хүн одоо тэтгэвэртээ суусан ч бидэнтэй хамтран ажиллаж байгаа. 

Манай дээр маш олон ийм асуудал тулгарсан хүмүүс ирдэг. Ийм хөөрөг авчихлаа, үүн дээр толгой хийлгэх гэсэн юм гээд ирдэг. Өнөөх нь шаазан ч юм уу, эсвэл шахмал чулуу байдаг. Тиймээс бид Бямбасүрэн ахыг урьж ажиллуулдаг.   

Манайхаас хөөрөг гаргахдаа гарал үүслийн гэрчилгээ олгодог. Манайхаас хөөрөг ч юм уу, аяга авч байгаа бол та өв тээгч юм, түүний батламжийг өгдөг байя гээд гарал үүслийн гэрчилгээ олгох болсон. Тухайлбал, энэ нь Өвөрхангай аймгийн Богд сумын чулуу юм байна. Энэ Буга хайрхан уулынх юм байна. Энэ Баянхонгорын тийм чулуу байна. Дорноговийн Айргийн чулуу юм байна гэдгээр нь чулуунуудаа гарал үүслийг нь батламжлаад өгдөг. Энэ Мьянмарын пийсүү, энэ Оросын хаш, Афганистаны номин, эсвэл шүр нь Японы Окинава, эсвэл Тайваниас ирсэн, алт нь гэхэд хаанаас ирсэн, ямар сорьцтойг батламж дээр бичиж өгдөг. 

-Маныг монголчууд бүр 200 орчим төрлөөр нэрлэсэн байдаг-

“Хөөрөг” дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд гарал үүслийн гэрчилгээтэй юу?

Бүгд гарал үүслийн гэрчилгээтэй. Мөн захиалаад хийлгэх ч боломжтой. Чулуугаа авчраад хийлгэж болно. Чулууных нь гарал үүслийг бид тогтоогоод өгдөг. 

Хөөрөгний чулуунуудын тухайд хаанаас, ямар чулуу авдаг вэ? Монголд ямар чулуунууд нь түгээмэл байдаг вэ? 

Хамгийн шилдэг хаш Орост байдаг. Номин гэвэл хамгийн шилдэг нь Афганистанд байдаг. Пийсүү гээд үзэх юм бол хамгийн шилдэг нь Мьянмарт байдаг. 

Дэлхийн хамгийн шилдэг мана Монголд л  байдаг. Маныг монголчууд бүр 200 орчим төрлөөр нэрлэсэн байдаг юм. Замагт мана заргаа авдаг.Чоно мана гэх юм  бол ур чадварыг сайжруулдаг. Халтар маныг хүчирхэг байдлын бэлгэдэл гэж үзнэ. Шар халтар маныг эд баялгийн тэнгэр гэдэг. Тархи мана гэхээр оюун ухааны бэлгэдэл. Гүйдэлтэй гартаам гэхээр эмчилгээнийх байх жишээний. Дэнз мана, хонин гартаам гээд олон янз, төрлөөр нэрлэсэн нь бий. 

Мана нь Өвөрхангайн Богд, Өмнөговийн Гурвантэс, Мандал-Овоо, Баянхонгор гээд өргөн тархацтай. 

Танай компанийн дэргэд уран дархны хэчнээн цех ажилладаг вэ? 

Манайх 4 цехтэй, 36 хүн ажилладаг. Уран хатгамлын цех, үнэт чулууны цех, уламжлалт мөнгөн аяга, хэт хутгаа хийдэг цех, тэгээд гангийн цехтэй. Манай нутаг буюу Далай Чойнхор вангийн хошуу ган урлалаараа алдартай. Тиймээс ган урлалаа авч яваа.

Хоёр дахь манай нэг онцлог тал гэвэл шавь сургалтын нэг чухал зарчим. Хүний юмыг хольж солихгүй, идэж уухгүй, үнэнч байдал. Энэ бол дархан хүний хамгийн дээд эрхэм чанар байх ёстой. Алт гэдэг зүйл заавал харуусал дагуулдаг. 

Тиймээс би шавь залуучууддаа итгэ, итгүүл, шалга гэдэг зарчмыг барьдаг юм. Зураг авалт хийгээд бичээд явахаар зарим маань буруугаар бодоод гомдох шинж гаргана. Та яагаад надад итгэхгүй байгаа юм гэхэд нь ах нь чамд итгэнэ, гэхдээ итгэвэл шалга гэдэг манай зарчим байгаа. Дандаа шалгуулна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү гэдэг. Гадаадад чулууны үзэсгэлэнд явж байгааад нэг үнэтэй чулуу авлаа гэж бодъё. Нэг хөөрөг гараад,  үлдсэнээр нь эмэгтэй хөөрөг гараад, жаахан үлдчихлээ гэхэд тэр чинь бас л үнэ цэнтэй зүйл. Тиймээс бид тэр чулууг нь эхлээд маш нарийн хэмждэг. Таны илүү чулуугаар ийм юм гарах юм байна, эндээс нь ийм шагай гарна, ийм зүүсгэл гарах юм байна гэх байдлаар юу ч үлдээхгүйгээр хийж өгдөг. Энэ бол бидний маш чухал зарчим. 

Бидний хувьд бүтээлээ өдөр харж эхлүүлдэг. Луу өдөр бүтээлээ эхлэх юм бол сайхан бүтээл гардаг, сайхан болдог ч гэх юм уу өдөр судар харна. Ногоон дарь эх бурхан бүтээхээр бол яг л ямба ёсыг нь хийгээд тарниа зөв тоолоод хийдэг. 

 “Хөөрөг” дэлгүүрээ 2009 онд байгуулсан бол одоо хөөрөг өв соёл болгоод өргөжүүлье, сайхан уран бүтээл хийж байгаа дархчуудтайгаа хамтарч ажиллая гээд үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд ажиллаж байна. Өв соёлын “Алтан товчоо” гэсэн каталогтой болъя гээд шинээр төлөвлөж хийж байгаа зүйлс нэлээд байна. 

Бидний хувьд монгол урчуудын хүрээлэн цогцолбор байгуулах мөрөөдөл бий. Урлан бүхэн нь шавь сургалттай. Үхрийн ширэн дээр зүү ороогоод хийж байгаа хүмүүс гэхэд ганц нэгээрээ энд тэнд орон сууцны орц хонгилд ажиллаж байна. Өв тээгээд ирсэн гурав, тав дахь үеийн сайхан дархчууд байгаа ч ажил үйлсээ зөв сайн зохион байгуулж чадахгүй байх явдал элбэг. Тиймээс нэгтгээд, зохион байгуулаад, бие биенээсээ суралцаад, маркетинг менежментээ хийгээд явбал гэж боддог. 

“Хөөрөг” дэлгүүрт гарал үүслийн гэрчилгээтэй та бүхний урласан бүтээлүүдээс гадна хуучны үнэт эдлэлүүд зарагддаг уу? 

Хүмүүс хуучин хөөргөө хүн амьтанд үзүүлж харуулах боломж байна уу гээд аваад ирдэг. Тийм тохиолдолд зөв гүүр болж өгөхийг хичээдэг. Хагаралтай, сэвтэй бол чадахгүйгээ хэлнэ. Сайхан хөөрөг байвал хүн амьтанд санал болгоод, үзүүлж харуулах, хооронд нь холбож өгөх ажлыг хийж өгөхийг боддог. Тэгэхдээ дөрвөн цехтэй болчихоор зав зай төдий л гарахгүй юм. Өөрөө бүх юмандаа яваад сурчихсан болохоор тэр бүр тийм зав гарахгүй.

Ярилцсанд баярлалаа.