Бүтээгч

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

Mining Insight сэтгүүл 30 дахь дугаараа уншигчдадаа өргөн барьж байна. 30 дахь дугаарын хавтаснаа МАК-ийн Б.Нямтайшир захирлыг онцлов. Өмнөх дугааруудад бид хэн нэг хувь хүнийг онцгойлж байсангүй. Хавтасны зураг, гарчиг бол сэтгүүлийн нийтлэлийн бодлого, редакцийн байр сууриа илэрхийлдэг чухал орон зай билээ. Өнгөрсөн хугацаанд ирээдүйн эрдэс, эрчим хүчний шилжилт, чухал ашигт малтмалууд, хүртээмжтэй уул уурхай, шинэ төмөр зам, Оюутолгойн гүний уурхайн нээлт зэргээр сэдэв, үйл явдал, хандлагыг чухалчилж ирсэн бол энэ удаад Б.Нямтайшир захирлыг эхний нүүрэндээ онцолж, дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна. 

Монгол Улсын өнгөрсөн 30 гаруй жилийн хамгийн том ололтын нэг бол хувийн хэвшлийн том компаниуд, үйлдвэрүүд, бизнесменүүд юм. Монголын үнэт зүйлсийг эдийн засаг болон нийгмийн дэвшлийн хэлэнд хөрвүүлсэн амжилтын нэг нь МАК,МАК-ийн импортыг орлож буй үйлдвэрүүд. Өнөөдрийн Монголын сайн сайхан нь гар хумхилгүй хөдөлмөрлөж, өөртөө хариуцлага хүлээхээс шантраагүй Б.Нямтайшир гуай шиг хүмүүсийн бидний өмнө нээсэн өргөн дэлгэр боломжийн үр дүн юм. 2023 онд Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн бодлогын асуудлаар Үндэсний хороо байгуулж, дэд хороодын даргаар МАК-ийн Б.Нямтайшир болон “Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан нарыг томилсныг уншигч та санаж буй байх. 

Mining Insight сэтгүүл тухайн үед үндэснийхээ том бизнесменүүдийн мэдлэг, туршлагыг аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулах гэсэн төрийн ухаалаг шийдвэр хэмээн бичиж байлаа. Түүний дараахан бид Б.Нямтайшир захирлыг ярилцлагад урьсан юм. Тэрээр биднийг уурхай, үйлдвэрийн газруудаа эхэлж үзэхийг уриад, дараа нь ярилцахыг зөвшөөрлөө. Тэрхүү томилолт багагүй хугацааны дараа өнгөрсөн 4 дүгээр сарын эхний өдрүүдээр таарав. МАК-ийн Хийт бетон, Цементийн үйлдвэр, Цагаансуварга, Нарийнсухайтын уурхайг үзэж, Шивээхүрэн боомтод очсоны дараа (2024.04.03) бид Б.Нямтайшир захиралтай ярилцсан. Бараг 2 сарын өмнөх шахуу ярилцлага тул түүнээс хойш өрнөсөн үйл явдалтай холбоотой агуулга энэхүү ярилцлагад тусаагүйг ойлгоно биз ээ. Хийт бетон, цемент, тэдгээрийг дагасан шинэ үйлдвэрүүдийг үзэж, бүтээж босгохын урам зоригоор дүүрэн инженер техникийн олон залуустай ярилцсан. Бахархахгүй байх аргагүй үйлдвэрүүд сүндэрлэн боссоныг, хэний ч өмнө нүүр улайхааргүй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгааг, монгол хүн, Монгол нутагтаа хамгийн чанартайг хэрэглэх боломж бий болгож байгааг нүдээр үзсэн билээ. Цаашлаад шил, хуванцарын гээд олон үйлдвэрийн суурь, бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгааг харсан. Эх орондоо хэдэн сайхан үйлдвэр байгуулчих юмсан гэж санаашрангуй өгүүлсэн Б.Нямтайшир гуайн ярилцлагыг тогтож нэг уншаарай. 

Монгол Улсын хөгжил, үнэт зүйлийн төлөө ингэж бодох, ингэж зүтгэх, ингэж бүтээх хүмүүс улам олон болоосой. Ийм хүмүүсээ ад шоо үзэх биш харин бахархдаг, үлгэр дуурайл болгодог, хамтардаг, хийж бүтээх гэснийг нь дэмжиж тэтгэхгүй юм гэхэд нугаслаж унагаад байхгүй юмсан. Ийм хүмүүс, ийм компани дэээр улсын хөгжил тогтдог. Ийм үйлдвэр компаниудынхаа хүчээр улс орон урагшлан хөгждөг тул Б.Нямтайшир захирлын ярилцлагыг тэргүүн нүүрэндээ, зочны хоймортоо нийтэлж байна. 

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хөл дээрээ өндийн босож эхэлсэн хувийн хэвшлийн том бизнесүүдээ нийгмийн дайсан мэт нүд үзүүрлэх болов. Бизнес хийж, татвар төлж, ажлын байр бий болгож байгаа хүмүүсээ дайрч давшилж, дарамталсаар эцэстээ золигт гаргадаг болж хувирчээ. Энэ бүхний эцэст бид юу сайн, юу муу болохыг ялгахгүй шахам болтлоо туйлширч байна. Эрүүл саруул бус ийм хандлагын үр дүнд хийж бүтээсэн нь ад үзэгдэж, эрээ цээргүй нь оройлж явна. Тийм эрээ цээргүйчүүд газар, лицензүүдийг хэдэн мянга дахин өсгөн зарж, авсан үл хөдлөхүүдээ түрээслэн, ганц төгрөгийн ч татвар төлөхгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй мөнгө олж суудаг хамгийн цэвэрхэн, хамгийн нэр хүндтэй болон хувирч байна. 

Өөрсдөө үйлдвэрлэхгүйгээр, бүтээхгүйгээр улс орны хөгжил гэж үгүй. Гэтэл үйлдвэрлэж бүтээ  буй хүмүүсээ хавчиж гадуурхаад байвал Монгол Улс юу болж хувирах вэ? Бид хэний хатгаасаар хийж бүтээж байгаагаа адалдаг болчихов оо? Бид хаашаа яваад байна вэ? Монголд сүүлийн жилүүдэд хамгийн их үнэ цэнээ алдсан үг магадгүй эх орон байх. Эх орон гэж юу юм, эх орондоо хайртай байх гэж юу юм бэ? Уншигч та ч бас энэ үгийг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Түүний ярилцлагын дараа эх орондоо хайртай байх гэдэг хийж бүтээхийн нэр юм. Ганц ч гэсэн үйлдвэр байгуулахын нэр юм. Амьдарч буй цаг хугацаа, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээх тухай ойлголт юм гэж бодсон билээ.