Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч болоход нэг алхам ойртлоо

Зургийн тайлбар: “Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний зураг (ett.mn)

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2024.06.20) "Эрдэнэс Тавантолгой" ХК 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлт боллоо. Тус 1-р модуль ашиглалтад орсноор манай улсын хамгийн том нүүрс баяжуулах үйлдвэр болж буйгаар онцлогтой. 

Тус компани БНХАУ-д хамгийн том коксжих нүүрсний нийлүүлэгч компани болохоор зорьж байгаа. Улмаар дахин 20 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. 

Нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын нийт нүүрс баяжуулах хүчин чадлыг 1/5 орчмоор өсгөж, 66 сая орчим тонн хүргэж байна. 

Төсөл хэрэгжсэнээр 472-928 шууд ажлын бий болж, жилд дунджаар 185 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. 

Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг ЗГҮХ-т 768 сая ам.доллароор тусгасан. Хөрөнгө оруулалтын 30 хувийг өөрийн хөрөнгөөр, 70 хувийг бүтээгдэхүүн урьдчилан борлуулах гэрээгээр хийжээ. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Норинко Дади", "Дади Инженеринг Девелопмент" компани оролцож, УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн инженерүүд хяналт тавьсан байна. 

Баяжуулах үйлдвэр нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ирэх 5 жилийн стратегийн нэг хэсэг бөгөөд тус компани стратегийн ач холбогдол бүхий 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн жил 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулж, улсын төсөвт 2.7 наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн юм.