“Оюутолгой” ХХК: Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхгүй байна гэсэн нь худал мэдээлэл

Саяхан байгуулагдсан “Оюутолгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо” нь “Оюутолгой” ХХК-ийг Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхгүй байна хэмээн өнөөдрөөс (2024.07.08) эхлэн ажил хаялт зохион байгуулж буйгаа зарласан. Компанийг Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхгүй байна гэсэн нь худал мэдээлэл гэдгийг “Оюутолгой” ХХК мэдэгджээ. Компани ажилтнуудынхаа санааг зовоож буй асуудлыг хамтдаа хэлэлцэн шийдвэрлэхийг эрмэлзэж байгааг мэдэгдэлдээ онцолсон байна.

Энэхүү мэдэгдэлд “Бид Үйлдвэрчний эвлэлийн хороодынхоо эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэн, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхийг хичээсээр ирсэн бөгөөд одоо ч эхлэхэд бэлэн байна. Удаа дараа хүсэлт тавьсан хэдий ч “Оюутолгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо” болон “Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо” нь хамтын хэлэлцээг эхлүүлэхэд шаардлагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан мэдээлэл болон Хамтын гэрээний нэгдсэн саналаа өнөөдрийг хүртэл баталгаажуулж ирүүлээгүй байна. 

Ажил хаялт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа нь бүх талуудад хохиролтой төдийгүй хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон харилцан ашигтай шийдэлд хүрэх хугацааг хойшлуулж байна. Хамгийн чухал нь ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулах, бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах нөхцөл үүсгэхээр байна. Цаашлаад үндсэн болон гэрээт нийт ажилтнууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, хувьцаа эзэмшигчид болон бүх оролцогч талуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд саад учруулах юм” гэжээ.