Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
1990 оноос хойших Монгол Улсын уул уурхайн түүхэнд зах зээлийн эрэлтээ дагаад цоо шинээр бий болсон ашигт малтмалын олборлолт бол төмрийн хүдрийнх. Харин төмрийн хүдрийн олборлолт, экспорт шинэ түвшинд гарч ирсэн үе цаг 2007 оноос эхлэлтэй. Жилдээ 300 мянган тонноос хэтэрч байгаагүй төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2008 он гэхэд огцом буюу бараг 5 дахин өсөж, 1.4 сая тонныг экспортолсон түүхтэй. Энэ нь Монгол Улсад хувийн хэвшлийн анхны төмрийн хүдрийн уурхай олборлолт, экспортоо эхлүүлсэнтэй холбоотой байв. Төмрийн хүдрийн экспортын хэмжээ огцом нэмэгдсэнээр манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний нэг төдийгүй нүүрсний дараах хамгийн их үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болсон юм.
Энэ 17 жилд Монгол Улс 91 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 6.6 тэрбум ам.долларын орлого олсныг Mining Insight шинэ дугаартаа танилцуулж байна. Улмаар тусгай секцэндээ Монголын төмрийн хүдрийн экспортын хэмжээг хэд дахин өсгөн, байр сууриа баттай эзэлсэн “Болдтөмөр Ерөө гол” компанийг онцоллоо. Уул уурхайн түүхий эдийн экспортоос бизнесээ эхлүүлсэн Монголын хувийн хэвшлийн компаниуд өдгөө шат ахин, эхнээсээ эх орондоо аж үйлдвэрлэлийн суурийг тавих бүтээн байгуулалтууд өрнүүлж байна. Тэдгээрийн нэг нь “Болдтөмөр Ерөө гол”. Төмрийн хүдрийн хайгуул, олборлолтоос үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани өдгөө “Алтанширээт” аж үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж байна. Үйлдвэрлэл технологийн паркт таван үйлдвэр баригдах ба Хүдэр угаах, Нүүрс угаах, Кокс, Хорголжин, Ширэм үйлдвэрлэх үйлдвэрүүд байх юм. Эдүгээ гурав дахь буюу Коксын үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байна. 5 дамжлага бүхий эдгээр үйлдвэр баригдсанаар эх орондоо төмөр үйлдвэрлэх суурь тавигдана. Монголын хувийн хэвшлийн компаниуд хөгжиж, хөл дээрээ босон ийнхүү бодитой бүтээн байгуулалтууд хийж, аж үйлдвэрлэлийн суурийг тавьж эхэлж байгааг харах сайхан. Төмрийн хүдрийн хайгуулаас олборлолт, олборлолтоос боловсруулалт руу хэмээн шат ахиж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх амбиц тээсэн “Болдтөмөр Ерөө гол”-ынхны хувьд 2024 он тэмдэглэлт жил юм. Төмрийн хүдрийн салбарт хувийн хэвшлийнхнээс анхны зам мөрийг гаргасан “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 20 жил, түүний бүрэлдэхүүн компаниуд болох тэсэлгээний “Монтай Эрдэнэ” ХХК-ийн 20 жил, төмөр замын тээвэр логистикийн “Монголиан Транс Ложистик” ХХК-ийн 15 жил, уул уурхайн “Инфинити Спэйс” ХХК-ийн 15 жилийн ойнууд давхцан тохиож байна. “Болдтөмөр Ерөө гол”-ын түүх бол өнгөрсөн 20 жилийн зурвас үеийг төлөөлөх үндэсний уул уурхайн компаниудын замнал юм. Тиймээс 20 жилийн өмнөх уул уурхайн хувийн бизнесийн хүсэл тэмүүлэл, зорьж бүтээсэн ажлууд, сорилт бэрхшээл, алдаж оносон түүх, хувирч өөрчлөгдөөгүй итгэл үнэмшил, баримтуудын цомгийг та бүхэнд өргөн барьж байна. Эдгээр баримт ердийн нэг он дарааллын жагсаалт, тоон үзүүлэлтүүд мэт боловч мөр бүрт өрнөсөн үйл явдал нь манай цаг үеийн сонирхолтой дүр зураг юм. Тэгээс эхлэн боссон Монголын уул уурхайн компаниудын туулсан түүх, жаргал зовлон ойролцоо. Тэд юу туулж, 20 жилийн дараах өнөөдөр хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг энэхүү тусгай секцээс харах боломжтой.
“Болдтөмөр Ерөө гол”-ын хувьд Монгол орны төмрийн хүдрийн салбарт ихээхэн үүрэгтэй компани. Төмрийн хүдрийн хувийн хэвшлийн анхдагч уурхайг тэд байгуулсан. Манай улсын эрдсийн экспортод дөрөв дэх байр суурийг эзэлдэг төмрийн хүдрийн экспортын тэн хагас нь “Болдтөмөр Ерөө гол”-ынх. Түүнчлэн Монгол Улсын төмөр замын салбарын 80 жилийн түүхэнд хувийн хөрөнгө оруулалтаар 100 км-ээс дээш урттай хоёр ч төмөр замын суурь бүтцийг байгуулсан туршлагатай. Ийм түүх, туршлагатай компанийн 20 жилийн тэмдэглэлт ойгоор нь сүүлийн 8 жил удирдаж буй ч төдийлөн ил гарч байгаагүй “нууцлаг” Гүйцэтгэх захирлынх нь ярилцлагаар компанийн ирэх жилүүдийн амбиц, алсын харааг танилцуулж байна. “Компанийн үндсэн зорилго бол Монгол хүн бүрийн мөрөөдөл төмрийн үйлдвэрийг байгуулах” хэмээсэн П.Чулуунхүү захирлын үг биеллээ олж, ирэх өдрүүдэд Монгол Улсад төмрийн үйлдвэр байгуулагдах болтугай. Нийгэмд бүтээж буй үнэ цэн, улс орны хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмрээрээ үнэлэгдсэн үндэсний ийм компаниуд улам олон болж үржихийн ерөөл тавиад “Болдтөмөр Ерөө гол”-ынхонд 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.