Хятад долоон төрлийн сурьма болон АНУ-ын чухал ач холбогдолтой ашигт малтмалыг боловсруулахад ашигладаг 6 нэгж тоног төхөөрөмжийн экспортыг есдүгээр сарын 15-наас чангатгаад байна. Энэ талаар мэдэгдсэн БНХАУ-ын Худалдааны яам “Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд экспортыг чангатгаж байгаа гэж тайлбарлажээ. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр Хятад улс нь дэлхийн сурьма үйлдвэрлэлийн бараг тал хувийг эзэлдэг. АНУ-д сурьмаг олборлодоггүй бөгөөд уг металлын хэрэглээний 79 хувийг (14 мянган тонн) Хятадаас импортолдог байна.
Критикал минералд тооцогдог сурьма нь шөнийн дуран, тэсрэх бодис, бамбар болон сум, цөмийн зэвсэг үйлдвэрлэл зэрэг цэргийн зориулалтаар ашиглагддаг галд тэсвэртэй металл юм. Дэлхийн II дайны үед АНУ-ын вольфрамын ган, тугалган сум үйлдвэрлэлийн гол түүхий эд сурьма байжээ. Тухайн үед сурьмагийн хэрэгцээний 90 хүртэлх хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байсан АНУ одоо Хятад, Австралиас импортолж байна.
2021 онд дэлхийн зах зээл дээр сурьмагийн үнэ огцом өсөхөд Хятадын хууль бус, байгаль орчинд халтай уурхайнуудыг хаах, экспортын хяналтаа чангатгах зэрэг бодлогын өөрчлөлт нөлөөлжээ. Шинэ технологиудад сурьмагийн ач холбогдол нэмэгдэж байгаа нь АНУ-ын хувьд уг металлын олборлолтыг хөгжүүлэх сонирхлыг өдөөж байна. Гэвч үүнд цаг хугацаа шаардагдах тул ойрын жилүүдэд тус улс Хятадын сурьмагийн нийлүүлэлтэд найдахаас аргагүй гэж Олон улсын худалдааны комиссын тайланд онцолжээ.
Хятадын энэ удаагийн шийдвэр анхных биш. 2023 онд тус улс дотоодын цахилгаан машины батарей үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогоор бал чулууны экспортдоо хязгаарлалт тогтоосон. Хятад нь бал чулууны хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй энэ төрлийн ашигт малтмалын дэлхийн нийлүүлэлтийн 67 хувийг дангаар хангадаг, мөн бал чулууны боловсруулалтын 90 хувийг эзэлдэг талаар АНУ-ын Геологийн албаны мэдээлэл бий. Мөн 2023 онд Хятад улс хагас дамжуулагч болон нарны зай үйлдвэрлэхэд ашиглагддаг хоёр металлын экспортыг хязгаарласан нь германи, галлий юм. Түүнчлэн тус улс чухал ашигт малтмалыг түүхийгээр импортолж, боловсруулан экспортлоход анхаардаг. Хятад бол дэлхийн газрын ховор элементийн зах зээлд тэргүүлэх тоглогч бөгөөд цэвэршүүлсэн газрын ховор элементийн 85 орчим хувийг боловсруулдаг. Критикал минерал гэгддэг элементүүд нь өндөр технологи, цэвэр эрчим хүчний хэрэглээнд чухал ач холбогдолтой түүхий эд болж, эрэлт хэрэглээ нь дэлхий даяар өсөн нэмэгдэж байна. Конго улсын олборлож байгаа кобальтын бараг 65 хувийг Хятад боловсруулж байна. Кобальт нь батарей, электроникийн үйлдвэрлэлийн чухал бүрэлдэхүүн ашигт малтмал юм.
АНУ-ын ашигт малтмалын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Dei Gratia Minerals компанийн үүсгэн байгуулагч, захирал Грегори Вишер “АНУ-ын чухал ашигт малтмалын жагсаалтад багтсан 50 ашигт малтмалын 12 ашигт малтмалын импорт АНУ-ын хэрэглээний 100 хувь, бусад 29 ашигт малтмалын импорт нь АНУ-ын хэрэглээний 50 гаруй хувийг хангасан. Ийм импорт нь АНУ-ыг гадаадын ашигт малтмалын үйлдвэрлэлээс, ялангуяа Хятад гэх мэт өрсөлдөгч орнуудаас хараат болгож байна. АНУ-ын засгийн газар нөөцтэй ашигт малтмалын татвараа нэмэгдүүлэх, хэрэглэгчид дотооддоо үйлдвэрлэсэн ашигт малтмалыг илүү ихээр шаардах зэргээр импортыг бууруулж, дотоодын ашигт малтмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэжээ.
S&P Global-ын зургаадугаар сард нийтэлсэн "Уурхай хөгжүүлэх цаг үе: АНУ-ын хэтийн төлөв" тайланд дурдсанаар АНУ-д уурхайг ашиглалтад оруулахад дунджаар 29 жил зарцуулдаг нь ихэнх орноос илүү урт ажээ. 2002 оноос хойш АНУ-д ердөө гурван уурхай ашиглалтад оруулж, тэдгээрийн аль нь ч тус улсын ашигт малтмалын нөөц ихээр агуулагдах газар нутагт хамаардаггүй байна. Уг тайлан нийтлэгдсэний дараа Үндэсний уул уурхайн ассоциаци (NMA) долоодугаар сард хийсэн хэвлэлийн мэдэгдэлдээ, АНУ-ын Сенат нь олон арван жилийн уул уурхайн хууль тогтоомж, урьд өмнө мөрдөж буй хууль тогтоомжийг дахин баталгаажуулж, Америкийн ашигт малтмалын үйлдвэрлэгчдэд найдвартай байдлыг хангах үүднээс 2024 оны хоёр намын хамтарсан Уул уурхайн ил тод байдлын тухай хуулийг батлах ёстой гэжээ. Уг хуулийн төслийг одоо доод танхимд санал хураалт явуулахаас өмнө Сенатын Эрчим хүч, байгалийн нөөцийн хорооноос батлахыг хүлээж байна.