Төржсөн уул уурхай

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

Mining Insight сэтгүүл Уншигч танаа энэ удаад чухал нэгэн тоон үзүүлэлтийг хүргэхийг зорилоо. Монголын уул уурхай дахь төрийн оролцоо ямар байгааг, тэр нь жилээс жилд хэрхэн өсөн нэмэгдэж ирсэн болон цаашлаад улам томрох хандлагыг бид шинэ дугаартаа хөндөж байна. 

Өнгөрсөн есдүгээр сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан. Тус тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулахдаа хэлсэн мэдэгдэл нь ихээхэн анхаарал татсан билээ. ЗГХЭГ-ын даргын хэлснийг үгчлэн эшилбэл, “16 стратегийн ордоос долоог нь төр эзэмшдэг. Ингээд үзэхээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн долоон орд гэсэн үг. Энэ долоон орд 13.5 их наяд төгрөг буюу нийт татварын 72 хувийг бүрдүүлсэн. Гэтэл есөн стратегийн орд эзэмшдэг хувийн хэвшлийн 16 компани 4.6 их наяд төгрөг буюу 28 хувийг эзэлж байна. Тэгвэл нөөц ямар байна гэхээр “Эрдэнэт үйлдвэр” зэсийн 18 хувийг, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний 25 хувийг эзэмшиж байна. Төмрийн хүдрийн 15 хувь, жоншны 23 хувь, молибденийн 31 хувийг төр эзэмшиж байгаа ч нийт татварын 72 хувийг бүрдүүлж байна” гэсэн юм. 

Н.Учрал сайдын мэдэгдсэнээр, уул уурхай дахь төр ба хувийн хэвшлийн бүтээж буй үнэ цэн, оролцоог зөвхөн 16 ордын хэмжээнд харьцуулж үнэлэх нь хэт өрөөсгөл явцуу тодорхойлолт болно. Тиймээс Монголын уул уурхай дахь төрийн өмчлөлийн оролцоо ямархуу түвшинд байгааг, тэр нь цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж буйг, цаашдын ямархуу чиг хандлагыг илтгэж, хаашаа явж байгааг илүү өргөн хүрээнд харахын тулд Mining Insight дараах тооцооллыг хийж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, экспортын орлого хийгээд улсад төлсөн татварын хэмжээгээр нь төрийн ба хувийн хэвшлийн өмчит уул уурхайн эзэлж буй буй орон зай, цар хүрээг харьцууллаа. 

Найман жилийн өмнө буюу 2015 онд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 4.1 тэрбум доллар байв. Үүний 760 сая ам.долларыг төрийн өмчит хоёр том компани бүрдүүлсэн нь уул уурхайн экспортын 19 орчим хувийг эзэлж байжээ. Харин 8 жилийн дараа бараг 2 дахин буюу 34 хувь болж томорсон байна. 

Харин татварын хувьд 2015 онд олборлогч компаниуд 1.6 их наяд төгрөгийн татвар төлсний 25 хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байсан бол 2023 онд 64 орчим хувийг бүрдүүлжээ. Үүний 90 орчим хувь нь төрийн өмчит хоёр том компани буюу “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-нх. Эндээс төрийн өмчийн уурхайнууд цөөн тоотой мэт боловч хамгийн том компаниуд нь төрийн эзэмшил, мэдэлд байгааг харж болно. Тэр хэрээр төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын олж буй орлого, ашиг, төлж буй татвар хураамж өндөр байх нь зүйн хэрэг юм.

Цаашлаад Mining Insight-ийн энэ тооцооллоос маш тодорхой харагдаж буй нэг зүйл бол төрийн өмчийн эзлэх хэмжээ, цар хүрээ жилээс жилд нэмэгдэж, өргөжин тэлж байгаа явдал. Төрийн өмчийн энэ оролцоо цаашид улам нэмэгдэж, улам томрох хандлагатай байна. Уул уурхайн салбарт өмчийг төрд төвлөрүүлэх бодлого явж буйг илэрхий харж болохоор байна.

Учир нь Н.Учрал сайд 7-хон орд хэмээн чамлангуй мэдэгдэхдээ, стратегийн ордын тоог нэмэгдүүлэх төр, засгийн бодлогыг нэн тодорхой зарласан. УИХ-ын 27 дугаар тогтоолд нэр заасан, стратегийн ордод багтах эсэхийг нь шийдвэрлэх ёстой 39 орд болон шинээр нөөц тогтоогдсон ордуудыг авч хэлэлцээд, стратегийн ордод хамааруулах эсэхийг шийдвэрлэхээр болж байгаа. Ийм жагсаалт гаргах үүргийг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан хүлээж авсан. Энэ бүхнийг С.Болд-Эрдэнийн “Уул уурхай дахь төрийн оролцоо үлэмж нэмэгдэв” нийтлэл, график үзүүлэлтээс дэлгэрүүлэн уншина уу. 

Түүнчлэн энэ дугаартаа төрийн өмчит хамгийн том уул уурхайн компанийн нэг болох “Эрдэнэс Тавантолгой”-н чухал нэгэн мэдээнд уншигч таны анхаарлыг хандуулахыг хүслээ. Нөөцийн хэмжээгээр Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог “Эрдэнэс Тавантолгой” компани хамгийн зовхи нь өөдөө үедээ явна. Орлого, ашгийн түүхэн дээд цэгтээ яваа энэ үед нь тус компанийн зах зээлийн үнэлгээ хэд байж болохыг MIСС хөрөнгө оруулалтын компани тооцоолж, 9.5 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгойн хувьцааг амилуулах цаг” нийтлэлээ хүргэж байна. 

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон эрдэс баялгийн боловсруулалтад тэргүүлэх ач холбогдол өгч буйгаа сайд дарга нар тоть шиг давтаж байгаа энэ үед эрдэс боловсруулалтын хамгийн эхний шат гэж болох баяжуулах үйлдвэрлэл манай улсад ямар түвшинд байна вэ. Хөндлөнгийн хүний нүдээр, мэргэжилтний яв цав дүгнэлтээр байгаа байдлаа бодитоор харахад “Монголиа Процессинг Техноложис” ХХК-ийн Ерөнхий захирал Давид Жиангийн ярилцлага хөтөлнө хэмээн найдна.