Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийг "Эрдэнэс Оюутолгой" ХХК хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Оюутолгой компани ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэн, Монхидро констракшн ХХК төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар шалгарсан.
“Хэрлэн Тооно” төсөл нь Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 2 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум, Дорноговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 3 сумын газар нутаг буюу Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүс нутгийг хамарч буй.
Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, газар тариалан, уул уурхайн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны эх үүсвэрийг шийдвэрлэх ихээхэн ач холбогдолтой төсөл юм.
Төслийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор Эрдэнэс Оюутолгой компаниас төсөл хэрэгжих бүс нутгуудын удирдлагууд, иргэд олон нийтэд “Хэрлэн Тооно” төслийн талаарх мэдээлэл өгөх ажлыг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж Хэнтий, Дорноговь аймгийн сумдад ажиллажээ. Энэ удаа төслийн танилцуулгыг Өмнөговь аймагт зохион байгуулсан байна.
Уг төсөл хэрэгжсэнээр Говийн бүсийн усны тулгамдсан олон асуудал шийдэгдэж, эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг бий болгох боломж бүрдэнэ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, уул уурхайд ашиглагдаж буй гүний усны хэрэглээг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээхэд чиглэсэн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэнэ. Тиймээс төрөөс баримталж буй бүсчилсэн хөгжлийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хэрлэн Тооно” төслийг хэрэгжүүлэхэд талууд бүх түвшинд хамтран ажиллах хэрэгтэй байгааг Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат болон аймгийн бусад албаны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр Эрдэнэс Оюутолгой компани Гүйцэтгэх захирал Э.Ганхүү онцолжээ. Харин орон нутгийн удирдлагын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.