2024 оны эхний гурван улиралд Хятадад эрчим хүчний болон коксжих нүүрсний нийлүүлэлт (дотоодын олборлолт + импорт) бараг 3.6 тэрбум тонн, харин нийт эрэлт 3.5 тэрбум тонн давсан байна. Аравдугаар сарын эцэст тус улсын зөвхөн коксжих нүүрсний эрэлт 437 сая тонн буюу өмнөх жилээс өсөөгүй бол олборлолт 351 сая тонн, импорт 99.2 сая тонн тус тус хүрч нэмэгдсэнийг Sxcoal мэдээлжээ. Өөрөөр хэлбэл нүүрсний гол зах зээл дээр илүүдэл үүссэн гэсэн үг.
Тэгвэл мөн хугацаанд Хятадад 24 сая тонны шинэ хүчин чадал ашиглалтад орсны үр дүнд жилийн нийт олборлолт 51 сая тонноор нэмэгдсэний 12 сая нь коксжих нүүрс аж. Өнгөрсөн оноос тус улс нүүрсний шинэ уурхайн зөвшөөрлийн тоог мэдэгдэхүйц бууруулж буй. Гэсэн ч 2025 онд Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт 100 сая тонн давахаар байна. Учир нь 2020 2022 онд зөвшөөрөл авсан шинэ уурхайнууд ажиллаж эхэлнэ. Дэлхийн коксжих нүүрсний зах зээл 2021 оноос байнгын хомсдолтой тулгарч ирсэн бол Хятадын өнөөгийн эрэлт сул байгаа нь зах зээлийн динамикийг өөрчилж байна. BofA Securities-ийн тандалтаар 2025 он гэхэд зах зээл хэт нийлүүлэлт рүү шилжих төлөвтэй.
Хэдийгээр Хятад, мөн Энэтхэгийн коксжих нүүрсний эрэлт мэдэгдэхүйц өсөлттэй байгаа ч ирэх жил зах зээлийн хэт их нийлүүлэлтийг шингээхэд хангалтгүй гэж BofA-ийн шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл зах зээл илүүдэлтэй тулгарна гэсэн үг. Энэ нь коксжих нүүрсний үнэ буурах нөхцөл болно.
Дэлгэрэнгүй нийтлэл Майнинг Инсайт сэтгүүл, Арваннэгдүгээр сар 2024