Хятадын цагаан сарын үеэр тус улсын нүүрсний зах зээл аажим хумигдаж, эрэлт буурснаар импорт сулрах төлөвтэй байна. Харин баярын өмнө нөөцлөх ажил үндсэндээ дууссан тул коксжих нүүрсний зах зээлийн идэвх буурч, уурхайнууд зогссоноор үнэ тогтворжиж буй аж.
Коксжих нүүрс. Нэгдүгээр сарын дундаас Хятадын коксжих нүүрсний зах зээл ерөнхийдөө тогтворжсон. Гэхдээ уурхайнууд цагаан сарын амралтын хуваариа зарласнаас нийлүүлэлт хомсдоно гэсэн болгоомжлол үүсгэсэн. Коксын үнийн бууралт удаан үргэлжилсний улмаас үйлдвэрүүд баярын өмнө нөөцөө хангалттай дүүргэж чадаагүй. Коксжих нүүрсний 227 уурхай олборлолтоо мэдэгдэхүйц, огцом бууруулаагүй бөгөөд түүхий, угаасан коксжих нүүрсний нийт нөөц 9 сая орчим тонн байв. Sxcoal-ийн тандалтаар, кокс-химийн 100 үйлдвэрийн нийт коксжих нүүрсний нөөц 10 хоног хүрэлцэхүйц байгаа аж. Үйлдвэрлэлийн гол бүс нутгуудад үнэ харилцан адилгүй байна. Шанси мужид хүхэр багатай коксжих нүүрсний үнэ 1400 юань/тн болж буурчээ. Өвөрмонголд коксын үйлдвэрүүдийн эрэлт бага буйгаас коксжих нүүрсний үнэ 30-50 юань/тн-оор хямдарсан бол Шандун мужид угаасан нүүрсний үнэ 1100 юань/тн орчимд тогтвортой байна.
Монголын нүүрсний экспортын хувьд Гашуунсухайт-Ганцмод боомт дээр Монголын нүүрсний үнэ өссөн бол зах зээлийн эрэлттэй холбоотойгоор Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал бусад боомтуудад худалдаа буурчээ. Далайн тээврийн нийлүүлэлтийн тухайд Австралийн хатуу коксжих нүүрсний үнэ 190 ам.доллар/тн болж буураад байна.
Эрчим хүчний нүүрс. Нэгдүгээр сарын хагасаас хойш Хятадын боомтууд дахь эрчим хүчний нүүрсний үнэ хямдарсан байна. Цагаан сарын баяраар худалдан авалт удаашрахын өмнө худалдаачид нөөцөө борлуулахын тулд үнээ бууруулжээ. Чинхуандао, Жинтан, Цаофэйдян боомт дахь (2025.01.17) нийт эрчим хүчний нүүрсний нөөц 23.77 сая тонн байсан байна. Хятадын дотоодын зах зээл дээр ч эрчим хүчний нүүрсний үнэ суларчээ. Эрчим хүчний 5500 ккал илчлэгтэй нүүрс ний үнэ 765 юань болж буурсан бол өмнөд далайн боомтууд 92.4 ам.доллар/тн үнээр импортолж байсан. Тус улсын эрэлт буурсантай холбоотойгоор импортын эрчим хүчний нүүрсний үнэ унаж буй. Индонезийн 3800 ккал илчлэгтэй нүүрсний 49.5-50 ам.доллар байв.