Хятад гангийн үйлдвэрлэлээ бууруулна

БНХАУ гангийн үйлдвэрлэлээ танах замаар аж үйлдвэрийн бүтцээ өөрчлөхөөр төлөвлөжээ. Энэ тухай Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал дээр Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдэгдсэн (2025.03.05) байна. 

Дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч, хэрэглэгч "үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах замаар гангийн салбарын бүтцийн өөрчлөлтийг дэмжинэ" хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ. Үйлдвэрлэлийг хэр хэмжээгээр бууруулах талаар тодорхой дурдаагүй ч 50 сая тонноор бууруулна гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлж буй.  

Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо анх удаа гангийн үйлдвэрлэлийг бууруулах санал гаргаж байгааг Citi-ийн шинжээчид онцлон тэмдэглэжээ.  “Энэ нь Хятадын Засгийн газраас энэ онд гангийн үйлдвэрлэлийг зохицуулах болно гэсэн тодорхой дохио юм" гэж Mysteel-ийн судлаач Сюй Сянчун үзэж байна.  

Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөөний хүрээнд Бээжин түүхий гангийн үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарлахаар шийдвэрлэсэн. 2020-2024 онд Хятадын түүхий гангийн үйлдвэрлэл 5.6 хувиар буурчээ. Өнгөрсөн жил тус улс 1,005 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн байна. Бээжингийн шийдвэрээс өмнө 2020 онд гангийн үйлдвэрлэл 1,065 тэрбум тонн хүрсэн нь хамгийн дээд хэмжээгээр тооцогддог.  

Мэдээж, дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт удаан үргэлжилсэн нь тус улсын гангийн хэрэглээнд сөргөөр нөлөөлсөн. Түүнчлэн Хятадын гангийн экспортын гол чиглэл болох Вьетнам, Өмнөд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын гангийн зарим бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсноо зарласан. 

Хятадын Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвөөс саяхан хийсэн судалгаа шинжилгээгээр,  нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулж, гангийн үйлдвэрлэлийг ашигтай ажиллуулахын тулд хүчин чадлыг эрс багасгах буюу 2025 онд 15 хувиар бууруулах шаардлагатай гэж дүгнэжээ.