2025 онд Хятад эдийн засгийн өсөлтөө 5%-д хүргэнэ

Э.ОД

Хятадын үндэсний хууль тогтоох байгууллага жил тутмын ээлжит чуулганаа (2025.03.05) нээж, энэ онд гэхэд эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зэрэг дараагийн 5 жилийн хөгжлийн зорилтуудыг танилцууллаа.

Бээжин хотноо Ардын их хурлын ордонд болсон 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын III чуулганд 2977 депутат оролцжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулганы нээсэн бөгөөд Ли Цян, Ван Хунин, Цай Ци, Дин Шюэсян, Ли Си, Хань Жэн зэрэг бусад удирдагчид индэрт сууж, чуулганы тэргүүлэгчдийн гүйцэтгэх дарга Жао Лэжи хурлыг даргалав.

Засгийн газрын ажлын тайланг Ерөнхий сайд Ли Цян танилцуулсан. Тэрээр 2024 оны ажлын талаар, гадаад дарамт нэмэгдэж, дотоод хүндрэл өсөн нэмэгдэж буй ээдрээтэй, сорилттой үйл явдлуудын өмнө Хятад улс эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх томоохон зорилт, зорилтуудыг биелүүлсэн хэмээн дүгнэж хэлжээ.  

Хятад улс энэ жил эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт тавьж буйгаа зарлав. Тус улс ажилгүйдлийн түвшинг 5.5 орчим хувьд хүргэх, 2025 онд хотуудад 12 сая гаруй шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Хятад мөн хэрэглээний үнийн индексийг жил бүр 2 орчим хувиар өсгөхөөр зорьж байна.

Тус хурлаар, Хятадын Төрийн зөвлөлийн 2024 оны улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан болон 2025 оны төлөвлөгөөний төсөл, 2025 оны үндэсний эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцжээ.

2024 оны дөрөвдүгээр улиралд Хятадын ДНБ-ий өсөлт 5.4 хувьд хүрсэн нь шинэ багц бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойг онцолсон байна. Энэ жил тус улс олон жилийн турш байгаагүй илүү идэвхтэй, үр дүнтэй макро бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтөд хүчтэй түлхэц үзүүлнэ гэжээ. Хиймэл оюун ухаан, 6G зэрэг дижитал технологийг үйлдвэрлэл, зах зээлийн давуу талтай хослуулахыг зорьж байна. Шударга өрсөлдөөний зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх, хувийн бизнес, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Дотоодын эрэлт хэрэгцээ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч гэж үзэж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хөтөлбөрийг дэмжих зориулалтаар 1.3 их наяд юань буюу 182 тэрбум ам.долларын төрийн сангийн тусгай бонд гаргах аж.  Мөн төрийн өмчит томоохон арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 500 тэрбум юанийн төрийн сангийн тусгай бонд гаргана.  

Ерөнхий сайд 2025 он бол 14 дэх таван жилийн төлөвлөгөөний (2021-2025) эцсийн жил гэдгийг онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн арван жилд таван жилийн төлөвлөгөө нь Хятадын хөгжлийг бүх салбарт ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн тодорхойлж байна. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө 1953-1957 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд төлөвлөгөө бүр тодорхой зорилтуудыг дэвшүүлдэг. Тухайлбал, 1 дэх таван жилийн төлөвлөгөөнд хүнд үйлдвэр, аж үйлдвэржилтийг онцолж, 7 дахь таван жилийн төлөвлөгөө (1986-1990) нь амьжиргааны үндсэн хэрэгцээг хангахад чиглэгдсэн бол 8 дахь таван жилийн төлөвлөгөөнд (2016-2020 он) бүх талаар дунд чинээлэг нийгмийг цогцоор нь байгуулахаар зорьсон байна.  Харин 14 дэх таван жилийн төлөвлөгөөнд өндөр чанартай хөгжлийг голлон анхаарчээ. Уламжлалыг эвдэж, ногоон шилжилт, технологийн бие даасан байдал, бүс нутгийн тэнцвэртэй хөгжил, илүү гүнзгий шинэчлэл, өндөр түвшний нээлттэй байдлыг чухалчилсан аж.  

Таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол тулгуур нь томоохон төслүүд юм. Анхны төлөвлөгөөнд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр 156 төсөл хэрэгжүүлж, 13 дахь төлөвлөгөөнд 165 төсөл дэвшүүлсэн бол 14 дэх төлөвлөгөөнд 102 төсөл тусгажээ.  

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээллээр,  2024 онд  судалгаа, хөгжилд нийт 3.61 их наяд юань  буюу ойролцоогоор 503.21 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 

Энэ онд 15 дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулж эхэлнэ гэж Засгийн газрын ажлын тайланд дурджээ. 

Тус улс гадаадын хөрөнгө оруулалт, бизнест нээлттэй байна гэдгийг онцолжээ.