Эрчим хүчний аюулгүй байдал уул уурхайгаас хамааралтай болж байна

“Ирээдүйн түүхий эд 2025“ форум дээр Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Бандар Аль-Хорайеф “Уур уурхай ба эрчим хүчний аюулгүй байдал” сэдвээр илтгэсэн бөгөөд түүний яриаг сийрүүлэн хүргэж байна.

Саудын Араб бол ихээхэн өвөрмөц орон. Бид хамтын ажиллагааны үлгэр жишээ болохуйц арга барил дэвшүүлж байгаа. Бидний дэвшүүлж буй энэхүү эко системд төр, засгийн байгууллагууд, албан хаагчид, төрийн өмчит компаниуд болон түншүүд маань бүгд багтаж байгаа. Учир нь бид ганцаар ажиллаад хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс ихээхэн үр дүнд хүрч буй энэхүү хамтын ажиллагааны ач холбогдол цаашид улам өндөр болохоор байна. Та бидний өмнө уул уурхай болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах томоохон сорилт тулгарч байна. Сүүлийн арав гаруй жилд эрчим хүчний аюулгүй байдалд ихээхэн өөрчлөлт гарлаа. Өмнө нь эрчим хүчний аюулгүй байдал гэхээр Ойрхи Дорнод дахь газрын тосны ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх асуудал яригддаг байсан бол газрын тосны агуулах, дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээ хөгжсөнөөр энэ нь эрчим хүчний аюулгүй байдлын асуудал биш болж хувирсан. Харин одоо эрчим хүчний аюулгүй байдал хий, цахилгаан, голчлон уул уурхайгаас хамааралтай болж хувирлаа. Эрчим хүч бол үйлдвэрлэх, дамжуулах, түгээх цогц асуудал. Энэхүү үе шат, бүрэлдэхүүн хэсэг бүрт эрдэс баялаг зайлшгүй хэрэгцээтэй. Иймээс уул уурхай, эрчим хүч хоёроос эрчим хүчний аюулгүй байдал хамаарч байна. 

Эрчим хүчний шилжилттэй холбоо тойгоор ирээдүйд дэлхий даяар эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэх хандлагатай байна. Ганцхан жишээ хэлэхэд, 2023 онд нарны хавтангуудын суурилагдсан хүчин чадал 1400 ГВт байсан бол 2030 онд 3800 ГВт хүрэх төлөвтэй. Үүнд асар их критикал минерал шаардагдана. Тиймээс критикал минералын ханган нийлүүлэлтийн тогтолцоо хэрэгтэй, тэрхүү ханган нийлүүлэлтийг найдвартай, хариуцлагатай явуулах шаардлагатай байна. Энэ том зорилтыг Саудын Араб дангаар хэрэгжүүлж чадахгүй, үүнд олон улсын хамтын чармайлт хэрэгтэй. Эрчимтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт уул уурхайн салбарт ч сорилт бий болгож байна. Ашигт малтмал боловс руулах, баяжуулах үйлдвэрүүд хүлэмжийн хий ялгаруулдаг. Уул уурхай хүрээлэн буй орчинд ч сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Жишээлэхэд, ус бохирдуулах, хог хаягдлын менежмент гээд анхаарах асуудлууд бий. Дэлхийн жилд ялгаруулж буй хүлэмжийн хийн 10 хувийг (5 гега тонн) уул уурхайн үйлдвэрлэл эзэлж байна. Байдал хэвээр үргэлжилсээр байвал уул уурхайн хүлэмжийн хийн ялгарал улам нэмэгдэх болно. Жишээлэхэд, нэг тонн лити үйлдвэрлэхэд 15 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. 

Эрчим хүчний аюулгүй байдлын бас нэг эрсдэл нь ашигт малтмал олборлож, баяжуулан боловсруулж буй үйл ажиллагаа газар зүйн хувьд нэг дор төвлөрсөн шинж чанартай байна. Нөгөө талаар дэлхий дахинаа чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн явагдаж байна. Гэтэл эрдэс, түүхий эдийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхэд маш их хугацаа зарцуулагддаг. Дунджаар уул уурхайн нэг төслийг хэрэгжүүлэхэд дор хаяж 18 жил хэрэгтэй гэсэн тооцоолол байна. Ашигт малтмалын эрэлт өсөхийн нөгөө талд өртөг зардал өндөр болох, монопол байдал ч нэмэгдэж болзошгүй байна. Саудын Араб критикал минералтай цор ганц орон биш. Дэлхийн 35 улс өөрийн чухал ач холбогдолтой түүхий эд буюу критикал минералын жагсаалтыг гаргасан. Саудын Араб дотооддоо критикал минералын ханган нийлүүлэлтийн сүлжээ хөгжүүлэхийг зорьж байна. Дотоод төдийгүй хилийн чанадад ч хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Ингэснээр бид уул уурхай болон эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж чадах юм. Саудын Араб 2030 он хүртэлх эрчим хүчний зорилтдоо хүрэхэд чухал ашигт малтмалын эрэлт хэрхэн өсөхөөр байгааг дараах графикт харууллаа. Тухайлбал хром, манган, никель, газрын ховор элемент, цахиур, цайр 9 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна. Энэхүү эрэлтийг хангахын тулд Саудын Араб шаардлагатай бүхий л хөшүүргийг ашиглана. Өмнө нь манай улс өөрсдийн давуу тал, эрдэс баялгийн нөөц чадавхаа сайн сурталчилж чаддаггүй байсан. Харин одоо ямар эрдэс баялагтайгаа бид маш сайн мэднэ, түүнийгээ ч нууж хаалгүй шууд зарлаж байгаа. Цаашид улам хөгжүүлнэ. 12 гишүүнтэй ОПЕК оргил үедээ дэлхийн нийт газрын тосны 40 хувийг нийлүүлдэг байсан. Өнөөдөр зарим улс орон чухал ашигт малтмалын 50 гаруй хувийг дэлхийн хэмжээнд нийлүүлж байна. Улс орнууд ч гэсэн критикал минералын нөөцийг эзэмших, өөрийн гэсэн ханган нийлүүлэлтийн сүлжээтэй болохын төлөө өрсөлдөж байна. Гэхдээ энэ өрсөлдөөнөөр нүүрсхүчлийн хийн ялгарал ч, металлын үнэ ч, эрчим хүчний үнэ өртөг ч нэмэгдэхээр байна. Ирээдүйгээ харвал хиймэл оюун ухаан, крипто олборлолт гээд эрчим хүчний эрэлт хэрэгцээ улам өсөхөөр байна. Тиймээс уул уурхайг дэмжсэн эрчим хүчийг нэмэгдүүлэх, нөгөө талдаа эрчим хүчийг дэмжсэн уул уурхайг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Саудын Араб нь өөрийн нөөц баялгийн эд эс, ширхэг бүрийг ашиглахыг зорьж байна. Үүнд та бүхнийг бидэнтэй хамтарч ажиллаасай хэмээн хүсэж байна. Эрчим хүчний аюулгүй байдал, хямд өртөг, тогтвортой байдал бол бидний хамтдаа шийдэх асуудал юм. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээс ирээдүй хамаарна. Тиймээс энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Хямрал болсны дараа цуглаж ярих биш, харин урьтаж ярилцаж, сэргийлэх ёстой юм.

 Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)