Гэрэл зураг: www.mpa.mn
"Mining week" арга хэмжээн дээр Цахим хөгжил, харилцааны холбоон сайд Н.Учрал хэлсэн үгийг хүргэе.
Мэдээллийн тоон технологи нь цаг хугацаа, нөөцийг хэмнэх, хөгжлийг хурдасгах, бүтээмж баялгийг нэмэгдүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг болсон. 2022.01 сард байгуулагдсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлого, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох, улмаар цахим үндэстэн болгох зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цахим засаглал, дижитал дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.10 “Ашигт малтмал олборлох, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэ талаар ЦХХХЯ төрийн үйл ажиллагааг цахимжуулах, “E Mongolia” төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тал дээр ажиллана. Төрийн байгууллага, уул уурхайн компаниудын мэдээлэл ил тод, нээлттэй байдлын маш тодорхой стандартыг хангасан байх хэрэгтэй болж байна. Хөгжсөн орнуудад хүний эрх, байгаль орчинд ээлтэй дата мэдээллийг ярьж, хэлэлцдэг болтол хөгжжээ. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангахад МОҮИТБС үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Тус байгууллагаас 2017 онд нэвтрүүлсэн ОҮИТБС-ын цахим тайлангийн систем нь уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, татвар, хандив дэмжлэг, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид, эцсийн ашигт хүртэгч зэрэг өргөн цар хүрээтэй мэдээллийг нэг дор төвлөрүүлж чаджээ. Гэвч уул уурхайн салбарт бичиг цаас нэхдэг, хүнээс хамааралтай механик ажиллагаа ихтэй, авлигал, хүнд суртал үүсгэдэг тогтолцоо хэвээр байна. Тухайлбал хайгуулын тусгай зөвшөөрлийг хүлээж авах, сонгон шалгаруулах, олгох, сунгах асуудлыг бүрэн цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Мөн улсын нөөцөд хүлээн авсан тайлан мэдээллүүдийг цахим мэдээллийн сан хэлбэрт оруулж хэрэглэгчдэд ил тод ажил хийгдээгүй байна.
2023.01.01-ээс хэрэгжиж эхлэх Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрөл эдгээр харилцаатай холбоотой суурь харилцааг маш тодорхой хуульчилсан боловч байгалийн баялгийг ашиглах зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох зэрэг хариуцлага тухайн салбарын хууль зохицуулахаар үлдээсэн билээ. Гэвч энэ нь төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай явуулах зарчмын хүрээнд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд зөвшөөрлийг олгох, эсхүл татгалзах хариуг зөвшөөрөл хүсэгчдэд өгөх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоход саад болохгүй бөгөөд энэ талаар цахим технологийг ашиглаж хүнээс хамаарах хүчин зүйлсийг аль болох байхгүй болгох боломжтой гэж үзэж байна.
Уурхайн зөвшөөрөл олгосноос хойш бүрдүүлэх ёстой 30 гаруй баримт бичгүүдээс төрийн байгууллагуудын хянадаг, баталдаг, зөвшөөрдөг бүх баримт бичгүүд хуучин уламжлалт хэлбэрээр буюу цаасаар, нүүр тулсан харилцаанд хэвээр байна.
Энэ нь тус салбарын төрийн байгууллагууд цахим шилжилтийг эрчимжүүлэх ёстойг харуулж байна. Цахимаар өргөдөл, хүсэлт, тайлан хүлээн авсныгаа цахим шилжилт гэж хандаж болохгүй. Цахимаар ирж буй өргөдөл, хүсэлт, тайлан, төлөвлөгөөний эцсийн шийдвэр, шуурхай хариу бизнес эрхлэгчдэд тун чухал байна. Дээрх асуудлуудыг нэн яаралтай цахим хэлбэрт шилжүүлж, ил тод байдлыг бий болгох замаар шийдвэрлэхгүй бол авлигал, хүнд суртал, орон нутгийн иргэдтэй үүсдэг үл ойлголцол үргэлжилсээр байх болно.
2016 онд Авлигатай тэмцэх газраас гаргасан Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ үнэлгээ тайланд дурдсанаар дараах эрсдэлүүд уул уурхайн салбарт өндөр байна. Үүнд, өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, ашигт малтмалын нөөц болон үнэлгээ тооцох, бүтээн байгуулалтын зөвшөөрлүүдийг богино хугацаанд авах шийдвэр, уул уурхайн компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, орон нутагт үзүүлэх хандив тусламж, иргэд уул уурхайн компани хоорондын зөрчил, ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлан төлөвлөлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, ашигт малтмал борлуулах зэрэг үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүдийг нэрлэжээ. Энэ төрийн байгууллагуудын мэдээллийн сан өөр хоорондоо холбогдоогүй, мэдээлэл нь шуурхай шинэчлэгддэггүй, дундын мэдээллийн нэгдсэн сан байхгүйгээс болж зөвшөөрөл олгосон тусгай хэрэгцээний болон нөөцөд авсан талбайн мэдээлэл давхацсан, холбогдох байгууллагуудаас гарч байгаа шийдвэр хоорондоо зөрчилдсөн зэргээс болж байна. Энэ эргээд хүнд суртал, авлигал гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна.
ЦХХХЯ төрийн мэдээлэл солилцооны үндсэн системээр дамжуулж яам бүр өөрийн серверийг улсын төсөвт суулгаж шийдвэрлэдэг ажлуудыг зогсоохоор ажиллаж, Үндэсний дата төв дээр төрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж үндэсний клауд системийг хэрэгжүүлж эхлэх болсон. Үүнтэй холбоотой уул уурхай болон бусад салбарууд бие даасан серверийг улсын төсөвт суулгаж шийдвэрлүүлдэг, эргээд ашиглалтыг нь хангаж чаддаггүй байдлыг таслан зогсооно. Ингэснээр бүх түвшинд мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг дагаж мөрдөнө. Мөн уул уурхайн салбарыг цахимжуулахын тулд мэдээллийн аюулгүй байдлын асуудал яригдана. Үүнтэй холбогдуулж Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн үндэсний Кибер халдлагатай тэмцэх төв хувийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн кибер халдлагад өртсөн талаарх хадлагуудад хариу арга хэмжээ авдаг нийтийн төвийг байгуулах асуудлыг хуульчилж өгсөн. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртал арилах, авлигал, албан тушаалын гэмт хэрэг гарахгүй байх нөхцөл бүрдэж, авлигын хэрэг тодорхой хэмжээнд буурна гэж итгэж байна.
Эцэст нь, ЦХХХЯ-наас “5G буюу дараа үеийн хөдөлгөөнт холбооны сүлжээний талаар баримтлах бодлого”, Радио давтамжийн хуваарийг батлан гаргасан ба хувийн оператор компаниуд тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж эхлээд байна. 5G технологи нь КОВИД-ийн үед хил боомтоор нүүрс тээврийн машинуудыг жолоочгүй нэвтрүүлэх, уул уурхайн олборлолтын хэсэгт хүнд даацын техникийг жолоочгүй удирдах зэрэг технологийн шинэ боломжуудыг нээж өгнө. Орчин үеийн дэвшилтэд техник технологийн уул уурхайн салбарт шуурхай нэвтрүүлэн ажилласнаар компани, аж ахуйн нэгж, улс орон хамтдаа хожно гэдэгт итгэлтэй байна”