"Mining Week”-ийн дурангаар

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

Бид энэ сарын дугаартаа “Mining Week 2022” тусгай бүлгийг өргөн барьж байна. Монголын эрдэс баялгийн салбарынхан цаашдын хөгжил, өнөөгийн асуудал бэрхшээлээ тал бүрээс тав хоногийн турш уудлан ярилцсан нь Монголдоо эхний туршлага юм.

Ногоон эдийн засаг руу шилжих гүнзгий өөрчлөлт, түүний дагуулж буй сорилт хийгээд шинэ боломжийн талаар дэлхийн улс орнууд урьд хожид байгаагүйгээр нухацтай эргэцүүлэн, шинэ бодит байдалд хэрхэн зохицох, ямар байр суурьтай байх стратегиа тодорхойлон байна. Ийм эгзэгтэй цаг мөчид Монголын эдийн засгийг тулж түшдэг салбарынхан чуулав. Гэхдээ өнөө жилийн “Mining Week” алсыг харах завдалгүй дотоодод тулгарч буй асуудал бэрхшээлдээ төвлөрч хуралдсан. Өнөө жилийнх гэсэн нь “Mining Week” үүнээс хойш уламжлал болон жил бүр зохиогдох юм.

Улаанбаатарт есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нээгдсэн “Уул уурхайн долоо хоног” нэгдсэн форумын хүрээнд Монголын эрдэс баялгийн салбарын дүр зургийг Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлт, хөрөнгө оруулалтын орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, сайн засаглал, орон нутаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн ханган нийлүүлэлт, эмэгтэйчүүдийн оролцоо, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, үүсмэл ордын ашиглалт зэргийг оролцуулан бүхий л талаас нь хөндөж ний нуугүй ярилцсан билээ

Энэ дугаарт дэлгэрэнгүй тайлбарлан бичсэнчлэн нэгдсэн болон салбар хуралдаан бүр өнгөрсөн жилүүдээс авсан сургамждаа үндэслэн, эерэг өөрчлөлт хийх боломжуудыг хөндлөө. Дийлэнхдээ болж бүтэхгүй зүйлс яригдсан ч сэтгэл сэргэм гэгээтэй мэдээллүүд ч бас бий. Тэдгээрийг салбар хурлуудын тоймоос дэлгэрүүлэн уншина уу.

Мөн бид тусгай бүлэгтээ форумд оролцсон олон хүний дуу хоолой, байр суурийг хүргэхийг хичээлээ. Тэдэн дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлээд Өмнөговиос ирсэн малчин С.Энхбаяр нарын олон хүмүүс багтаж байна.

Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга гээд Засгийн газрын танхимынхан бараг бүгдээр шахам “Mining Week”-ийн хурлуудад оролцсон. Чимэгтэй сайхан үгс ч олныг дуулгасан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэд бүтцийг бий болгож, экспортын боомт, гарцуудыг нэмэгдүүлж, хүчин чадлыг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг дэмжих зэрэг сэтгэл сэргээх ахиц дэвшлүүдийг амлан байна. Гэвч гоё ярих, үйлдлээр батлан харуулахын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий. “Mining Week-2022”-ын индрээс Засгийн газрын зарлан хэлсэн үг үйлдэл болж хэрэгжих болтугай. Ийнхүү харьцуулан харах мэдээлэл, санал бодлуудаас чухал гэсэн бүхнийг нийтлэхийг хичээсэн тул Уншигч та дараа жилийн “Mining Week” хүртэл сэтгүүлээ хадгалаарай.

Монголын уул уурхай алдаа оноотой 30 жилийг ардаа орхиж, өөрчлөгдөн буй дэлхий ертөнцтэй зохицон шилжилт хийж урагшлах шинэ мөчлөгийн өмнө тулж ирээд байна. Ашигт малтмалын хуулийн шинэчлэлээр тэрхүү реформын эхлэл тавигдана гэх хүлээлт сүүлийн 2 жил хүчтэй байсан ч сулран суларсаар одоо ямар ч эрчгүй болчхов. Ногоон шилжилт дэлхийн улс орнуудыг ирээдүйн эрдэс гэгдэх критикал минералын бодлогоо тодорхойлох, байр сууриа эзлэх уралдаанд уриалан дуудаж, түүнээс хоцрохгүйн тулд бүгдээр арга ухаанаа уралдуулан байхад Монгол Улс яах нь тодорхойгүй гайхширсаар ард нь үлдэж болзошгүй байна.

Ийм цаг мөчид Парламентад хоёронтаа сууж буй Ж.Ганбаатар УУХҮ-ийн сайдын байр сууринд карьерын шинэ замналаа эхлүүлж байна. Хэдий хуучин зовлонгоо ярьсан ч байрандаа гацсан Монголын уул уурхайг урагш хөдөлгөх шинэчлэл хүлээгдэж байгааг “Уул уурхайн долоо хоног”-ын уур амьсгалаас шинэ Сайд анзаарсан биз ээ. Түүний хэр зэрэг шинэчлэгч вэ гэдэг нь салбарт хийх амбицтай реформын амжилтаас хамаарах юм. Нэн түрүүнд хүлээгдэж буй хуулиудын шинэчлэлийг зоригтой хийж, таг зогссон хайгуулыг эрчимжүүлээсэй гэх хүлээлт байна. Цаашлаад ирээдүйн эрдсийн сүлжээнд Монгол Улс ямар байр суурьтай байх, ямар бодлого стратеги хэрэгжүүлэх нь түүний толгойлсон УУХҮЯ-ны ажлын эрч, алсын хараа, засаг төрдөө үйл явцыг хэр ойлгуулж чадахаас ихээхэн хамаарна.

Үүний учир 2023 оны “Mining Week” томоохон ахицтай, бусадтай хөл нийлсэн, ирээдүй рүү чиглэсэн онцгой утга агуулгатай болох биз ээ. Үүнд энэ жилийн “Mining Week” томоохон туршлага болж үлдлээ. Ийм итгэлээр тусгай дугаараа өргөн барьж буйг хүлээн авна уу.