Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Манай улс гол төмөр замаараа өмнөд хөрш рүү гарсан экспортын албан ёсны хоёр дахь гарцтай болно. Үүнд хүргэх Хангийн төмөр замыг энэ жил байгуулж дууслаа. Монгол Улс 1956 онд БНХАУ-тай төмөр замын хэлэлцээр байгуулснаар Замын-Үүд-Эрээний эхний гарцыг бий болгосон юм. Хоёр дахь гарц болох Зүүнбаян-Хангийн төмөр зам барих шийдвэр 3 дугаар сард гарч, 11 дүгээр сард баригдаж дуусав. Энэ зам Хятадын Мандал боомттой холбогдсоноор манай улс урд талдаа өргөн нарийн төмөр зам бүхий 2 гарцтай болох юм. Монгол Улс хилийн төмөр замын хоёр дахь гарцыг нээхээр цөөнгүй жил бэлтгэсэн.
2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын үндсэн зорилго ч ийм гарцуудыг нэмэгдүүлэх байв. Энэхүү эрхзүйн баримт бичигт Монголын төмөр замын хөгжлийг цариг, чиглэл, ач холбогдлоор нь эрэмбэлэн тодорхойлохдоо уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх чиглэлүүдэд онцгой ач холбогдол өгч, боомтууд болон хоорондоо холбогдох чиглэл урсгалыг нь баталсан юм. Бодлогын баримт бичигт 2018 онд өөрчлөлт оруулахдаа Зүүнбаян-Хангийн чиглэлийг нэмсэн бөгөөд үндсэндээ энэ үеэс уг замыг төмөр замын хоёр дахь гарц болгох бэлтгэл ажил эхэлсэн гэж болно. 2019 онд Монгол-Хятад-ОХУ гурван улсын Төрийн тэргүүний уулзалтын түвшинд Эдийн засгийн коридорын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзсэн бол мөн онд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хоёр улсын хилээр холбох цэгийг Монгол Хятад хоёр улсын Гадаад хэргийн яамны түвшинд тохирсон юм. 2022 онд Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлийг бодит төмөр зам болгож байгууллаа. Байгуулахдаа хилийн дэд бүтэцтэй нь цогцоор шийдэв. Ингэснээр Хятадын нарийн болон өргөн царигийн төмөр замтай хоёр улсын хилээр холбогдоход Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам бүрэн бэлтгэгдлээ.
Нэг ёсондоо хоёр улсын төмөр замын хэлэлцээрийн хүрээнд хил холболт шийдэгдэх хэмжээнд дэд бүтцийн иж бүрэн бүтээн байгуулалт дуусаж байна.
Харин Зүүнбаян-Хангийн төмөр замыг угтуулж хийсэн Хятадын талын шийдэл нь Бугат-Мандал чиглэлийн 240 км төмөр зам юм. 2017 онд байгуулах шийдвэр гарсан уг төмөр замыг 2021 оны 8 дугаар сард нээж, тээврийг жигдрүүлсэн. Өөрөөр хэлбэл 20 сая тоннын хүчин чадалтай, цахилгаанжсан төмөр замын өртөө Монголын хилээс 8 км-ийн зайд бэлэн ирчихээд байгаа юм. Зохих шийдвэр гарлаа гэхэд үлдсэн 8 км замыг Хятадын талаас сарын хугацаанд барьчих боломжтой. Одоо шийдэх цор ганц асуудал үлдэж буй нь хоёр улсын төр засгийн шийдвэр. Өндөр дээд хэмжээний уулзалтаар хил холболтыг хэлэлцэн шийдчихвэл төмөр замын 2 дахь гарц нээгдэхэд бэлэн болоод байна. Энэ төмөр зам гол замын ачааллыг 2 дахин бууруулна.
Манай төмөр замын тээврийн төв коридор ачааллаа дийлэхгүй, ганц гарц болох Замын Үүд-Эрээн дээр овоорчихоод байгаа нь хоёр хуваагдана гэсэн үг. Ерөөс Монгол Улсын транзит ч бай, экспортын ч бай, импортын ч бай бүхий л ачааг нэмэгдүүлэх бололцоог Зүүнбаян Хангийн төмөр зам нээж өгч байгаа. Үүгээрээ уг төмөр замын давхар ач холбогдол тодорхойлогдоно. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хувьд зөвхөн дэд бүтэц байгуулаад зогсоогүй. Тээвэр эхлүүлэх нөхцөл ч бүрдээд байна. Тээвэр шууд эхлэх боломжтой гэсний учир нь Концесс хэрэгжүүлэгчид энэ талын бэлтгэлийг орхигдуулаагүй, давхар шийдэж ажилласных юм. Зүүнбаян-Хангийн төмөр замын концессийг барих-ашиглахшилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэх “Монголиантранс лайн”, “Монгол Транс Ложистик” компанийн нэгдэл нь өөрийн хөдлөх бүрэлдэхүүнтэй. Монголын төмөр замын салбарт 15 жил уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг өөрийн төмөр зам, хувийн хөдлөх бүрэлдэхүүнээр тээвэрлэж ирсэн, тээвэр логистикоо удирддаг бодит туршлагатай. Энэ туршлага, өнгөрсөн хугацааны бэлтгэл ажилдаа үндэслэн, эхний ээлжинд 3-5 сая тонн ачааг экспортод тээвэрлэх нөхцөлийг бодитоор бүрдүүлжээ. Ирэх 3 жилд 12 сая тонн хүргэх төлөвлөлттэй ажиллаж байна.
Дашрамд дурдахад, ЗүүнбаянХанги чиглэлийн төмөр зам дээгүүр ямар ч компани хөдлөх бүрэлдэхүүнээ чөлөөтэй аялуулах, ачаагаа эрх тэгш тээвэрлэх эрх зүйн орчин нээлттэй юм. Эцэст нь Монгол Улсын экспортын гарцыг төмөр замын боомтоор нэмэгдүүлэх бодит ажлыг хийсэн, гар бие оролцсон бүхий л байгууллага, хүмүүст амжилт хүсээд ЗүүнбаянХангийн төмөр замын цогц мэдээллийг нэгтгэсэн дугаараа Уншигч таны гар дээр тавьж байна.