Уул уурхайн компаниуд түүхий эдээ экспортлохын тулд өөрсдийн галт тэрэгтэй болох эрэлт хэрэгцээ үүснэ
Экспортын шинэ гарцыг нээх, орлогын шинэ эх үүсвэр бий болгох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ердөө хагас жилд багтаан барих бүтээн байгуулалт энэ сараас эхэлж байна. Манай улсын төмөр замын түүхэнд хамгийн богино хугацаанд барьж байгуулахаар зориглосны учир нь хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, шийдлүүд тодорхой болсон явдал юм. Улс төрийн шийдвэр гарсан, царигийн маргаан байхгүй, хилээр холбох цэгийг Засгийн газрын түвшинд Хятадын талтай тохиролцсон. Нөгөө талаар дотооддоо төмөр зам барьсан туршлагатай, санхүүжилтээ шийдэх боломжтой хувийн хэвшлийн аж ахуйн нэгж концессийн эрх авсан.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Ханги боомтын эрдсийн экспортоос 2 тэрбум ам.долларын орлогыг Монгол Улс олох юм.
Тавантолгойн нүүрс, Оюутолгой болоод цаашдаа Цагаансуваргын зэс, Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдэр, трассын дагуух ашиглалтын зөвшөөрөл бүхий уурхайнуудын уул уурхайн бүтээгдэхүүн гээд 20 сая тонн ачаа тээх юм. Энэ хэмжээгээр Монголын эрдсийн экспорт нэмэгдэнэ гэсэн үг.
2018 онд УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулахдаа нэмж тусгасан хоёр чиглэлийн нэг ЗүүнбаянХанги юм. Тухайн үед УБТЗ-ын Зүүнбаян өртөөнөөс 281 км төмөр замаар Ханги боомттой холбон, Сайншандаас Бугат хүртэлх тээвэрлэлтийн зайг 318 км дөт болгосноор зардлыг бууруулах тооцоо гарч байсан юм. Тэгвэл нөхцөл байдал өнөөдөр бага зэрэг өөрчлөгдөөд байна. Ханги боомтын чиглэлийг хэвтээ тэнхлэгийн төмөр замын 111 дэх км дээрээс салаалан татаж байна. Ингэснээр эхлэлийн цэг болох Дорноговь аймгийн нутаг дахь Халзан цав хэмээх газарт манай улсын анхны гурвалсан төмөр замын сүлжээ бий болох юм. Улмаар Зүүнбаян-Хангийн төмөр замын тээвэр нь ТавантолгойЗүүнбаянгийн төмөр замаар дамжин Тавантолгойн чиглэл, зүүн тийш Улаанбаатар төмөр замтай холбогдоно. Хөндлөн төмөр замын ачаа тээвэр Замын-Үүд боомтын өнөөгийн ачаалал, түгжрэлд улам нэрмээс нэмэх байсныг ийнхүү шийджээ. Нөгөө талаар Хангийн трассыг Зүүнбаян өртөөнөөс бус баруунтаа татаж, тодорхой зай хэмнэж байгаагаар бүтээн байгуулалтын өртөг зардал буурч байна. Мөн ашиглалтын зөвшөөрөл бүхий уурхайнууд руу ойртож байгаа тул тэдгээрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах дэд бүтэц хангагдах ач холбогдолтой юм.
Зүүнбаянгийн өртөөнөөс үргэлжлүүлэн холбохгүй тул Хангийн шугам дээр УБТЗ-ыг Монголын Засгийн газартай хувь тэнцүү эзэмшигч Оросын талын оролцооны асуудал энд яригдахгүй гэсэн үг. Зүүнбаян-Хангийн маршрутыг оросууд эртнээс сонирхож, тодорхой байр суурь илэрхийлж ирсэн. Бишкек хотноо болсон Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүний уулзалтаар Ерөнхийлөгч В.Путин Зүүнбаян-Ханги төмөр замын төслийг онцолж байсан удаатай. Оросын талаас Хангийн боомтоор транзит тээвэр, нурмаг ачаагаа Хятадын хойд зах зээлд гаргах боломжтой гэж үздэг. Оросоос Хятад руу хоногт 8 галт тэрэг ачаа транзитаар явах ёстой боловч манай улсын төмөр замын өнөөгийн чадамж 4 галт тэргийг л дамжуулж байгаа.
Тэгвэл Хятадын хувьд Мандал боомтоор түүхий эд импортлохоор хэзээнээс бэлтгэсэн. Улсынхаа таван жилийн төлөвлөгөөнд тусган Бугат хотоос Мандал боомт хүртэл төмөр зам барьсан нь 8 км зайд тулж ирээд байгаа. Төмөр зам болон хурдны авто замын аль алинаар Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн авахад бэлэн. Монголын эрдсийн экспортын зорилтот зах зээл Хятад руу гарах хамгийн дөт гарцыг Зүүнбаян-Хангийн төмөр зам нээх юм.
Тавантолгойн нүүрс гэхэд л дан төмөр замаар шууд Бугат орчмын төмөрлөгийн кластерууд, томоохон хэрэглэгчдэд хүрнэ. Хятад улс “Бүс ба зам” стратегийн дагуу алслагдсан зүүн хойд бүс нутгийнхаа худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа. Үүнд Бугат чухал байр суурь эзэлдэг. Улсынхаа машин механизм, цахилгаан эрчим хүч, ган төмрийн дийлэнх хэрэгцээг хангаж байгаа гол бүс нутаг юм. Эндэхийн уул уурхайн хүнд даацын машин механизм угсрах үйлдвэр гэхэд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой, Багануурын уурхайд техник нийлүүлдэг. Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл болоод үнийг тогтоодог Хятадын ховор элементийн олборлолтын 90 хувийг дангаар хангадаг Баян Овоогийн орд энэ бүс нутагт оршдог. Бугатын нүүрс, өнгөт металл, газрын ховор элемент, химийн болоод электроникийн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмждэг. Ухаалаг төхөөрөмжийн бичил схем угсрах төрөл бүрийн үйлдвэрлэлээс гадна дэд бүтэц, тээвэр логистикийн асар олон төсөл хэрэгжиж байна. Эдгээрт шаардагдах түүхий эдийн хэрэгцээг тодотгох нь илүүц биз.
Ашигт малтмалд тулгуурласан хүнд аж үйлдвэрлэлийн цар хүрээ, чадал тэнхээгээрээ Бугат нь улсдаа тэргүүлэгч төдийгүй дэлхийд танигдаад байгаа. “Ган төмрийн хот”, “Газрын ховор элементийн төв” ч гэж нэрийддэг. Өмнөд далайн эргээс татдаг Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт татарснаас Хятадын худалдаачдад Ганцмодоос гадна Мандал боомтоор нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхол их байгаа. Төмөр зам, авто замаар хослуулан Ганцмодоор 50 сая, Сэхээгээр 30 сая, Мандалаар 30 сая, Эрээнээр 15 сая тонн нүүрс (коксжих, эрчим хүчний) импортлох боломжтой гэсэн тодорхой тоо байдаг. Гэхдээ хамгийн дөт орших Хангийн боомтын нүүрсний экспортын хэмжээ одоогоор 700 мянган тонн хүрэхгүй байгаа. Бугатын үйлдвэр нь жилд 80 гаруй сая тонн ган үйлдвэрлэж байна. Хурдны төмөр зам, метроны рельс төмөр царигийн бүх хэмжээгээр, мөн бетон дэр зэрэг 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Хятадын өндөр хурдны төмөр замын рельс төмрийн 60 хувийг нийлүүлдэг Бугатын үйлдвэр цагтаа ЗүүнбаянХанги төмөр замын төсөлд өргөн, нарийн аль ч царигийн рельс төмөр, бетон дэр нийлүүлж хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж байсан юм. Одоо ажлуулаагүй 2 зуух байгаа. Домен зуухыг нэг асаавал 30 жил зогсоодоггүй онцлогтой. Хэрэв Монголын талаас түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, тогтвортой хангаж чадна гэвэл зуухыг нэмж асаах боломжтой гэдэг.
Манай улсын хувьд жилд 8 сая тонн төмрийн хүдэр экспортолж байгаа. Бугатын бүс нутгийн ган төмрийн үйлдвэрлэлтэй зэрэгцээд ховор металл, критикал минералыг боловсруулах, түүнийг дагасан технологийн үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байна. Дэлхийн критикал минералын нийлүүлэлтэд Хятадын нөлөөг тодорхойлдог Баян-Овоо нь газрын ховор элемент, металл ялгаж боловсруулдаг хамгийн том үйлдвэр юм. Тойроод ухаалаг утас, сэлбэг хэрэгсэл, бичил схем угсрах үйлдвэрүүд төвлөрч байна. Эдүгээ ногоон бодлогын хүрээнд Хятадын төмөрлөгийн үлэмж том үйлдвэрүүд далайн эргээсээ зүүн хойд нутаг руу шилжин суурьшиж байгаа юм. Үр дүнд нь аж үйлдвэрийн томоохон кластерууд, олон улсын чанартай тээвэр, худалдаа логистикийн сүлжээ Монгол руу ойртож байна. Энэ аварга зах зээлийн асар их эрэлт дунд Монголын түүхий эдийн нийлүүлэлт дэндүү цомхон. 2021 онд Ханги боомтоор 300 сая ам.долларын экспорт хийгдсэн.
“Их говь энержи”, “Айлбаян”, “Сор говь” компани нүүрс, “Элстэй”, “Мон Лаа” компани төмрийн хүдрийг авто замаар гаргаж байна. Төмөр замтай болсноор Ханги боомтын эрдсийн экспортын орлого одоогийнхоос 6 дахин өсөх тооцоолол байна. Монгол Улсын Засгийн газраас экспортын шинэ гарцаар Ханги, Бичигт, Цагаандэлийн боомтыг тодорхойлж, улмаар төмөр замаар холбох ажлыг Зүүнбаян-Ханги чиглэлээс эхлүүлсэн. Одоо экспорт хийж байгаа голлох боомтууд гэвэл Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн. Өнөөдөр төмөр зам бүхий гадаад худалдааны хамгийн том боомт болох Замын-Үүд боомт ачааллаа дийлэхгүйд хүрч, таг зогсох эрсдэл бодитой нүүрлээд байна.
Монгол, Хятадын хэлэлцээрээр хоногт 14 галт тэрэг Замын ҮүдЭрээний боомтоор нэвтрэх ёстой. Цар тахлын хориг бүрэн цуцлагдаагүйтэй холбоотой хоногт 10 галт тэрэг л гарч байна. Энэ цувааг задалбал, транзит ачаа 4, экспортын чингэлэг 2, төмрийн хүдэр 2, нүүрс (open top) 1, зэс, цайр мөнгөний баяжмал 1 галт тэрэг байгаа юм. Засгийн газрын ирээдүй, Сангийн сайдын ажил үндсэндээ Замын-Үүдээс шалтгаалж байна. Хангиар төмөр замын экспортын шинэ гарц нээгдсэнээр уул уурхайн хүнд даацын машин механизмаас эхлээд барилгын материал, цахилгаан бараа, бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлт Замын- Үүдийн ачаалал дунд чихэлдэхгүй, Хятадын нутгаар хамгийн дөт замыг туулан Хангийн боомтоор орж ирэх боломжтой болно. Тиймээс ЗүүнбаянХанги нь уул уурхай төдийгүй энгийн иргэд, худалдаачид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бүгдэд хэрэгцээтэй зам юм. Боомтын хүчин чадал, төмөр замаас гадна Замын-Үүд дээр түгжрэл гацаа үүсгэдэг нэг шалтгаан нь чингэлэг бүхий галт тэрэгтэй холбоотой. Хятадаас чингэлгээр ачаа орж ирэхдээ манайд чингэлэгт галт тэрэг хомс, хүрэлцдэггүй тул шилжүүлэн ачихгүйгээр шууд буулгадаг.
Цаашид боомтуудыг төмөр замаар холбосноор гарч ирэх нэг асуудал нь галт тэрэгний хүрэлцээ. Уул уурхайн компаниуд түүхий эдээ экспортлохын тулд өөрсдийн галт тэрэгтэй болох эрэлт хэрэгцээ үүснэ. Уул уурхайн компаниуд эхнээсээ хувийн вагонтой болж эхэлж байна. Хамгийн эхний жишээ нь “Болдтөмөр Ерөө гол” компани юм. Өөрийн хөрөнгөөр төмөр зам тавьж, ачааны 3003 вагонтой, хөдлөх бүрэлдэхүүний засварын депо байгуулсан. Экспортын тээвэрт галт тэрэг хүрэлцэхгүй нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой” ч гэсэн нүүрсээ гаргахын тулд галт тэрэг авах уу, эсвэл МТЗ экспортын тээврийг хангахуйц вагоны парктай байх уу гэдэг шаардлага үүснэ. Ирэх жил гэхэд манай улсын төмөр замын сүлжээ 870 км-ээр уртассан байна. ТавантолгойГашуунсухайт 267 км, ТавантолгойЗүүнбаян 416 км, Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам ашиглалтад орно. “...12 жил гацсан төмөр замын хил солбицлын цэгийг Хятадын талтай тохиролцож чадсан учир бүтээн байгуулалтууд ямар ч саадгүй хэрэгжинэ.
Санаатай, санамсаргүй сүүлийн 10 гаруй жилийн хугацаа алдаж, боломжоо хязгаарласан хүчин зүйл нь бид өөрсдөө. Улс төрийн, хөрөнгө мөнгөний шалтгаан ч байсан. Энэ байдлаасаа урд хөршийн итгэлийг ч маш ихээр алджээ. Залхаасан байна. Дахин итгэл өвөртөлсөн хоёр талын хэлэлцээрүүд ахицтай байгаа. Одоо алдах эрхгүй “цонх үе” гэж Б.Жавхлан сайд хэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнээ зардал багатай, шуурхай экспортлох төмөр замын хэрэгцээг бүх түвшиндээ ойлголцсон нь сайн хэрэг. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн түүхий эдээ ихээр зарж борлуулан орлого олохоор тооцоолж байгаа. Тиймээс бүх анхаарлаа боомтууд, экспортын төмөр замуудад хандуулж байна. Зөвхөн “Боомтын шинэчлэл”- ийн хүрээнд 44 төсөл санал болгон 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаад, дотоодоос татахаар төлөвлөжээ.
Боомтуудаа шинэчлэн өргөтгөж ирэх хоёр жилд гадаад худалдааны эргэлтийг 24.8 тэрбум ам.долларт хүргэхээр тооцсон байна.
Хувийн хэвшлийнхний хийж чадаж байгаа зүйл дээр төр өрсөлдөхгүй. Төр хийх ёстой ажлаа л хийнэ. Хөрөнгө оруулах боломж төрд маш хязгаарлагдмал. Тиймээс төр нэгдмэл байр суурьтай хөрөнгө оруулагчдыг дэмжиж, хамтран ажиллана. Төрөөс хөрөнгө санхүүжилт гаргахгүй бүх төслийг дэмжинэ гэж Засгийн газар амлалаа. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн жишгээр цаашид явна гэж хөрөнгө оруулалтын талаарх байр сууриа маш тодорхой илэрхийлж байна.
Майнинг Инсайт сэтгүүлийн гуравдугаар сар, 2022 №03(004) дугаарт нийтлэгдэв.