Австралийн шүүх нүүрсний хамгийн том төслийг хориглов

Э.ОД

Австралийн шүүхээс чулуужсан түлшнээс ялгарах утаа хүний эрхэнд заналхийлнэ гэж үзэн тус улсад нүүрсний томоохон уурхай байгуулах саналыг хоригложээ. Эрчим хүчний нүүрсний Galilee төсөл хэрэгжих хугацаандаа агаар мандалд 1.58 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулах ба энэ нь Австрали улсын жилд ялгаруулдаг нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээнээс 3 дахин их хэмээн Квийнслэнд мужийн шүүх үзсэн байна. Энэхүү шийдвэр нь Австралийн 81 тэрбум ам.долларын экспорт бүхий нүүрсний салбарт томоохон цохилт болсон гэж зарим шинжээчид харж байна.

Galilee төсөл нь жилд 40 сая тонн эрчим хүчний нүүрс үйлдвэрлэх Австралийн томоохон уурхайн нэг болох байв.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, нөлөөлтэй холбоотойгоор Квийнслэнд мужид нүүрсний уурхайн үйл ажиллагаа дэмжигдээгүй анхны тохиолдол болохыг Австралийн уугуул иргэдийг төлөөлсөн Байгаль орчны албаны ахлах хуульч Алисон Роуз тайлбарлажээ. Тэрээр “Энэ шийдвэр бол Австрали улсын хувьд цоо шинэ зүйл бөгөөд дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч бүс нутгийн нэг Квийнслэнд мужид чулуужсан түлшний төслүүдэд хууль эрх зүйн жишиг болно” гэжээ.