Профессор, Др. Петер Айген Дэлхийн банкинд хөтөлбөрийн менежерээр ажиллаж байхдаа авлигатай тэмцэх ажлыг эхлүүлжээ. Гэсэн ч төдий л дэмжигдээгүй тул ажлаа орхин, 1993 онд “Транспаренси Интернэшнл” байгууллагыг санаачилж үүсгэн байгуулсан байна. 30 жилийн түүхтэй, 110 оронд салбартай энэхүү авлигын эсрэг томоохон байгууллагыг хөл дээр нь босгосон хүмүүсийн нэг юм. Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал олон улсын санаачилгын анхны үүдэл санааг гаргаж, үүсгэн байгуулж, удирдан ажилласан баялаг намтартай эрхэм. Түүнтэй Майнинг Инсайтын О.Батболд Берлинд уулзаж ярилцсаныг хүргэж байна.
Та эдийн засгийн хөгжил, засаглалын салбарт ажиллахдаа авлигатай тэмцэх олон улсын чухал санаачилга, хөтөлбөрүүдийг бий болгож, удирдсан туршлагатай. Тэр дундаа “Транспаренси Интернэшнл”-ийг үүсгэн байгуулж, Зөвлөх хорооны даргаар нь ажилласан. “Транспаренси Интернэшнл” нь авлигатай тэмцэх зөв сайн талбар болж хөгжиж чадсан уу? Энэ байгууллагын хүч нөлөө нь юунд оршдог вэ?
“Транспаренси Интернэшнл” (ТИ)-ийг үүсгэн байгуулсан гол зорилго нь авлигыг олон улсын хэмжээнд гэмт хэрэгт тооцдог болгох явдал байв. Герман болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) орнуудад гадаадад авлига өгөхийг гэмт хэрэг гэж үздэггүй байлаа. Энэ нь нөгөө талаараа авлигыг зөвшөөрдөг гэж хэлж болохуйц зүйл юм. Тэр үед гадаадад өгсөн зарим авлигыг татвараас хүртэл чөлөөлдөг байлаа. Дэлхийн банк үйл ажиллагаа явуулж буй орнууддаа энэ асуудлыг хөнддөггүй, жирийн л асуудал мэт үздэг байсан цаг. Жишээ нь Германы төрийн албан хаагчийн хараат бус, бие даасан шударга байдлын талаар Эрүүгийн хуулиас өөр хуулийн заалт байгаагүй. Тухайн үеийн Германы Канцлер Хэлмут Коль, түүний Засгийн газар үүнийг өөрчлөх хүсэл зориг байгаагүй тул эхэндээ бид нэлээд бэрхшээл, тэмцэлтэй тулгарсан. Гэхдээ Германы олон компанид авлигын хор уршгийг ухуулан таниулсны үр дүнд “Сиймэнс” зэрэг компаниас бид авлигагүй олон улсын бизнесийн зах зээлд ажилламаар байна гэх байдлаар санаачилгыг маань дэмжиж эхэлсэн. Улмаар олон удаагийн зөвшилцөх уулзалтыг Германы Ерөнхийлөгч асан Рихард Вайцзеккерээр удирдуулан хийсний үндсэн дээр 1999 онд том шинэчлэлийг эхлүүлж, Германы хуульд өөрчлөлт оруулж чадсан юм. Үүний дараахан НҮБ Авлигын эсрэг конвенцийг баталсан бол Дэлхийн банк зэрэг байгууллагууд өөрийн дүрэм журамдаа гадаадад авлига өгөхийг гэмт хэрэг гэж үзэх хандлагыг шингээж эхэлсэн. Энэ өөрчлөлтийг ихээхэн тэмцлийн үр дүнд хийж чадсан. Гэхдээ үүнийг хамтын хүчээр буюу дэлхийн маш олон улс орны Засгийн газрууд, томоохон компаниуд мөн иргэний нийгмийн оролцоотойгоор хийж чадсан юм шүү. 1995 онд Авлигын индексийг гаргаж 45 орны жагсаалтаар анх эхлүүлж байлаа. Үүнтэй зэрэгцэн ТИ илүү технократ болж, маш олон салбар байгуулагдаж эхэлсэн. Улс орнуудад байгуулагдсан салбаруудаа Берлин дэх төвөөс удирдах гэхээсээ илүүтэй техник арга зүйн зөвлөгөө өгөх байдлаар үндэсний эдгээр салбар ТББ-уудыг дэмжин ажиллаж байлаа. Тэд улс орныхоо авлигын суурь асуудлыг оношлох ажлыг бие даан хийж, энэ байгууллагын чухал суурь болон хөгжиж эхэлсэн юм. 2010 оны “Арабын хавар”-ын дараагаар олон улсын байгууллагууд бидний үүсгэсэн сүлжээ буюу манайхаар дамжуулан Арабын орнуудын ТББуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлснээр бид 160 гаруй ажилтантай донор байгууллага болж хувирсан. Ингэснээр ТИ-ийн төвд эрх мэдэл илүүтэй төвлөрч, 2015 он гэхэд хамгийн хүнд үедээ хүрсэн юм. Үйл ажиллагааг өөрчлөх ажлыг хөндлөнгийн шинжээчдээр эхлүүлсэн ч тухайн үеийн удирдлагаас багагүй саад тотгор учруулж байв. Үүнээс хэдэн жилийн дараа хуульч Делиа Феррейра ТИ-ийн тэргүүнээр сонгогдсон. Шинэ удирдлагын баг үүсээд байсан хямралыг даван туулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, илүү үр нөлөөтэй ажиллаж байна.
Ер нь авлигатай тэмцэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ? Эдгээр асуудлыг хэрхэн шийдэж урагшлах ёстой вэ?
Авлигыг зохион байгуулдаг хүмүүс их “овжин”. Тэд авлигатай тэмцэхээр үүсгэсэн системүүдийн цоорхойг гярхай олж харж, авлига өгч авалцсаар байна.
Бид өнгөрсөн хугацаанд мөнгө угаахын эсрэг дорвитой тогтолцоо бий болгож чадсангүй. Компанийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох асуудал дээр ч мөн адил.
Мөнгө угаалт их явагддаг зарим нэг бүс нутгуудад энэ чиглэлээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа нь том саад тотгор болж байна. 2020 оны есдүгээр сард Лондонд болсон Авлигын эсрэг олон улсын хурал эдгээр асуудалд бага ч болтугай дэмжлэг үзүүлэхүйц болсон. Гэсэн хэдий ч оффшор бүсүүд төдийгүй зарим хөгжингүй улсуудад ч гэсэн эцсийн өмчлөгчийг ил болгоогүй байгаа. Өмчийн болон компаниудын эзэд нь тодорхойгүйн улмаас Барууны орнуудын Оросын олигархиудад тавьсан хориг бүрэн хэмжээгээр хэрэгжиж чадахгүй байна.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар. Тус салбарыг авлигад өртөмтгий гэсэн үзэл бодол олон нийтэд түгээмэл байдаг. Эрдэс баялагт түшиглэн хөгжиж буй орны хувьд энэ чиглэлд бид ямар хүчин чармайлт гаргах хэрэгтэй вэ?
Уул уурхайн салбарт төрөөс зөвшөөрөл олгох, хяналт тавих гээд авлигатай шууд холбогдох олон нөхцөл байдал үүсдэг. Эдгээрийг авлигаас ангид байлгахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авч болох ч орон нутгийн, үндэсний, мөн олон улсын түвшинд иргэний нийгмийн байгууллагуудыг өргөн хүрээнд оролцоотой байлгах нь хамгийн чухал. Уул уурхай төдийгүй ямар ч салбарт авлигатай тэмцэх иргэний нийгмийн оролцоог хангаж өгөх нь зүйтэй. Засгийн газар уул уурхайн томоохон төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх үеэс эхлэн ил тод байх шаардлагатай. Хэт их эрх мэдэл, мөн нууц тохироо явагдах боломжийг ил тод байдал л хязгаарлах бөгөөд юуг хэрхэн тохирсон нь олон нийтэд нээлттэй байх ёстой. Энэ нь авлига өгч авалцахад саад болохоос гадна тухайн хэлэлцээрт орсон талуудыг ч таагүй зүйлд холбогдохоос сэргийлэх боломжтой юм. Үүний зэрэгцээ олон улсын хийгээд дотоодынхоо иргэний нийгмийн оролцоог сайжруулах, тэдний дэмжих явдал чухал. Дарангуйлагч засаглалтай орнуудад иргэний нийгмийн байгууллагууд чөлөөтэй ажиллах боломж байдаггүй нь эрх мэдэлтнүүд дураараа аашлах, авлигыг цэцэглүүлэн хөгжүүлэх суурь болж байна. Мөн ОҮИТБС-ын хүрээнд санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг нь авлигатай тэмцэх чухал арга замууд юм.
Манай улсад сүүлийн жилүүдэд төрийн өмчит уул уурхайн компаниудын эдийн засагт оруулах хувь нэмэр, үүрэг нөлөө ихээхэн байр суурь эзлэх болсон. Төрийн өмчийн зардлын хяналт сул, үүнийг хянах арга зам төдий л үр дүнтэй биш байгаа. Ийм тохиолдолд хяналт тавих механизм яаж ажиллах ёстой вэ?
Юуны түрүүнд хэлэхэд төр ихэнхдээ муу менежер байдаг. Төр заримдаа мэдлэг, туршлагаараа тухайн салбарын компаниуд мөн иргэний нийгмийн байгууллагуудаас сул байх нь бий. Уул уурхайн салбар нь голдуу өндөр технологи ашигладаг, түүнээс хараат салбар.
Тиймээс юуны түрүүнд тухайн компани мэргэжлийн, бие даасан багтай байж төслөө үр дүнтэй удирдах ёстой. Компанийн өмчлөлийн байдлаас үл хамааран мэргэжлийн байдал, мэдээлэл нь ил тод байх ёстой.
Төр болон гадны хөрөнгө оруулагчид хамтарснаар амжилттай явсан төслүүд байдаг. Жишээ нь Ботсвана Улсад алмаазын уурхайг төр нь 50 хувь, хөрөнгө оруулагч компани 50 хувийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн сайн туршлага бий. Эхэндээ хоёр талд үл ойлголцол байсан ч ойлголцоод ажиллаж чадсан. Ингэснээр харилцан бие биедээ хяналт тавиад, ил тод байдлаа хангаад ажиллах боломж бүрддэг давуу талтай. Германд сүүлийн үед орон сууцны нийгэмлэгийг төр авах ёстой гэсэн хандлага яваад байгаа. Төрд авснаар тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Жон Кеннет Гэлбрейтийн 1966 онд бичсэн “Шинээр үйлдвэржсэн улс” номд удирдлагын арга барилыг ихээхэн чухалчилсан байдаг. Иймээс том төслийг ил тод хариуцлагатайгаар удирдах, мөн хяналт тавих чадвар байгаа эсэхээ төр тодорхойлох ёстой. Томоохон санхүүгийн хяналтын байгууллагууд ч хяналт шалгалт хийхдээ алдаа гаргадаг байхад хөгжиж байгаа орны Засгийн газар хэрхэн тухайн төслийг явуулах, мөн явуулж байгаа бизнесийг төрийн бусад байгууллагууд яаж үнэн зөв хянах вэ гэдэг эргэлзээтэй байдаг. Түүнчлэн төрийн өмчит компанийг голдуу тухайн улсын цөөн хэсэг хүмүүс удирддаг. Ийм үед нээлттэй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг хамгийн том асуулт юм. Зөвхөн сайн хуультай байх нь хангалтгүй. Хөрөнгө оруулалтын сайн гэрээтэй байх хэрэгтэй. Мөн амьд, чадварлаг иргэний нийгмийн байгууллагуудтай байх шаардлагатай.
Оролцогч талуудын хамтын ажиллагааг хэрхэн амжилттай хөгжүүлэх ёстой вэ?
Уул уурхай гэлтгүй хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд талуудын хамтын ажиллагаа чухлаар тавигдаж, хөгжлийн суурь болж байна. Хамтын ажиллагааны дүрэм тодорхой, эрх мэдэл эн тэнцүү байх нь тун чухал. Жишээ нь ОҮИТБС нь уул уурхайн салбарт сайн жишээ. Тухайн санаачилгыг анх үүсгэн байгуулаад санхүүжилтын асуудал яригдаж байх үед уул уурхайн компаниудаас санхүүжилт авахыг олон хүн эсэргүүцэж байсан. Бид олон талын санхүүжилттэй байж байгууллага урт хугацаанд амжилттай явах юм. Тухайн байгууллагын санхүүжилт мөн шийдвэр гаргах үйл явц нь талуудын эрх тэгш оролцоон дээр суурилсан байх нь хэн нэгнээс хараат бус байх чухал суурь юм. Ийм тохиолдолд талууд харилцан бие биеэ сонсох, бусад талынхаа ач холбогдол өгч буй асуудалд анхаарал хандуулах боломжтой болдог. Нөгөө талаасаа талуудын хамтын ажиллагаа нь ихэнхдээ 4 жил, зарим тохиолдолд үүнээс богино настай засаг төрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэдний олж хараагүй асуудлын бусад талыг олж харах гэх мэт өргөн боломжийг олгодог.
Mайнинг Инсайт Сэтгүүл, есдүгээр сар 2022 нийтлэв