Glencore Австралийн нүүрсний 1.3 тэрбум ам.долларын төслөөс татгалзжээ

Э.ОД

Glencore компани Австралийн Квийнслэнд муж дахь нүүрсний 1.3 тэрбум ам.долларын уурхайн төлөвлөгөөгөө цуцалсан байна. Энэхүү Valeria төслөөс татгалзах шалтгааныг дэлхийн тодорхойгүй байдал, Австрали улсын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн гэж Швейцарын компани тайлбарлажээ.

Тус компани нь нүүрс хүчлийн ялгаруулалтыг аажмаар бууруулах, ингэхдээ эрчим хүчний нүүрсний уурхайнуудын нөөц шавхагдах хүртэл 2040 он хүртэл ашиглах стратегийн зорилттой. Улмаар 2050 он гэхэд цэвэр ялгаруулалтад хүрэхээр төлөвлөж байна. 2019-2035 онд нүүрсний 12 уурхайгаа хаах төлөвлөгөөгөө урагшлуулж буйг Glencore-ийн Гүйцэтгэх захирал Гэри Нагле мэдэгджээ.

Ойрын дөрвөн жилийн дотор Liddell, Newlands болон Integra уурхайг хааж, нөхөн сэргээлт хийх ажээ.

Glencore нүүрсний 26 уурхайтай бөгөөд ихэнх нь Австралид байдаг байна. BHP, Anglo American, Peabody Energy компаниудын эзэмшдэг нүүрсний уурхайнууд байрладаг Австралийн Квийнслэнд муж нөөц ашигласны төлбөрийг 10 жил царцаасан шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард цуцлахдаа төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн.