Австралийн коксжих, эрчим хүчний нүүрсний импортоо Хятад сэргээж байна


Э.ОД

Хятад улс КОВИД-19-тай холбоотой хөл хориог сулруулснаар тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн түүхий эдийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Улмаар дотоодын нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ Австралийн нүүрсний импортоо сэргээх хандлагатай байна.

China Energy Investment компани Австралиас нүүрс импортлох захиалга өгсөн талаарх мэдээлэл (2023.01.06)баасан гаригт цацагджээ. Ингэснээр Австралийн эсрэг Хятад нүүрсний импортын албан бус хориг тогтоосноос хойших хоёр улсын нүүрсний худалдааны анхны хэлэлцээр болж байна. Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр "China Energy"-ийн захиалгат нүүрсийг Австралиас ачих төлөвтэй.

Үүний зэрэгцээ China Datang, China Huaneng цахилгаан станц, мөн ган үйлдвэрлэгч China Baowu гэсэн томоохон үйлдвэрлэгчдэд Австралиас нүүрс импортлох чиг үүрэг Хятадын төр захиргаанаас өгөгдсөнийг “S&P Global” мэдээлжээ. Тус мэдээнд дурдсанаар, Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Эрчим хүчний яамнаас Австралийн нүүрсний импортыг сэргээх асуудлыг (2023.01.03)хэлэлцсэн байна.

Бас нэг анхаарал татах мэдээлэл бол энэ оны гуравдугаар сарыг дуустал хүчин төгөлдөр Хятадын нүүрсний импортын 0 татвараа эргэн сэргээхээр төлөвлөсөн. Харин тус улсын нүүрсний импортын татвараас Австрали чөлөөлөгдөх төлөвтэй байгаа аж.

2019 онд Австрали 14 тэрбум ам.доллар бүхий нүүрс Хятад руу экспортолсон байдаг. 2020 оны нийт үзүүлэлтээр Австрали 35.5 сая тонн нийлүүлж Хятадын коксжих нүүрсний импортын талаас илүү хувийг бүрдүүлсэн. Харин тухайн оны аравдугаар сараас Хятад албан бусаар Австралийн нүүрсний импортоо зогсоосноор хоёр улсын нүүрсний худалдаа 0 болсон. Энэ зуур Хятад руу Оросын нүүрсний нийлүүлэлт өссөн бол Япон, Өмнөд Солонгос, Тайван руу Австралийн нүүрсний экспорт нэмэгджээ.

Орос, Украины хооронд зэвсэгт мөргөлдөөн өрнөснөөр дэлхийн зах зээл дээр коксжих, эрчим хүчний нүүрсний үнэ огцом өссөн. Хятад, Энэтхэг зэрэг томоохон худалдан авагч орнууд Оросоос хямд үнэтэй нүүрс түлхүү татах болсон.
Хятадын зах зээл дээр Австралийн нүүрс эргэн ирж буй нь Оросын нүүрсний нийлүүлэлтийг эзлэх хувь буурч болзошгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Австрали коксжих нүүрсээ Хятадад нийлүүлж эхэлснээр дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ буурах боломжтой гэж Хятадын металлургийн үйлдвэрийнхэн харж байна.