Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
MSight Монголын уул уурхай, эдийн засгийн мэдээллийн итгэл даах эх сурвалж байхыг цаг үргэлж чармайна
Он солигдох онцгой өдрүүдийн дундуур шинэ сэтгүүлийнхээ эхний дугаарыг Эрхэм таны гар дээр хүндэтгэн тавилаа. Цөөнгүй жил уул уурхай, эдийн засгийн мэдээллийн орон зайд ажилласан сэтгүүлчид нэгдэж ажиллахаар шулуудан, хараат бус редакци байгуулж, MSight сэтгүүлийг эрхлэн гаргаж байна. Ирэх жилээс цаадах он жилүүдийг илүү итгэлтэйгээр өнгийн харахын тулд сэтгүүлээ ийнхүү нэрийдлээ.
MSight Монголын уул уурхай, эдийн засгийн мэдээллийн итгэл даах эх сурвалж байхыг цаг үргэлж чармайна. Ирж буй 2022 он Монголын эрдэс баялгийн салбарын түүхнээ тэмдэглэлт жил юм. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжих суурь тавигдсаны 100 жилийн ой тохионо. Энэхүү ойн жил эрдсийн салбарт мөн л содон үйл явдлууд цөөнгүй өрнөнө. Шинэ төслүүд ашиглалтад орно, үйлдвэрлэл нэмэгдэнэ. Шинэ ойлголт, нэр томьёоллууд бий болно. Ийм хувьсал, өөрчлөлт бүрийн гэрч нь MSight байж, ярилцах хуудсаа ямагт нээлттэй байлгана. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, ногоон сэргэлтийн төлөөх хүчин чармайлтууд, технологийн эрчимжилт, түүхий эдийн шинэ эрэлт, чухал ашигт малтмал, тэдгээрийн авчрах хувьсал өөрчлөлт зэрэг сэдвүүд MSight-ийн нүүр хуудаснаа байнгын чухал байр суурьтай байна.
Шинэ он гаргаад хэлцэгдэх нэлээд хэдэн хууль чухамдаа эрдэс баялгийн салбарын харилцаатай холбоотой. Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулан салбарын эрх зүйн орчныг цогцоор нь шинэтгэх ажлын суурийг хориннэгэн онд тавьсан юм. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан өөрчлөгдөх хуулиуд, Үндэсний баялгийн сангийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Хүнд үйлдвэрлэлийн тухай, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслүүд хэлэлцүүлэгт орно. Эдгээр хууль хэлцэгдэн батлагдвал зарчмын олон шинэчлэл Монголын эрдсийн салбарт бий болно. Өөрчлөлтийн хандлага бүр уул уурхайн зөв үйл ажиллагааг Монголд төлөвшүүлэхийн төлөө байх ёстой билээ. Анхаарлын төвд авчрах учир шалтгаан ийм тул эрдсийн салбарт хүлээгдэж буй хуулийн төслүүдийг MSight эхний дугаартаа онцоллоо.
Улс орны хувьд 2022 он мөн л улирч буй он шигээ шинэ шалгуур бэлдсэн таамаглашгүй жил. Коронавирусийн үеийн амьдрал түүхий эдийн салбарт гол төлөв эерэг нөлөө үзүүлсээр ирэв. Тэр нь манай эдийн засагт сайн мэдээ байдаг ч цар тахлын эсрэг арга хэмжээ нэрийн дор эрдсийн экспорт байсхийгээд л зогсох хүртлээ асуудал хүндэрдэг боллоо. Улсынхаа эдийн засгийн тамир тэнхээ, хандлага, алдаа оноог илэрхийлсэн нийтлэл, баримт статистикийг MSight шинэ дугаартаа түлхүү нийтлэв.
Түүнчлэн уул уурхайн салбарт хүлээгдэж байгаа том төслүүдийн эргэн тойронд үүсэж буй нөхцөл байдлыг холбогдох баримтуудын хамт нэгтгэн толилуулж байна. Юуны түрүүнд товлосон төслүүдийн бүтээн байгуулалтад бэрхшээл үүсэж буйг Та унших болно. Нөхцөл байдлын өөрчлөлт эдийн засаг дахь боломжуудыг бүдгэрүүлэн байна. Гэвч хямрал үргэлжид боломжийг дагуулдаг. Энэ нь эерэг өөрчлөлт хийх илүү сайн арга замыг эрэлхийлэхийн үүд юм гээд шинэ дугаараа өргөн барья. Бидний бэлтгэсэн мэдээллийн талбарт тухлан саатна уу. Айсуй ондоо хүн бүрийн сэтгэл дүүрэн, ар гэр амгалан, ажил үйлс дээшээ,эхорныирээдүйөөдрөгбайхын ерөөлийг өргөе.