Хүүхдийн 100 мянгыг АМНАТ-өөс шилжүүлнэ

Б.БАЯРТОГТОХ

Засгийн газар төсвийн төсөл өргөн барихаас УИХ батлах хүртэлх энэ хугацаанд орлогын төлөвлөгөө ахиад л хэт өөдрөг байна гэсэн шүүмжлэл тасарсангүй. Энэхүү байр суурь эдийн засагчдын дунд урьдын адил хэвээр давтагдав. Төсөв тойрон хамгийн түгээмэл, байнга яригдах болсон нийтлэг сэдэв гэж үүнийг хэлж болно. Орлогын хэт өөдрөг төсөөлөл олон жил хөндөгдөж байна. Экспортын биет хэмжээ, эрдсийн үнийн урьдчилсан таамаглал уг “яриа”-ны эх үндэс нь. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ирэх жилийн төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Эргэн сануулахад, 2022 оны төсвийн төслийг УИХ 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байв. Үүнтэй харьцуулахад алдагдал нэг их наядаар хумигдсан гэж харагдана. Тэгж ч харагдуулахыг зорьсон биз.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Тэвчиж болох зардлуудыг бууруулж, танах тал дээр ажилласан нь төсвийн тэнцлийг сайжруулсан. 2023 оны төсөв эдийн засгийн хүндрэл, учирч болох эрсдэлүүдийг даван туулахад чиглэсэн” гэж дүгнэсэн юм. Монгол Улсын 2023 оны төсвийн нийт орлого 19 их наяд төгрөг байх бол зарлагын хэмжээ 20.4 их наяд төгрөг байхаар УИХ батлав. Үүгээрээ бүх цаг үед байгаагүй хамгийн өндөр дүнтэй төсөв болохоор байна. Өөрөөр хэлбэл, урьд өмнө байгаагүй зарлагыг манай улс ирэх онд гаргана гэсэн үг. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг гэдэг түүхэнд байгаагүй тоо” гэдгийг хэлж байсан. Төсвийн орлогын гол эх үүсвэр нь уул уурхай. Тийм учраас Засгийн газар олборлох салбарт илүү их найдлага тавьж байна уу даа гэж бодогдоно.

Нөгөө талд жил бүр л уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсэнд хамаг найдвараа тавьж ирсэн ч уул уурхайн хөгжлийг хурдасгах талаар барагтай ам ангайдаггүй урвуу хамаарал ч анзаарагдсаар олон жил өнгөрч. Экспортын орлого төсвийн “хувь заяа”-г тодорхойлох учраас боомтын шинэчлэл болон төмөр замын бүтээн байгуулалт эрчээ авах нэгэн он байх нь. “Шинэ сэргэлтийн бодлого” эрчимжих, үүнд тусгагдсан уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт эхлүүлсэн төслүүд төсвийн шинэ бодлогын хүрээнд урагшлахаар байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий дээрх салбаруудын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгах том зорилтыг Засгийн газар өмнөө тавьсан. Хавтгайрсан халамжаас аль болох зайлсхийж, байгаа хөрөнгийн нөөц боломжоо зөв хуваарилах, эдийн засгийг тэлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх салбарт чиглүүлэхэд анхаарсан гэж Сангийн сайд Б.Жавхлан тодотгосон.

Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос тэргүүтэй хэдхэн нэр төрлийн түүхий эд 2023 оны төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлэхээр байна. Эдгээр бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ, зах зээлийн үнэ ханш орлогын цөм хэсэг төвлөрөх эсэхийг шийдэх юм. Хэдийгээр уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, дэмжих, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх тухай төр засаг, иргэний нийгэм, олон нийт ярьж, хэлж байгаа боловч богино хугацаанд валют авчрах, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай, түргэн мөнгөжих экспорт нь уул уурхай л байна.

Тиймээс 2023 оны төсөв, түүний урсгал зардал, шинэ хөрөнгө оруулалтын шаардлагатай дийлэнх санхүүжилтийг уул уурхай л бүрдүүлж, хүнд үеэс аварч гарах дүр зураг бууна.

Хандив, тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд бүртгэнэ

Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, хотоос хөдөөд шилжихийг урамшуулсан татвар, цалин хөлсний шинэчлэлийг ирэх оны төсөв эхлүүлэхээр болов. Уриа лоозон төдий бус ул суурьтай хэрэгжүүлэхээр зорьж байгааг Сангийн сайд мөн цохон тэмдэглэсэн. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбогдож байна. Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн бодлого “Шинэ сэргэлт” нь зургаан хэсэгтэй. Үүний нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Орон нутагт ажиллаж, амьдарч буй төрийн албан хаагчдын цалин хангамж, ажилласан жилийн урамшууллыг өсгөх, шударгаар тооцох тогтолцоо руу манай улс аажмаар шилжиж байгааг Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Төрийн үйлчилгээний 295 ялгаатай цалинг 59 болгож, үр дүнд суурилсан цалингийн систем рүү хөрвөж байна. Хөдөө орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалин хоёр дахин нэмэгдэх боломж бүрдэх төдийгүй энэ нь төвлөрлийг сааруулна гэж үзжээ. Тэрчлэн хүний нөөцийн чадавх дээшилж, орон нутагт ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэсэн хүлээлт бас байгаа юм. Төрд ажилласан жил болгоныг нэг хувиар тооцож, нэмэгдэл олгохоор байгаа нь 2023 оны төсвийн гол шинэчлэл. Ирэх жилийн төсөвт уул уурхайн салбар болон орон нутгийн хөгжилтэй холбоотой томоохон шинэчлэл орж ирсэн нь анхаарал татна. Энэ нь орон нутагт уул уурхайн үйл ажиллагааг дэмжих хүрээнд уул уурхайн компаниудаас тухайн аймаг, сум, багт нийгмийн хариуцлагын хүрээнд өгдөг байсан хандив, тусламжийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн явдал юм. Иргэд, олон нийт мэддэггүй эсвэл зарцуулалт нь ил тод бус, компанийн захирал, аймаг, сумын удирдлагын түвшинд л өгсөн, авсан гэх хандив, тусламж бүртгэлтэй болж, албажиж, түүний зарцуулалт, шилжүүлэг тодорхой, цаасан дээр мөртэй, баримттай болох нь. Хандив, тусламжийн мэдээллийг нээлттэй, ил тод болгож, түүний зарцуулалтад орон нутгийн иргэд өөрсдөө хяналт тавих, оролцоог хангах эрх зүйн хамгаалалт, нөхцөл нь ийнхүү 2023 оны төсвөөр бий болохоор байна.

Уул уурхайн салбарын үүрэх “ачаа” улам нэмэгдэнэ

Орлогын боломжийг дайчлах, урсгал зардлаа хумихад чиглэсэн гэх ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь 2.7 их наяд төгрөг. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй, өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлогыг Засгийн газар баримталж байна. Он дамнан хэрэгжиж байгаа нийт төслийн 78 хувь нь 2023 онд ашиглалтад орно гэсэн тооцооллыг Сангийн сайд Б.Жавхлан хэлж байсан. Төсвийн өндөр төсөөлөл бүхий орлого бүрдэхгүй бол хөрөнгө оруулалтын зардал дахиад л он дамжихад хүрдэг. Манай улс ДНБ-ий дунджаар 4 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн таван жилийн хугацаанд 8.8 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсанаас энэ хугацаанд 5.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгогджээ. Давхардсан тоогоор улсын хэмжээнд 6,323 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Ирэх оны төсөвт 2.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1059 төсөл, арга хэмжээ байгаа нь хөрөнгө оруулалтын зардал юм. Уул уурхайн салбарын ирэх оны төсөвт гүйцэтгэх үүрэг асар их. Өмнөх жилүүдтэй харьцуулахад экспортын биет хэмжээнд огцом өөрчлөлт гараагүй боловч төвлөрүүлэх орлогын хэмжээ өмнө байгаагүйгээр нэмэгдэж байна.
Монгол Улсын ДНБий 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувийг дангаар бүрдүүлэх уул уурхайн салбар төсөвт 4.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвтэй байна. Энэ нь төсвийн нийт орлогын 25 орчим хувийг эзэлнэ гэсэн үг. Тэгвэл 4.9 их наядыг уул уурхайн салбар хэрхэн олохоор байгааг авч үзье. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос дээрх орлогын 50 гаруй буюу 2.5 их наядыг олохоор тооцжээ. 2022 оны төсөвт АМНАТ-өөр 2.1 их наядын орлого төвлөрүүлэхтэй харьцуулахад хамаагүй өндөр дүн байгаа биз. АМНАТ-ийн 47.3 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмал, 36.9 хувь буюу 927.1 тэрбум төгрөгийг нүүрс, 6.6 хувь буюу 165 тэрбум төгрөгийг ирэх онд алтны үйлдвэрлэлээс манай улс “олборлох”-оор байна. Монгол Улсын экспортын уламжлалт түүхий эд гэж хэлж болохуйц зэсийн баяжмал, нүүрс, алт, газрын тосны хилээр гарах борлуулалтын биет хэмжээ 2023 оны төсвийн орлогын гол эх үүсвэр. Энэ хэд үндсэндээ экспортын орлогыг залгуулах “нэрийн бүтээгдэхүүн” болж хувирсан байна. Үлдсэнийг нь тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвараар нэг их наядыг, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ногдол ашгаас 566 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр Засгийн газар төсөвт тусгаад байна. Нүүрсний экспортын биет хэмжээг энэ оны ижил 36.5 сая тонн байхаар тооцоолжээ.
2022 оны хувьд нүүрсний экспортын биет хэмжээг тодотгож, 18 сая тонн болгож бууруулсан. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар нүүрсний экспорт 24 сая тонн болж, өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өссөн дүнтэй гарлаа. Зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн, алтны хэмжээг 17 тонн байхаар төсөвт оруулсан байна. Нүүрсний үнэ тонн тутамд дунджаар 144 ам.доллар, зэсийн үнэ тонн тутамд 8,400 ам.доллар, алтны үнэ унц тутамд 1,830 ам.доллар байхаар төсөөлжээ. Ирэх онд нийт татварын бус орлогыг 1.8 их наяд төгрөг байхаар тооцсон бол үүний 22.9 хувийг газрын тосны орлого, 8.1 хувийг навигацийн орлого бүрдүүлэх юм. Харин төсөвт байгууллагын өөрийн орлого 15.3 хувийг эзлэх аж. Үлдсэнийг нь тусламжийн орлогоос нөхөх нь. Газрын тосны нийт экспортын хэмжээг 6.5 сая баррель, нэг баррель газрын тосны үнийг 83 орчим ам.доллар байхаар төсөөлжээ. Ингэснээр 425 тэрбум төгрөгийг газрын тосны орлогоор төсөвт төвлөрүүлэх юм. Энэ оны төсөвт нүүрсний экспортын үнийг 128.7 ам.доллароор тооцоолж байсан бол ирэх онд 144 ам.долларт авчирсан байна. Зэсийн үнийг мөн адил энэ онтой харьцуулахад 2000 гаруй америк доллароор нэмж тооцоолжээ.

Сангуудын хуримтлал хумигдана

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн хэмжээг ирэх онд 295.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Энэ нь өмнөх оноос 27 хувь буюу 62.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн. Уул уурхайн экспортын хэмжээ нэмэгдэх хүлээлт дор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ОНХС-гийн орлогын шилжүүлгийн хэмжээ нэмэгдэхэд ийнхүү нөлөөлжээ. Төсвийн тогтворжуулалтын санд 132.7 тэрбум төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулах бол Ирээдүй өв санд 540 сая төгрөгийн хөрөнгө хадгалахаар шийдсэн байна. Ирээдүй өв санд АМНАТ-ийн 65 хувийг, мөн төрийн өмчит компаниудын ашгийг татан төвлөрүүлдэг байсан. Ирэх оны хувьд АМНАТ-өөс орох хэсгээ халамжийн санд шууд хуваарилж, тэндээсээ хүүхдийн сар бүрийн 100 мянгыг олгохоор шийджээ. Ирээдүй өв санд төвлөрөх байсан нэг их наяд орчим төгрөг хүүхдүүдэд зарцуулагдана гэсэн үг. Үүнийг байгалийн баялгаас иргэн бүрт тэгш хүртээх, ирээдүйгээ дэмжсэн зөв хувилбар, эсвэл өнөө л хавтгайрсан халамж гэж тайлбарлаж болох юм. Чухамдаа таны хүүхдийн мөнгийг хэн нэгэн УИХын гишүүний халааснаас бус нийгэмд нэр хүнд нь тааруухан уул уурхайн салбараас, тодруулбал, нүүрс, зэсийн уурхай, тэнд ажиллах мянга мянган уурхайчид төсөвт төвлөрүүлж байгаа юм шүү. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сэргэж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт өсөх хандлагад үндэслэн ААНОАТ-ын орлогыг энэ онтой харьцуулахад 13.6 хувиар нэмэгдүүлж, 2.4 их наяд төгрөгт хүрэхээр тооцжээ. Үүний 40 хувийг аймаг, нийслэлийн төсөвт хуваарилна. Аймаг, сумдын орлого жилээс жилд нэмэгдэж, эргэлдэх мөнгөн хөрөнгийн хэмжээ тэлэхээр байна. Мөнгөгүйн “зовлон” багасаж байна гэсэн үг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж Төсвийн тухай хуульд дээрх нэмэлт, өөрчлөлт орсон билээ. Харин Төсвийн тогтворжуулалтын санд ирэх онд зэсийн орлогоос 3.2 тэрбум төгрөг, нүүрсний орлогоос 129.5 тэрбум төгрөг, нийт 132.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр байна. Сөрөг хүчний зүгээс, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ирэх он гарангуут төсвийн тодотголын асуудал яригдах нь” хэмээн илтэд шүүмжилсэн. Тодотгол хийх эсэхийг эрдэс түүхий эдийн үнийн зах зээл, түүний төлөв, таваарын эрэлт, нийлүүлэлт, боомтын хүчин чадал, экспортын хэмжээ, эдийн засгийн байдал тодорхойлох биз ээ. 

Майнинг Инсайт Сэтгүүл, Арваннэгдүгээр сар, 2022 №11 (012)