Тэмдэглэсэн Б.БАЯРТОГТОХ
Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал дээр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар илтгэл тавьсан юм.
Тэрбээр "Салбарын хөгжлийн өнөөгийн түвшинг авч үзвэл, техник, технологийн хувьд ч, бүтээгдэхүүний чанар, стандартын хувьд ч, мэргэжилтний чадавхийн хувьд ч олон улсын түвшинд хүрч, салбарын эрх зүй, эдийн засгийн орчин ч улам боловсронгуй болсоор байна. Ард түмнийхээ үнэт зүйл болсон унаган байгальдаа эзний ёсоор элгэмсэг хандаж ирсэн нүүдэлчин соёлынхоо уламжлалыг манай уул, геологийн салбарынхан алдалгүй сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон явах учиртай. Дараагийн нэг чухал асуудал бол улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах ажлын эрч саарах хандлагатай болж ирлээ. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалт буурсантай холбон авч үзэж болох боловч цаад агуулгаараа хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал бол Засгийн газрын бодлогын цөм нь юм. Үүний тулд салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, салбартаа “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэн ажиллах болно.
Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ХАЙГУУЛ-ОЛБОРЛОЛТ-БОЛОВСРУУЛАЛТ-БОРЛУУЛАЛТ-ХУВААРИЛАЛТ гэсэн зарчмыг баримтлан салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мега төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжиж, улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах, иргэдэд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг шууд болон шууд бус хэлбэрээр шударгаар хүртээх боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.
Одоо ажиллаж байгаа уурхайнуудынхаа үр ашгийг нэмэгдүүлэх, нөөц нь тогтоогдсон томоохон орд газруудыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэн, салбарын хөгжлийг тэтгэх тээвэр-ложистик, цахилгаан хангамж, технологийн усан хангамжийн дэд бүтцийг бүрдүүлэхээс гадна хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Салбарын сайдын хувьд эдгээр асуудал дагуулсан харилцаануудад хуулийн зөв гаргалгаа гаргаж, эрх зүйн тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлэхийг гол зорилтоо болгоно" гэв.